Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
С.Чулуунтогтох: “Дисней”-н жишгээр монгол хүүхэлдэйн кино хийж байна


Одоогоос 25 жилийн өмнөх “Боролдойн цаг”-аар төсөөлөгддөг Монголын хүүхэлдэйн киноны салбарыг дахин хөл дээр нь босгохоор ажиллаж буй сайхан мэдээ дууллаа. Орчин үеийн Монголын хүүхэд багачууд барууны болон Япон, Солонгосын соёл шингэсэн хүүхэлдэйн киноны баатруудыг үлгэр дууриаллаа болгосоор өсч байна. Тэдэнд зориулагдсан ном, зохиол, хүүхдийн нэвтрүүлэг гэж байдаг ч бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гэж огт байхгүй.

Монголын хүүхэд залуус, эцэг эхчүүдэд зориулан бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхээр ажилдаа ороод буй “Chuka studio”-ийн захирал С.Чулуунтогтох, тус киноны зохиолч Б.Мөнхтуяа нартай цөөн хором ярилцлаа.  


-КИНОНЫ ДҮРИЙН ГУРВАН ХҮҮХЭД ЭДҮГЭЭ ЦАГААС ҮЛГЭР
ДОМГИЙН ЕРТӨНЦӨД ЗОЧИЛНО-

-Юуны өмнө хийхээр төлөвлөөд буй хүүхэлдэйн киноныхоо талаар товч ойлголт манай уншигчдад өгөхгүй юу?

С.Чулуунтогтох: -Монголд одоогоор бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гараагүй байна. Гэхдээ нилээд хэдэн студи энэ ажилд ханцуй шамлан орсон. Яг одоо хүүхэлдэйн киноны тэсрэлтийн үе, эрин үе нь Монголд эхэлж байна гэж хэлж болно. Бидний хувьд анх бүрэн хэмжээний 3D кино хийхээр төлөвлөсөн ч, нилээдгүй их туршлага шаардлагатай тул юуны өмнө 2D кино хийхээр шийдвэрлэсэн. Хүүхэлдэйн киногоо бид “Шидэт хуудас” гэж нэрлэсэн.

-Хэдэн минут байхаар төлөвлөсөн бэ?

С.Чулуунтогтох: -Нэг цаг буюу 60 минутын кино болно.

-Кино одоо ямар шатандаа яваа вэ?

С.Чулуунтогтох: -Хүүхэлдэйн киноны маань бүх дүр гарчихсан байна. Яг одоо зураг руугаа орчихсон, нэг сцени дуусах дөхөөд байгаа. Энэ дуусахаар бид телевизүүдээр үнэ төлбөргүй цацахаар төлөвлөсөн.

-Ингэж их хөдөлмөр зарсан бүтээлээ үнэ төлбөргүй цацах гэж үү?

С.Чулуунтогтох: -Тийм ээ. Энэ хүүхэлдэйн киног цацахаар сонирхож буй телевиз, сайт гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ямар ч төлбөр авахгүйгээр цацна. Бид эхний бүтээлээ Монголчуудад бэлэг болгон барьж байгаа юм.


-Гадуур хийгдэж байгаа кинонуудыг харж байхад ихэвчлэн дүрүүдээ Монгол баатар, үлгэр домгийн дүр байхаар сонгож байна. Танай дүрүүд ямар онцлогтой вэ?

С.Чулуунтогтох: -Киноны гол дүрийн гурван хүүхэд бий. Энэ гурван хүүхэд орчин үед буюу эдүгээ цагт амьдардаг. Эдүгээ цагаас үлгэр домгийн ертөнцөд зочилж, энэ хугацаандаа үзэгч хүүхдүүдэд эв нэгдлийн тухай ойлгуулах юм. Мэдээж үлгэрийн ертөнцөд бидний мэдэх үлгэр домгийн баатрууд орж ирнэ. Хэдийгээр үлгэр домгийн баатруудыг ашиглаж байгаа ч бид Диснейн жишгээр хүүхэлдэйн киногоо хийж байгаа. Учир нь Монголын хүүхэлдэйн киноны салбар 25 жил тасарчихлаа. Энэ хооронд үзэгчид маань барууны болон Азийн маш сайн, чанартай, мундаг хүүхэлдэйн кинонуудыг үзсээр байгаад өндөр түвшний бүтээл хүлээж байгаа. Одоо баримлын шавраар нэг хүүхэлдэй хийвэл хэн ч сонирхохгүй шүү дээ. Тиймээс Диснейн жишгээр хөдөлгөөн, өнгө зэргийг хийж байгаа.

-Дүрүүд дээр ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

С.Чулуунтогтох: -Манай багийнхан бүгд ажиллаж байгаа. Тухайлбал, монгол хэв маягаа алдахгүй, уламжлалаа алдахгүй, хөдөлгөөнөө хөшүүн байлгахгүйн тулд хэт чамин зүйлс оруулахгүй гэх мэтээр ярилцана. Эмэгтэй гол дүрдээ зохиолч Б.Мөнхтуяагийнхаа дүрийг тусгасан. Энэ мэтээр дүрүүдээ босгохын тулд дандаа л хүнээс санаа авна. Амьтан ч байсан дуу оруулж байгаа жүжигчинтэйгээ адилхан байх гэх мэт зүйлс бий. Мөн Тодоо гэдэг хүүхдийн дүрд манай том хүүгийн төрх тусгагдсан байх жишээтэй. Тохирох төрхийг бодож олоод дүрдээ тусгадаг. Одоо ойролцоогоор 20-25 дүр бий. Цөөхөн дүрээ бага хөдөлгөж аргалахгүйгээр аль болох сонирхолтой байлгах үүднээс бид огт залхуурахгүй, нилээд бүтээлчээр ажиллаж байна.    


-НЭГ СЕКУНДЫН ХӨДӨЛГӨӨН ГАРГАХЫН ТУЛД 25 ЗУРАГ ЗУРДАГ-

-Зургуудаа хөдөлгөхдөө шууд компьютер график ашиглаж байгаа юу?  

С.Чулуунтогтох: -Уламжлалт арга болон техник технологийг хослуулан ашиглаж байна. Зураач нар зургаа зурна, “Frane Frame” ашиглаж зурсан зургаа компьютерт скайнердэж оруулан, “line”-дах буюу программ дээр давхар зурж байгаа юм. Ерөнхийдөө хоёр удаа хүүхэлдэйн киногоо хийчихэж байна гэсэн үг шүү дээ. Нэмээд стори боард /story board/-ыг тооцвол бүр гурван ч удаа хүүхэлдэйн киногоо хийчихэж байна.

Б.Мөнхтуяа: -Ерөнхийдөө бүх хөдөлгөөнийг гараар зурж байгаа. Зурсан хөдөлгөөнүүдийг компьютерт оруулж байгаад, оруулсан зургаа хөдөлгөнө. Үзэгчдэд энгийнээр тайлбарлахад дэвтрийн булангууд дээр цуврал зураг зураад, хөдөлгөж үздэг шиг компьютерт дарааллаар нь оруулаад хөдөлгөж байна гэж хэлж болно.

С.Чулуунтогтох: -Дараа нь мэдээж будах ажил, байкграунд /background/, хөгжим, дуу гээд л кино яаж бүтдэг шиг үргэлжилнэ. Гэхдээ киноноос ялгаатай нь жүжигчдийг бид өөрсдөө хийсвэр ертөнцөд гаргаж ирж байна гэсэн үг юм. Кинонд бодит жүжигчин тоглоод өнгөрчихдөг бол хүүхэлдэйн киног бүтээхийн тулд эхлээд жүжигчдээр этюд хийлгэдэг. Энэ этюдын хөдөлгөөнийг харж зураад компьютерт оруулдаг. Энэ мэтээр хэд хэдэн томоохон шат дамжлагыг дамжиж байж хүүхэлдэйн кино бүтдэг дээ.


-Бүтэн цагийн кино хийхийн тулд та бүхэн ойролцоогоор хэдэн зураг зурж байгаа вэ?

С.Чулуунтогтох: -Нэг секундын хөдөлгөөн 25 зураг гэхээр 10 секундэд 250 зураг зурна. Бид эхний ээлжийн ноорог, туршилтын зурагтайгаа нийлээд нэг портер бичгийн цаас ашиглана гэж тооцсон шүү (инээв. сурв)

Б.Мөнхтуяа: -Ерөнхийдөө сторибоард маань зурагдчихсан байгаа. Энэ дагуу дүрүүдтэй ойролцоо биетэй, жүжигчний ангийн хүүхдүүд этюд хийж хөдөлгөөнөө бидэнд үлдээснээр тэр дагуу зураг явна. 2D хүүхэлдэйн кино гэдэг чинь бидний шимтэн үздэг Диснейн “Үнсгэлжин”, “Цасангуа ба долоон одой”, “Араатны хаан арслан” гээд кинонууд шиг гэсэн үг. Магадгүй 3D кинонуудаасаа ч илүү хүний сэтгэлд хүрдэг байх. Зураач хүүхдүүд маань ч гэсэн нилээд чадварлаг, их сэтгэлтэй учраас сайн бүтээл гарах болно. Мөн энэ чиглэлээр төгссөн мэргэжилтнүүдийг дараа дараагийн ажлын байранд нь бэлдэх зорилготой. Бид ганцхан ийм ажил хийгээд л орхичих биш, дараа дараагийн олон хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөөд байна.

-Зохиолын талаар ярихгүй өнгөрч болохгүй болов уу. Эцэг эхчүүд хүүхэддээ уншуулах ном, үзүүлэх нэвтрүүлэг, киноны агуулгад нилээд анхаардаг цаг үе ирсэн шүү дээ?

Б.Мөнхтуяа: -Орчин үеийн хүүхдүүд цахим ертөнцөд хэт их автаж, гар утас, компьютер гэх мэтийг ашиглахаас номын сан орж, үлгэр домог уншина гэдэг их ховорхон болсон. Тиймээс Монголын эртний үлгэр домгууд өнгөрсөнд ч, одоо ч байдаг юм шүү, тэрийг хадгалж үлдэх хэрэгтэй юм шүү гэдгийг орчин үеийн гурван хүүхдийн адал явдлаар харуулсан. Номондоо дургүй гурван хүүхэд номоо урснаар үлгэрийн ертөнцөд ирнэ. Энэ ертөнцөд тэдэнд юу тохиолдож, тэд юутай танилцаж, юуг олж мэдэж, суралцах вэ гэдэг нь киноны үргэлжлэл болох юм. Зүйр цэцэн үгийн тайлал, эв найрамдалтай бол ямар их зүйлийг бүтээж болох зэрэг Монгол ардын ямар үнэт зүйлсээс хүмүүжил авч болохыг шингээж өгсөн. Тухайлбал, кинонд гарах гурван хүүхдийн дүр хоорондоо зөрчилтэй байх жишээтэй. Нэг нь жаахан сахилгагүй, охин нь жаахан ихэмсэг, хээнцэр ганган байхад, нэг нь хэтэрхий номын байна. Энэ гурван зөрчилтэй дүр хэрхэн эв нэгдэлд хүрж, амжилтад хүрч байгааг гаргаж байгаа. Мөн хүүхэлдэйн кинонд бидний мэдэх маш олон үлгэрийн баатруудын бренд дүр гарч ирнэ. Жишээлбэл, Болдоггүй бор өвгөний дүр төрхийг хүн болгон өөрийн дотооддоо төсөөлсөн байдаг. Бид үүнийг яг л ийм байдаг шүү гэх бренд дүрийг гаргахаар зорьсон. Зохиол дээр миний бие болон залуу зохиолч Ж.Сувдаа нар ажилласан. Зохиолынхоо хэлбэрийг Холливуд стандартаар, адал явдалтай, өрнөлтэй, оргилтой байхаар бичсэн. Адал явдлаас адал явдал гэх байдлаар уйдах зав өгөхгүй ээ.

-Дүрслэл бэлэн болохоор дуу оруулалт, хөгжим, дуу чимээний асуудал гарч ирнэ. Хэрхэн шийдэж байгаа вэ?

С.Чулуунтогтох: -Дуу оруулалт хийлгэхээр нилээд мэргэжлийн жүжигчдэд бид хандсан байгаа. Одоогоор яг хамтран ажиллах гэрээгээ хийгээгүй учир олон нийтэд нэрийг нь зарлах боломжгүй. Юуны өмнө бид тест дуу оруулалт хийнэ, үүний дараа жинхэнэ дуу оруулалт хийх байдлаар хоёр үе шаттайгаар ажиллана.

-Зураг дээр хэдэн зураач ажиллаж байгаа вэ? Ер нь танай баг хэдэн хүнээс бүрдэж байна вэ?

С.Чулуунтогтох: -Манай багт 18 хүн ажиллаж байгаагийн ес нь зураач, графикч юм. Бид аль болох бие биенээ нөхөж ажиллаж байгаа. Зураачид мэргэжлээрээ сургуулиа төгссөн болон одоо суралцаж байгаа оюутнууд юм. Мэдээж ерөнхий зураач, ерөнхий графикч ахалж, бусдыгаа удирдах байдлаар ажилладаг. Энэ бүхнийг “базаж” байгаа анимейтор бий.


-ДЭЛХИЙН ТОП 10 ПРОГРАММЫН ЖАГСААЛТЫН ХОЁРТ БИЧИГДДЭГ
ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ БАЙНА-

-Энэ өргөн зах зээлд тийм ч их ашиг орлого олох эсэх нь тодорхойгүй хүүхэлдэйн кино хийхээр сонгосон нь сонирхолтой юм?

С.Чулуунтогтох: -Энэ бол миний мөрөөдөл. Би багаасаа л хүүхэлдэйн кино үзэж өссөн. Хүүхэлдэйн кино үзэж байхад аав минь хүртэл өөр юм үзмээр байсан ч намайг дагаад л үзээд суудаг. Ах дүү гурвуул аавынхаа хамт гэр бүлээрээ, халуун дулаан уур амьсгалтайгаар хүүхэлдэйн кино үзээд суудаг байсан нь маш сайхан дурсамж болж үлдсэн шиг санагддаг. Тиймээс л одоогоос зургаан жилийн өмнөөс эхлэн хүүхэлдэйн кино хийх тухай бяцхан төсөл бичээд мөнгө хайж явсан. Гэвч тийм ч их амжилтад хүрээгүй. Энэ удаад би ивээн тэтгэгч хайж явахаасаа илүүтэй шууд л хийж эхлэхээр зориглосон. Монголд нэг л хүүхэлдэйн кино гараад ирэх юм бол бусад нь ар араасаа гарсаар, энэ зах зээл өргөжин тэлж, өрсөлдөөн бий болсноор энэ салбар илүү хөгжиж, бизнесмэнүүд ч мөнгө “хаяж” эхлэх байх. Энэ хэрээрээ монгол хүүхдүүд орчин үеийн техник технологи ашиглаж хийсэн, өндөр түвшний кинонууд үзэх боломжтой болно.

-Монгол ахуйг тусгасан хүүхэлдэй кино хийхийн давуу тал юу юм бэ?

С.Чулуунтогтох: -Япон, Солонгос, Хятад, Холливуд гээд өөр өөрийн орны соёлыг тусгасан хүүхэлдэйн киногоороо дэлхийд танигдаж эхэлсэн. Нэг ёсондоо өөрийн соёлыг гадны улс орнуудын соёлд нэвтрүүлж чадаж байна. Бид ч бас яагаад ингэж болохгүй гэж. Монгол улсаа сурталчлах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, гадны улс орны хүүхдүүд манай үлгэрийн баатарт дуртай болох, Монголд ирж үзэх гэх мэтээр үргэлжлүүлж болно шүү дээ. Дисней гэхэд зөвхөн үлгэрийн баатруудаа ашиглаад бүхэл бүтэн хот байгуулчихаад байна. Энэ газар аялал жуулчлалын маш том бааз болчихсон байхад монгол баатрууд ч бас нэрд гарах боломж бий. Хүүхэлдэйн киног том, жижиг, хар арьстай, цагаан арьстай гэж ялгахгүй бүгд л үзэж, хайрлаж, дурлаж байдаг шүү дээ.

Б.Мөнхтуяа: -Хүүхэлдэйн киноны ертөнц одоо шинэ санаагаар ангачихсан байгаа. Өнгөрсөн 2015 онд Японы хамгийн томоохонд тооцогддог манга авардсын тэмцээнд монгол залуугийн “Бумбардай аргалд явсан нь” бүтээл түрүүлсэн. Одоо Японы компани түүний энэ бүтээлийн санааг худалдаж аваад хүүхэлдэйн кино болгож байна. Иймд бид өөрсдөө өөрсдийнхөө санааг ч хөгжүүлэн, хүүхэлдэйн кино болгож чаддаг байх хэрэгтэй болов уу. Манай залуус сэтгэл зүрхээрээ нэгдэж, маш урам зоригтойгоор ажиллаж байгаа. Бүгд тойрж суугаад л, дүрүүдийнхээ тухай ярина, ингэж ярихаараа бүгд хүүхэд шиг болцгоочихно. Тэдэн шиг сэтгэж, тэдэн шиг бодож, тэдэн шиг хүснэ. Бүгд л эргээд хүүхэд насандаа оччихдог гэж хэлж болно. Үүнийхээ дагуу зургаа зурж, этюдээ хийнэ, хөдөлгөнө гээд өдөр тутамд бид маш гэгээлэг ертөнцөд амьдарч, инээд баяр хөөртэй өдрүүдийг өнгөрүүлж байна. Ажилдаа ирэхээрээ бүх зүйлээ умартаад хүүхдийн ертөнцөд зочилдог доо.

Магадгүй монголчууд хийж байна гэхээр чамлах, үл тоомсорлох хандлага гарч болох юм. Та бүхэнд бидэнд юу амлаж чадах вэ?

С.Чулуунтогтох: -Тийм ээ. Монголчууд хийж байна гэхээр л басамжлах өнгө аяс илэрдэг. Аргагүй ээ, үзэгчид барууны соёлоор хангалттай хөгжчихсөн байна. Монголын хувьд хүүхэлдэйн кино бүтээгчид 25 жилийн дараа цоо шинээр эхэлж байгаагаас ялгаагүй. Гэхдээ техник хөгжсөн, судалгаа сайн хийсэн байхад энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Манайх гэхэд дэлхийд зарлагдсан 2D анимеэйшин бүтээх топ 10 программын хоёрт орж байгаа программыг ашиглаж байгаа. Энэ нь нэг зургаас нөгөө зураг руу шилжих хөдөлгөөнийг илүү уян налархай болгодог байх жишээтэй. Мэдээж Диснейтэй харьцуулашгүй ч ойртохыг хичээж байна.

Б.Мөнхтуяа: -Хүүхэлдэйн кино маань өөрийн гэсэн дуутай, клипийг нь хийхээр дүрсжүүлэлтэн дээрээ ажиллаж байна.

С.Чулуунтогтох: -Бид дараагаар нь цуврал 20 ангит хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөөд байна. Эхний таваас зургаан ангийг хэвлэлүүдээр үнэгүй цацна. Дараагийн зургаа, долдугаар ангид хамтран ажиллах байгууллагууд саналаа илгээх болов уу гэж найдаж, хүлээж байгаа. Эхний киногоо мэдээж бид монголчуудад зориулж байгаа. Дараа дараагийн киногоо мэдээж гадагшаа гаргахаар төлөвлөсөн. Бидний гол зүйлсийн нэг бол санхүүжилт. Эхний киногоо хийж, хийсэн бүтээснээ бусдад харуулж, үзүүлэх юмтай болсон үедээ цаашдын бүр том ажлууддаа орно. Хоёр дахь, гурав дахь бүтээлүүд дэлхийн зах зээлд Монголоо сурталчилсан бүтээлүүд байх болно.

-Хүлээлттэй байгаа эцэг эхчүүддээ хэдийгээр нээлтээ хийхээр төлөвлөөд байгааг дуулгавал?

-2016 оны намар нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Бид бүр есдүгээр сарын 5 гээд өдөр заагаад товлочихоод суугаад байгаа шүү (инээв. сурв) Гол нь бид санхүүгийн зорилгогүйгээр, хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, энэ киног хийж байгаа болохоор ажил нилээд урагштай явж байна. Цаашид санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр үндэсний үйлдвэрүүддээ нилээдгүй найдлага тавин ажиллаж байгаа. Хоёроос гурван долоо хоногийн дараа нэг сцени бэлэн болчих тул хэвлэлүүдээр цацаад эхэлнэ. Түүнээс бидний хүүхэлдэйн киноны ерөнхий өнгө, төрхийг та бүхэн хараарай.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР
http://www.medee.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан