Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сарантуяа: Өвлийн дунд үед цагийн байдал хүндэрч магадгүй

Энэ зун хур ихтэй байлаа. Харин өвөл цаг агаар ямар байх талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяатай ярилцлаа.

-Энэ өвөл цаг агаар ямар байх бол. Хүмүүсийн ярьж буйгаар их хүйтэрнэ гэж өвлийн бэлтгэлээ базааж байгаа сурагтай?
-Хүйтний улирлын төлвөөр арав, арваннэгдүгээр сард олон жилийн дундаж орчим байна. Хур тунадас нутгийн ихэнх хэсгээр хэвийн хэмжээнд байх болно. Харин Алтайн өвөр нутаг, говийн зарим нутгаар дунджаасаа арай бага. Арванхоёрдугаар сарын хувьд төвийн нутаг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон Алтайн өвөр нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 хэм хүйтэн байна. Хур тунадасны тухайд төвийн нутаг болон зүүн аймгуудын ихэнх, говийн нутгийн хойд хэсгээр болон Алтайн өвөр говиор ахиу цас орно. Бусад нутгаар хэвийн хэмжээний орчим цастай. Нэгдүгээр сард баруун зүгийн нутгийн ихэнх хэсэг, төвийн нутгаар агаарын хэм хүйтэн байна. Төв болон зүүн зүгийн, говийн нутгаар ахиу цастай. Мөн хоёр, гуравдугаар сардаа ихэнх нутгаар ахиу цастай агаарын хэм хэвийн байх нь.

-Тэгэхээр энэ өвөл өмнөх жилүүдийн адил хүйтэвтэр байх нь ээ?
-Үүнээс харахад энэ жил хугацааныхаа дунд үед хойд хэсгээр хүйтэвтэр, цас ахиухан орох төлөвтэй байна. Бусад хугацаандаа, ялангуяа арав, арваннэгдүгээр сард тийм ч их цас орохгүй. Хэвийн хэмжээний орчим л байна. Ерөнхийдөө хэвийн хэмжээнээс бага зэрэг ахиу цастай, хүйтэн байх учраас өвлийн бэлтгэлээ цаг гайгүй үед базааж авах нь зөв. Цагийн гайгүйд өвс тэжээлээ татаж, хадлангаа бэлтгэж авах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд өвөлдөө хүйтэрч харьцангуй хатуу болчихоод байна. Өнгөрсөн жилүүд нэлээн хүйтэн өвөлжсөн. Цас ч ахиухан унадаг болсон. Тиймээс өвлийн ид дунд үед цагийн байдал жаахан хүндэрч болзошгүй гэдгийг малчид, иргэддээ анхааруулъя.

-Сүүлийн үед дэлхийн цаг уур эрс өөрчлөгдөж бай­на. Монголд ямар нөлөөлөл үзүүлж байгаагаас цаг уур өөрчлөгдөж байна вэ?
-Дэлхийн дулааралтай холбоотойгоор уур амьсгалын өөрчлөлт нэлээд эрчимтэй явж байгаа. Энэ нөлөөллийн дор өвөлдөө температур жаахан өсөх, цас их орох нь ажиглагдаж байна л даа. Зөвхөн Монголд ч биш бусад оронд байгаль, цаг агаарын эрсдэлтэй үзэгдэл их гарах боллоо. Нэг газарт нь ган гачиг болж байхад, зарим газарт хүчтэй үер ус болж байна. Энэ бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Африк, Зүүн өмнөд Азид болж буй хүчтэй үер, Монголд өвөлд их цас унах болсон нь дулаарлын нөлөөгөөр тохиолдож байгаа зүйл. Тэрнээс Монголын хувьд ямар нэгэн гадны хүчин зүйлээс болсон зүйл байхгүй.

-Дэлхийн дулаарал гэж хэдэн жил яригдаж байна. Бусад оронтой харьцуулахад Монголын цаг агаар илүү дулаарч байгаа гэж ярьдаг. Яг хэдэн хэм дулаарсан юм бэ?
-Судлаачдын үзэж бай­гаагаар сүүлийн 60 жилд Монголын нутгаар 2,1 хэм дулаарсан гэдэг. Гэхдээ энэ нь улирал бүрт харилцан адилгүй. Нутаг дэвсгэрээрээ ялгаатай. Тухайлбал, өвлийн температур 1940-2008 оны хооронд 3,6 хэмээр дулаарч байна. Орох тунадас нь 7-12 хувь нэмэгдсэн. Тэгэхдээ уулархаг нутагтаа их, тал газраа харьцангуй бага хур тунадас орж байх жишээтэй. Харин зун нь харьцангуй сулавтар, бороо орох нь багассан гэсэн судалгаа бий.

-Монголын уур амьсгалын ирээдүйн өөрчлөлтийг 2099 он хүртэл тооцсон тооцоо гарсан. Энэ тухай тайлбарлаач?
-Дэлхийн дулааралд гол нөлөөлж буй зүйл бол хүлэмжийн хий. Мөн агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ асар их нэмэгдэж байна. Энэ бол хүний үйл ажиллагаатай холбогдож байгаа. Энэ хүлэмжийн хийн өсөлтийг тооцож ойрын зуун жил гэдэг ч юм уу,  XXI зуунд уур амьсгал яаж өөрчлөгдөх тооцоолсон баримт гарсан. Түүнд, сүүлийн 100 жилд газрын гадарга дээрх температур 2,6 хэмээр дулаарна гэсэн тооцоо гарсан. Энэ бол дэлхийн хэмжээ. Монголд 2011-2030 оны хооронд өвлийн температур 0,2-0,7 хэмээр нэмэгдэнэ. Зуны температур үүнээс бага зэрэг илүү байна. Хур тунадасны хувьд ерөнхийдөө жилийн нийт тунадас буурч байгаа боловч улирлаараа ялгаатай. Өвөл нь унах тунадас ихэсч, зун нь бага байх жишээтэй. 2030 он хүртэл нийт тунадасны унах хэмжээ 2,4 хувиар буурна гэж тооцож байгаа.

0 Сэтгэгдэл
Ene chaag yrixan oilgomtoi yu er yaridgyi dylaan nemegdsen geed baisan.Ene zyyn goe zyyn bolson gyichde xyiten bas boroo ixtei.Xariin ovol dylaan bain gej deed tenger aildlaa
Хамгийн их уншсан