Улсын Дээд шүүхийн Судалгааны төв улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар буюу 2007-2011 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн талаар судалгаа гаргажээ. Энэ хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 28 гэмт хэрэгт 66 хүн ял шийтгүүлсэн байна.
Судалгаанаас харахад, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг харьцангуй олон байгаа нь анхаарал татав. Тухайлбал, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийн улмаас 62 хүн шүүгджээ. Ийнхүү олж авсан бодисоо хадгалсан гэмт хэрэгт 22, ийм төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт 14 хүн холбогдсон байна. Мөн хар тамхи тээвэрлэсэн гэмт хэрэгт 10, борлуулсан гэмт хэрэгт 14 хүн шийтгүүлжээ. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт долоон хүн ял шийтгүүлж.
Үүнээс гадна ийм төрлийн бодисыг бэлтгэх, боловсруулах, хадгалах, бүртгэх, худалдах, хуваарилах, тээвэрлэх журмыг зөрчсөн гэмт хэрэгт гурван хүн шүүхээс ял сонссон байна.
2007-2010 оны байдлаар шүүхээр шийдвэрлэсэн хар тамхины гэмт хэргийн тоо харьцангуй тогтвортой буюу 2007 онд гурван гэмт хэрэгт 16 хүн, 2008 онд хоёр гэмт хэрэгт найман хүн, 2009 онд дөрвөн гэмт хэрэгт найман хүн, 2010 онд таван гэмт хэрэгт долоон хүн ял шийтгүүлжээ. Харин 2011 онд 14 гэмт хэрэгт 27 хүн ял шийтгүүлсэн нь өмнөх дөрвөн жилийн тоотой тэнцүү байна. Энэ нь өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэсэн хар тамхины гэмт хэргийн тоо ихээхэн өссөнийг харуулж байгаа юм.
Судалгаанаас үзвэл, 19-30 насны залуус хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй олон байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт дээрх насны 50 залуу ял шийтгүүлсэн нь нийт ял шийтгүүлэгчдийн дийлэнх олонхийг буюу 75.8 хувийг эзэлжээ. Мөн насанд хүрээгүй буюу 17-18 насны хоёр хүн хар тамхины хэрэгт ял шийтгүүлжээ.