Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
М.Зулькафиль: Бид ямар ч байсан чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийн жам ёсоор урагшилж л байна

Л.НОМИН

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, профессор М.Зулькафильтэй Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан ярилцсанаа хүргэж байна.  

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чанарт шилжих шаардлагатай

-Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ой тохиож байгаа ч үүний талаас илүү хуга­цаанд нь л Монголд сэтгүүлч бэлтгэжээ. Өнөөдрийн Монголын сэтгүүл зүйн салбарт таны тавих үнэлгээ,  дүн ямар байгаа бол?
-Монголын сэтгүүл зүй эх сууриа тавиад 103 дахь жилтэйгээ золгож байна. Түүхийн хэмжүүрээр үзвэл бага байж болох ч хүний насаар их урт хугацаа. Энэ хугацаанд Монголын сэтгүүл зүй төлөвшиж, хөгжиж 1990 оноос хойш чөлөөт сэтгүүл зүйн эх суурь тавигдлаа. Дутагдал, бэрхшээл, тугамдсан асуудал багагүй байгаа нь ойлгомжтой. Тухайн нийгмийн хөгжил, нийгэм, эдийн засаг, техник технологийн ямар түвшинд улс орон байгаагаас сэтгүүл зүйн хөгжил маш их шалтгаална. Түүнчлэн сэтгүүл зүйг хэн авч явж байна вэ гэдэг их чухал. Сэтгүүл зүйн боловсон хүчний чанар, өнөөдрийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг ямар түвшинд хангаж байгаагаас ч багагүй зүйл шалтгаална.  1964 онд Монголд үндэсний сэтгүүлч байсангүй. 1960 онд МУИС-д сэтгүүлчийн анги нээж, 30 гаруй хүн элсүүлж, анхны 30 сэтгүүлч төгссөн. Ингэснээр үндэсний анхны боловсон хүчинтэй болсон юм. Түүнээс өмнө зохиолчид голдуу, хэл бичгийн багш нар сэтгүүл зүйг авч явж байлаа. 1990 оноос хойш маш богино хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо асар хүчтэй нэмэгдсэн. 2-3 жилийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 600 гараад явчихсан. Энэ үед өөр салбарт ажиллаж байгаад сэтгүүлч болох сонирхолтой мөн хэл уран зохиолын салбарын хүмүүс олноор сэтгүүл зүйн салбарт орж ирсэн. Нэг талаасаа сэтгүүл зүйн талаар огт мэдлэггүй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилласан. Энэ нь сэтгүүл зүйн мэргэжлийн түвшинд сөрөг нөлөө үзүүлсэн. Гуравхан бичлэгийн төрлөөр мэдээлэл бүх л бүтэн сониныг бэлтгэдэг байх жишээтэй. Жижиг байвал мэдээ, асуулт, хариулт бол ярилцлага, бүгдийнх нь холион бантан бол эргэцүүлэл. Чөлөөт хэвлэл гэдгийг сэтгүүлчид, удирдах ажилтнууд, төр засаг нь ч шинжлэх ухааны үндэстэйгээр ойлгох төсөөлөл ч байгаагүй. Санаанд орсноо бичвэл чөлөөт хэвлэл мөн гэсэн л ойлголттой байсан үе.

-Одоо ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хүн амдаа харьцуулахад олон гэсэн шүүмжлэлд өртсөөр байгаа?  
-1990 оноос хойш “шар” сонинуудын давалгаа маш хүчтэй байсан ч 2000 оноос чанаржих тал руугаа орсон. Харьцангуй цөөн тооны хэвлэл үлдэж, “шар” сонинуудын тоо багасаад завсрын сонин руу шилжсэн. Одоогоор үндсэндээ гурван төрлийн тогтмол хэвлэл манайд байна. Чанартай сонин гэдэг нь бидний өнөөдрийн өдөр тутмын сонинг хэлдэг хэвлэл. Долоо хоногийн танин мэдэхүйн чанартай сонинууд, завсрын буюу нэг талаасаа “шар” сонины шинж чанар агуулсан хэвлэлүүд байна. Телевизийн тоо харин асар олноор нэмэгдсэн.
Сонгууль дөхөхөөр телевизийн тоо нэмэгддэг хандлага ер нь бий. Тааруухан ч гэсэн ард нь улстөрч, бизнесмэн байдаг учир ажиллаад байгаа телевиз ч байна.

-Сүүлийн үед цахим сайтуудын тоо ч ёстой борооны дараахь мөөг болоод байна.
-Сайтын холбооноос өгсөн мэдээллээр 207 гишүүн сайттай гэсэн. Орон нутагт 50 гаруй сайт бий. Бидний судалгаа, ажиглалтаар эдгээрээс 100 орчим сайт нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Сайтууд төрөлжих хандлага сүүлийн үед ажиглагдсан. Сайтууд төрөлжин гарах болсон нь ижил төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох боломж хомс байгаагийн нэг жишээ. Тооны хувьд Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай. Орон нутагт ч гэсэн сонин хэвлэлийн тоо нэмэгдсэн. Эрдэнэтэд гэхэд 11 телевиз, 4-5 сонин, 10-аад сайт байдаг. Хөвсгөлд хоёр, Дарханд дөрвөн телевиз бий. Тэр ч бүү хэл ЮНЕСКО-гийн шугамаар ихэнх сум FM радиотой болсон. Олон нийтийг мэдээллээр хангах тал дээр нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж болно.

-Тоо ярихаар л чанарын асуудал давхар сөхөгддөг?
-Тооноос чанарт шилжих шалгуур манай хэвлэлийн салбарт юун түрүүнд тулгарч байгаа. Телевиз үзэж байхад нэг нь нөгөөгөө давтсан, нэг асуудлыг өөр өөр өнцгөөс тайлбарласан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард байгаа улстөрч болон бизнесмэний бодлогод тааруулсан мэдээлэл түгээх нь байна. Хэд хэдэн телевиз үзэж байж тэнцвэртэй мэдээлэл олж авдаг боллоо. Тэгэхээр жирийн иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүрэхгүй байгаа гэсэн үг. Мэдээллийн хөтөлбөрийн цаг нэмэгдсэн ч өмнөх үеийн 30 минутын хөтөлбөрөөс ялгарах юм алга. Бизнес мэдээ гэж дунд нь оруулчихсан. Зарим телевизийн мэдээ бол ихэнхдээ реклам. Мэдээллийн хөтөлбөртөө тодруулга, зочин гэж оруулдаг. Дэлхийн телевизийн том хөтөлбөрүүдийг харж байхад дунд нь бизнес мэдээ, тодруулга ярилцлага ч байдаггүй. Хэрэв байлаа гэхэд тухайн өдрийн хамгийн гол, чухал  үйл явдлын талаар тодруулга хийхээс биш хаа хамаагүй, ач холбогдолгүй зүйл тодруулдаг юм биш. Энэ нь цаанаа мөнгөтэй холбоотой л байна гэсэн үг. Бизнес мэдээ нэрийн дор далд сурталчилгаа их явуулдаг. Мэдээлэл бэлтгэхдээ зоосны нүхээр хэтэрхий их хардаг болсон. Хэдийгээр хувийн телевиз, сонин бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлд борлуулж ашиг олдог ч тухайн хэвлэл мэдээллийн эрх ашгаас илүү мэдээлэл авч байгаа ард иргэдийн эрх ашиг чухлаар тавигдах ёстой. Сүүлийн үед асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлт, эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд эрс багассан. Энтертаймэнт, хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгүүд гол байр эзэлдэг болж. Эндээс харахад сэтгүүлчид хүндэвтэр төрлийг тойрч, зайлсхийдэг болж.

Жилээс жилд элсэгчдийн чанар муудаж байгаа

-Сэтгүүлчдийн ур чадвар, чанар ч хамт хөндөгдөж таарна. Тэгэхээр яг үнэндээ суурь мэдлэг олгож байгаа сургуулиудын маань чанар бас яригдах байх.  Өөрөөр хэлбэл их дээд сургуулиуд маань сайн мэргэжилтэн бэлтгэж чадахгүй байгаатай холбоотой гэх ойлголт ч бий?   
-1994 оноос хойш Монголд миний тооцоолсноор 17 сургууль сэтгүүлч бэлтгэж байгаа. 2-3 жилийн өмнө 22 сургууль байсан. Төрийн мэдлийн бол МУИС, МУБИС, Радио телевизийн дээд сургууль сэтгүүлч бэлтгэдэг. Зарим хувийн сургууль эрэн сурвалжлах сэтгүүлч бэлтгэнэ гэх маягаар хүмүүсийн сэтгэлзүйгээр тоглох байдал харагддаг. Хувийн сургуулиудын тухайд хамгийн наад зах нь багшлах боловсон хүчин байхгүй. Ихэнхдээ цагийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа болон өндөр насны тэтгэвэрт гарсан сэтгүүлчид хичээл заадаг. Ажиллаж байгаа сэтгүүлчид нь сурвалжлага, томилолтоор явах гээд хичээл тасрах явдал цөөнгүй. Өндөр настнууд чанартай сургалт өгөх нь бас л эргэлзээтэй. Хувийн сургуулиудын материал техникийн бааз үнэхээр хангалтгүй. Радио, телевизийн студи байхгүй, номын сан нь хангалтгүй байдаг. Сэтгүүлч гэдэг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийн тулд онолын мэдлэгийг байнга практикаар цэнэглэж, дадлагыг хангалттай хийлгэж байх ёстой.

-Дадлага хийхээр ирж байгаа оюутнуудаас сургуулийн чанар харагддаг л даа. Мэдээж хүүхдээс өөрөөс нь их зүйл шалтгаалах л байх. Гэвч  наад захын зөв бичих ур чадвар, хэл яриа, мэдлэг гээд жилээс жилд л дадлага хийх оюутнуудын чанар муудаад байна. Зарим нь сургууль төгсөхийн өмнө л танилцах дадлага хийх гээд ирж байх жишээтэй.
-Тэр үнэн. Ихэнх сургуульд дадлага хийлгэх нь бага. Гуравдугаар курс, дөрөвдүгээр курс төгсөх гэж байхад танилцах дадлага хийлгэнэ. Манай сургуулийн сургалтын төлөвлөгөөнд 1-4 курст дадлага хийлгэх, практик сэтгүүл зүйн хоёр түвшний хичээл, ур чадвар гээд практикийн хичээл олон. Өмнө нь сургалтын 60 хувь нь лекц, онол, практик 40 хувь байсан. Шинэ төлөвлөгөөгөөр онолын мэдлэг 40 хувь, практик хичээл 60 хувь болсон. Нөгөө талд жилээс жилд элсэгчдийн чанар муудаж байгааг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, заавал авьяас шаарддаг мэргэжилд ур чадварын шалгалт гэж байхгүй болсон. Боловсролын системд гарсан өөрчлөлтөөр нэгдүгээр курсийн оюутнууд гэж байхгүй. МУИС-ийн нэгдүгээр түвшний оюутнууд гэдэг болсон. Эхлээд 1-1,5 жил сурч байж мэргэжил сонгодог. Анх хөдөө орон нутгаас сэтгүүлч болохоор ирсэн оюутан маань нэгдүгээр түвшний хичээлийг хэрхэн сурснаас шалтгаалж, хүссэн мэргэжлээрээ биш өөр мэргэжил сонгоход хүрдэг гэсэн үг. Өнгөрсөн жил гэхэд анхны сонголтоор 160 хүүхэд байсан ч бид дүнгээр нь жагсааж 50 оюутан л авсан. Ингэхдээ ерөнхий эрдмийн шалгалтуудаа сайн өгснөөс нь эхний 50-ийг жагсаагаад авч байгаа. 

-Сэтгүүлчийг  ур чадвар, авьяас харгалзан үзэхгүй элсүүлэх нь хэр оновчтой гэж та хувьдаа үзэж байгаа вэ. Бидний хувьд ур чадвар л хамгийн чухал үзүүлэлт болдог байсан биз дээ?
-30 гаруй жил багшилсан хүний хувьд сэтгүүлч болох авьяастай хүүхдүүд ерөнхий эрдэм, суурь хичээлд жаахан тааруу байдаг тал бий. Ур чадвар, авьяас шаардсан хичээлүүдэд түлхүү анхаардаг. Тэгэхээр нөгөө авьяас чадвартай хүн эхний 50-д орж чадахгүй, үлдчихдэг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч гэх мэт онцгой мэргэжилд эссэ бичүүлж, найруулга зүйг нь шалгаж авах ёстой. Сэтгүүлч болохын тулд хүний хүчин чармайлт маш чухал. Сэтгүүлч болох чин хүсэл сонирхол байх ёстой. Бусдын бүтээлийг сайн уншдаг, хөдөлмөрч байх ёстой. Байгалиас заяасан өчүүхэн жаахан авьяас байгаа бол танхимд ерөнхий гол мэдлэгээр нь чиглүүлэхэд л аяндаа хөгждөг. Практик дээр гарахаар авьяас чадварын хувьд өсөөд ирдэг.

Ажиглаад байх нь ээ, манай ерөнхий боловсролын сургалтын чанар жилээс жилд муудаад байна. Дэлхийн сонгодог зохилуудаас алийг нь уншсан бэ гэхээр ерөөсөө сонсч байгаагүй, тийм хичээл ороогүй гэдэг. Хамгийн наад зах нь зөв бичих дүрэм мэддэггүй. Энэ бүхнээс болоод найруулга зүйн хичээл дээр бүгдийг эхнээс нь заах болдог. Ингэсээр маш их цаг алддаг. Боловсролын  систем маань эхнээсээ л нэлээн асуудалтай байна гэж би боддог. Авьяас, ур чадвар шаардсан мэргэжлийг ийм системээр явуулж болохгүй. Ер нь уламжлалт аргаар сэтгүүлч бэлтгэхэд их түвэгтэй болсон. Яагаад гэвэл мэдээллийн шинэ технологи орж ирснээр сэтгүүлчдэд өөрөөр ажиллах, асуудалд хандах шаардлага тавигдаж эхэлсэн.

-Элсэгчдээс гадна төгсч байгаа оюутнуудын хэдэн хувь нь сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байна вэ. Энэ төрлийн судалгаа, статистик хэр өөрчлөгдөж байна?
-Манай сургууль бол харьцангуй гайгүй. Жил бүр судалгаа гаргадаг. Манай нийт төгсөгчдийн 85 орчим хувь нь үндсэн мэргэжлээрээ ажилладаг. Энэ бол өндөр үзүүлэлт. Жишээ нь, Москвагийн их сургуулийн нийт төгсөгчдийн  50-60 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Гэхдээ энэ 85 хувь нь бүгд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байна уу гэвэл үгүй. Төрийн байгууллага, компаниудын маркетинг, PR чиглэлээр ажилладаг нь нэлээн бий. Сүүлийн үед сайтуудад ажиллах хүмүүсийн тоо их болсон. Сайтууд бол шаардлага багатай, голдуу мэдээ бичдэг учраас хялбарчилдаг. Ер нь цахим мэдээллийн эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Хүний бүтээлийг тэр чигт хуулна, эсвэл жаахан өөрчлөөд тавьчих тал их байна. Оюуны өмчийн хуулийг тэд хамгийн их зөрчдөг. 2-3 хүнтэй, өрөөнөөсөө гарахгүй сайт ажиллуулаад байгаа нь ч бий.
 
Фэйсбүүк, твиттерээр намайг доромжиллоо гэж шүүхэд хандах нь утгагүй зүйл

-Цахим сайтуудын талаар маш их шүүмжлэл гардаг. Фэйсбүүк, твиттер хэрэглэгч зарим нэг нь сэтгүүлчийн чадахгүй, мэдэхгүй байгааг дамжуулж байна гэх зэргээр үнэн худал нь батлагдаагүй мэдээлэл их цацдаг. Зарим мэдээллийн хэрэгсэл үүгээр нь мэдээлэл бэлтгэж, бусдын нэр төрд халдах тохиолдол ч цөөнгүй гарах болсон. Нийгмийн сүлжээ бол мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк, твиттер бол иргэний сэтгүүл зүй гэдэг үзлийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Нийгмийн мэдээллийн сүлжээ бол мэдээллийн хэрэгсэл биш. Олон нийтийн үзэл бодлын индэр. Твиттер, фэйсбүүкт бичдэг зарим хүн “би сэтгүүлч” гэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Мэдээллийн сайт бол интернэт сэтгүүл зүйн төрөл. Фэйсбүүк, твиттерийг эх сурвалжаа болгох нь буруу. Хэрэв эх сурвалж болгож авлаа гэхэд хоёр, гуравдагч эх сурвалжаар зайлшгүй шалгах ёстой. Фэйсбүүк, твиттерээр намайг доромжиллоо гэж шүүхэд хандах нь утгагүй зүйл. Сэтгүүл зүй бол бүхэл бүтэн шинжлэх ухаан. Цахим мэдээлэл хөгжиж байгаа нь сайн. Иргэний сэтгүүл зүйд нөлөөлж байгаа нь үнэн. Мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг дамжуулж байгаа нь иргэний сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэж байна. Гэхдээ тэнд бичсэн сэтгэгдэл бүрийг иргэний сэтгүүл зүйн илрэл гэж болохгүй. Иргэн хүн дүрс, зураг, бичвэрээр мэдээлэл дамжуулах боломжтой болсон. Жишээ нь, Налайхад нэг үйл явдал боллоо гэхэд сэтгүүлч ирэхээс өмнө зургийг нь аваад дамжуулах боломж бий. Тэгэхээр мэдээллийн эринд сэтгүүлчид юу хийх ёстой вэ, ямар чадвартай байх вэ.

-Сэтгүүлчээс бүх талын чадвар шаарддаг болоод байгаа. Нөгөө талаар мэргэшсэн байх шаардлага тулгарч эхэлсэн.
-Сэтгүүлчдэд төгс төгөлдөр байх шаардлага гарч байна. Зургаа аваад дизайнаа хийдэг, өөрөө дүрсээ авч чаддаг байх гэх мэт. Зах зээл нь шаардаж байна. Сэтгүүлч  гэртээ сууж байгаад ажлаа хийх боломж бүрдэж байна. Энэ нь нэг сайн талтай боловч нөгөө талаас хяналтын систем үгүй болсонтой холбоотой. Үг үсэг, найруулгын алдаа өдөр тутам гарч байдаг боллоо. Сэтгүүлч болох систем маань мэдээллийн шинэ технологиос хоцорч эхэлж байгаагийн шинж. Сэтгүүлч бэлтгэж байгаа сургуулиуд материаллаг баазаа өндөр түвшинд тавих хэрэгтэй. Захын сэтгүүлч багш болж чадахгүй. Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны үндсийг мэддэг байх, гадаад хэлний мэдлэг өндөр байх ёстой. Яаж сэтгүүлч бэлтгэх вэ гэдэг зөвхөн манай улсын биш олон улс орны асуудал. Зарим улсад саяхныг хүртэл сэтгүүлч бэлтгэдэггүй байсан. Япон бол сэтгүүл зүйн сургуульгүй. 3-4 дүгээр курсээс нь сургаж байгаад сонгон мэргэшүүлэх чиглэлээр бэлтгэдэг. Зарим улсад өөр мэргэжлийн хүмүүсийг хос мэргэжилтэн болгож бэлтгэдэг. Сэтгүүлч-эдийн засагч, сэтгүүлч-хуульч гээд мэргэшсэн байх хэрэгтэй болж байна. Харин бид л сэтгүүлч гэх ганц мэргэжлээр боловсон хүчин бэлтгээд байх уу.  Тиймээс МУИС-д долоон жил суралцвал хоёр мэргэжил эзэмшинэ гэх мэт сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан. Одоохондоо эхлэл төдий байна.

