Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮДЭН БАЛАЙ, ЧИХЭН ДҮЛИЙ ДАРГА НАРЫН БУРУУГААС АЛАГ ҮРСЭЭ НӨГӨӨ ЕРТӨНЦ РҮҮ ИЛГЭЭСЭЭР БАЙХ УУ


Алаг үрээ арван сар тээчихээд хэн нэгэн хариуцлагагүй нөхрийн гайгаар түүнээсээ хагацана гэдэг эх хүнд ямархан хэцүүг төсөөлөх аргагүй. Гэтэл өнөөдөр хэний ч төсөөлөхийн аргагүй энэ зовлонг Нэгдүгээр амаржих газарт ирсэн эхчүүд захаасаа амсч эхэлж байна. Энэ ертөнцөд хүмүүн заяа олохыг зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохтой зүйрлэдэг болохоор хувь зохиолоор бидэнд заяасан алаг үрсээ гар дээрээ өлгийдэн авч чадахгүй байна гэдэг даанч харамсмаар.


Эрүүл мэндийн сайдаа нүдээ нээгээд, чихээ дэлдийлгээрэй

Ажлаа мэдэхгүй бас хийхгүй хүний гай гэдэг үнэхээр их аж. Нэгдүгээр амаржих газрын хүлээн авахын хаалгаар хөл тавиут л хүлээсэн, арга ядсан, ёолсон гээд л төрөх эхчүүдийн зовлонтой дүр төрх угтана. Хоёр сарын өмнө Баянзүрх дүүргийн нутагт байрлах Гуравдугаар амаржих газарт засварын ажил хийх тухай нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А83 тоот тушаал гарчээ. Ингэснээр энэ амаржих газарт хэвтэн эмчлүүлэгсэд хийгээд төрөх эхчүүд Нэгдүгээр амаржих газарт хэвтэн эмчлүүлж төрөхөөр болсон.
Баянзүрх дүүрэг Монгол Улсын хамгийн их хүн амтай газраар өнгөрсөн оны хүн амын тооллогоор тодорсон. Энд өдөрт л шинээр шилжин ирж байгаа хүн хэд байгааг таах аргагүй. Хамгийн их хүн амтай энэ дүүрэгт төрөх насны эхчүүд хэд байгаа вэ гэдэг нь тодорхой байтал угийн өөрийн харьяаны эхчүүдийнхээ ачааллыг бараг дийлэхээ байчихсан Нэгдүгээр амаржих газарт үүрүүлнэ гэдэг хэний ч ухаан санаанд буумгүй атал нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туул ийм тушаал гаргасан л байна. Ядаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ачааны 50 хувийг нь үүрүүлсэн бол арай л өөр байх байсан даа гэх бодол өөрийн эрхгүй төрөх. Хэдийгээр нэг нь улсын, нөгөө нь нийслэлийн харьяанд байдаг ч гэлээ нэг л салбарт харьяалагддаг учраас миний чиний гэх хэрэг юусан билээ. Хэдхэн хоногийн өмнө Нэгдүгээр амаржих газар ачааллаа дийлэхгүйн улмаас дөрвийн дөрвөн эх амьгүй хүүхэд төрүүлжээ. Энэ дөрвөн эх дөрвүүлээ нэг өдөр амьгүй хүүхэд гэдсэндээ тээн нэг тасагт хэвтэж байсан гээд С.Туул даргаа та бод доо, таны толгойд ямархан бодол бууж байна вэ. Та уг нь энэ салбарт олон жил ажилласан хүнсэн. Эрүүл мэндийн сайд та ч гэсэн бодох ёстой биш гэж үү. Шулуухан хэлэхэд, та нөхдийн буруугаас болж эхчүүд үрээсээ хагацаж байна гэхэд нэг буруудахгүй гэж санана бас хатуудахгүй ч гэж бодно. Та нүдээ нээгээд, чихээ дэлдийлгээд нэг сайн хар даа. Уг нь, нийслэлийн Гуравдугаар амаржих газрын засварын ажлыг өнгөрсөн тав­дугаар сарын 28-наас эхлэн энэ сарын 5-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөж, энэ дагуу ч засварыг хөрөнгө оруулалтын газраас зарласан тендерт ялсан РТС гэх компани 89 сая төгрөгөөр хийж дуусгасан юм билээ. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын тушаал болоод тус амаржих газрын стандартаар зургаан сар тутамд 14 хоног хааж ариутгадаг журмаараа долдугаар сарын 5-ны өдрөөс 20-ны өдрийг хүр­тэл ариутгал, угаалга цэвэр­лэгээ хийсэн тухайгаа эм­нэл­гийн удирдлагууд хэлж байна лээ. Үүний дараагаар амаржих газрын удирдлагууд агаар арчдасын шинжилгээг нийслэлийн Мэр­гэжлийн хянал­тын газрын төв лабо­раторид өгч хариу нь эерэг гарчээ. Тиймээс хол­богдох бичиг баримт, хү­сэлтээ нийс­лэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, үйл ажиллагаагаа явуулж болно гэж зөвшөөрсөн хэдий ч газрын даргаасаа илүү эрх мэдэлтэй Эрүүл мэн­­дийн газ­рын хяналтын албанаас тус амаржих газрын удирд­лагуудад хэд хэдэн  шаардлага тавьжээ. Үүнээс үүдэн тэд өнөөд­­рийг хүртэл үйл ажил­лагаагаа хэвийн явуулах бо­ломжгүй болж Нэгдүгээр амар­жих газар ачааллаа даах­гүйгээс шил шилээ дарсан асуудал гарч ирээд байна.


Төлөвлөгөөт хагалгаагаа зогсоочихсон

Энэ талаар Нэгдүгээр амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Баясгалангаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Танай амаржих газарт үнэхээр хөл тавих зай алга. Арай л дэндүү байгаа юм биш үү. Үүнээс үүдээд амь­гүй төрөх хүүхэд ч нэмэгдэж байгаа талаар яригдаж байна?
-Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар бол манай амаржих газарт долдугаар сарын 5-ны өдөр хүртэл Гу­рав­дугаар амаржих газарт харьяалагдах эхчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр хэ­дэн сарын хэдэн билээ, бодоод үз л дээ, долдугаар сарын 25-ны өдөр болчихоод байхад Эрүүл мэндийн газрын даргын нэг ч бичиг цаас манайд ирэлгүй өнөөдрийг хүр­лээ. Өөрөөр хэлбэл, хэлсэн хугацаанаас нь 20 хоног хэтэр­чихээд байхад таг чиг байгаа нь даанч харамсалтай. Бид ачааллаа дийлэхгүй бай­гаа. Өөрийн чинь хэлдэг үнэхээр үнэн. Өдөрт 50-70 эх амаржиж байна шүү дээ. Үнэндээ чанартай сайн эм­чилгээ үйлчилгээ авна гэ­дэг ойлголт огт байхгүй бол­сон. Ажилчид маань ч ачаалалтай ажиллаж байна.Норм дүрмээрээ явах асуудал бүр ч байхгүй шүү. Нэг эх төрчихөөд төрөх орон дээр 30 минутаас хоёр цаг хэвтдэг бол одоо төрлөө, жаахан хэвтүүллээ, өргөөд буулгалаа гэсэн иймэрхүү журмаар л байна.Хүлээн авах хоногт 110 эх хүлээн авдаг байсан бол одоо 180 эх хүлээн авч байна.

-Төрөх эх өвдөөд ирэхэд хүлээн авах ор байх­гүй буцааж байна. Үүнээс үүдээд амьгүй төрөлт ихэсч байна гэсэн асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?
-Эмнэлэгт хэв­­тэнэ гээд ирсэн хүмүүсийг бу­цааж байгаа нь ч үнэн, амь­­гүй төрөлт гарсан нь ч үнэн. Зарим овсгоотой нэг нь түрүүлж ирээд өглөө эрт хэвт­чихэж байхад жаахан ядруухан нэг нь оройтож ирээд хэвтэх гэхээр хэдийнэ ор дуусч үүнээс үүдээд элдэв асуудал гарч эхэлж байна. Үнэхээр хэцүү байна.

-Энэ талаар холбогдох газарт хэлсэн үү. Арга хэм­жээ авахуулахгүй бол ингээд суугаад байж болохгүй биз дээ?
-Хэлж ярьдаг газар нь хэлээд яриад л байна. Гэсэн ч арга хэмжээ авахгүй юм. Адилхан нэг л салбарт байдаг хэр­нээ Эх хүүхдийн эрүүл мэн­дийн үндэсний төв гэхэд манай нярайг хүлээн авахгүй байна шүү дээ, ор байхгүй гээд. Уг нь, тэднийх манай нярайг хү­лээн авах ёстой боловч ор байх­гүй гээд хүлээж авахгүй байна.

-Яг одоогийн байдлаар хэдэн эх хэвтэж байна, танай амаржих газарт?
-130 нярайтай, дутуу төрсөн 19 нярай, эрчимт эмчилгээнд 22 нярай байгаа хэдий ч тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна. Бодоод үз л дээ, хүчил­төрөгчийн аппаратыг гэхэд л нэг нярайгаас нөгөө нярай руугаа 20 минутаар ээлжилж залгаж байна шүү дээ. Энэ хоо­ронд юу болохыг ёстой тааш­гүй юм. Тэр битгий хэл төлөвлөгөөт хагалгаагаа бид зог­соогоод байна. 

-Өнгөрсөн шөнө хэдэн эх амаржсан бэ?
-67 эх, өмнөх шөнө нь 47 эх амаржсан хэмээн тэрбээр ярив.
Үнэхээр ч байдал хүнд байгаа нь харахад л илт байлаа. Нэг­­дүгээр амаржих газар төрс­­­ний дараах ээжүүдийн өрөө, сэхээний тасгийн кори­дор, хагалгааны өмнөх өрөө гээд төрсөн болоод төрөх эхчүүдээр битүү дүүрчээ. Тө­рөх гэж байгаа эхчүүдийг нэг орон дээр зэрэгцүүлэн суул­гасныг хараад өөрийн эрхгүй тэдний өмнөөс шаналах сэтгэл төрнө. Тэдэнд арай л дэндүү хатуу хандаж байгаа мэт санагдсаныг нуух юун. Цаашлаад өөр ямар нэгэн асуудал үүслээ гэхэд энэ мэтээр нэгээс нөгөөд шилжүүлж явсаар байх уу гэдэг нь араасаа асуулт дагуулж байгаа юм. Урдахаа дийлэхгүй байгаа амаржих газарт нэрмээс болж ачаа нэмэхийн хэрэг юусан билээ. Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбар ийм арчаагүй байна гэдэг даанч шившигтэй биш гэж үү. Ганцхан арга хэмжээн дээр л ийн сөхөрч байна, эрүүл мэндийн салбар. Нэгдүгээр амаржих газрын эмч нар чадал чансаагүйдээ ийн сөхөрсөн бус харин байр сав, багаж хэрэгслээр дэн­дүү ядмагаасаа.

Ийн тус амаржих газраар сурвалжлага хийж явах үеэр Гуравдугаар амар­жих газрын Эмчилгээ эрхэл­сэн орлогч дарга С.Ганболд С.Баясгалан даргад нэгэн таа­­тай мэдээг дуулгаж амар­­жих газрынхан сайхан мэ­дээ дуулгасанд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Энэ нь Гуравдугаар амаржих газар хэвийн үйл ажиллагаанд ор­сон тухай байсан юм. Арга ч үгүй биз дээ хоёр сар нойр, хоол­гүй ажиллаж буй тэдэнд энэ мэдээ дэндүү сайхан са­нагдсан биз. Өнөөдөр тус амар­жих газрын 120 ажилтны 65 хувь нь Нэгдүгээр амаржих газарт ажиллаж байгаа би­лээ. Хувцасны шүүгээ, ба­гаж хэрэгсэл гээд байдаг бү­хэнтэйгээ тус амаржих газарт нүүж ирсэн тэд ирэх долоо хоногоос л үйл ажиллагаа нь жигдэрнэ. Тийм болохоор Нэгдүгээр амаржих газрын энэ ачаалал багасах болоогүй. Тэ­гэхээр энэ хоёр амаржих газ­рын харьяаны төрөх эхчүүд дахиад хэд хоног шүдээ тас зуун тэвчих хэрэгтэй болж байх шиг байна. Үхэх төрөх хоёр адилхан гэдэг болохоор дахиад нэг хоног тэвчиж хү­лээнэ гэдэг... Ийнхүү өөрт бо­лоод өрөөлд дарамт үүс­гээд буй Гуравдугаар амар­жих газар хэвийн үйл ажил­лагаандаа орлоо ч гэсэн энэ эмнэлгийн барилга хэдийнэ чанарын шаардлага хангахаа больсон гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч анхааруулж бас дүг­нэлтээ ч гаргасан байна би­лээ. Тэгэхээр асуудал үүс­гэх­­гүй гэх газаргүй учраас эрт­нээс бэлтгэлтэй байхыг сал­бар хариуцсан сайд хийгээд Эрүүл мэндийн газ­­­рын дар­гад сануулахад илүү­дэх юу­сан билээ. Хорвоод мэнд­лэх алагхан үрээ та бүхний ха­риуцлагагүйгээс болж алд­мааргүй байна бид чинь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан