Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Дорж: Эрүүгийн хуулиас хасагдсан малын хулгайн хэргийн зүйл ангийг эргүүлж оруулна

“Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” байгуулагдаад 20 жил өнгөрчээ. Ингээд тус нийгэмлэгийн тэргүүн зохиолч, яруу найрагч З.Доржтой ярилцлаа.

-Нэг хэсэг малын хулгай буурч байсан бол өдгөө дахиад гаарсан гэнэ. Яагаад тэр вэ?
-Малын хулгай малчдад их том дарамт, сэтгэл санаа, эд материалын асар их хохирол учруулдаг. Өнөөдөр олз, мөнгө олох хамгийн амархан арга нь бэлчээрийн мал хулгай хийх болчихоод байна. Алт, мөнгийг авдранд хийгээд цоожилчихно. Харин бэлчээрийн малыг хатуу чанд хуулиар хамгаалах ёстой. 1992 оноос энэ нийгэмлэгийг санаачилж зохион байгуулж ажилласан. Тэр үед Эрүүгийн хуульд малын хулгайг шийдэх тусгай зүйл анги, заалтгүй байв.  Хулгайн хэргийг нийтэд нь авч үзнэ. Уг нь, мал, эд агуурс хоёр шал өөр зүйл. Тэгээд манай нийгэмлэгийнхэн хөөцөлдөж байж Эрүүгийн хуульд 123 буюу Мал хулгайлах гэсэн зүйл анги оруулсан. Энэ их хатуу шийтгэлтэй л дээ. Гэхдээ хүнийг шорон гянданд хорьж хэцүү байдалд оруулах гэж байгаа юм биш. Малчдын гол амьжиргаа болсон малд чононоос дор хандаж байхад хатуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Төр төмөр нүүртэй гэдгээ үүн дээр л харуулах ёстой шүү дээ. Энэ хууль хэрэгжсэнээс хойш мал хулгайлах гэмт хэрэг 60 гаруй хувиар буурсан судалгаа бий. Ард түмэн үүнийг сайн мэднэ. Гэтэл тэр зүйл ангийг Эрүүгийн хуулиас аваад хаячихлаа. Одоо мал хулгайлах гэмт хэрэг дахиад гаарлаа. Уг заалтыг УИХ-аар хэлэлцэж Эрүүгийн хуульд дахиж оруулах хэрэгтэй байна. Хүмүүсийн хэлж ярихаас илүү амьдралд хуулийн заалт яах аргагүй шаардлагатай. Төрийн ажил, үүрэг шүү дээ.

-Эрүүгийн хуульд байсан тэр зүйл ангийг хэзээ, яагаад аваад хаячихав. Эргүүлээд оруулах талаар таныг хөөцөлдөж яваа гэж сонссон?
-Үүнийг хэн аваад хаячихав гэж эрж сураад олохгүй байгаа. УИХ Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахдаа л аваад хаясан байна лээ.  Хэдэн хүний нэр дуулдаад байсан. Тэдэнтэй уулзсан. Гэтэл хасаагүй, хэвлэгдэхэд л алдаа гарсан байх гэсэн.  Өнөөдөр зурагт хулгайлсан, азарга адуу үр төлтэй нь нядалчихсан хоёр хүнийг адилхан шийтгэж буй юм. Нөгөөтэйгүүр, малын хулгайч баригдсан ч шийтгэл нь хөнгөн байна. Яаж ийж байгаад тэнсэн аваад гардаг. Ингэж шийтгүүлсэн малын хулгайч их, дээд сургуулийн диплом гардаж буй хүн шиг таахалзаад л явна шүү дээ. Монгол хүн малаа хүнтэй адилтган хайрлаж, өсгөж аж амьдралаа залгуулж өнөөг хүрч ирсэн юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Даваасүрэн, Ч.Улаан нарт хандаж Эрүүгийн хуульд малын хулгайн гэмт хэргийг шийдвэрлэх зүйл анги, заалт оруулж өгөөч гэсэн. Үүнээс гадна Ерөнхийлөгчид бас хандсан.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан манай нийгэмлэгийг нэлээд дэмжиж ажилладаг юм.

-Монголчууд олон зуун жил нүүдлийн мал аж ахуй хөгжүүлж ирсэн. Эрт дээр үед мал хулгайлах гэмт хэрэгтэй яаж тэмцэж байсан юм бол?
-Түүх сөхвөл эрт дээр үед Нанхиадын нэг аялагч Монголд ирсэн байдаг. Тэр хүн “Адуу малаа алдах нь шөнө тутам, эр, эм салах нь сар тутам, хүний амь үрэгдэх нь улирал тутам, энэ Монгол Улсад амьдрахад тун хэцүү байна” гэж тэмдэглэсэн түү­хийн сурвалж бичиг бий. Тэр хүн Чингисийг хаан суусны дараа Монголд бас ирсэн байдаг. Тэгээд “Монгол Улсад адуу малын хулгай алга болж, алдсан малыг нь олсон хүн эзэнд нь өгдөг болж, эр эм салах нь огт үгүй болж, хүний амь эрсдэх нь өдрийн одноос цөөрсөн байна” гэж бичсэн байгаа юм. Энэ тухай түүхийн олон сурвалж бичиг, номд бий. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын бичсэн номонд орсон байдаг. Чингис хааны Их засаг хууль малын хулгайн гэмт хэргийг шийдвэрлэх хатуу чанд заалтуудтай байсан. Зөвлөлтийн шинжлэх ухааны мэ­дээ сэтгүүлд Монголч эр­дэм­тэн Валдиморцов Их засаг хуулийг Чингис хаан өөрөө зо­хиосон гэж бичсэн юм. Тэ­гэ­хээр малаа хамгаалах сайн хууль хэрэгтэй байна. Үнд­сэн хуульд мал төрийн хам­гаалалтад байна, үндэсний бая­лаг гэж тодорхойлсон шүү дээ.

-Жилд хэчнээн тоо толгой мал хулгайчийн гараар ордог вэ. Алдсан малын судалгаа гардаг уу?
-Хэдэн жилийн өмнө улсын хэмжээнд нэгдсэн тоо гаргаж байсан. Гэвч өнөөдөр тэд гэж хэлэхэд хэцүү. ЦЕГ, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар тус тусдаа л тоо баримт гаргаж байгаа л даа. Одоо манай нийгэмлэгийн ажил сэргэж буй тул нэгдсэн судалгаа хийдэг болно.  Сүүлийн үед аялал жуулчлал хөгжүүлнэ гэж буй. Манай оронд жуулчид уул уурхай, хот үзэх гэж ирэхгүй. Мал бэлчсэн ногоон талын бөмбөгөр цагаан гэрт тухлан суугаад ардын сайхан дуу сонсоод морь мал унах л гэж ирнэ. Тэгэхээр нүүдлийн соёл иргэншил, бэлчээр усаа хамгаалж, хадгалж байж жуулчдыг татна. Өнөөдөр малын хулгайч их олон сүлжээ, дамжлагатай болсон.  Тухайлбал, зохион байгуулдаг дарга, борлуулдаг зах зээлтэй, галт зэвсэг, хурдан унаа тэрэгтэй болж. Уг нь, хэдэн малтайгаа байвал Монгол Улс мандана. Уурхайг хэдэн жил ухаад нөөц дуусч нүх л үлдэнэ. Яахав түүнийг дагаад нэг хот босох байх.

-”Монгол мал” хөтөлбөр боловсруулсан. Бас ноос ноолуурын урамшуулал гээд олгодог. Гэтэл яг амьд­рал дээр энэ төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар байдаг юм бол?
-Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах газар нэлээд санаачилгатай ажил­ладаг. Тэр төсөл хөтөл­бөрүү­дийг УИХ-ын ганц нэг гишүүн өөрсдөө боловсруулж хийсэн мэтээр ярьдаг. Энэ бол худлаа. Ард түмний дундаас гарч ирсэн төрийн байгууллага нь дэм­жиж хуульчилсан зүйл шүү дээ.

