Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон нийлүүлж байсан кран нурж 12 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эл барилгыг “Мүүди” компанийн захиалгаар “Төгс гүрэн” компани барьж байжээ. Бид захиалагч компанийн хуулийн зөвлөх Ц.Гансүхтэй ярилцсан юм.
-Үрээ алдсан эцэг, эхэд хүнд байгаа нь мэдээж. Осол болсноос хойш танай байгууллагын удирдлагууд талийгаачийн ар гэрийнхэнтэй очиж уулзсан уу?
-Уулзаж амжаагүй л байна. Талийгаач хүүхдийн аав, ээжид ямар хүнд байгаа нь мэдээж шүү дээ. Одоо болтол шокноос гараагүй байна. Энэ хэргийг мөрдөж байгаа мөрдөн байцаагч хүртэл уулзахад хэцүү байна гэж хэлсэн. Бид ямар ч байсан мөрдөн байцаагчаараа дамжуулаад тухайн айлд юу хэрэгтэй байна, мөнгө төгрөг, машин унааны тусламж хэрэгтэй бол бүх талаар туслаж дэмжихэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Хүний амь нас эрсэдчихээд байхад бид буруугүй гэж хэлэхгүй.
-Осол болсон гэдгийг хэзээ мэдсэн бэ. Тэр өдөр мэдээлэл маш хурдан түгсэн байсан?
-Удаагүй мэдсэн л дээ. Осол болсон газрын хажууханд ТВ-5 телевиз байдаг юм билээ. Шууд дамжуулсан, бид ч шууд л очсон. Очиход барилга барьж байсан, бетон зуурмаг нийлүүлэгч компанийнхан бүгд хаяад явсан байсан. Краныг бид өөрсдийн хүчээр л босгосон.
-Барилга эхлүүлэх зөвшөөрлөө албан ёсоор аваагүй байсан юм билээ?
-2011 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйлдвэр үйлчилгээ, орон сууцны чиглэлээр барилга барих зөвшөөрөл иргэн Батболд гэдэг хүний нэр дээр эмнэлэг, орон сууцны барилга барих зөвшөөрлөөр авсан. Манайх захиалагч компани. Манай компанид барилга барих тусгай зөвшөөрөл байхгүй. Эл барилга маань 13 давхар баригдах юм. Тиймээс бид 16 давхар хүртэлх барилга барих зөвшөөрөлтэй “Төгс гүрэн” компанитай гэрээ хийгээд энэ барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ компани маань тусгай зөвшөөрөлтэй.
-Гэхдээ энэ осол ямар нэгэн байдлаар л танай компанитай холбогдож байгаа?
-Мэдээж, хүний амь нас эрсэдсэн болохоор харамсч байна. Манай компанийнхан энэ барилгыг захиалагч болохоос гүйцэтгэгч нь биш. Бид буруугүй гэж ярихгүй. Бид хууль дүрмийн дагуу ямар хариуцлага хүлээх вэ, тэрийг хүлээнэ. Гэхдээ манай компани бол хөрөнгө оруулсан. Гүйцэтгэгч нь “Төгс гүрэн” компани. Манайх гүйцэтгэгч “Төгс гүрэн” компанитай гэрээ хийсэн. Энэ гэрээнд юу гэж заасан бэ гэхээр, барилгын ажил явагдаж байх үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хариуцаж, барилгын талбайд ямар нэг осол гарвал хариуцлагыг “Төгс гүрэн” компани 100 хувь хариуцна гэж заасан.
-Бетон зуурмаг шахдаг машин нь тэгэхээр “Төгс гүрэн” компанийнх уу?
-Үгүй. Бетон зуурмаг нийлүүлдэг компани нь тусдаа. Манай компанитай гэрээ хийсэн “Премиум Конкрит” гэдэг компани бий. Тэр компани барилгын талбайд машинаа байрлуулсан юм билээ. Тэгээд бетон шахдаг хоолойгоо зөөж байх үед машин нь унасанаас 54 м урттай хоолой зам руу унасан. Тэр компанийн буруутай үйл ажиллагаа бий. Энэ компанитай хийсэн гэрээнд “Өөрийнхөө нутаг дэвсгэрт байрлах, зуурмагийн үйлдвэрээс бетон зуурмагийг нийлүүлнэ. Тээвэрлэнэ, хүргэж өгнө. Технологийн дагуу буулгаж өгнө” гэж заасан. Тэгэхээр гэрээнд тусгаснаар тус компанийнхан технологийн дагуу буулгах явцад л алдаа гарч энэ осол болсон. Ослын шалтгаан бол машинаа буруу байрлуулсантай холбоотой гэж үзэж байгаа юм билээ.
-Тэгэхээр таны ярианаас үзвэл танай компани энэ осолд хамаагүй болж таарах нь ээ. Гол буруутан бол бетон зуурмагийн “Премиум Конкрит” компани гэсэн үг үү?
-Шууд тэгж хэлж болохгүй л дээ. Би түрүүн хэлсэн. “Төгс гүрэн” компанитай хийсэн гэрээнд барилгын талбайд гарсан осол аваарыг гүйцэтгэгч компани бүрэн хариуцна гэж заасан гэж. Барилга барих өдөр тутмын ажилд бетон шахах машинаа байрлуулчихаад зуурмагийн машинаа дууддаг юм. Гэхдээ бетон зуурмаг шахах машин суурилуулсны дараа “Төгс гүрэн”-гийн талбайн инженер нь эсвэл, ерөнхий инженер нь тэр машины аюулгүй байдлыг шалгах ёстой. Зөв байрлуулсан уу гэдгийг шалгах ёстой л доо.
-Танай компаниас барилгад хяналт тавьдаг хүн байдаггүй хэрэг үү?
-Инженер бий л дээ. Тэр хүн байнга барилга дээр байдаггүй юм. Барилгын явцад л хяналт тавьдаг. Тухайлбал, карказаа хэрхэн цутгаж байна, зураг төслийн дагуу явж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Гэхдээ өдөр тутмын үйл ажиллагааг “Төгс гүрэн” компани хариуцаж, бетон зуурмагийн “Премиум Конкрит” компани зуурмагаа технологийн дагуу буулгаж өгөх ёстой.
-Осол гарснаас хойш энэ гэрээ хийсэн компаниудынхаа удирдлагуудтай уулзсан уу. Юу гэж байна вэ?
-Бүгд утсаа салгаад алга болсон. Одоо болтол холбоо барьж чадаагүй л байна. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр нэгэнт бид хөрөнгөө гаргаад барилгаа бариулж буй болохоор байж л байна.
-Гэхдээ надад нэг зүйл их эргэлзээ төрүүлж байна. Зураг төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор баталж өгөөгүй байхад барилгын ажил эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр барилгын ажлыг танай компани эхэл гээд эхлүүлчихэв үү, эсвэл гүйцэтгэгч компани гэрээнийхээ хугацаанд шахагдаад эхлүүлсэн үү?
-Манайх эхлүүлсэн байх. Зураг төсөл бол батлагдаад экспертизээр орсон. Зөвхөн хотын ерөнхий архитектор гарын үсэг зурах л үлдсэн байсан. Зураг төсөлгүй барилга биш. Хөндлөнгийн шинжээчид хяналт тавьсан.
-Хотын дарга осол болсон барилга болон зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоо гэсэн үүрэг өгсөн байгаа?
-Зогсоох мэдэгдлээ өгсөн. Осол гарснаас хойш тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.
-Зураг төсөлдөө 13 давхар барилга барих ёстой гэж тусгаж. Гэтэл барилгынхаа долоон давхрыг барьсан байдаг. Цаашид хэрхэх вэ?
-Энэ осолд хэн нь буруутай вэ гэдгийг хууль хяналтынхан шалгаж байгаа. Нөгөө талаар энэ асуудал нэг тийшээ шийдэгдсэний дараа манай компани холбогдох эрх бүхий байгууллагуудад хандана. Зөвшөөрөл өгвөл үргэлжлүүлж барина. Энэ барилгын хувьд нэг, хоёрдугаар давхар нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж, дээд тал нь орон сууц байх юм. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан үнэ хямд орон сууц. Бүх өрөө нь 32 ам.метр талбайтай. Ер нь, залуучуудад зориулсан барилга л даа.
-Юутай ч, ямар нэгэн байдлаар болсон зүйлийн талаар эмээлгүй ярьсанд баярлалаа?
-Бидний захиалаад бариулж байсан барилгад осол аваар гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд харамсч байна. Танай сониноор дамжуулж талийгаачийн ар гэрийнхэнд дахин, дахин эмгэнэл илэрхийлье. Бид хариуцлагаас зугтахгүй ээ. Шалгадаг байгууллага нь шалгаад буруутай этгээдүүдийг тогтоох байх. Олон нийтэд зөв мэдээлэл л өгөх гэсэн юм. Осол гарсны дараа бетон зуурмагийнхан, барилга барьж байгаа нь ажлын байраа орхиод алга болчихсон. Бид очоод захиалагч нь гэж хэлсэн. Үүнээс хойш “Мүүди” компанийг л кран унагаад хүний амь нас хохироочихсон гэж ярих боллоо. Бодит байдалд бид захиалагч нь юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.