Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Эко “зайран”

Тэртээх XX зууны далан онд одоогийн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, шинжлэх ухааны доктор Л.Түдэвийн туурвисан "Хорвоотой танилцсан түүх" ном уншигчдын гар дээр ирж билээ.

Үндсэн 17 хэсгээс бүрдсэн, 12.000 хувь хэвлүүлсэн тэр номын нэгийг нийслэлийн 28 дугаар сургуулийн сурагч Ц.Минжүүрээс анх авч уншаад, улмаар номын дэлгүүрээс худалдан авч дүү нартаа сонирхуулж байснаа дурсах далимд Жаалхүүгийн Даваасамбуугийн тухай өгүүлэхээр шийдэв. Л.Түдэв гуай зурагтай танилцсан тухайгаа "Жаалхүү гэдэг өвгөнийх олон хүүхэдтэй айл байв. Нэгэн өдөр тэдний хамгийн том хүүхэд гэрийнхээ гадаа завилж суугаад, өвөр дээрээ дөрвөлжин мод тавьж, ямар нэгэн юм хийж байхыг харлаа. Юу хийж байгааг нь үзэхсэн гэхээс тэсэж суух аргагүй болов. Ороо хонь барих гэж байгаа юм шиг сэм сэмхэн гэтсээр тэр хүүхдийн ар талд очоод өнгийн харвал онц сонин юм үзлээ.

Модон самбар дээр үнс түрхжээ. Нарийхан үзүүртэй савх модоор үнсэн дээгүүр нааш, цааш зурж байгааг нь харахад гайхмаар ажээ. Даваасамбуугийн гар нааш, цааш уяхнаар хөдлөх бүрийд үнс түрхсэн самбар дээр дүрс гарч байлаа. Савга үсэндээ дарагдсан сүртэй том сарлагийн бухны дүрс гараад ирлээ. Бух урд хөлөөр газар цавчлан хэлээ унжуулан туужуу мэт сүүлээ хондлой дээрээ агсчээ..." гэхчлэн бичсэн бий. Миний хувьд шинэ номыг шимтэн уншиж буй тухайн үедээ Даваасамбуутай танилцаж эхэлж явснаа, дараа дараагийн үйл явдлаар улам гүнзгийрүүлсээр бүр хожмоо нүүр тулж уулзах хүртэл урт зам туулав.

Спорт, тэр тусмаа бөхийн сэдвийг шимтэн сонирхож, ном сэтгүүл, зураг хөрөг цуглуулах донтой болж явсан 1971 онд "Үндэсний бөх 50 жилд" зурагт ном хэвлэгдлээ. Улсын хэвлэлийн комбинатад 20.000 ширхэг хэвлэсэн нэг төгрөгийн үнэтэй номоос хэд хэдийг худалдаж авав. Зураг чимэглэл, гэрэл зургийг Ж.Даваасамбуу гэснийг харснаас биш, өмнөх баримттай холбож баяжуулсангүй. Таван жил нисэх мэт өнгөрөө биз. Төдөлгүй "Үндэсний бөх 55 жилд" ном гараад ирлээ.   Номын арын хуудсанд эмхтгэж бичсэн Ц.Бат-Очир, зураг чимэглэл, гэрэл зургийг Ж.Даваасамбуу. Үнэ гурван төгрөг 50 мөнгө гэжээ. "Үнэн" сонинд спортын тоймчоор ажиллаж эхэлсэн тул бөхийн тухай номын зураг чимэглэл, гэрэл зургийг гүйцэтгэдэг эрхэмтэй нүүр тулж уулзах бодолд хөтлөгдөж, сураглалаа.БНМАУ-ын Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны Байгаль хамгаалах хэлтэст мэргэжилтнээр ажилладаг сураг гаргасан ч уулзаж завдсангүй ээ, хэсэг хугацаанд.

Нүүр учирч уулзах цаг таараагүй ч эчнээ танилыгаа боломжийн хэрээр судалсаар... Жаалхүүгийн Даваасамбуу буюу "Хорвоотой танилцсан түүх"-ийн нэгэн бодит баатар Говь-Алтай аймгийн Халиун суманд 1929 онд төрсөн эр ажгуу. Багш нарыг бэлтгэх сургуулийг 1946 онд дүүргэн, хөдөлмөрийн гараагаа аймгийн дунд сургуульд багшаар эхлүүлж. Гэрэл зураг сонирхдог, зураг зурдаг багшийг аймгийн дүрслэх урлагийн салбарыг удирдуулахаар дэвшүүлсэн байна. Шинэ ажил нь түүнийг офсет хэвлэлийн нарийн мэргэжил эзэмшихэд ташуур өгч, 1952-1953 онд Москва хотод, 1960 онд Дрезденд гүн хэвлэлийн фоторепродукцийн зураг засварын дадлага, туршлагатай болж ирснээс хойш хэвлэлийн комбинатад арав гаруй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж суутал нь Засгийн газрын хэвлэх үйлдвэрт хэлтсийн дарга, техник редакторын албанд дэвшүүлэн томилсон байна.

Тэндээсээ дээр өгүүлсэн мэргэжилтэн болжээ. Энэчлэн түүнийг судалсан, сурагласан аян өндөрлөж, наадмын талбай буюу голын цэнгэлдэхэд анх уулзан эчнээ танилтайгаа нүүр хагаран би л болсон хойно баахан үүх түүх ярихад тэр эрхэм жонийсхийн инээмсэглээд яасан олон үгтэй нөхөр вэ гэсэн аятай бараг юм ярьсангүй, анхны уулзалтаар. Түүнээс хойш өчнөөн төчнөөн уулзсаан, бид. Нэг баг болж шатрын тэмцээнд түрүүлсэн удаа ч бий. Бөхийн хүрээнийхний дунд шатрын тэмцээн зохион байгуулдаг сайхан уламжлал тогтоод удлаа. Бөхийн тухай бичдэг сэтгүүлчдийн баг 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны тэмцээнд түрүүлсэн батламж гэрчлэх гэрэл зураг миний цомогт байна. Тэр тэмцээнд Ж.Даваасамбуу, Ш.Мягмар, Т.Бааваа бид дөрөв түрүүлсэн гээд шатар, дугтуйтай зүйл барьсан зураг үлджээ. Тухайн багийн нэг гишүүн Д.Данзан тэр жил өнжиж таарчээ. Тэгэхэд Ж.Даваасамбуу гуай нэгдүгээр ширээнд сайн тоглож гол үүрэг гүйцэтгэснийг бид яаж мартах билээ. Олон талын авьяастай, ой ухаан сайтайг нь тодотгох үүднээс дээрх баримтыг хавчуулав. Эл эрхмийн зураг зурж эхэлсэн түүх нь сургуульд орохоос нь өмнө гээд бодохоор наанадаж бүтэн жарны турш зураг зурсан нь илэрхий, зөвхөн сарлагийн бух энэ тэрхнийг зурсан гэвэл онигоо болж таарна, өчнөөн төчнөөн сэтгүүл, номын зураг бэлтгэсний дээр 1955 оноос маш нарийн ур шаарддаг шуудангийн марк, ил захидал цөөнгүйг бэлтгэснийг "Монголын гэрэл зурагчид" (2015) номд баталгаажуулсныг бичихэд илүүдэхгүй биз.

 -Марк, шатар, ил захидал зэрэг миний зав чөлөөндөө хийсэн, хийдэг зүйл. Чамд ер нь гол ажлаа нэг базаад товчхон хэлж өгье. Чи миний 1971, 1976 онд хэвлүүлсэн Үндэсний бөхийн тухай хоёр номыг хадгалж байдгаа хэллээ. Тэдгээрийг анхны алхам гээд бодчих. 1991 онд "Үндэсний бөх 70 жил" номын гэрэл зургийг өмнөхөө баяжуулан хийсэн. "Монгол бөхийн хөгжил", "Их асрын өмнө", "Улсын баяр наадам", "Зууныг эзэгнэсэн бөхчүүдийн зурган намтар" зэрэг бүтээлийн гол гэрэл зураг, гол гэдгийг дээр үеийн ховордсон, үнэ цэнэтэй гэсэн санаагаар хэллээ шүү.

Бас та нарын цөөнгүй сар жил нухсаар олны хүртээл болгосон "Монгол бөхийн нэвтэрхий толь"-д (2014 он) миний авч хадгалж явдаг бүтээлээс лавтайяа 100 зураг орсон байна лээ. 1946 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн болохоор зөвхөн бөхийн зураг аваад явсангүй. Нийгмийн амьдралын олон тал үйл явдлын түүхийг өгүүлсэн хувийн, боломжийн нөөцтэй. Тэдгээрээс Д.Майдар даргын "Памятники истории и культуры Монголии" болон "Графика Монголии", мөн "Шаги стройтельства" бүтээлүүдийн гэрэл зургийг бэлтгэж макетийг зэхэж хэвлүүлснийг тэр бүр хүмүүс мэдэхгүй ээ. Намайг Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дээрх бүтээлдээ гар бие оролцуулахаар дэвшүүлэн авснаа дурсаж байсан л даа. Та бүхний мэдэхгүй байж магадгүй баримт хэлэхэд М.Туяагийн "Цвет архитектуры" номын гэрэл зураг, макет, Макс Веллийн "Монголын тухай" номын гэрэл зургийг бэлтгэж өгч явлаа.

ЗХУ-ын Газар зүйн хэвлэл "Мысль"-ийн захиалгаар байгалийн зурагнууд зэхэж явуулсныг минь бараг бүгдийг нь нийтэлсэн байсан даа. Цэдэнбал даргынхаа "Социалист хөгжлийн түүхэн замнал" номын техник редактороор ажиллаад шилдэг номын багийн гишүүн болсон удаа бий. Манай улс анхны "Улаан ном" гаргах болоход гар болон гэрэл зургийг бэлтгэж хэвлүүлснээ эргээд бодоход би Монгол Улсын анхны эко сэтгүүлч мөн.

Нэлээд удаан ярилаа. За нэг шатар нүүчихье, тэгэх үү.

-Болж л байна. Таныг би арай барахгүй байх даа. -Үзээд алдахгүй юү.

-Даваасамбуу гуай "Үнэн" сонины газраас зарласан гэрэл зургийн уралдаанд таны түрүүлдэг чинь хэдэн онд билээ, ингэхэд.

-Чи л тэрийг мэдэхгүй байгаа бий, шатар бодуулахгүй арга олоо юу.

-Арай ч үгүй шүү. 1980 оны Москвагийн олимпийн фото уралдаанд 1000 оролцогчоос шалгаран диплом, мөнгөн шагнал авсан даа, та. Ямар бүтээл илгээгээд тэр билээ.

-"Эрийн гурван наадам" сэдэвт зургууд байсан юм. Шатраа гүйцээсний дараа ярья. Наад тэрэг чинь баригдах дөхлөө шүү.Энэчлэн нэг өрөг өндөрлөж, нэг биш юмны учиг олдсон сайхан өдөр байж билээ.

Түүний гар болон гэрэл зургийн үзэсгэлэнг "Улаанбаатар музей"-д 2013 онд гаргасан Сэрээтэрийн Цацралтад олон хүн баярласан. Баярласны учир өнгөрсөн зуунд өндөр насны тэтгэвэртээ суучихсан, өвгөнийг түмэнд олон бүтээлээр нь танилцуулж, төр засагтаа хэрэгтэй "зайран" явсныг нотолж өгсөнтэй нь холбоотой. Бүр тээр жил 1981 онд Алтан гадас одонгоор хөдөлмөрөө нэг удаа төрөөр мялаалгасан Жаалхүүгийн Даваасамбууг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо,

Үндэсний бөхийн холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ) зэрэг түүний үнэ цэнэтэй, нэн ховор бүтээлийг ажил төрөлдөө байнга шахам ашиглан хэрэглэж буй олон байгууллагын удирдлагууд шинэ зуунд нэгэн тодорхойлолт үйлдэн төрийн тэргүүнд барьвал ардчилсан бас эко тэгэх тусмаа сэтгүүлч Ерөнхийлөгч "за" гэх болов уу.

Ж.Даваасамбуутай удаан хугацаанд гүнзгий танилцсаных ингэж л бодлоо.

Эко "зайран"

0 Сэтгэгдэл
Bayar xvrgeie! Xamtran ajillaj mark bvteej yawsanaa dursan sanaxad saixan bn.
Хамгийн их уншсан