21 дүгээр зууныг харшлын эрин үе болно хэмээн мэргэжилтнүүд тодорхойлоод байгаа. Үнэндээ ч өнөөдөр харшлаар өвчлөх хүний тоо эрс нэмэгдсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд харшлын гэх тодотголтой эмч нар байдаг ч мэргэжлийн бус болохыг нь албаны хүмүүс хэлж байна. Гэхдээ манай улсад энэ чиглэлийн өвчнөөр дагнасан цөөн мэргэжилтэн байдаг аж. Эдгээр мэргэжилтний нэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Харшил судлаач, ахлах зэргийн их эмч, анагаах ухааны магистр Н.Гойдбаяртай ярилцлаа.
-Өнөөдөр харшилгүй хүн гэж бараг алга. Энэ өвчин юунаас болж хүрээгээ тэлж байна вэ?
-Шулуухан хэлэхэд харшил өвчин дийлдэхээ байлаа. Дөнгөж төрсөн хүүхдээс эхлээд 100 настай буурай хүртэл өвчилж байна. Гэхдээ хүн бүр тусдаггүй. Хүний дархлалын системийн үйл ажиллагаатай холбоотой. Хэт мэдрэгшилтэй хүнд л энэ өвчин тусдаг. Харшлыг амьсгалын замаар орж ирж байгаагаар нь амьсгалын, хоол тэжээл, эмийн бодис, ахуйн хэрэглээтэй холбоотой арьсны харшил гэж хоёр хэсэгт хуваадаг. Ажиглаад байхад амьсгалын замынх нь манай улсад арай илүү байна. Гэхдээ улирал харгалздаг. Намрын сэрүүн ороод есдүгээр сарын сүүлч аравдугаар сарын эхэн үед хамар битүүрч, нулимс гоожих, шалтгаангүй ханиалгах, бачуурах, чих загатнах, хоолой сэрвэгнэх зовиур үгүй болдог.
Ерөнхийдөө намрын сэрүүн, өвлийн хүйтэн, хаврын цагт алга болоод мод цэцэглэж эхлэх тавдугаар сарын эхээр дээр хэлсэн зовиурууд илэрнэ. Хотод амьдарч байгаа хүмүүс хөдөөнийхнийг бодвол улирлын чанартай харшилд их өртөмтгий нь судалгаагаар батлагдсан. Зүлэг ногоорч, дулаараад ирэхээр шалтгаангүй хамар битүүрч эхэлдэг.
Үүнийг хүмүүс ханиадтай андуурч эмийн сангаас дураараа янз бүрийн антибиотик авч хэрэглэн харшлаа эрлийзжүүлдэг. Ханиад, хатгаа тусч уу гээд уушгийг нь чагнаад үзэхээр зүгээр байдаг. Харшлын өдөөх сорил тавихаар нөгөө дур мэдэж уусан эм, антибиотикууд нь нөлөөлөөд хариу нь сөрөг гардаг.
Харшлыг зөв оношлуулаад, мэргэжлийн эмчийн зааврын дагуу зөв эмчилбэл амь насанд аюулгүй, үхэлд хүргэдэггүй, зовиурыг нь эрс багасгаж болдог өвчин. Одоохондоо төгс эмчилгээ хараахан байхгүй байна. Яагаад гэхээр урин дулаан улирал ирдгээрээ ирж, зүлэг ногоо ургаж, тоосоо гөвдгөөрөө гөвнө, тэгээд л нөгөө тоосонцор нь амьсгалын замаар орж харшил өвчин эхэлнэ.
-Сүүлийн үед харшилтай хүмүүс нэг удаагийн тариа хийлгэх болжээ. Энэ нь нэлээд үр дүнгээ өгдөг тухай сонсч байсан?
-Нэг удаагийн гормон тарианы талаар сонссон. Хийлгэсэн хүн ч ирж байна. Энэ тариаг хятад гаралтай эмнэлгүүдэд 30-40 мянган төгрөгөөр хийж байгаа гэсэн яриа бас бий. Монгол эмнэлгүүд арай ч ингэж хүн ардынхаа эрүүл мэндээр тоглохгүй байх гэж бодож байна. Нэг удаагийн гормон тариа нь маш хүчтэй дааврын бэлдмэл учраас цусанд 180-200 хоног эргэлддэг.
Гэтэл аливаа нэг тариаг тодорхой цаг хугацаатай хийлгэхийг эмч нар зөвлөдөг биз дээ. Тухайлбал, амин дэмтэй тариаг хоногт нэг удаа хийлгэ гэдэг. Тухайн амин дэм нэг хоногт хүний биед үзүүлэх үйлчилгээгээ үзүүлээд үлдэц нь шингэнээр ялгараад биеэс нь гадагшилж байдаг. Гэтэл нэг удаагийн тариа нь 180 хоног хүний биед тээгдэж явсаар тухайн хүний даавар эрхтэн буюу нөхөн үржихүйн эрхтэнийг гэмтээдэг.
Ингэснээр үргүйдэл үүсгэж болно. 25, 30 настай эмэгтэй хүн тариулбал 40 хүрээд л цэвэрших жишээтэй.
Ийм гаж нөлөө илэрч байгаа учраас улиралд, жилд, сард нэг удаа хийдэг гэх энэ тарианаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүнийг ч манай улсын харшил судлалаар мэргэшсэн цөөн тооны эрдэмтэн хүлээн зөвшөөрч байгаа. Шулуухан хэлэхэд, харшлыг нь эдгээж байна гэж хүмүүсийн тархийг угааж буй хэрэг. Дааварлаг эрхтэнийг гэмтээдэг учраас энэ тариа бол их хоруу чанартай. Өндөр настай хүмүүсийн хувьд өөрсдөө мэдсэн хэрэг гээд орхиж болох ч гэлээ өсч байгаа залуусын хувьд бол их аюултай.
-Нэг удаагийн тарианаас гадна дусал тариа хийлгэх болсон. Үүнд ямар нэг хоруу чанар байгаа юу?
-Дусал тариа бол харшлын хордлогыг хүний биеэс тайлж, намдаах зорилготой. Мэргэжлийн эмчийн зааврын дагуу гурав юм уу зургаан удаа хийдэг. Харин хэдийг хийхээ эмч өөрөө мэднэ.
-Харшлын хамгийн оргил үе нь хэзээ байдаг юм бол? Долоо, наймдугаар сар гэх мэтээр янз бүрээр ярих юм?
-Таваас зургадугаар сард идэвхждэг. Хамгийн оргил үе нь долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1 хүртэл байдаг. Энэ нь хогийн ургамал, шарилжны харшил дэгддэг 45 хоног юм. Энэ 45 хоногийн хугацаанд ухаан алдаж унасан хүн хүртэл ирдэг. Нүд нь бүлцийж хавдан, салст нь улайж, хамар нь битүүрээд амьсгалж чадахгүй хөөж, хоолой тагнайгаар нь туурч хордлогод ордог.
Энэ хордлогыг бид өөрсдийнхөө хэмжээнд эмчилдэг ч жилээс жилд энэ өвчнөөр өвчлөх хүний тоо ихэсч байна. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд илүү их өвчилж байна. Энэ өвчинтэй ганц харшлын эмч тэмцээд дийлэхгүй. Үүнтэй Хот тохижилтын газар, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яам хамтарч тэмцэхгүй бол яг үнэндээ өнөөдөр айл бүрт хамгийн багаар бодоход нэг хүн харшлын өвчтэй байна.
Үүнийг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. Амьсгалын замынх биш байлаа гэхэд арьсны загатнаатай хүн байж л байгаа. Долдугаар сарын 5-ны өдрөөс өмнө бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулаад хогийн ургамал тоосоо цацахаас өмнө цэвэрлэмээр байна. Улсын баярын өмнөх долоо хоногийг бүх нийтээрээ ургамлын тоосны харшлын эсрэг тэмцэе, шарилжны эсрэг тэмцэе гэсэн уриатай нийслэлийн Засаг даргын захирамж гаргавал ажил хэрэг болно гэж бодож байна.
Шинээр сонгогдсон нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад түүнийг нь НИТХ-ын дарга тогтоол гаргаж баталгаажуулаад бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй байна. Зарим хүн битгий зун болоосой, зун болдоггүй бол сайхан шүү гэж хэлж байна. Гаднаас нь харахад эрүүл хүн шиг харагдаж байгаа ч өөрт ямар их хэцүү байдаг нь энэ үгнээс нь харагдаж байгаа биз. Үхэлд хүргэдэггүй хэрнээ хүндэрдэг, амьсгалын дутагдалд оруулдаг, гуурсан хоолойн багтраа өвчин болдог. Хавдрын дараа хоёрт жагсч байгаа өвчин бол харшил.
-Харшил удамшдаг гэдэг үнэн үү? Юунаас болж удамшдаг вэ?
-Удамшдаг. Удамшихдаа ээж аав хоёр нь харшилтай бол бараг 80-90 хувь нь хүүхдэд удамшдаг. Ээж харшилтай бол 75, аав харшилтай бол 50 хувь удамшдаг гэдэг. Харин хүнээс хүнд халддаггүй. Эрдэмтдийн судалгаагаар үүнийг нотолсон.
-Тэгвэл юунаас болж арьсны харшилтай болдог юм бэ?
-Харшлын 40 хувийг арьсных эзэлдэг. Арьсны харшил нийллэг эдлэлтэй хувцаснаас үүсдэг. Ялангуяа манайхан шинэ хувцсыг угаахгүй өмссөнөөс болоод ягаан үлд гэдэг тууралт их гарч байна. Шинэ хувцас худалдаж авсан бол заавал угааж өмсч байх ёстой. Даавууны хачиг гэж харшил үүсгэгч аюултай зүйл бий.
Үүнээс гадна хүний идэж байгаа хоолноос болж харшил үүсдэг. Үүнд нөлөөлдөг долоо, найман бүтээгдэхүүн бий. Нэгд, уураг ихтэй өндөг, хоёрт,сүү. Манайхан чинь харшил аваад хордлого өгвөл сүү буцалгаж уудаг.
Гэтэл сүү өөрөө ходоодонд ороод олон төрлийн уураг болж задардаг учраас уураглаг бодисоос харшлын харшламтгай байдал үүсдэг.
-Гоо сайхны бүтээгдэхүүнээс болж харшилтай болсон хүмүүс ихэсч байгаа талаар та цухас дурдаад өнгөрсөн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Сүүлийн үед гоо сайхны бүтээдэхүүнээс харшил авч байна. Хамгийн гол нь харшил авах эсэхээ мэдэхэд хангалттай шүү дээ. Ингэхийн тулд, гарын шууныхаа дотор талд бага хэмжээгээр авах гэж байгаа бүтээгдэхүүнээсээ түрхээд 24 цагийн дараа үзэхэд тэр нь улайхгүй, тууралт өгөхгүй, өөрт ямар ч зовиургүй байвал тухайн хүнд тохирно гэсэн үг.
Харшил гэдэг шалтгаант өвчин учраас эзэн хүнээс их хамаардаг гэдгийг хүн бүр мэддэг байх хэрэгтэй юм.