Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.БАТ-ҮҮЛ: БИ ЗАСАГ ДАРГА ГЭЖ ТЭНД СУУГААД ЯАХ ЮМ БЭ


Монгол Японы хамтарсан хот төлөвлөлтийн тухай семинарын үеэр хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсан юм. Сүүлийн үед түүний хэрэгжүүлж байгаа ажил, тушаал шийдвэрийн талаар тодрууллаа.
 
-Зөвшөөрөлгүй баригдсан барил­гуудыг одоо яах вэ. Буулгах уу. Ажлын хариуцлага алдсан боловч суудлаа тавьж өгөхгүй байгаа НМХГ-ын даргыг яавал дээр вэ?
-НМХГ-ын даргыг огцруулах тухай хүсэлтийг хуулийн дагуу МХЕГ-ын даргад тавьсан. Харамсалтай нь, энэ асуудлыг удаашруулаад байна. Үүнийг нь би цаг хожих гэсэн арга гэж ойлгож байгаа.  Өнөөдөр 80 гаруй зөвшөөрөлгүй барилга байна. Тэдний ард нэлээн том бүлэглэл, холбоо сүлбээ байгаа байх. Яагаад МХГ-ын даргыг солих гээд байна гэвэл нэгдүгээрт ажлын хариуцлага. Хоёрдугаарт, ажлаа сайн хийсэнгүй. Хийлгүй байсаар ийм байдалд хүрлээ. Хүний аминд хүрсэн хойно л бид сая анзаарлаа шүү дээ. Явган хүний зам дээр, хүүхдийн тоглоомын талбайд, орон сууцны дунд зөвшөөрөлгүй байшин барьж байна. Хуулиараа үүнийг зогсоох эрх нь НМХГ-ын даргад байдаг. Зөвхөн энэ хүн албадан буулгах эрхтэй. Засаг дарга ийм эрхгүй. Иймэрхүү зүйлээс болоод ажил жаахан удааширч байна. Шийдэх ч болно. Үгүй бол би Засаг дарга гэж тэнд суугаад яах юм.

-Өчигдрөөс цахилгааны хяз­гаарлалт хийгээд, тодорхой арга хэмжээ авч эхэллээ. Цаашлаад буулгана гэж байна. Хууль эрх зүйн хувьд саад байхгүй гэж үү?
-Уг нь, хуульдаа мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлээр буулгана гээд заасан байдаг. Гэхдээ бидэнд буулгах шалтгаан бий. Тухайлбал, хот төлөвлөлт, хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах мөн хуулиа биелүүлэх. Цаашлаад хууль зөрчиж дураараа загнадаг байдлыг зогсоож, сургамж болгох ёстой.

-Баригдаад бараг дуусч буй барилгууд өчнөөн сая, тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Энэ хөрөнгийг яаж шийдэх юм. Нураахад ч гэсэн тодорхой зардал гарна?
-Зөвшөөрөлгүй барьсан барилгад ямар ч нөхөн олговор өгдөггүй. Тэр бүү хэл буулгах зардлаа өөрөө гаргах ёстой. Хэрэв бид албадаж буулгах юм бол гарсан зардлыг компаниар нь төлүүлнэ.

-Таны хийж байгаа ажлыг дэмжих нэгэн байхад бухимдах ч хүн байна. Машинтай унах эрхээ хасууллаа ч гэдэг юм уу. Өвөл сурагчдыг урт амраана гэхээр эсэргүүцэх хүмүүс байна?
-Ямар ч төгс шийдвэрийг дор хаяж 20 хувь нь эсэргүүцдэг гэсэн социологийн баримт байдаг юм. Улаанбаатар хотод 500 мянган насанд хүрэгчид амьдарч байна гэж бодоход 100 гаруй мянга нь эсэргүүцэж байх нь. 100 мянга гэдэг бол их хүн шүү дээ. Хэн эсэргүүцэж байна вэ гэж чухалчилбал ямар ч шийдвэр гарахгүй. Хамгийн гол нь эсэргүүцэж байгаа цөөнх үргэлж өндөр дуутай байдаг. Харамсалтай нь, олонхи нь хэзээд чимээгүй байдаг. Өнгөрсөн туршлагаас харахад шүүмжилж буй цөөнхөөс болж ажлаа хийлгүй, байдлыг бүр хүндрүүлж байсан. Тиймээс одоо би хийнэ. Гэхдээ хүчээр тулгаж шийдэхгүй заавал иргэдээрээ хэлэлцүүлж, санал авч байж  шийдэх болно. Үүний үр дүн ч гарч байна. Нэгдүгээрт, олонхи дэмжиж байгаа нь харагдаж байна. Хоёрдугаарт, шийдвэр гаргахад иргэн өөрөө оролцсон учраас биелүүлэхдээ их дуртай байна. Эсэргүүцэж байгаа хэсэг байгаа л байх. Би ойлгож байна.

-Машины дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах таны шийд­вэр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Ямар нэгэн баримттай үр дүн гарсан уу?
-Замын хөдөлгөөний шинэ горимд шилжсэнээр бид асар их цаг хэмнэж байна. Цаг хэмнэхээр өдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байна гэсэн үг. Хэр мэргэжлийн үндэстэйг мэдэхгүй юм. Нэг хүний тооцсоноор өдөрт 500 сая төгрөг хэмнэж байна гэсэн. Улаанбаатарчуудын гол бухимдал, стресс замаас болдог байж. Энэ шинэ горим хэрэгжээд хүмүүсийн бухимдал багассан нь ажиглагдаж байна. Хүмүүс ер нь олон жил аливаа юмыг зөв гэж байгаагүй дээ. Одоо бол хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан