Э.ГАНЦЭЦЭГ
Улсын Драмын Эрдмийн театраар 22 жил овоглож, олон арван жүжгийн гол хийгээд туслах дүр бүтээсэн МУГЖ У.Уранчимэг өдгөө дэлгэцийн урлагт хүч үзэж буй. Ирэх есөн сард 15 жилийнхээ ойтой золгох “Хувьсал” продакшн энэ сарын 5-нд дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгож үзэгч олон, мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ хүртээд байгаа билээ. Тэрээр эл бүтээлийн зохиолч, найруулагчаар ажилласан юм. “Four H” залуусын нийгэмлэг, “Хөгжлийн танхим” ТББ-ын урилгаар тэрээр өнгөрсөн бямба гарагт “Сэтгэгч” цуврал чөлөөт, уулзалт ярилцлагад зочноор оролцож, залуустай сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Энэхүү уулзалт ярилцлагаас дээжлэн хүргэе.
-Та багаасаа жүжигчин болно гэж хүсч мөрөөдөж байв уу?
-Гуравдугаар ангид байхдаа хүүхдийн жүжиг анх үзсэнээсээ хойш ийм л хүн болно гэж бодох болсон. Миний аав, ээж урлагийн хүн биш л дээ. Тэгсэн мөртлөө урлагт их хайртай, дуртай хүмүүс байдаг. Миний санахын ээж хажуудаа суулгаад ардын дуу дуулж, аав үлгэр ярьж өгнө. Харин ахыг баян хуур хөгжимдөхөд бид дагаад дуулдаг байсан. Тийм орчинд өсч байгаа хүүхдийн урлагийн мэдрэмж түлхүү хөгждөг юм болов уу. Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин З.Пүрвээ, Галсанданзан нар миний нагац ах. Урлагийн мэдрэмж удамшдаг гэж боддог. Тэгээд ч тэр үү багаасаа жүжигчин болно гэж боддог байсан. Түүгээрээ л жүжигчин болоод явж байна гэж ойлгодог. Гэхдээ жүжигчний мэргэжил гэж суралцаж дуусахгүй юм даа.
-Жүжигчний мэргэжил амархан юм шиг санагддаг. Магад олон хүн ингэж ойлгодог байх. Гэтэл уран бүтээлчид бидний мэргэжил хэцүү. Тэр бүү хэл хүүхдээ жүжигчин болгохгүй гэж ярьдаг. Энэ тал дээр юу гэх бол?
-Урлагийн хүн ямар ч арын хаалгагүйгээр олны нүдэн дээр ил байдаг. Үзэгчид асар их мэдрэмжтэй, үнэнч шүүмжлэгчид. Үзэгчид хэдийгээр мэргэжлийн хэлээр ярьж чадахгүй ч мэдрэмжээрээ хүлээж авдаг. Шударга хийгээд үнэнчээр дүгнүүлдэг мэргэжил бол жүжигчний мэргэжил. Хүссэн хүсээгүй жүжигчин хүн хэсэг хугацааны дараа хөгжихгүй, задрахгүй, мэдрэхгүй, бахь байрандаа байх юм бол аандаа үзэгчид үзэхээ больдог. Үзэгчид харгис шүү дээ. Шууд шилж сонгоод, харьцуулаад эхэлдэг. Үүнд бид гомдох эрхгүй. Тиймээс шинэлэг, формтой, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг жүжигжин хүн төдийгүй уран бүтээлч бүх хүнээс шаарддаг. Тэрнээс биш таван үг цээжлээд, сайхан хувцас өмсөөд, гоё юм яриад энэ ажлыг хийдэггүй. Дийлэнх хүмүүс энэ тал дээр өнгөц ойлголттой байдаг. Миний хамгийн их ядарч, зүдэрсэн, стресстсэн мөчүүд кино зураг авалтын үе байдаг. Гэтэл хүмүүс сайхан амраад ирсэн үү гэх жишээтэй. Бидний ажлыг дийлэнх нь ингэж дүгнэдэг. Зарим нэг нь ч ингэж дүгнүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа хэнээс ямар чанартай уран бүтээл гарч байгаа нь харагдана.
-Жүжигчин хүний сэтгэл хөдлөл арай өөр байдаг болов уу? Энгийн ажил мэргэжилтэй хүнтэй харьцуулахад.
-Тийм. Жүжигчин хүн бусдаас арай илүү нээлттэй байж чаддаг болов уу. Даруухан ч жүжигчин бий. Тайзан дээр гарахаараа асаад л өөр нэгэн болчихдог. Гэхдээ жүжигчин хүн цоо эрүүл биш байх. Жүжигчин хүнээс гарч байгаа араншин, сэтгэл хөдлөл, дүр дээр ажиллаж байгаа ажиллагаа гээд өөр нэг хүний дүрд хувирахыг шаарддаг, сэтгэлзүйн хувьд. Тиймээс яавч эрүүл хүн энэ ажлыг хийхгүй. Мөн бусдаас арай мэдрэмтгий. Мэдрэмтгий чанар нь өндөр хөгжиж байж гэмээнэ бусдын дүрийг өөртөө бий болгоно. Амьдрал дээр бусадтай л адил байдаг ч ажлаа хийж байх үедээ “юмтай” болчихдог гэдгээ нуухгүй ээ.
