Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэмтлийн эмнэлгийн ачаалал гурав дахин нэмэгджээ

Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн нэг эмчид ногдох өвчтний тоо 2-3 дахин нэмэгджээ. Хуучин Түлэнхийн эмнэлгийн байр их засварт орох болж, тус эмнэлэг рүү нүүсэн нь ийн ачааллыг ихэсгэж орхиж. Уг нь, Түлэнхийн төвийнхөн жил  тэвчээртэйхэн хүлээчихвэл шинэ байрандаа орж, ГССЗҮТ-ийн ачаалал ч буурна хэмээсэн. Гэвч өнөөдөр тус эмнэлгийн шинэ байрны шав ч тавигдаагүй, ГССЗҮТ-ийн ачаалал ч хэрээс хэтэрч иргэдийн бухимдлыг төрүүлэх болжээ.
Иймээс байдал ямар байгааг сурвалжлахаар ГССЗҮТ-ийг зорьсон юм. Өнгөрсөн баасан гараг долоо хоногийн ажлын сүүлийн өдөр болохоор ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус эмнэлэгт 11:00 цагийн үед очиход эмнэлгийн гаднах авто зогсоол автомашинаар дүүрч, эргэн тойрон хөл хөдөлгөөнд дарагджээ. Машин байтугай явган хүн зөрөхөд хэцүүхэн болж. Дээр нь усан бороо нүүр нүдгүй нүдэж, замын бөглөрөл ч хэрээс хэтэрчээ.  Гэвч үүнээс болж авто замын осол их гарсан бололтой дайруулсан, гэмтсэн хэмээн эмчээс аврал эрсэн хүмүүс цувж ирцгээнэ. Түүнчлэн  гар,  хөл, гэдсээ түлсэн жаахан хүүхэд олон харагдана билээ. Өвчин, шархаа тэсэн ядан ёолох дуу, юугаа ч мэдэхгүй орилох хүүхдийн хашгираан, шарх, сорвио үл ажрах согтуу хүний дуу гээд энэ бүгд ГССЗҮТ-ийн хүлээн авахын үүдэнд өрнөнө. Эмч нар ийш тийш сандралдах бол эцэг эхчүүд болон өвчтнүүд эмч нараас аврал эрэх ажгуу. Ийн хүлээн авахын үүдэнд чөлөө завсаргүй хүмүүс холхилдоно. Өвчтнүүдийг ямар шалтгаанаар ирснийг тодруулахад ”Гэрлийн чийдэн нь хагарч нүд рүү нь орсон, халуун савтай цайнд түлэгдсэн” гээд янз  бүрийн шалтгаантай хүн иржээ. Хүүхдээ,  ах дүү хамаатан саднаа алдах вий гэхээс үнхэлцгээ хагартал айж эмээж буй иргэдээс ч ярилцлага авах зориг  надаас гарсангүй. Харин хүлээн авахын эмч нартай уулзах гэсэн боловч хөл, гараа зүсч цусаа гоожуулсан иргэдэд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй тэдний ажлыг нь алдагдуулан ярилцлага авахыг төвдсөнгүй.

Д.Энхсайхан:  Зам тээврийн осолд өртөгсөд эрс нэмэгдсэн

Ингээд Яаралтай тусламж эрхэлсэн дэд захирал Д.Энхсайхантай ярилцсан юм.

-ГССЗҮТ улсдаа ганц байдаг эмнэлэг. Түлэнхий төв нэгдсэнээр ачаалал ихэсч байна гэсэн. Одоо хүлээн авах дээр хэдэн эмч ажиллаж байна вэ?
-Өмнөх Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар Түлэнхийн  төв татан буугдаж манай эмнэлэгт нүүж ирсэн. Ачаалал эрс нэмэгдсэн учраас зарим эмч нарынхаа амралтыг өгөхгүй байгаа. Бүр сувилагч нараа яаралтай тусламж дээр татаж ажиллуулж байна. Мөн тархи нугас, зүрх судас, элэг, нарийн мэргэжлийн эмч нар 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа. Манайх улсын хэмжээнд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг ганц эмнэлэг учир алсын дуудлагад хүртэл явдаг. Эндээс Баян-Өлгий, Ховд аймаг руу багаараа очиж, тусламж үйлчилгээ үзүүлдэг.

-Өдөрт хэдэн өвчтөн үзүүлж байна вэ. Нэг эмч хэдэн өвчтөн үзэж байгаа бол?
-Өнгөрсөн долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр гэхэд 700 гаруй өвчтөн осол гэмтлийн яаралтай тусламж авсан. Тэгэхээр 24 цагаар ажиллаж буй гурван эмчийн нэгд нь 100 гаруй өвчтөн ногдож байна гэсэн үг.

-Ачаалал их болохоор ариун цэврийн стандарт алдагдах явдал гарах юм биш үү?
-Гэмтлийн үзлэг бол нэг хүнд чагнуур тавьдагтай адил биш. Шарх цэвэрлэнэ, шохой тавина. Хавсарсан хүнд гэмтэлтэй бол яаралтай мэс засал хийх болдог. Тэгэхээр эрсдэл үүсч байгаа нь үнэн. Наад зах нь, хөдөлмөр хамгааллын талаас эрсдэл үүснэ. Тухайлбал, нэг удаагийн иж бүрдлээр өвчтнүүдээ үзэх ёстой. Иж бүрдэл хүрэлцэхгүй байх асуудал гарна. Одоо мөрдөж буй хуулиар яаралтай тусламж, сэхээн амьдруулах үйлчилгээ нь үнэ төлбөргүй гэсэн хуультай л даа.

-Яаралтай тусламж үнэ төлбөргүй гэхээр хэрэглэх оёдлын утас, тариур зэргийг улсаас олгодог байх нь ээ?
-Даатгалаас  жилд 8000 хүн яаралтай тусламж авна гэж тооцож мөнгө олгодог. Гэтэл энэ тоо өдгөө 2-3 дахин нэмэгдсэн. Сүүлийн үеийн статистик тоогоор жилд 24 мянган хүн орж үйлчлүүлдэг гэсэн мэдээ бий. Тэгэхээр хуучин журмаа мөрдөж болохгүй болчихоод байна. Нэг эмчид үзүүлж буй 100 гаруй хүний 70-80 хүн нь зургаа авахуулна гэж бодъё. Нэг хүний зургийн флёнк 1400-2000 төгрөгийн үнэтэй. Мөн шархны оёдлын утас нэг хүнд  2400-5000 төгрөгийн утас хэрэглэдэг. Энэ бүгдийг шинээр байгуулагдаж буй Засгийн газар, салбарын сайд,  НИТХ  анхааралдаа аваасай гэж хүсмээр байна.

-Өвчтний ихэнх нь ямар шалтгаанаар ирж байна вэ?
-Хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн 70-80 хувь нь хотынхон бөгөөд олонхи нь зам тээврийн осолд өртөгсөд. Ер нь, зам тээврийн осолд өртөгсдийн тоо өсч байна. Бод л доо. Нас баралтаараа зам тээврийн осол нэгд орох бол дараа нь, үйлдвэрийн осол, хүн хоорондын харилцаа, архидан согтуурахтай холбоотой гэмтэл бүр гаарлаа. Энд нэг харамсмаар зүйл нь өсвөр насны хүүхдүүд санамсар болгоомжгүйгээр осол гэмтэлд их өртөж байна. Мөн үүний хажуугаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой зам тээврийн осол үнэхээр их гарах боллоо.

-Ачаалал ихэсч буй энэ үед түлэнхийн төвийн барилга ашиглалтад орвол  байдал дээрдэх байх л даа?
-Ямар ч байсан тушаал гараад хоёр эмнэлэг нийлсэн. Бид гаргасан тушаал шийдвэрийг нь биелүүлээд оногдсон үүргээ нэр төртэйгээр биелүүлээд л  явж байна. Байдал ямар байгааг Эрүүл мэндийн яам, Хөрөнгө оруулалтын газар мэдэж байгаа байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан