Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр хэлмэгдэгсдийг дурсан санах өдөр

Монгол Улсын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн он жилүүд цөөнгүй бий. Их хэлмэгдүүлэлт гэдэг энэ гунигт үйл явдлын бараан сүүдэр өнөөдөр ч арилаагүй байна. Тэртээ 1922 оноос эхлэн, 1939 он хүртэл Монголын нийгмийн бүх л давхаргынхныг хамруулан хэмлэгдүүлж байсан. Хохирогчдын ар гэр, үр, ач нар нь өдгөө амьд сэрүүн хэвээрээ. Монголын сор болсон сэхээтнүүдийг хоморголон хэлмэгдүүлж, хорьж, цагдан, буудан хороож байсан он жилүүд, хилсээр хэлмэгдсэн хүмүүсийг дурсан санах өдөр жил бүрийн есдүгээр сарын 10-нд тохиодог. Хилс хэргээр хэлмэгдсэн хүний тоог бодитойгоор гаргаж чадаагүй л байгаа юм. 1937 оны их хэлмэгдүүлэлтэд 30 гаруй мянган хүн өртөж шийтүүлсэн ч гэдэг. Тэдгээрээс өдгөө 29 мянга орчим хүнийг цагаатгасан тухай мэдээлэл бий. Гэхдээ албан бус тоо баримтаар 100 мянга орчим хүн хэлмэгдэж байснаас 35 мянга орчмыг нь буудан хөнөөсөн гэдэг.
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын сор болсон сэхээтнүүд, эрдэмтэн зохиолчдын зохиол бүтээлийг хориглон, шатааж, баривчлан шийтгэж байлаа. Түүх соёлын үнэт дурсгал болсон олон сүм хийдэд энэ аймшигт хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тусч, золиос болж, сүйдсэн. Хэлмэгдүүлэлтэд 18 мянга гаруй лам, хувраг өртөж дийлэнх нь цаазлуулсан юм. Олон мянган гэмгүй хүнийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэж, буудан хороож байсныг тогтоосон учир 1990 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулсан. Ингээд 1998 оны нэгдүгээр сарын 2-нд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль баталсан.  Улс төрийн хилс хэрэгт холбогдож, цаазлуулсан бол гэр бүлийн гишүүдэд нь нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 мянган төгрөг нэг удаад нөхөн олгохоор хуульд тусгасан. Одоо ч энэ хуулийн дагуу нөхөн олговрыг өгч байгаа. Гэхдээ үүнийг цаг үеэ даган өөрчлөх хэрэгтэй хэмээн Монголын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо үзсээр байгаа билээ.
Өнөөдрийг хүртэл цагаатгагдсан 17 мянга 376 иргэнд төрөөс 16,3 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. 2012 оны эхний зургаан сарын байдлаар 41 хүнд 39 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Харин зарим хэлмэгдэгсдийн холбогдох баримт материал манай улсад байхгүй, олдохгүй байгаа учир цагаатгаж чадахгүй байгаа аж.
Улс төрийн хилс хэргээр гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байсанд 1996 онд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар албан ёсоор ард түмнээсээ уучлал гуйж, цагаатгаж эхэлж байсан юм. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн хөшөөнд төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Энэ өдөр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, үр ач нар нь хүрэлцэн ирж, тэднийгээ дурсан санадаг билээ.

Т.Цэлмэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан