Сүүлийн хэдэн жил Монголд хамгийн идэвхтэй ухуулга, сэнхрүүлэг явуулж, дагагчдынхаа тоог өдөр өдрөөр нэмж байгаа шашин бол яах аргагүй Христ юм. Христ гэхээр заримд нь ядаргаатай санагдаж байхад, нөгөө хэсэг нь чин сэтгэлээсээ шүтээд, зарим нь үзэн ядаж уурлаад, эсвэл мухар сүсэглэж энд тэндээс үсрээд ээдрээтэй зүйл ихтэй. Иймд бага ч гэлээ тодруулга хийх хэрэгтэй байх.
Юуны өмнө Христийн шашин өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өргөн тархсан шашин гэдгийг хэлэх хэрэгтэй. Дэлхийн улс болгонд хамгийн цөөндөө Христийн шашныг сурталдсан ядаж нэг цугларал бий. Тахин шүтэгчдийн тоогоор ч дэлхийд нэгд ордог шашин. Одоогийн байдлаар дэлхий 2,1 тэрбум хүн Христийн шашинтай. Гэхдээ энэ хоёр зуу гаруй оронд амьдардаг Христийг шүтэгч 2,1 тэрбум хүмүүс бүгд эв нэгдэлтэй юү гэвэл үгүй. Нэг л бурханд итгэдэг юм байж яагаад вэ гэсэн асуулт гарч ирэх нь гарцаагүй. Хэдий сонин сонсогдож болох ч Христийн шашин зөвхөн өөрсдийгөө үнэн зөв гэж зөрчилдсөн 30 гаруй урсгал чиглэлтэй. Бид л Христийг шүтэж чаддаг, бусад нь чаддаггүй гээд хоорондоо маргалдаад байдаг. Эдгээрийг ерөнхийд нь үндсэн гурван урсгалд хувааж үздэг. Үүнд, Үнэн алдарт, католик ба протестант гэсэн гурван үндсэн урсгал орно.
Үнэн алдартан
Христийн шашны үнэн алдарт урсгалын хувьд манайд Оросын үнэн алдартнуудаар төлөөлөгддөг. Улаанбаатар хотноо Оросын консулын газрын хажууд үнэн алдартны сүмийн алтан орой гялалзаж харагддаг. Монголчуудыг “панаалдах” гэж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Энд ажилладаг, аялж ирсэн оросууд л сүмдээ мөргөж байгаа харагддаг. Үнэн алдартнууд өөрийн урсгалаа“Христ бурхан өөрөө үүсгэн байгуулж, ахлаж байсан цорын ганц урсгал” гэж итгэдэг. Үнэн алдартны гэх онцлогоор нэгтгэгдсэн ч өөр өөрийн газар нутгийн хүрээнд бүрэн бие даан үйл ажиллагаа явуулж байдаг тусгаар 15 үнэн алдартны сүмтэй. Зарим заримдаа өөрийн мэдлийн газар нутаг, сүм дуганаа булаацалдаад бөөн хэрэг мандуулсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байдаг. Энэ урсгалыг дагагчдын тоо 300 сая орчим.
Католик
Христийн шашны католик урсгал нь манайд хэдийнэ өөрийн дуган бариад төлөөллөө суулгачихсан. Манайхныг “панаалдах” талаар овоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Католик урсгалынхан дэлхийг Библи судар дээр гардаг бүтээгч тэнгэр үүсгэн байгуулсан цагаас эхлэн бид оршсоор ирсэн гэж номлох замаар үнэн алдартнуудаа давж гардаг. Үнэндээ бол Ромын эзэнт гүрэн Баруун ба Зүүн гэж салсан улс төрийн үйл явцыг дагаад тухайн үед төрийн шашин болоод байсан Христийн шашин нь мөн л эрх мэдлийн төлөөх тэмцлийн явцад хоёр болон салж Ром хотдоо үлдсэн нь католик, Константин хааныг даган шинэ нийслэлд очиж тэндээс үйл ажиллагаа явуулах болсон нь үнэн алдартнууд билээ. Тэр шинэ нийслэл нь өдгөө Туркийн Стамбул хот юм. Шашны тэргүүн нь Ватикан нэртэй дэлхийн хамгийн жижиг бөгөөд цөөн хүн амтай улсад заларч байдаг Пап ламтан. Дагагчдын тоогоор бусад урсгал дотроо хамгийн олон хүнтэй. 1 тэрбум 200 сая орчим шүтэгчтэй. Ромын пап ламыг тэнгэрт гарсан Христ бурхны газар дээрх бүрэлбаа гэж үздэг. Пап ламын үг, айлдвар, лүндэн болгон нь католик шашинтнуудын хувьд бараг л хууль л гэсэн үг. Иймдээ ч Ромын Пап лам дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. Ийм байдал мэдээж зарим улс болон улстөрчдөд таалагддаггүй нь ойлгомжтой.
Протестант
Христийн шашны протестант урсгал нь үндсэн урсгал дотроо хамгийн залуу нь. Ромын пап нарын явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн гарч ирсэн болохоор протест буюу эсэргүүцэгч гэсэн нэртэй болсон. Протестант гэсэн ерөнхий нэг нэрэн дор явдаг ч дотроо хамгийн олон чиглэлтэй нь гэж болно. Анх Жан Кальвины бий болгосон кальвинизм , Мартин Лютерийн бий болгосон лютеран гэсэн үндсэн хоёр урсгал байсан. Гэвч цагийн эрхээр маш олон урсгал чиглэл нэмэгдсэн. Жишээлэхэд, усаар угааж “ариусгаад” байдаг баптизм байна. XX зуунд АНУ-д үүсэн бий болсон тавьтын урсгал гэж бий. Англид үүссэн Англикан урсгал гэж байна. Ариун сүнс гэгчээр дамжуулан Бурхан хүмүүст хишгээ хайрладаг гэдгийг голчилдог хишиг хайрлагчдын гэж нэрлэгдсэн урсгал бий. Христийн шашныг номлосон олон солонгос хүний олонхи нь энэ урсгалынх. Товчхондоо, Монголд айлын хаалга тогшиж, эсвэл гудамжинд ном тараадаг нөхдийн олонхи нь протестант урсгалын аль нэг чиглэлийнх байдаг. Тэгэхээр монголчуудыг хамгийн их “панаалдаж” байдаг урсгал юм. Тоочоод байвал зөндөө. Олон урсгалыг бүгдийг нь нийлүүлбэл протестанд урсгалыг дагагч 500 сая орчим хүн байдаг.
Дээрх урсгалууд бичлэгээрээ болон бичигдсэн зүйлсийг дагаж мөрдөх, тайлбарлах зэргээрээ өөр хоорондоо ялгаатай ч бүгд Христийг аврагч бурхан, Библийг цорын ганц ариун судар шүтдэг гэдгээрээ адил гэж болно. Тэгвэл Библийг цор ганц биш гэж үздэг хожим гарч ирсэн “хальт” Христийн урсгалууд гэж бас байна. Эднийг тусдаа биеэ даасан шашин ч гэж болох байх. Үүний нэг жишээ бол монголчуудыг маш идэвхтэй “панаалдаж” байгаа Мормоны шашин. Эд өөрсдийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм гэдэг. Зарим эх сурвалжийн баталж буйгаар Христ тэртээ үед Америкт ирээд сургаалиа айлдаж байсныг нь тэр үеийн индианчууд бичиж тэмдэглэн үлдээсэн судрыг олж, орчуулсан гэдэг. Дагагчид нь энэ орчуулгыг Библиэс ч ариун гэх нь цөөнгүй. Улаанбаатарт Чингис зочид буудлын хажууд нүсэр сүм бариулж төлөөллөө суулгасан. Цагаан цамцтай, үүргэвч үүрсэн хос залуусыг удирддаг байгууллага.
Үүнтэй төстэй бас нэгэн шашин бол Муны шашин юм. Википедиа дээр бичсэнээр бол үүсгэн байгуулагч нь Мун Ён Мөн 15 настай байхдаа Христтэй уулзжээ. Христ түүнтэй уулзаад газар дээрх бурхны хаант улсыг үнэн байдлаар дахин байгуул гээд хүн төрөлхтнийг аврагч болно гэж хэлсэн тухай зарим эх сурвалж дурдсан байдаг. Энэ урсгалыг Нэгдлийн сүм ч гэж нэрлэх нь бий. Саяхан өөд болсон үүсгэн байгуулагч нь Монголд айлчилж төрийн дээд одон медалиар энгэрээ цоолоод буцаж байсан санагдана. Онцлох зүйл гэвэл шашинд сүсэглэгч нэгж нь хүн бус харин гэр бүл байдаг. Тиймээс гэр бүл болох ёслолд их ач холбогдол өгдөг. Хэн хэн гэр бүл болохыг Мун нь өөрөө шууд зааж өгдөг байжээ. Википедиа дээр дурдсанаар бол гэр бүл болох ёслолын үеэр дарсны ёслол гэгчийг үйлддэг. Энэ дарсанд нь Муны мах цус, түүний эхнэр Хак Ча Муны сүү зэрэг 20-21 зүйлийн юм багтдаг аж. Хэдий тооны хүн энэ шашныг дагадаг талаар тодорхой баримт байдаггүй ч ойролцоогоор гурван сая гаруй гэж үздэг. Шашны, бизнесийн гээд маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг багтааж байдаг. Жишээлэхэд, Ази тив дэх нисдэг тэрэгний хамгийн том үйлдвэрийг энэ сүм удирддаг гэсэн мэдээ бий. Олон улсын чанартай маш олон төсөл хэрэгжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд томоохонд тооцогддог нөлөө бүхий хөрөнгө оруулагч байгууллага.
Иеговын гэрч нэртэй бас нэгэн урсгал бий. Христийг ертөнцийн эзэн гэгдээд байдаг Иегова бурханы хүслийг газар дээр хэрэгжүүлэгч гэж үздгээрээ онцлог. Мөн л дэлхийн олон арван улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Цусыг бурханы сүнстэй ариун зүйл гэж үздэг болохоор цус, түүний бүтээгдэхүүнийг бүх төрлийн байдлаар сэлгэх, хэрэглэхээс татгалздаг. Үүнээс болоод хүнд өвчин туссан хүүхдэд нь хагалгаа хийж байгаа эмч нарт цус сэлгэхийг нь хориглож байгаад аминд хүрсэн тохиолдол байсхийгээд л гарч байдаг:
Энд зөвхөн хамгийн том урсгал чиглэлүүдээс уншигч танд хүргэлээ. Жижиг гэвэл өөрсдийгөө Исус Христ гээд зарлачихсан удахгүй дэлхий сөнөнө энэ тэр гээд хүмүүсийн тархийг угаасан 100-аас эхлээд хоёр гурван мянга хүртэлх дагагчидтай мини шашнууд тоо томшгүй олон. Их бага гэлтгүй энэ олон урсгал чиглэлүүд тус бүртээ өөр өөрийн номлолыг цорын ганц үнэн, зөвхөн өөрсдийг нь дагавал л Христ бурханы амалсан авралыг олно гэцгээдэг.
Ямар шашин шүтэж, хэнийг сүсэглэж, хэнийг дагах нь хувь хүний эрх яах аргагүй мөн. Гэвч шашин шүтлэг гэдэг сэтгэл зүрхээр дамжин хүний оюун ухаан, итгэл, ертөнцийг үзэх үзлийг үндсээр өөрчилдөг зүйл. Харин зүрх сэтгэл хэзээ ямагт ухамсраас хүчтэй болохоор зүрх сэтгэлээ нэг л мэдүүлчихвэл мянга ухаантай байгаад нэмэргүй. Өөрөөр хэлбэл, орох амархан ч гарах тун хэцүү, бараг боломжгүй. Зарим жижиг урсгал эгнээнд нь элссэн хүнээс эд хөрөнгөө өгөхийг шаарддаг, эргэлзэж гарах гэсэн хүнийг айлгаж сүрдүүлдэг тухай мэдээ интернэтээр нэг байна. Элдэв ухуулгад автан мухраар дагахын өмнө сайтар эргэцүүлэн бодоорой.