-Мал сүргийг гэмт халд­лагаас хамгаалах Монголын нийгэмлэг 20 жилийн хугацаанд ямар ажил хийв. Та хийсэн ажлынхаа заримаас дурдаач?
-Монголын радиод “Баян Монгол” студи байгууллаа. Үүнд, Монгол Улсын гавьяат нэвтрүүлэгч Г.Чулуунбат,  эрдэмтэн зохиолч Г.Ловор ажилладаг байлаа. Тухайн үед Монголын радио телевизийн улсын хорооны дарга байсан Б.Өвгөнхүү, Б.Билэгт нар их дэмжиж байсан. Тэгээд алдсан, олдсон малын зар явуулна. Техник технологийн “Хэт” компани бидэнд унаа тэргээр туслалцаа үзүүлнэ. Ингээд бүх аймаг, суманд хүрдэг байсан юм. Цагдаагийнхантай хамтарч малын хулгайчийн гишгэсэн мөрийг алдалгүй дагаж бариад авна шүү дээ. Үүний хүчинд тухайн үед найман сая толгой мал эзэнд нь олж өгсөн. Тэр үед манай нийгэмлэгийн салбар сум бүрт байлаа. Малчид ч мэдээлэл өгч манай ажилд идэвхтэй оролцдог юм. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт малын хулгайтай тэмцэх талаар чамгүй тусгасан байна лээ. Үүнд, би баярлаж байгаа. Бусад намын хөтөлбөрт тийм зүйл алга байгаа юм.

-ОХУ-ын Тувагаас Увс аймгийн нутагт хүмүүс орж ирж мал хулгай хийсэн гэмт хэрэг нэг хэсэг их гардаг байсан. Одоо байдал ямар болсон бэ?
-Нэг хэсэг манай зарим иргэн ОХУ-ын Тува иргэдтэй нийлж мал хулгай хийх нь бүр дэндсэн л дээ. Тэр үед Увсын Тэс суманд манай нийгэмлэгийнхэн очиж ажил­лалаа. Тэгээд хурал хийж “Та нар хэн хэний малыг хул­гайлдгийг бүгд мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө эзэнд нь болон хууль хяналтын байгууллагад хэлдэггүй. Энэ мэдсэн зүйлээ нууснаар хулгайг дэвэргэлээ. Малын хулгайгүй байя гэвэл үүнийгээ хэл” гэлээ. Ингээд Тэс сумаас 17 хулгайч барьсан удаатай. Тува нөхдүүд нь сүлбээ холбоотой хүмүүстээ тийм машин архи дарс, бараатай тэдний өдөр тэнд уулзъя. Төдөн азарга адуу хөөгөөд ир гэнэ. Тэс сум хурдан, жороо морь олонтой. Түүнийг нь хулгайчаас авсан хүн Кызыл хавьд уралдуулж буйг эзэн нь мэддэг, сонсдог. Гарч очоод авах гэхээр хилийн пост гаргадаггүй байсан. Бүр сүүлдээ малчин айлын хаалгыг гаднаас түгжчихээд, хотыг нь харлатал малыг нь туугаад явдаг болсон. Үүнийг хоёр талаасаа ярьж таслан зогсоогоогүй бол Тува, Монгол иргэдийн хооронд бараг дайн гарах дээрээ тулсан удаатай. Одоо хоёр талын хилийн цэргийн харуул чангарч байдал өөрчлөгдсөн. Ойрд тэр нутгаар яваагүй.  

-Ирэх жилүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хийх ажлаа тодорхойлж тө­лөвлөгөө гаргасан. Бүх аймаг сум, багт ажиллаж бай­­сан салбар зөвлөлүүд маань цаг хугацааны эрхээр тарж бутарсан. Одоо дахин бай­гуулж эхлээд байна. Ту­хайлбал, Баянхонгор, Завхан аймагт салбараа байгуулахаар нутгийн ард иргэдтэй уулзаж ярилцсан. Энэ мэтчилэн манай нийгэмлэгийн ажил цаашид үргэлжилнэ.

-Төр засгаас танай аж­лыг хэр дэмжиж тусалдаг юм бол?
-Төрөөс ямар нэг туслалцаа үзүүлдэггүй л дээ. Төрийн байгууллагын ажлыг төрийн бус байгууллага хийж болох эрх зүйн зохицуулалт бий. Бид үүнийг түшиглэж төсвийн тодотголд санал оруулах гэж байгаа. Өнөөдөр мөнгөгүй бол санаа байвч сачий хүрэхгүй. Тэгэхээр засаг төр үүнийг ойлгож биднийг дэмжин Монгол орны аймаг, сум, баг бүрт хүрэх боломж олгох байх гэж найдаж байна. Энэ бол би хувьдаа хэдэн төгрөг өгөөч гэж буй асуудал биш. Монголын ард түмэнд хэрэгтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан