Хоёр настай монгол хүү өнгөрсөн баасан гаригт Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт нүдний хорт хавдрын мэс засалд орсон тухай тус улсын “Yonhap News” сайтад мэдээлжээ. Хатанбаатарын Ариунтулга гэгч хүүг нүдний хорт хавдар туссаныг нэг сарын өмнө оношилсон аж. Хүүгийн нүдний болор дээр мембран үүссэнийг аав, ээж нь анх ажиглаж, оношлуулсан байна. Хорт хавдрын мэс заслыг Монголд хийх боломжгүй гэж эмч нар хэлсэн аж. Харин хүүгийн аав, ээжийн сайн танил, Солонгосын иргэн Парк Сан-Бум Ариунтулга хүүд мэс засал хийлгэхээр Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт ханджээ. Хүү аав, ээжийнхээ хамт энэ сарын 8-нд БНСУ-д очсон байна. Өнгөрсөн баасан гаригт хүүгийн хорт хавдартай баруун нүдийг авах мэс заслыг Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлгийн мэс заслын эмч нар амжилттай явуулжээ. Эмч нар одоо хүүгийн зүүн нүдэнд хорт хавдар тархсан эсэхийг шиншилж байгаа юм байна. Эмч нарын хэлснээр мэс заслын дараа хүүгийн бие тэнхэрсний дараа ирэх сард хиймэл нүд шилжүүлэн суулгах мэс заслыг хийх гэнэ. Хүүгийн ээж Б.Мөнх-Эрдэнэ “Хоёр настай хүүхдэд ийм аймшигтай өвдөлтийг тэсэх хэцүү. Ямар их өвдөж байгаа бол гэж бодохоор аймар санагдаж байна” гэжээ. Монгол хүүгийн мэс засал амжилттай болсон ч дараагийн заавал хийгдэх ёстой химийн болон бусад эмчилгээ үйлчилгээг авч чадахгүй болоод байна. Учир нь хүүгээ эмчлүүлэхээр БНСУ-д очсон аав ээж хоёрын мөнгө хэдийн дууссан гэнэ. Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгийн олон нийттэй харилцах менежерийн хэлснээр “Гадаадын иргэд манай даатгалын системд хамаагүй тул тэд эмчилгээний зардалд солонгос иргэдээс илүү их мөнгө төлөх болж байна" гэжээ. Иймд мэс засалд хамаг мөнгөө барсан Ариунтулга хүүгийн аав ээж хоёрт одоо сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмд найдахаас өөр арга үлдээгүй гэнэ. Хэрэв та туслахыг хүсэж байвал доорх дансанд хандана уу: Худалдаа Хөгжлийн банк 495 041 677 (Бямбадоржийн Мөнх-Эрдэнэ) Хадгаламжийн банк 102 100 056 09 (Батболдын Хатанбаатар)