-МУИС-ийн сургалтын бааз сайн байж чадаж байна уу. Хэдийгээр улсдаа тэргүүлэх сургууль гэгддэг хувийн зарим сургуулийн хаана нь хүрэхгүй байх нь бий. Мэдээж сургалтын баазын хувьд шүү?
-Студи байгаа ч өрөө танхим нь их жижиг. Техник хэрэгсэл нь хуучирсан. Оюутнууд маань МУИС-ийн сайтдаа ажилладаг. Өмнө нь МУИС-ийн мэдээ сонин гарч байсан бол одоо цахим сайтдаа мэдээллээ оруулж байгаа. Фото лаборатор бий. Өндөр түвшний сэтгүүлч бэлтгэхэд материаллаг бааз хангалтгүй гэдэг нь ойлгомжтой. Тэр болгоныг гаргаад өгөх санхүүгийн боломж хомс. Байгалийн шинжлэх ухааны хими, биологийн том лаборатор руу сүүлийн үед анхаарал хандуулаад байна. Дараагийн ээлжинд бидэнд боломж олдох байх гэж найдаж байна. Хичээлийн 85 хувь нь сурах бичигтэй болсон. Чанаржуулж, шинэчлэх шаардлага бий. Манай тэнхимийн багш нар гол сурах бичгүүдээ бичиж байгаа. Практик сэтгүүл зүйн хичээлд “Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна” гэдэг ном гаргадаг. 1-3 курсийнхэн дадлагад гараад бичсэн хамгийн сайн бүтээлүүдийг нэгтгээд ном болгодог юм. Мөн оюутнууд хэд хэдээрээ баг болж, редакц байгуулаад өөрсдөө нэрээ өгч, эх бэлтгэж, мэдээ мэдээллээ бичээд сонин гаргадаг. Туршлагатай сэтгүүлчидтэй уулзуулдаг. Энэ мэт цаг үеэ дагаад практик сэтгүүл зүйд түлхүү анхаарч байгаа. Хамгийн гол нь элсэлтээ бодолцохгүй бол сайн сэтгүүлч бэлтгэж чадахгүй. Авьяасгүй хүнд дөрвөн жил юм яриад нэмэргүй шүү.
 
Сэтгүүлчид шүүмжлэл сонсох сэтгэл зүйгүй учраас хөгждөггүй

-Сэтгүүл зүйн шүүмж гэж бараг харагдахаа больж.  Энэ нь юутай холбоотой байна вэ?
-Сэтгүүл зүйн шүүмж зогсонги байдалд орсон хоёр шалтгаан бий. Шүүмж бичиж байгаа хүн сайн мэдлэг, боловсролтой байх хэрэгтэй.
Маш олон сонин хэвлэл, ном, бүтээл унших ёстой. Их зүйл уншаад шүүмж бичлээ гэхэд түүнийг нь үнэлэх механизм байхгүй. Манай сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагад шүүмж хүлээж авах сэтгэлгээ бүрдээгүй.
Шүүмжиллээ гэхэд маргааш нь хэл ам гардаг. Баахан дайсантай болдог. “Мандухай сэцэн хатан” киноны шүүмж бичээд баахан дайсантай болсон гэж нэг судлаач ярьж байсан  юм. Ийм зүйлээс болоод сэтгүүл зүйн шүүмж зогсонги байдалд орчихсон. Шүүмж бол цаг уурын барометр гэсэн үг. Харин утга зохиолын шүүмж бол боломжийн түвшинд байна. Олон жилийн туршлагатай, эергээр хүлээж авч чаддаг. Гэтэл шүүмжлэл сонсох дургүй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрэн. Шүүмж хөгжихгүй байгаа учраас чанар ч сайжрахгүй байна.

-Хар бараан мэдээлэл голдуу нийтэлж, нэвтрүүлж байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна гэх боллоо. Гэрэл гэгээтэй мэдээлэл бэлтгэхгүй байгаа нь хүлээн авч байгаа хүмүүсийн сонирхолтой нэг талаас холбоотой ч гэдэг. Энэ талаар таны бодлыг сонсвол?
-Энэ бол үнэн. Дандаа гэмт хэрэг ч юм уу, хар энергитэй мэдээлэл хэвлэлийнхэн маань их хүргэдэг. Энэ нь манай үзэгч, сонсогч,  хүлээн авагчдын сэтгэл зүйтэй холбоотой. Зах зээлийн нийгмийг дагаад хар бараан мэдээллийг илүү сонирхдог болсон. Нөгөө тал нь эерэг мэдээлэл өгөхөөс илүүтэй хар бараан мэдээлэл бэлтгэдэг болж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээний дэс дараалал алдагдсан. Тэр өдрийн хамгийн чухал мэдээний оронд заавал осол аваар боллоо гэх мэт бараан мэдээллээс эхэлдэг. Гадны нөлөө ч их байна. Энэ нь ганц Монголд байгаа зүйл гэвэл үгүй. Жишээ нь, баруунд ард түмнийг өрөвдөх сэтгэлгүй болгоход хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш хүчтэй нөлөөлдөг. Өдөр бүр осол, гэмтэл, гэмт хэрэг гараад байхаар сүүлдээ хүн дөжирдөг. Өрөвдөх сэтгэлгүй болгох, хүнлэг энэрэнгүй үзлээс салгах урсгал хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй явж байгааг барууныхан шүүмжлэх болсон. Өндөр хөгжилтэй орнуудын соёлын империализм, дарангуйлал манайд хүчтэй нэвтэрч байна. Жишээлбэл, манайд Солонгос, Америкийн соёл үнэхээр хүчтэй нэвтэрч байгаа. Хувцаслалт, үг, хэллэгээр эхлээд аажим аажмаар Монголын үндэсний соёлд сөрөг нөлөө үзүүлээд соёлын довтолгоо нь хүчтэй орж ирж байгаагийн нэг хэлбэр. Үүнд гол үүрэг гүйцэтгэгч нь телевизүүд. Зарим телевиз Солонгосын нэвтрүүлгийг гаргах 20 жилийн хугацаатай гэрээтэй байна.

-Нэг үе сонин олон байсан бол одоо телевиз, сайтууд элбэгшсэн. Хэсэг хугацааны дараа шигшигдэж, чанартай нь үлдэнэ гэдэг. Ер нь, сэтгүүлзүйн салбарт чанартайг нь шүүж үлдээхэд хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Бид шилжилтийн үе гэж нэг хэсэг ярилаа. Зах зээлийн шалгуураар бүхнийг зохицуулна гэж ярьдаг. Аяндаа үзэхгүй, уншихгүй болчихвол энэ телевиз, сонин, сайт хаагдана гэдэг. Өнөөдөр “шар” сонин байж л байна. Хэрэглэгч нь, худалдан авагч байгаа учраас оршсоор л байна гэсэн үг. Магадгүй бидний ухамсрын түвшин “шар” сонины мэдээнээс хэтрэхгүй байгаатай ч холбоотой байж мэдэх юм. Нөгөө талаас хов жив, сенсааци сонирхдог хүмүүс байгаатай холбоотой. 1990-ээд оны эхэнд бичлэгийн төрөл зүйл бараг үгүй болсон. Харин сүүлийн жилүүдэд бичлэгийн шинэ төрлүүд нэмэгдэж байна. Энэ бол сэтгүүл зүй тодорхой хэмжээгээр зөв зам руу явах хандлага ажиглагдаж байгаагийн нэг шинж.

-Монголын сэтгүүл зүйн салбар барууны, ер нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хөгжлийн аль үедээ явна вэ?
-Дэлхий дахинд дөрвөн гол хандлага ажиглагдаж байгаа. Даяаршил, төвлөрөл, задрал, ижилсэл. Даяаршил бол ойлгомжтой. Задрал нь хүлээн авагчид, уншигчид олон талын мэдээлэл авч задарсан нь нэг хандлага. Гурав дахь нь, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон мэдээллийн хэрэгслийн шинжийг өөртөө хадгалж байгаа явдал. Сайтаас телевиз үзэж, ном уншиж, зураг үзэх нь ижилсэх хандлага. Нэг компани юм уу, нэг хүний гарт хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төвлөрөх хандлага байгаа. Дэлхий дахинд зургаан том медиа групп хэвлэл мэдээллийн хандлагыг тодорхойлж байна. Манайд ч гэсэн тийм хандлага ажиглагдаад эхэлсэн. “Монгол ньюс” компани 10-аад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл дампуурахгүй нэг сайн талтай. Тэр группийн улстөрч болон эдийн засагчдын үзэл бодол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шингэдэг. Тэнцвэрт байдал алдагдах, нэг талыг барьсан, туйлшрах сөрөг хандлагатай. Дээр дурдсан дөрвөн хандлага Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ороод ирсэн. Тэгэхдээ эхлэл шатандаа. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулах юм бол 50-60 жилээр бид хоцорч яваа. Одоогоос 10 жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл XX зууны 1920-1930-аад оны Америкийн дүр төрхтэй адил байсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө, олон ургальч үзэл, ил тод байдал утгаар нь авч үзвэл хуучин социалист системд байсан орнуудаас Монгол нэлээн дээгүүрт яваа. Манайх хагас чөлөөт хэвлэлтэй орон гэж байнга шүүмжилдэг. Хагас чөлөөт хэвлэлтэй болохын тулд бидэнд 20 жил шаардлагатай байсан. Тэгвэл чөлөөт хэвлэлтэй болохын тулд дэлхий хэчнээн цаг хугацаа зарцуулсан билээ. 150-200 жил зарцуулсан шүү дээ. 150 жилийг 20 жилтэй харьцуулах юм бол гайгүй. Манай урд хөрш  гэхэд л чөлөөт хэвлэлгүй. Хойд хөрш ч чөлөөт хэвлэлгүй орны тоонд яваа. Энэ хоёр том орны дунд байгаа Монгол чөлөөт хэвлэлтэй болно гэдэг бид ямар ч байсан чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийн жам ёсоор урагшаа явж байна гэсэн үг. Эхний сонин ямар замыг туулна дараагийн хэвлэл яг л тэр замыг туулдаг онцлогтой салбар бол сэтгүүлзүй. Яагаад гэвэл хүний ухамсарт сэтгэхүйд нөлөөлж байж бусдыг өөртөө татах чадвартай байдаг. Жишээ нь, шинэ сонин гаргалаа гэхэд эхний тав, магадгүй 10 дугаар ямар ч ашиггүй байдгийг та бүхэнд мэднэ. Тэгэхээр сэтгүүл зүй бол хүмүүсийн боддог шиг тийм ч амар салбар биш. Энэ бол маш хүнд салбар. Сэтгүүлч хүн байнга стресстэй байдаг. Нэг ярилцлага авчихаад замдаа яаж зохиомжлох вэ гэж бодно. Нэг ажил дуусахад дараагийн ажил хүлээж байдаг. Тасралтгүй үргэлжилдэг. Дэлхийд хамгийн хүнд ажил мэргэжлийн гуравдугаарт сэтгүүлч ордог. Уурхайчин, онгоцны туршин нисгэгчийн дараа ордог. Тиймээс сэтгүүл зүй бол хэн дуртай нь хийж болдог ажил, мэргэжил огт биш юм.         

0 Сэтгэгдэл
Багшдаа цэргийн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. 1979 оны шавь Ганболдоос
Amjilt husie !
Хамгийн их уншсан