Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдээ хайрлая л даа


Хичээлийн шинэ жил эхлээд хоёр гуравхан хонож байхад л хоёр ч хүүхэд осолд орж ертөнцийн мөнх бусыг үзүүлчихлээ. Манайд гарч байгаа зам тээврийн осол, үүн дотроо хүүхэд өртсөн ослын дийлэнх нь намрын энэ л өдрүүдэд ч гардаг байж мэднэ.
Зунжингаа эрх дураараа тоглож наадаж яваад, сургуулийнхаа өдөр тутмын амьдралаас бага зэрэг төсөөрчихсөн, авто машины хөдөлгөөн, орчноо анхаарах анхаарал нь суларчихсан багачууд дөнгөж хичээлдээ орж байгаа үе. Нөгөө талаар удаан уулзаагүй найзууд уулзалдаж эрхэлж тоглох гээд машин тэрэг байтугайг анхаарах сөхөөгүй байдаг.
Хамгийн их бодууштай зүйл бол ердөө зургаахан настай, өчигдөрхөн л цэцэрлэгт тоглож байсан багачууд сургуульд орж байгаа. Жил бүр 50 орчим мянган ийм хүүхэд “Гэр-цэцэрлэг-гэр” гэсэн замын маршрутаа өөрчлөн их хотын хөдөлгөөнд оролцож эхэлдэг.
Хэдийгээр эцэг эх нь ирж очин авч байгаа ч таван минутын дараа ирэх аав ээжийгээ хүүхэд нэг газраа зогсоод л хүлээнэ гэж ёстой байхгүй. Хүүхэд л юм хойно нааш цаашаа гүйнэ, тоглоно.
Ийм үед сургуулийн захиргаа, багш нар, жолооч зорчигчид бүгдээрээ л анхаарал халамж тавьж хүүхдүүдээ хайрлая л даа. Багш нь ангийнхаа тэр учир мэдэхгүй балчир жаалуудыг дагаж гараад анхаарч халамжилж байгаад эцэг эхэд нь хүлээлгээд өгч яагаад болохгүй байна вэ. Сургуулийн захиргаа ч багш нартаа ийм шаардлага тавьж баймаар байна шүү дээ.
Сургуулиа төв замуудад тулгаад барьчихсан манай нөхцөлд жолооч нар ч энэ хавиар нь хурдаа сааж тогтуун дөлгөөн явж яагаад болохгүй байна. Манай нийслэлд яг зам руу хараад байрлачихсан сургууль хэдэн арав байгаа. Нэгдүгээр сургууль, монгол III, , 40, 5, 2, гээд л энэ жагсаалт үргэлжилнэ. Манай замын цагдаагийнхны бизнес хийдэг “хэвтээ цагдаа” энэ сургуулиудын хэдийнх нь үүдээр гарсан зам дээр байгаа билээ.
Цагдаагийн газрынхан ч үүнд анхаарал тавьж, хурд хязгаарлах тэмдэг тавьж, зарим үед зохицуулагч ажиллуулж яагаад болохгүй байна.
Эрх мэдэлтнүүдийн хөрөнгө мөнгө албан тушаалын төлөөнөө байх ёстой зүйлийг эмх замбараагүйтүүлж, холион бантанг хутган хийх ёстой хийлгүй орхисон энэ л цагийн хариуцлагагүйн төлөөс болж бидний хойч үе, хүүхэд багачуд минь амь нас, эрүүл мэндээрээ хохирох ёсгүйсэн.
Хүмүүсээ, хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр инээмсэглээд гүйж яваа багачуудаа хайрлацгаая.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан