“Дүдзи-Амрида” уламжлалт эмнэлгийн их эмч зөвлөж байна.
-Зуны улирал ирж байгаатай холбогдуулаад та юу зөвлөх вэ?
-Зун их халуунд явган их явахгүй байх, халахгүй байх, стресс ядаргаанаас хол байхыг хичээх хэрэгтэй. Бас ажлаа зохицуулж чадахгүй нойр дутуу байх, амралтгүй ажиллах нь зүрхэнд муу нөлөөтэй.
-Зүрх өвдөөд байгаа анхны шинж тэмдэг нь юу вэ?
-Ямар ч тохиолдолд амархан ядрах, явахаар их хөлрөх, зүүн гар луу дагаж өвдөх, амьсгаадах гэх мэт шинж эхний дохио юм. Бас аль болох уурлаж, уцаарлаж шараа хөдөлгөхгүй, амар тайван байх хэрэгтэй. Явдал мөрөө сайн хичээх хэрэгтэй. Халуун үед их унтахгүй байх хэрэгтэй.
-Та ямар эмчилгээ хийж байна вэ?
-Эмийн эмчилгээ, зүү эмчилгээ, бариа заслыг хийж байна. 2006 онд Польш улсын Варшав хотод иридологийн курст явж нүдний угийг дурандаж өвчнийг нь оношлох талаар суралцсан. Хүний нүдэнд бүх эрхтний өөрчлөлтүүд мэдэгддэг, тухайн хүний удмын өвчнийг ч мэдэх боломжтой. Тэнд сурч байхад европ эмч нар иридологийн оношоо тавьчихаад бидний судсаар оношлосонтой тулгаж үзэхэд таардаг байсан.
-Таныг Польш улсад Монгол эмчээр ажиллаж байхад ямар байсан бэ?
-Тэнд үзүүлж байгаа өвчтөнүүд дандаа эм их хэрэглэдэг. Зарим нь насан туршдаа ууна гэсэн заалттай байдаг. Надад 9 настай нэг хүү хандаж байсан. Түүний нэг талын өвдөг нь их хавдчихсан ирсэн. Польш эмч нар хөлийг нь тайруулахаас өөр аргагүй гэж хэлж байсан. Гэтэл энэ хүү багаасаа ходоодны архаг өвчлөлтэй, хоолоо шингээх чадвар муу болох нь мэдэгдсэн. Түүний хөлний өвчний гол шалтгаан нь ходоодны өвчлөл нь болж байна гэж оношлоод уламжлалт эмчилгээг курсээр нь хийж эдгээсэн. Тэр хүү хөлөө тайруулахгүйгээр эдгэрсэн. Бас 8 настай хүүхэд бамбай булчирхайн хордлогод орчихсон ирсэн. Энэ хүүхэд эхний 20 зүү тавиулсны дараа бие нь сайжирч, шинжилгээний хариу сайн гарсан. Одооны хүмүүст хөдөлгөөн, агаар, цэвэр ус их дутагдаж байна. Басөвчлөл үүсгэж байгаа нэг гол хүчин зүйл нь стресс болж байна.