-Жүжигчин байхын сайхан нь олны нүдэнд ил харагддаг. Бүтээсэн дүрээрээ ард түмэндээ танигдаж, олны танил болж, энд тэндхийн сайхан арга хэмжээнд уригддаг гээд. Гэтэл цаана нь ямар зовлон нуугддаг юм бол? Яагаад гэхээр үзэгчид таны мэргэжлийн сайхныг л хардаг болохоос зовлон, шаналалыг мэдэхгүй шүү дээ.
-Хүн бүрт зовлон бий. Гэхдээ түүнийг хэн сайн нууж чаддаг нь чухал гэдэг. Жүжигчин хүний бусдад гоё сайхан харагдах хүртэл хөдөлмөр. Асар их тооцоо, мэдрэмж байдаг. Гэтэл тэр бүх гоё сайхны ард асар их зовлон нуугддаг. Театр жүжигчин хүнээс үргэлж формтой байхыг шаарддаг. Энэ нь сэтгэлийн, биеийн, хэл ярианы гээд олон л доо. Учир нь бусдад гоо сайхныг түгээдэг хүн өөрөө сайхан байх хэрэгтэй. Тиймээс байнгын дасгал сургуулилт хийх болдог. Энэ нь өдөрт 30 минут дасгал хийх бус, хоногийн 24 цаг бэлтгэлтэй байна гэсэн үг. Урлагийг үгээр илэрхийлдэгийн хувьд хэл яриагаа, мэргэжлийн хэллэгээр аппаратаа байнгын хурцалж байх ёстой байдаг.
Мөн асар хурдан сэтгэх хэрэгтэй болдог. Үүний тулд байнга уншина. Хүссэн хүсээгүй энэ формыг хангахгүй бол үг дуугүй “чи зайлаа” гэдэг. Ингэж хэлүүлэхгүйн тулд байнгын формтой, дүр горилоод сууж байхаас өөр аргагүй. “Энэ дүрд чинь би тоглоно” гэж хэлэх эрх жүжигчин хүнд байдаггүй. Надад ямар дүр оногдох бол гээд найруулагчийн ам харж суух тавилантай улс. Дүр дээрээ ажиллахын тулд мөн л зохиолын задаргаа хийнэ. Зохиол, зохиолын санаа, өгөгдсөн санаа, хэсэг, хэсгийн санаа, туйлын зорилго, өгөгдсөн нөхцөл гээд олон тооны ном, судалгаа ашигласны дүнд жүжигчин хүн сая дүрээ бүтээдэг. Тийм болоод жүжигчин хүн сэтгэл, оюуны хийгээд биеийн золиос гаргадаг. Яриад байвал их юм бий.
-Монголын тайзны урлагийг 22 жил эзэгнэсэн жүжигчин яагаад дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болов?
-Театрт 18 настай анх хөл тавьж, орой нь өлгүүрчин хийнгээ өдөр нь суралцаж байлаа. Ингээд хоёр жилийн дараа дагалдан жүжигчнээр Ардын жүжигчин Мэндбаяр эгчийн шавиар хуваарилагдсан. Ингээд театртаа дагалдан жүжигчнээр хоёр жил ажилласан. Мэргэжлийн жүжигчин гээд хүнд үзүүлж харуулах юмгүй байсан болоод ч тэрүү элдэв хэл ам гарч, мэргэжлийн жүжигчин гэсэн диплом авахын тулд СУИС-д дөрвөн жил суралцсан. Миний хань ч намайг дэмжсэн л дээ. Ингээд найман жил зарцуулсны эцэст мэргэжлийн жүжигчин болчихоод театртаа эргэн ирсэн. 1993 онд анх Д.Төрбатын “Бүсгүйн завилгаа” хэмээх кинонд гол дүр бүтээснээсээ хойш 22 жил нэг ч дэлгэцийн бүтээлд тоглоогүй. Энэ хугацаанд драмын театрын үндсэн уран бүтээлүүдийн гол дүрд тоглосоор ирж. Энэ хугацаанд намайг үзэгчид мэддэг гэж боддог байтал драмын жүжиг үздэг хэсэг бүлэг хүн мэддэг болохоос өөрийгөө, өөрөөсөө гарч болох тэр бүхнийг олонд харуулаагүй байсан юм билээ. Тиймээс кино урлаг руу орохоор шийдэж, “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосон. Мөн миний хань 13 жилийн хугацаанд 16 тайзны бүтээл туурвисний дөрөвт нь л би орж ажилласан байсан учраас нөхөртэйгээ хамтарч дэлгэцийн бүтээл хийе гэж бодсон.