Өглөө гэрээсээ гараад замын тоос шороонд дарагдан, сэндийчсэн газар, ухсан нүх тойрон явсаар гутал минь элэгдэж дууслаа. Уг нь зам засварын ажил эхлээгүй байхад Сансарын тунель орчмын газар битүү асфальтан замтай байсан. Гэтэл зам засах нэрийдлээр ойр орчмын газрыг орвонгоор нь эргүүлчихсэн. Өдөржин улаан шороо л эргэлдэх болж. Ойрын хэд хоногоос шороо улам нэмэгдэж, замын бөглөрөл ч хэрээс хэтэрлээ. Сансараас уруудах гэж лав 30 минут бөглөрнө. Уг нь тендер авсан компани нь тунелийн замыг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулчихна хэмээж байсан ч өнөөдөр бахь байдгаараа.
Энэ талаар Нийслэлийн авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтсийн инженер Ч.Батсайханаас тодруулахад “ Тунелийн зам засварын ажил графикийн дагуу явж байгаа. Энэ сарын 15-нд ашиглалтад оруулна. “Туул Жин Пан”-гаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн нээгдэнэ. Аравдугаар сарын 30-нд бүрэн дуусах ёстой. Өмнө нь инженерийн шугам сүлжээ зайлуулах ажлаас болоод хойшилсон. Одоо ажлын явц 70 хувьтай байна. Угсралтын ажлууд хийгдэж эхэлсэн. Есдүгээр сарын 15-наас хойшлогдохгүй. Нийслэлийн Засаг даргын орлогч хүртэл үүрэг, даалгавар өгсөн. Компанийн зүгээс уртасгасан цагаар хоёр ээлжээр ажиллаж байгаа” хэмээн ярьсан юм. Түүний хэлснээр тус компани ажилчдаа хоёр ээлжинд 24 цагаар ажиллуулж байна уу гэдгийг лавлаж үзэхээр Сансарын тунель руу ид ажлын цагаар очлоо. Баасан гарагийн өдрийн 12.00 цаг. Зам хаасан хашлаганы наана шороо дарсан хэдэн машин харагдана. Хажууханд нь хоёр залуу краныхаа сүүдэрт сууна. Ажил нь эхлэх гэж байгаа бололтой нэг залуу сэтэлсэн зам руу орж буй харагдав. Хоёр ээлжээр 24 цаг ажиллаж байгаа байдал огт мэдрэгдэх янз алга. Зам барилгын ажлын явцын талаар тодруулах гэсэн боловч хариуцсан инженер, дарга нар алга гээд мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Сансарын 10 дугаар байрны оршин суугч М.Дэмбэрэл энэ талаар “Өглөө орой ажилдаа явахдаа ажил хийж байгаа хүн олж хардаггүй. Шөнө ажлаа хийчихдэг юм болов уу гэвэл бас үгүй. Хэзээдээ ажлаа хийдэг юм бүү мэд. Энэ зам мөддөө ашиглалтад орохгүй байх аа” хэмээн ярьсан юм. Үнэхээр ажлын явцыг харахад бямба гаригт тус зам ашиглалтад орно гэж итгэхэд бэрх. Зам барилгын ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тэрбум 321 сая төгрөгөөр хийж буй. Тус компанийн тухайд Маршлын гүүр, Баянхошуу Баруун салааны зам засварын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай. Гэвч энэ удаад тэр туршлага энэ тэр нь товойж харагдахгүй нь.
Зам барилгын компаниуд уралдаж, булаацалдан тендер авчихаад ажлаа цагтаа дуусгадаггүй. Элдэв шалтгаан хэлж хойшлуулдаг нь бараг уламжлал болчихож. Иргэд ч байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг боллоо. Гэвч энэ бүхнээс иргэд л хохирч байна. Наанадаж л зам хааснаас бөглөрөлд орж ажлаасаа хоцорч цалингаасаа хасуулах, замгүй газраар явж машинаа эвдлэх, сэндийчсэн газраар явахдаа хөлөө гэмтээх, гутлаа урах гэх мэт.
Харамсалтай нь, холбогдох албаныханд тендерээр авсан ажлаа хойшлуулсан зам барилгын компаниудад тооцдог хариуцлага гэж алга. Хугацаандаа ашиглалтад орно хэмээн итгэсээр сууна. Азаар НИТХ-ын тэргүүлэгчид хийгээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хугацаандаа замаа ашиглалтад оруулаагүй компаниудын тендерийг цуцлах тухай ярих боллоо. Энэ нь зам барилгын компаниудад цочрол өгч байгаа гэдэгт л итгэе.
Хамгийн хүндрэлтэй нь зам засах нэрийдлээр ойр орчмынхоо хашлага, явган хүний замыг эвдэж хийснээсээ илүү үрэн таран болгож, хөрөнгө мөнгөний илүү зардал гаргахад хүргээд буй юм. Хэрэв ингэж зам засах юм бол засахгүй байсан нь дээр санагдана. Мөн замаа зассаныхаа дараа эргэн тойрныхоо явган хүний замыг эвдсэн хэвээр нь орхичихдог. Уг нь анх гэрээ хийхдээ замын ажлыг явган хүний зам, гэрэлтүүлэгтэй нь цогцоор нь шийднэ гэдэг. Гэтэл зам засварын ажлыг хийгээд ашиглалтад өгөхдөө цаг хугацаа богино байсан тул одоо ингээд хүлээлгээд өглөө. Дараа үлдсэн хэсгийг нь засна хэмээн молиго үмхүүлж улсын комисст хүлээлгэн өгнө. Улсын комисст өгчихөөд голд шидсэн чулуу шиг л алга болчихно. Энэ байдлыг халах л хэрэгтэй.
Одоогоор Сансарын тунель, 100 айлын зам, Улаанхуаран, Тээврийн товчооноос Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хаагаад байгаа. Мөн Сэлбийн гүүрний замыг есдүгээр сарын 7-нд нээхээр төлөвлөсөн ч нээсэнгүй.
Цаашдаа Яармаг чиг лэлийн 13.7 км, Баянхошуу чиглэлийн 3.4 км, Бэлхийн таван км, Богд уулын арын 17.1 км авто замын хөдөлгөөнийг хаана гэж байгаа. Тэгэхээр зам барилгын компаниудад тавих шаардлага хийгээд хариуцлагыг өндөр болгож, нийслэлдээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлье.