Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТҮҮХИЙГ ХАРААР БУДСАН ОН ЖИЛҮҮДИЙГ ДУРСАВ


Улс төрийн хэлмэгдүүлэлт Монголын түүхэнд хар мөрөө үлдээж хэдэн мянган хүний зүрх сэтгэлийг шархлуулсан. Тэртээ 1930-аад оны эцэс, 40-өөд онд аавыгаа, ханиа, ах, дүүгээ алдсан хүмүүсийн асгаруулсан нулимс, сэтгэлийн шаналал өнөө ч хатаагүй хэвээр байна. Тэр цагт ямар хэрэгт буруутгагдсанаа ухааралгүй дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд ачигдан явж байсан хүмүүс шиг ард нь үлдэж байгаа аав ээж, хань үр хүүхэд нь бас л яагаад, юу болж байнаа  гэсэн асуултад хариу хэлж чадалгүй гайхан хоцорч байсан гэдэг. Хожим нь эсэргүүний үлдэгдэл хэмээн чичлүүлж байхдаа ч тэр л  хайртай хүмүүсээ эцсийн замд нь үдэж өгч чадаагүйтэй адил зовлон шаналал гэж үгүй. Хэлмэгдүүлэлтэд өртсөн зарим аймаг суманд мал муулах эр хүнгүй болж, арга ядахдаа 10 гаруйхан настай хүүгээ өрхийн тэргүүн гэж нэрлэж байсан гээд л зүрх эмтлэм түүх өдий болтол яригдсаар...

Монголд улс төрийн талаар хэлмэгдүүлэх ажил ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоог улс төрийн тавцангаас зайлуулснаар эхэлсэн түүхтэй.
Түүнийг Үндсэн хуулийг нуун дарагдуулсан, Дамбийжанцантай холбоотой байсан  хэргээр, албан ажлаа өгөөд хөдөө амьдарч байхад нь 1923 онд цаазаар авч байсан нь Монголын төлөө гэсэн сэтгэлээр зүтгэсэн бүхнийгээ хэлмэгдүүлэх их ажлын зөвхөн эхлэл нь байж.  Түүнээс хойш нийтдээ 36 орчим мянган хүн хэлмэгдсэн гэсэн баримт бий.

Улс төрийн хэргээр хэлмэгдүүлэх ажил 1956 онд сэхээтний төөрөгдөл нэрээр МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дангаасүрэн нарыг, 1964 онд намын эсрэг бүлэг хэмээн Нямбуу, Лоохууз нарын  олон хүнийг албан тушаалаас нь зайлуулж хөдөө орон нутагт цөлж байсан бол 1980-аад онд Ширэндэв, Жалан-Аажав нарыг намын эсрэг хэргээр албан тушаалаас нь зайлуулж, ном бүтээлийг нь хориглон, номын сангуудаас хураан устгаж байжээ.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 1937 оны есдүгээр сарын 10-нд их хэлмэгдүүлэлт эхэлж Монголын улс төрийн зүтгэлтэн 14 хүнийг Сонгинохайрхан уулын ард аваачиж буудан хороосон өдрөөр тогтоож жил бүр  тэднийг дурсан санадаг   уламжлал ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос хойш тогтоод байгаа юм.

Улмаар  1990-ээд оны эхээр Монголын төр Цагаатгалын тухай хууль баталснаар улс төрийн талаар хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн эсэргүүний үлдэгдэл байхаа больж цагаадан тэднийхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлж санан дурсдаг болсон билээ. Өчигдөр тохиосон Улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон УИХ, Засгийн газрын гишүүд, яам агентлаг, төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэлд өртсөн хүмүүсийн үр хүүхэд, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр зарим хүмүүстэй ярилцсанаа хүргэж байна.


Э.Бат-Үүл:  Цагаатгах, нөхөн олгох нь л чухал байсан юм

-Хар хэлмэгдүүлэлтийн шуурганд олон мянган хүнээ алдсан энэ өдрийг нэхэн саналаа?
-Ямар ч гэм зэмгүй хүнийг гэртээ хэвтэж байхад нь хүчээр авч яваад цаазлах ямар аймшигтай билээ. Гадаа гарч буй чимээг чагнаж айж дагжин суух ямар түгшүүртэй болохыг үгээр хэлэхийн аргагүй л дээ. 40-өөд мянган гэмгүй хүн энэ хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг. Олонхийг нь тогтоож цагаатгаж байна. Ийм бузар булай үйл Монголын түүхэнд дахин битгий тохиолдоосой гэж монгол хүн бүр хүсч буй.

-“Нэг хүний амьдралыг нэг саяар үнэлж байна” гээд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн сэтгэл дундуур явдгаа олон удаа ярьж байсан?
-Тухайн үедээ энэ шийдвэрийг Засгийн газраар гаргуулах амар байгаагүй. Одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж санаачилсан юм шүү дээ. Сая төгрөг бол тэр үедээ чамлахааргүй мөнгө байсан. Гэхдээ хүний амийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Ямар ч байсан буруугаа хүлээж, нөхөн олговор өгөх хэрэгтэй гэдэг нь л хамгийн чухал зарчим байсан юм шүү.


Б.Должин: Хониндоо яваад ирэхэд аавыг маань баривчлаад явчихсан байсан

-Аавыг тань баривчлах үед та хэдэн настай байв?
-Тэгэхэд жаахан хүүхэд байсан. Тухайн үед гэмгүй хүмүүсийг баривчилж авч явж буй тухай сонссон болохоор гэр бүлээрээ л айдастай байсан. Нэг өдөр хонио хариулаад ирсэн чинь аавыг маань аваад явчихсан байсан. Ээж хоёр дүүтэй маань хамт уйлаад л сууж байлаа. Тэр үед  Хэлмэгдүүлээд  аваад явсныг нь шууд л мэдсэн.

-Таны аавыг ямар шалтгаанаар хэлмэгдүүлсэн юм бэ?
-Манайх одоогийн Булган аймгийн айл. Аав маань Загд гэж лам хүн байсан. Би төрсөн цагаасаа ааваараа овоглож байгаагүй. Лам хүн гэр бүлтэй байж болохгүй гэж үздэг байсан цаг шүү дээ. Аавынхаа дүү Балжинням гэж хүнээр овоглодог байлаа.

-Тэгээд таны аавыг цагаатгасан уу?
-Эмээ нь эхлээд эсэргүүний хүүхэд гэж хэлүүлэхээсээ айгаад аавынхаа талаар бараг ярьдаггүй байсан юм. Харин манай хорооны дарга 2002 онд хөөцөлдөж байж нэг сая төгрөг авч өгсөн. Тэгэхээр цагаатгаад л мөнгө өгсөн юм байлгүй дээ.

-Хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн ар гэрийнхнийг нэг хэсэг гадуурхдаг байсан гэдэг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ааваасаа үлдсэн хэдэн малаа маллаж хөдөө 10 гаруй жил амьдраад хот руу ирсэн. Хоёр дүүгээ бага сургуульд оруулах гэсэн чинь эсэргүүний үлдэгдэл гээд аваагүй юмдаг. Удалгүй ээж, хоёр дүүгээ алдаад  ганцаараа л хоцорсон доо. Хааяа энэ хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө ганц хоёр маань  хэлэхээс өөр аавынхаа төлөө хийж чадах зүйл алга даа.

-Та залуудаа ямар алба хашиж байв даа?
-Арьс ширний үйлдвэрт насаараа будагчин хийсэн. Бичиг үсэг мэдэхгүй ээ, эмээ нь. Ганцхан өөрийнхөө нэрийг л бичиж чадна.


Д.Жамиляш: Ээж маань намайг төрүүлээд хэдхэн хоноод цаазлуулсан

-Их хэлмэгдүүлэлтэд та хэнийгээ алдсан бэ?
-Аав, ээж, өвөөгөө алдсан даа.

-Та тухайн үед яг юу болсон талаар ярьж өгөхгүй юү?
-Гэндэн сайд Шинжианаас 7000 өрхийг Монголд авчраад Завхан аймагт нутагшуулж өвөөг маань казах хошууны захирагчаар томилсон байдаг. Аав, ээж хоёр маань багш байсан учраас л хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг. Завханаас ээжийг тулгар биетэй байхад нь Улаанбаатарт авчраад намайг төрүүлээд хэдхэн хонож байхад тэднийг маань цаазалсан гэсэн. Намайг С.Батаа генералын ээж авч найман сар хар ямааны сүүгээр тэжээгээд Завханаас ирсэн аавын дүүд өгч явуулж байсан гэж ярьдаг юм. Бүр сүүлд аавын маань багш байсан ардын багш Батсүх гэж хүн “Чи энд төрсөн шүү” гээд Төмөр замын вокзалын урд талын 33 гэсэн дугаартай жижиг байшинг зааж өгч билээ.

-Хожим таны аав, ээж, өвөөг цагаатгасан уу?
-1998 онд цагаатгасан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан