Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Д.Эрдэмбилэг: Манайд хоёр л том зах бий, тэр нь Нарантуул, Засгийн ордон

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Цонжин болдог дахь Чингисийн хөшөөт цогцолбор, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт сүндэрлэж буй “Их Майдар”, “Морин хуур” цамхаг тэргүүтэй их бүтээн байгуулалтын зураг төслийг гаргасан зураач, дизайнер Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

-Зураач, архитектор хү­ний тань хувьд уран бүтээлийн сонин сайхнаас яриа­гаа эхлэх нь зөв байх. Эл­дэв төсөл хөтөлбөр гээд зав муутай яваа сураг дуулсан?
-“Бүтээлч Монгол” гэдэг залуучуудын нэгдэлтэй хамтарч дизайны урлаг, Монголын үндэсний урлагийн гайхалтай дизайнлиг чанаруудыг хөгжүүлэх, зах зээлтэй холбох төслүүд дээр голчлон ажиллаж байна. Хоёрдугаарт, “Ногоон морь” гэх ландшафт, архитектурын том төсөл дээр залуучуудтайгаа сууж байна. Энэ ажлын хүрээнд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний ажил хийж, гадна дотны байгууллагуудтай холбогдож эхэлж байна. Мөн “Чингис хаан” гэдэг үнэт эдлэлийн брэнд бий болгохоор сонирхсон хувь хүн, албан байгууллагуудтай нээлттэй санал солилцож сууна даа. Түүнчлэн, өнгөрсөн өвөл Монгол гэрийн яндангийн утааны шүүлтүүр гэсэн төслөөр инновацын уралдаанд оролцож шагналт байрт шалгарлаа. Ийм л сонин хачин дуулгах байна.

-Охинтойгоо хамтарч “Хайку арт” гэх үзэсгэлэн гаргаж байгаа тань өнөөдөр үзэгчдийн хүртээл болно. Таны хувьд багагүй хугацааны дараа уран бүтээлийн үзэсгэлэн дэглэж байна. Түүнчлэн, аав, охин хоёрын хамтарсан үзэсгэлэн тэр бүр гараад байдаггүй шүү дээ?
-Яахав, “Хайку арт” гэж үзэсгэлэнгийн нэрийг охин маань өгсөн хэрэг. Миний хувьд хайку шүлэг, яруу най­раг, таталган бичиг та­лаас нь судалсан юм байх­гүй. Сэтгэлгээний гүн мэд­рэмж төрүүлдэг шүлэг юм уу гэж ойлголог. Охин маань зураач хүний хүүхэд гэ­сэн­­дээ зураг оролдоод байгаа. Үзэсгэлэнгийн хувьд онцлог нь хайку шүлгийг зураг­тай холбож, дүрсжүүлж буй­гаа­раа шинэлэг, анхдагч байж магадгүй. Миний хувьд сүүлийн үед ажлынхаа хажуу­гаар зурсан уран зургуудаараа үзэсгэлэнд оролцож байгаа юм. Дээр дурдсан төслийн ажлуудын хажуугаар бодол санаандаа буулгаж явсан зургуудаа буулгасан хэрэг. Угтаа би уран зургаар төгссөн ч бүтээл туурвил хийлгүй хэдэн жил болчихож. Тиймээс энэ талын юмаа жаахан сэргээж эхэлж байна даа.

-Багахан хүлээлт үүсгээд буй “Морин хуур” цамхгийн ажил хэр ахицтай байгаа бол?
-“Морин хуур”-ын хувьд газрын асуудалд багахан уягдаад байгаа тал бий. Энэ асуудлаар нийслэл болоод хувийн хэвшлийнхэн хөөцөлдөж байгаа гэж сонссон. Ер нь, энэ ажил хоёр үндсэн шалтгаанаар гацчихаад байгаа юм. Нэгдүгээрт, Улаанбаатар хот түүхэндээ ерөнхий төлөвлөлтөө дөрвөн ч удаа өөрчиллөө. Товчхондоо, тогтож цэгцэрч өгөхгүй байна. Ийм учраас газрын асуудал хөрөнгө оруулагчдын хувьд шүдний өвчин болчихоод байна. Хоёрт, чамгүй өндөр байгууламж болохоор өртөг өндөртэй болчихдог. Ийм л хоёр шалтгаанаар цаг алдаад байгаа тал бий.

-Хот төлөвлөлт нэгэнт бидний мэдлээс давчихсан болохоор өндөр шилэн барилгаас илүүтэй эмх цэгцтэй нь илүү гоо сайхныг агуулаад байх шиг?
-Яахав, Парис жигд намхан барилгатай хот шүү дээ. Гэхдээ тэнд нэг өндөр байгууламж байдаг нь Эфелийн цамхаг. Москвад ч гэсэн Восток цамхаг гэж нэг өндөртэй. Гэх мэтчилэн хот болгонд нийслэлээ өндрөөс харах нэг байгууламж байдаг нь аялал жуулчлал, хотын өнгө үзэмж талыг харж байж хийсэн шийдэл байх шиг байгаа юм. Энэ талаас нь авч үзвэл “Морин хуур” цамхаг бол бэлгэ тэмдэг мөн менежмент болох юм. Төлөвлөлтийн хувьд Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөөн дээрээ улс төржөөд байдаг. Энэ мэт бүх юм руу улстөрчид гүйж ороод байхтай зэрэг тэдний ард бизнес байгаа нь тодорхой. Эдний эрх ашгаас үүдэж энэ муу хотын маань ерөнхий төлөвлөгөө чулуугаар гэр барьж байгаатай адил байнга өөрчлөгдөж байдаг. Дагаад хөл толгой нь үл олдох эмх замбараагүй байдал үүсчихдэг. Угтаа, чиний хэлдгээр эмх цэгц гэгч зүйл өөрөө гоо зүй юм. Тэгэхээр энэ асуудал их хурал дээрээ ч юмуу тогтож, цэгцрэх хэрэгтэй. Тэгж байж “Морин хуур” нь хаана байх юм, түүнийгээ дагаад ямар төлөвлөлт хийх юм гэж ярих ёстой. Ингэж нэгдсэн байдлаар урьдчилан төлөвлөхгүй болохоор яг л намхан намхан хүзүүгүй хүмүүс шиг яг ижилхэн ес, 16 давхрууд аль алиныхаа цонхыг таглаж баригдаад байгаа юм.

-Энэ байдлыг нэг мөр цэгцлэх гарц нь хотоо нүүлгэн шилжүүлэх буюу шинэ нийслэл барих гэж чамгүй удаан ярилаа л даа. Магадгүй одоо ч оройтойгүй санагддаг. Энэ сэдэв яригдаж эхэлснээс хойш бид зам харилцаа, цахилгаан эрчим хүч гээд дэд бүтцийн шинжтэй томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн шүү дээ?
-Ер нь, нийслэл хотын маань ачаалал зарим хоттой харьцуулахад гайгүй байгаа, харьцуулахад шүү. Яахав, дангаар нь авч үзвэл замбараагүй болчихсон. Угаасаа анх 400 мянган хүн оршин суухаар төлөвлөсөн хот. Гэтэл одоо 400 мянга маань гурав дахин өсч 1.2 сая болчихлоо. Тэгэхээр хүссэн хүсээгүй ачааллаа дийлэхээ болино биз. Мэдээж шинэ хот байгуулах нь нэг арга. Гэхдээ үүнээс өмнө хийж гүйцэтгэх, авах арга хэмжээ нь хөдөө орон нутагт ажлын байр бий болгох юм. Дээр хэлсэнчлэн “Ногоон морь”-той адил эдийн засгийн үр өгөөжтэй, том хөрөнгө оруулалттай бүсчилсэн төслүүд хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлснээр хотын хүн амын нягтаршил аяндаа багасах ёстой. Ерөнхийд нь харвал ийм энгийн шийдэл, гарц бий.

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээ тэр дундаа фэйсбүүк, твит­терийн идэвхтэй хэрэглэгч болоод байгаа. Сүүлд бичсэн нэг жиргээг тань харахад дуучин Нараг улс төрд орвол дэмжинэ гэсэн байсан. Анх бөхчүүд улс төрд орсон. Араас нь урлагийнхан хошуурч эхэллээ. Манай улс төр тийм их хямарчихсан юмуу. Таны бодол?
-Үүнийг хоёр утгаар ойлгох ёстой юм. Өөрийн чинь хэлснээр ард түмний улс төрийн тухай ойлголт жирийн хүн хийчихдэг ажил шиг харагддаг болчихож. Иргэд сонгосон хүнээ ажиллаж чадахгүй болохоор өмнөөс нь ороод хийчихмээр санагдаад байх шиг байна. Нэг үгээр сонгосон хүнээ буюу өөрийн сонголтоо чамалж буй хэрэг. Нөгөө талаас урлагийн хүмүүс улс төрд ажиллаж болно. Нара гэдэг хүнийг би сайн танихгүй ч урлагийн хүн, тэр дундаа эмэгтэй хүн ажиллаж болно гэдэг утгаар нь тэгж бичсэн хэрэг.

-Магадгүй улс төрд уяач, бөх, урлаг соёлынхон хөл тавих болсон нь нэг талаас сонголтгүй болсны илрэл юм шиг. Жишээ нь та сонгуульд санал өгөх үү?
-Яахав хараад байхад бараг л сонголтгүй болсон гэдэг нь үнэн болчихоод байна. Хэдий сонголтгүй болчихсон гэж байгаа ч миний хувьд санал өгдгөөрөө өгнө. Харин залуусыг сонгуульд нухацтай ханддаг, идэвхтэй оролцдог болгомоор байна. Чиний үеийн залуус улс төр, сонгуулийг байдаг л хэрүүл мэт харж, ойлгохтой зэрэг нөгөө л ганц нэгхэн намаар талцсан хүмүүс саналаа хувааж, муу хүмүүс улс төрд орчихоод байх шиг санагддаг. Нэг үгээр сонгогч бидэнд буруу их бий. Эрх баригчдаа буруу таньснаас нөхцөл байдал одоо ийм болчихоод байна. Миний харж буйгаар Нара нь ч байна уу аль нэг төсөөлөөгүй хүн улс төрд хүч үзнэ гэдэг залууст цочроо өгч, улс төр, сонгуульд санал өгөх цаашлаад улс төр гэгч чухам юу болох тухай бага ч болов танин мэдэх сэжүүр болж байгаа юм.

-25 жилийн өмнө хувьсгал хийсэн 20 эргэм насны залуус өдгөө улс төрд орчихсон явна. Мэдээж өнгөрсөн 25 жилд улс төрийн тогоонд чанагдсан хүмүүст залгамж халаа хэрэгтэй. Гэвч тэдгээр залуус нь нөгөө л нам эвсэл дагасан товчхондоо “долоогч” явсаар араас нь гарч ирдэг. Гэтэл яг төрийн алба, улс төрд байвал зохих чадалтай нэг нь бизнес эрхлээд явж байна. Ингээд харахаар улс төрийн ургийн мод гэж болохоор цикл давтамжтай болчихсон мэт?
-Өөдрөг, сайн талаас нь харахад улс төрд ихэвчлэн худалч, хулгайчид байгаа ч гэсэн бага багаар сайн тал нь нэмэгдэж, цэвэршиж байна. Энэ бол байгалийн шалгарал. Улс орон хөгжөөгүй биш хөгжиж байгаа. Гэхдээ хөгжих төвшиндөө хүрч чадаагүй байна. Муу талаас нь харвал улс төр рүү ямар ч сайхан залуус, зөв хүн ороод хүссэн хүсээгүй эвдэрнэ. Тэнд тийм махны машин ажиллаж байгаа учраас. Тэнд улс төр, бизнесийн бүлэглэлийн дүрэм л үйлчилдэг учир өөрийн эрхгүй дүрмээр тоглоно. Хамгийн гол нь бизнесийн бүлэглэл, улс төр хоёр ингэж холилдохгүй байх нь гол юм.

-“Та Москва явж ангийнхантайгаа уулзахаас ичиж байна. Нэгдүгээрт надаас утаа үнэртэнэ, хоёрдугаарт бид 25 жилийн турш юу ч үйлдвэрлэсэнгүй” гэсэн байсан. Энэ ишлэл тань муухан онигооноос дээр санагдсан шүү?
-/инээв/ Үнэн л дээ. Хүнээс сонссон юм. Би 30 жилийн өмнө, оюутан байхдаа Москвагийн метрогоор зорчдог байлаа. Тэр үед бид сандал дээр суух эрхтэй байж. Одоо бол Москвад монгол хүн метронд суух эрх бараг байхгүй гэж дууллаа. Суувал бараг бүгд муухай харна. Москвагийн метро аюулгүй байдал, эрүүл ахуй, орчин талаасаа дэлхийд гайхагддаг шүү дээ. Энэ талаасаа ч юм уу эсвэл ерөөсөө Москва, Европт монгол хүний нэр хүнд ингэж унаад байна уу. Ямартай ч ийм юм сонссоныхоо дараа би ч ичсэн. Ер нь, манай төрийн томчуудын авгай нарын Буянт-Ухаагийн дюти фрий дэлгүүрээс авч гадныханд бэлэглэж буй ноолуур цамцнаас нь утаа үнэртдэг гэх юм билээ. Тэгэхээр 21 зуунд нүүрсээ түлээд сууж байгаа бид гадныханд ядаж л үнэрнээсээ эхлээд гологдож байна даа. Ийм л эмгэнэлтэй байна. Аан тийм, нөгөөх нь үйлдвэрлэл. Яахав бид эсгий урлаач, талх тэргүүтэн хийдгээ үйлдвэрлэл гэж яриад байдаг. Угтаа энэ нь айлын авгай орой хариад хоолоо хийдэг шиг хийх л ёстой зүйл. Харин хөгжлийн үйлдвэр гэдэг нь гадагш юм экспортлохыг хэлнэ. Бид шороогоо ядаж хагас боловсруулалт хийлгүй түүхийгээр нь гаргаад байна. Тэгэхээр үйлдвэржилт гэдгийг би хувьдаа гадагш нь юм гаргаж хариуд нь валют оруулж ирэхийг л хэлдгийн байна гэж ойлгоод байгаа. Бид ядаж л шүдний чигчлүүр хийж чадахгүй байна шүү дээ. Дотуур хувцсаа хүртэл дандаа урдаас авч байна. Саяхан даа, 30, 40 жилийн өмнө бид сүлжмэлээр даавуугаа хийгээд хувцас болгоод өмсчихдөг л байсан. Миний мэдэхээр чанамалын шил, эдийн саван, гутал хувцас гээд хийдэг байсан. Мөн шил шаазангаас өгсүүлээд гадагш нь юм гаргачихдаг л байлаа. Болохгүй биш хүсэхгүй, оролдохгүйд л байгаа юм. Цаана чинь израйльчууд элсэн дээр лууван ургуулаад жилдээ 180 мянган тонныг Орос руу экспортолж байна шүү.

-Үйлдвэржихийн тулд эхний ээлжинд яах ёстой юм бол. Бид орж ирсэн хөрөнгө оруулалтаа бүтээн байгуулалтын шинжтэй ажилд үрж зараад үлдсэнийг нь халамж хэл­бэрээр тараагаад өгчихдөг. Угтаа үйлдвэржинэ гэдэг тодорхой төсөв хөрөнгө босгохоос эхэлнэ биз дээ?
-Үйлдвэрлэлийг дэмжсэн банк санхүүгийн байгууллагын бодлого хэрэгтэй. Банкны зээл маань одоогоор зээлдэгчдээ үйлдвэрлэл эрхлэх ямар ч боломж олгохгүй өндөр хүүтэй байна. Дэлхий дээр манайх шиг өндөр хүүтэй зээл олгодог газар бараг байхгүй байх. Жишээ нь, чи сэтгүүлчийнхээ ажил, цалинг голоод үйлдвэрлэл эрхлэхээр аль нэг банкинд очоод зээл хүсэхэд 20-иод хувьтай зээл авна. Маш өндөр хувь шүү энэ. Жижигхэн зайрмагны цех ажиллуулъя гэж бодоход ямар ч боломжгүй. Маш том эрсдэл үүснэ. Яагаад гэвэл чиний хамаг юмаа барьцаалж авсан зээл чинь үйлдвэрлэлийн бус наймаа буюу арилжааны зээл юм. Банкнаас зээлсэн мөнгөө өвөртлөөд гарах үеэс чинь чог чог гээд чиний тоолуур ажиллаж эхэлнэ. Тэгээд л чи хүүнд унаж байгаа юм. Сарын дараа чам руу банкнаас утас цохих болохоор 20 хувьтай зээл авсан чи Эрээн явахаас өөр ямар ч арга байхгүй. Тоног төхөөрөмж худалдаж аваад үйлдвэрлэл эрхэлнэ гээд маш их эрсдэл дагуулах зээл юм. Угтаа үйлдвэрлэлийн зээл бага хүүтэй, урт хугацаатай байх ёстой. Тэгж байж чи тоног төхөөрөмжийнхөө өрийг дарж ашгаа авч эхэлнэ. Гэтэл банкууд ийм бололцоо олгохгүй байна. Угтаа хоёр, гуравхан хүний гарт байгаа банкууд өндөр ашгийн төлөө ажиллаж байгаа нэг ёсны бизнесийн байгууллага. Энэ бол үйлдвэрлэл хөгжихөд саад болж буй нэг хүлээс. Миний бодож олоод байгаа нэг арга бол бид хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, малын гаралтай органик хүнсний бүтээгдэхүүн, бараа гаргах юм.

-Бас л таны хоржоонтой хэр нь үнэн ишлэлээс жишээ татах гэж байна. Манайд хоёр л том зах зээл бий. Тэр нь Нарантуул, Засгийн ордон гэсэн байсан. Бид урд хөршөөс импортын хувьд хэт хараат болчихсон. Ийм байхад эргээд хоёр хөрш рүүгээ бүтээгдэхүүн экспортолно гэдэг бэрх санагдах юм. Ер нь, бидний хамгийн ойр хэр нь үр өгөөж өндөртэй зах зээлийг нэрлэвэл?
-Зах зээл бий. Хятад гэж маш том зах зээл байгаа шүү дээ. Энгийн жишээ татахад бидний хийж буй бүтээлч үйлдвэрлэлийн төслийг нэрлэж болно. Өнгөрсөн оны зун Хөх хотод болсон Монгол экспогийн үеэр бүх лангуу хоосорсон. Монголын гэх хамаг юмыг хуу хамаад дуусгасан. Ширхэг хорхой ааруул ч үлдээгүй. Тэгэхээр заавал бүх Хятад гэлтгүй Өвөрмонголыг зах зээл гэж харах хэрэгтэй. Бидний өдөрт нь үйлдвэрлэсэн барааг хонуулахчгүй хуу хамна. Тэгэхээр зах зээлгүй гэдэг худлаа. Гагцхүү дээр дурдсан зээлийн асуудлыг уян хатан байдлаар шийдэх юм. Энд нэг инээдтэй юм хэлэхэд хэдэн хятад залуу манайд ирээд ундааны сав баглаа боодлын үйлдвэр эрхэлж байна. Хэтрүүлсэн болохгүй байх, тэр хэдэн залуу сардаа сая ам.долларын ашигтай ажиллаад гурван жил болж байна. Одоо барилгын салбар руу орж байна. Тэгэхээр бидний сонгосон их хурлын гишүүдэд буруу байхгүй. Монголчууд бидэнд буруу байгаа юм. Бид нэгдэж чаддаггүй, дандаа гар хардаг, залхуу хойрог. Нэг сайн хүнээ сонгоод түүгээрээ удирдуулж чаддаггүй. Мах цусанд нь байдаг зовлон л доо.

-Бүтээлч үйлдвэрлэлийн төс­лийн­­хөө тухай товч тайлбарлавал?
-Их энгийн л дээ. Тайваний засгийн тэргүүн 20-иод жилийн өмнө тэтгэвэр тэтгэмж авдаг залуусын тоог гаргатал нэг хүнд сардаа 500 ам.доллар хүртэлх тэтгэмж олгодог байж. Үүнийг нь нийлүүлээд үзтэл олон сая хүнтэй газар болохоор тэрбум гаруй ам.доллар болчихож. Энэ гар харсан бэлэн зэлэн байдлыг өөрчилхөөр нөгөө дарга маань судалгаа хийж хөтөлбөр гаргаж л дээ. Яагаад хөдөлмөрийн чадвартай залуус хийх ажилгүй гэртээ хэвтээд байгааг тогтоож. Хоёрдугаарт, тэр хүмүүст ямар нэг юм хийх авьяас байна уу гэдгийг судалж л дээ. Гэтэл айл өрх бүрт ямар нэг удам дамжсан, уламжлалт ардын урлаг, гар урлалын авьяас байж. Улмаар нөгөө хүмүүст бүгдэд нь захиалга өгч түүнийг хамж авдаг төв байгуулсан байгаа юм. Тэр нь цааш нөгөө бараа бүтээгдэхүүнийг нь гадны оператор компаниудтай холбож өгч л дээ. Ингээд л орлогожиж эхэлж. Одоо энэ үйлдвэрлэлийн хэв загвар ямар ч уул уурхай, Оюутолгой, Тавантолгойгоос өндөр ашигтай ажиллаж байгаа урлагийн үйлдвэрлэлийн төв болж чадсан. Үүнийг англиар “Creative art industry” гэж нэрлэдэг. Бүтээлч үйлдвэрлэл гэдэг ердөө л энэ. Энэ бол бага зардлаар ур ухаан шингэсэн урлагийн бүтээл үйлдвэрлэдэг өгөөж өндөртэй үйлдвэрлэл.

0 Сэтгэгдэл
Jenkotoi durslehed neg angid bausan
УИХ д нэр дэвшээ хө дэмжье өөрийн чинь төлөө зүтгэе
utaanbaatar baliar muuhai hot humuus ni ch gesen
хэний ч найз ба зөв сэтгэлгээтэй хүн байна. хийсэн ч юмтай. зөв юмыг нь сайн сонсож ажил болгомоор байх юм. даан ч тэр махны машин байгаа цагт яана даа халаг гэж
УХААНТАЙ ХУНИЙ ЯРИА. ХАРИН МАНАЙД БУГД ОЮУНЫ ХОМСДОЛД ОРСОН ТУЛ ИЙМ ИХ АГУУЛГАТАЙ ЮМ ДАРГА НАР НЬ Ч УНШИЖ СЭТГЭХЭЭ БОЛЬЖ ХОВ ЖИВЭЭР ЗАЛУУС НЬ ХУМУУЖИЖ БАЙГАА ХЭРЭГЛЭГЧИЙН НИЙГЭМ БИЙ БОЛЧИХООД БАЙГАА ЮМ.ЮУ Ч МЭДЭХГУЙ БАЙЖ ИХ ЗАН НЬ ДЭНДСЭН ХУМУУС НААДАХ ТОМ ЗАХ ГЭГЧ ЗАСГААР ДУУРЭЭД БИД УЛСАА БАС ЕЕРСДИЙГЕЕ БАЛЛААД БАЙНА!!!!! БУСДЫГ НЬ БОЛЬЕ
Женкогиин найз зураач ?
Jenkotoi durslehed neg angid bausan
Хамгийн их уншсан