Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Гансүх: Бид захиалагч компани гээд хариуцлагаас зугтахгүй, хүлээх ёстой хариуцлагаа хүлээнэ

Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгад бетон нийлүүлж байсан кран нурж 12 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эл компанийг “MUDI” компанийн захиалгаар “Төгс гүрэн” компани барьж байжээ. Бид захиалагч тал болох “Мүүди” компанийн хуулийн зөвлөх Ц.Гансүхтэй ярилцсан юм.


-Өдий зэрэгтэй болгосон үрээ алдсан эцэг, эхэд хүнд байгаа нь мэдээж. Тэдний гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Ер нь, осол болсноос хойш танай байгууллагын удирдлагууд талийгаачийн ар гэрийнхэнтэй очиж уулзсан уу?
-Уулзаж амжаагүй л байна. Талийгаач хүүхдийн аав, ээжид ямар хүнд байгаа нь мэдээж шүү дээ. Одоо болтол шокноос гараагүй байна. Энэ хэргийг мөрдөж байгаа мөрдөн байцаагч хүртэл уулзахад хэцүү байна гэж хэлсэн. Бид ямар ч байсан мөрдөн байцаагчаараа дамжуулаад тухайн айлд юу хэрэгтэй байна, мөнгө төгрөг, машин унааны тусламж хэрэгтэй бол бүх талаар тусалж дэмжихэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Мэдээж хүний эрдэнэт амь нас эрсдчихээд байхад бид буруугүй гэж хэлэхгүй. Танай сониноор дамжуулаад талийгаачийн ар гэр, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
-Осол болсон гэдгийг хэзээ мэдсэн бэ. Тэр өдөр мэдээлэл маш хурдан түгсэн байсан?
-Удаагүй мэдсэн л дээ. Осол болсон газрын хажууханд ТВ-5 телевиз байдаг юм билээ. Шууд дамжуулсан, бид ч шууд л очсон. Очиход барилга барьж байсан, бетон зуурмаг нийлүүлэгч компанийнхан бүгд хаяад явсан байсан. Кран босгох ажлыг бид өөрсдийн хүчээр л хийсэн.
-Хоёулаа энэ барилгад анхаарал хандуулъя. Барилга эхлүүлэх зөвшөөрлөө албан ёсоор аваагүй байсан юм билээ?
-2011 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйлдвэр үйлчилгээ, орон сууцны чиглэлээр барилга барих зөвшөөрөл иргэн Батболд гэдэг хүний нэр дээр гарсан юм.
-Батболдын хувьд барилга барих бус газар эзэмших гэрчилгээ авсан юм биш үү?
-Тийм ээ. Эмнэлэг, орон сууцны барилга барих зөвшөөрлөөр авсан юм. Манайх захиалагч компани. Манай компанид барилга барих тусгай зөвшөөрөл байхгүй. Эл барилга маань 13 давхар баригдах юм. Тиймээс бид 16 давхар хүртэлх барилга барих зөвшөөрөлтэй “Төгс гүрэн” компанитай орон сууц барих гэрээ хийгээд энэ барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ компани маань тусгай зөвшөөрөлтэй. Хамгийн гол нь тухайн барилгыг барьж эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан гэдэг асуудал сөхөгдөөд байна.
-Гэхдээ энэ осол аваар ямар нэгэн байдлаар л танай компанитай холбогдож байгаа. Тэгэхээр энэ осолд танай компанийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж хүний эрдэнэт амь нас эрсэдсэн болохоор харамсч байна. Манай компанийнхан энэ барилгыг захиалагч болохоос гүйцэтгэгч нь биш. Бид буруугүй гэж ярихгүй. Бид хууль дүрмийн дагуу ямар хариуцлага хүлээх вэ, тэрийг хүлээнэ. Гэхдээ манай компани бол хөрөнгө оруулсан. Гүйцэтгэгч нь “Төгс гүрэн” компани. Манай компани гүйцэтгэгч “Төгс гүрэн” компанийн хооронд хооронд байгуулсан гэрээ бий л дээ. Энэ гэрээнд юу гэж заасан бэ гэхээр, барилгын ажил явагдаж байх үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хариуцаж, барилгын талбайд ямар нэгэн осол аваар гарвал хариуцлагыг “Төгс гүрэн” компани 100 хувь хариуцна гэж заасан байгаа.
-Бетон зуурмаг шахдаг машин нь тэгэхээр “Төгс гүрэн” компанийнх уу?
-Үгүй. Бетон зуурмаг нийлүүлдэг компани нь тусдаа. Манай компанитай гэрээ хийсэн “Премиум Конкрит” гэдэг компани бий. Тэр компани барилгын талбайд машинаа байрлуулсан юм билээ. Тэгээд бетон шахдаг хоолойгоо зөөж байх үед машин нь унасанаас 54 м урттай хоолой зам руу унасан. Тэр компанийн буруутай үйл ажиллагаа бас бий. Энэ компанитай хийсэн гэрээнд, “Өөрийнхөө нутаг дэвсгэрт байрлах, зуурмагийн үйлдвэрээс бетон зуурмагийг нийлүүлнэ. Тээвэрлэнэ, хүргэж өгнө. Технологийн дагуу буулгаж өгнө” гэж заасан байгаа. Тэгэхээр гэрээнд тусгаснаар тус компанийнхан технологийн дагуу буулгах явцад л алдаа гарч энэ осол болсон. Ослын шалтгаан бол машинаа буруу байрлуулсанаас л үүссэн гэж үзэж байгаа юм билээ.
-Тэгэхээр таны ярьснаас миний ойлгож байгаагаар танай компани энэ осолд хамаагүй болж таарах нь л дээ. Гол буруутан бол бетон зуурмагийн “Премиум Конкрит” компани болж таарч байна уу?
-Бас шууд тэгж хэлж болохгүй л дээ. Би түрүүн хэлсэн. “Төгс гүрэн” компанитай хийсэн гэрээнд барилгын талбайд гарсан осол аваарыг гүйцэтгэгч компани бүрэн хариуцна гэж заасан байгаа шүү дээ. Барилга барих өдөр тутмын ажилд бетон шахах машинаа байрлуулчихаад зуурмагийн машинаа дууддаг юм. Гэхдээ бетон зуурмаг шахах машин суурилуулсны дараа “Төгс гүрэн”-гийн талбайн инженер нь ч юм уу, ерөнхий инженер нь ч юм уу тэр машины аюулгүй байдлыг шалгах ёстой. Зөв байрлуулсан уу гэдгийг шалгах ёстой л доо.
-Танай компанийн зүгээс барилга дээр хяналт тавьдаг хүн байдаггүй хэрэг үү?
-Тийм инженер бий л дээ. Тэр хүн байнга барилга дээр байдаггүй юм. Барилгын явцад л хяналт тавьдаг. Тухайлбал, карказаа хэрхэн цутгаж байна гэдгийг, зураг төслийн дагуу явж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Гэхдээ өдөр тутмын үйл ажиллагааг “Төгс гүрэн” компани хариуцаж, бетон зуурмагийн “Премиум Конкрит” компани зуурмагаа технологийн дагуу буулгаж өгөх ёстой.
-Осол гарснаас хойш энэ гэрээ хийсэн компаниудынхаа удирдлагуудтай уулзсан уу. Юу гэж байх юм?
-Бүх хүмүүс нь утсаа салгаад алга болсон. Одоо болтол холбоо тогтоож чадаагүй л байна. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр нэгэнт бид хөрөнгөө гаргаад барилгаа бариулж байгаа болохоор байж л байна.
-Гэхдээ надад нэг зүйл их эргэлзээ төрүүлж байна л даа. Зураг төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор баталж өгөөгүй байхад барилгын ажил эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр барилгын ажлыг танай компани эхэл гээд эхлүүлчихэв үү, гүйцэтгэгч компани маань гэрээнийхээ хугацаанд шахагдаад эхлүүлсэн үү?
-Манайх л эхлүүлсэн байх л даа. Зураг төсөл бол батлагдаад экспертизээр орсон найдвартай зураг шүү дээ. Зөвхөн хотын ерөнхий архитектор гарын үсэг л зурах байсан байх. Түүнээс зураггүй барилга бариагүй, хийсэн зураг нь баталгаагүй зураг биш. Хөндлөнгийн шинжээчид нь хяналтаа тавьсан найдвартай л зураг.
-Зураг баталж өгөөгүй шалтгаан нь юу юм бол?
-Би тэрийг сайн мэдэхгүй байна.
-Хотын дарга осол болсон барилга болон зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг байгаа хэвээр нь бүр мөсөн зогсоо гэсэн үүрэг өгсөн байна лээ?
-Зогсоох мэдэгдлээ өгсөн. Осол гарснаас хойш тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.
-Тэгээд зураг төсөлдөө 13 давхар баригдах ёстой. Гэтэл дөнгөж долоон давхарыг нь барьсан байдаг. Цаашид хэрхэх вэ?
-Энэ осолд хэн нь буруутай вэ гэдгийг хууль хяналтынхан шалгаж байгаа. Нөгөө талаар энэ асуудал нэг тийшээ шийдэгдсэний дараа манай компани холбогдох эрх бүхий байгууллагуудад хандана. Зөвшөөрөл өгвөл үргэлжлүүлж барина. Энэ барилгын хувьд нэг, хоёрдугаар давхар нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж, дээд тал нь орон сууц байх юм. Бага дунд орлоготой иргэдэд зориулсан үнэ хямд байр юм. Бүх өрөө нь 32 ам.метр талбайтай орон сууц шүү дээ. Ер нь л залуучуудад зориулсан барилга л даа.
-Газар эзэмших эрх авсан иргэн Батболдтой танай компани ямар холбоотой юм бэ. Тэр газрыг ямар нөхцлөөр авсан байх уу?
-Гэрээгээр л авсан байх.
-Гэрээлсэн хоёр компанийнхантай холбогдох арга хайж л байна уу?
-Мэргэжлийн хяналтынхан манайд мэдэгдэх хуудас өгсөн. Тэд ч бас тэр компанийнхантай уулзах арга хэмжээ авч байгаа байх л даа. Нэгэнт ийм юм болсон хойно, хаашаа зугтаах билээ дээ.
-Юутай ч ямар нэгэн байдлаар болсон зүйлийн талаар эмээлгүй ярьсанд баярлалаа?
-Бидний захиалаад бариулж байсан барилгад осол аваар гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд харамсч байна. Танай сониноор дамжуулж талийгаачийн ар гэрийнхэнд дахин, дахин эмгэнэл илэрхийлье. Мөн бид хариуцлагаас зугтахгүй ээ. Шалгадаг байгууллага нь шалгаад буруутай этгээдүүдийг тогтоох байх. Олон нийтэд бид гэхдээ зөв мэдээллийг өгөх ёстой. Осол гарсны дараа бетон зуурмагийнхан, барилга барьж байгаа нь ажлын байраа орхиод бүгд  алга болчихсон. Бид очоод захиалагч нь гэж хэлсэн. Үүнээс хойш “Мүүди” компанийг л кран унагаад хүний амь нас хохироочихсон гэж ярих боллоо. Бодит байдалд бид захиалагч нь юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

Г.Даваабаатар

0 Сэтгэгдэл
sonin gd bhiin ene chin sait bish uuu
Хамгийн их уншсан