Ж.ГЭРЭЛЧУЛУУНДуучин Сүхбатын Баттулгыг Улсын филармоний гоцлол дуучин, “Voice” группийн ахлагчийн хувиар үзэгч сонсогчид андахгүй ч хүмүүнлэгийн үйл хэрэг, байгаль экологийн асуудалд хувь нэмэр оруулагч, экологийн элч дуучин гэдгээр нь тэр бүр танихгүй л болов уу. 800 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ элсүүлсэн Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс найман аймагт жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, эл ажил энэ сарын 11-нээс Архангай аймгаас эхлэх гэж байна. Таван төрлийн мод, модлог ургамал, бут сөөг бүхий цэцэрлэг байгуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг экологийн элч дуучин маань тухайн орон нутагт тоглолт хийж, олсон орлогоо түүнд зарцуулах юм. Дуучин С.Баттулгатай энэ тухай болоод уран бүтээлийн сонин хачнаас ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө уран бүтээлийн сонин хачин сонирхох нь зөв байх?
-Ажил ихтэй, уран бүтээл арвин байна. Сүүлийн арваад жил Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллалаа. Үүнээс өмнө буюу 1999-2001 онд Дуурийн театрт найрал дуучин, 2001-2005 онд “Гэр бүлийн радио 104.5”-д хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад 2005 оноосоо филармонид орж өдгөө 10 дахь жилдээ ажиллаж байна.
Сая манайх өвөл цагийн нээлтийн тоглолтоо хийлээ, амжилттай сайхан боллоо. Мөн төлөвлөгөөт болон захиалгат тоглолтууддаа оролцоод явж байна. Давхар бие даасан уран бүтээлээ ч амжуулаад л явна.Хамтлаг маань ч хэсэг хугацаанд уран бүтээл завсардаж байгаад саяхнаас эргэн орж байна.Хажуугаар нь хандивын, хүмүүнлэгийн, буяны тодотголтой тоглолтуудад оролцож, заримыг нь зохион байгуулаад явж байна даа.
-Хандив, хүмүүнлэг гэсэнээс энэ сарын 11, 12-нд Архангай, Өвөрхангай аймагт тоглолтоо хийх гэж байгаа юм билээ. Энэ тухай сонирхвол?
-Энэ ажил Монголын “Ногоон парламент” гэж иргэний танхимтай холбоотой. Энэ байгууллагаас надад санал тавьсан л даа. 800 орчим төрийн бус байгууллага, экологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн судлаачдыг зангидаж ажилладаг энэ байгууллага учраас манай “Ногоон парламент”-ийн эко элч дуучнаар ажиллаач гэсэн санал тависныг нэлээн бодож үзсэн хойно зөвшөөрсөн л дөө. Одоо цагт элч дуучин гэдэг тодотгол үнэ цэнэ нь жаахан уначихаж. Бараг дуучин болгон л элч дуучин болчихож. Энэ ч утгаараа жаахан харзнасан хэрэг.
Манай нэрт сэтгүүлч Оюунчимэг эгч маань ирж уулзахдаа энэ саналыг тавьсан юм. Бид ч сайхан ярьж ойлголцоод ийм санал тавьсанд хүндэтгэлтэй хүлээж авсан. Энэ утгаараа эко элч дуучныхаа ажлыг ногоон парламенттайгаа хамтран хийж эхэлж байгаа хэрэг.
Энэ ажлын хүрээнд, эхний ээлжинд найман аймагт жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Миний хувьд энэ аймгуудад очиж “Миний эх орон” тоглолтоо тоглож олсон орлогоо цэцэрлэгт хүрээлэнгийн санхүүжилтэд зориулна.
-Таны хэлдэг үнэн. Хүүхдийн элч, хүмүүнлэгийн элч гээд л бүгд л элч дуучин болчихсон санагддаг. Гэхдээ эко элч дуучин гэж миний хувьд сонсч байсангүй?
-Би бас сонсоогүй юм байна. Юм болгон л эко гэж яригдаж байна. Байгальд ээлтэй ногоон хөгжил, цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлт, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах гээд нүүдлийн соёл иргэншил суурин болсон энэ үед байгальдаа халгүй, илүү ээлтэй байх шаардлага тулгарч байна. Тэгээд ч суурин соёлд шилжсэн болохоор амьдрах орчноо ч эрүүл байлгах хэрэгтэй. Ядаж л утаа униар, шороо тоосгүй орчинд амьдармаар байгаа биз. Энэ талаас нь бодож үзээд эко элч дуучин болох саналыг нааштай хүлээж авсан хэрэг. Яваандаа бид олон сайхан ажил хамтран хийх байх.
-Таныг хорих анги, хогийн цэгүүдээр нэг биш удаа явж тоглолт хийж, тусламж үзүүлж байсныг мэднэ. Энэ олон хүмүүнлэгийн ажилд оролцох сэдэл хаанаас төрсөн юм бэ. Магадгүй хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан болоохор тэр болов уу гэж бодлоо?
-Магадгүй, таван жил гэр бүлийн радиод ажиллаад асуудал хөндсөн цөөнгүй нийтлэл нэвтрүүлэг хийсэн л дээ. Гэхдээ үүнээс ч өмнө, урлагт хөл тавьсан цагаасаа л сайн дурын, хүмүүнлэгийн, нийгмийн сайн сайхны төлөөх ажилд сэтгэлээсээ, цаг заваа зориулсаар ирсэн. Галт тэрэгний дугуйтай зүйрлэж болох юм даа. Би унадаг дугуй унаж яваа хүн биш, унадаг дугуйн хоёр дугуй ар араасаа явдаг. Миний хувьд амьдрал, ажил үйлсээ харахад галт тэрэгний дугуй шиг зэрэгцэж, хос замаар явдаг. Хэзээ ч өөрийн эрх ашгийг түрүүнд тавьж, Өнгө мөнгөний төлөө гэж байсангүй. Аль болох цаг зав, авьяас хүчээ зориулж нийгэмд хандсан сайн дурын ажилд гар бие оролцсоор ирсэн. Ингээд үзэхээр миний амьдрал, нийгэмд чиглэсэн үйл хэргийг хос дугуй гэж ойлгож болно, салгахын аргагүй, пралель байх ёстой.
-Хүмүүнлэгийн ажилд хувь нэмэр оруулдаг тухай чинь хүмүүс тэр бүр мэддэггүй санагддаг?
-Хорих ангиудаар их явсан. Мөн хогийн цэг, асрамжийн газруудад нэг бус удаа очиж гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо чадах чинээгээрээ ажиллаж байсан. Гэхдээ ингэж явлаа гээд зурагт радиогоор нэг их яриад байдаггүй. Угаас, сайн үйл бүтээснээ сайрхан ярьж явбал тэр сайн үйл биш гэдэг шүү дээ. Тиймдээ ч энд тэнд телевиз радиогоор гараад байдаггүй. Яахав, хааяа нэг дурдах тохиолдол бий. Ер нь, бусдад тус хүргэж байгаа хүний өөрийн сэтгэл өег, өрөөлийн ч сэтгэл хангалуун үлддэг.
-Хамтарч ажилладаг найз нөхдийнхөө тухай дурдвал?
-Олон сайхан найз бий. Хүний нэр дурдахаас илүү бүлэгчлээд хэлчихсэн нь дээр байх. Би өөрөө “JCI”байгууллагын гишүүн. Энэ байгууллагад нийгмийн салбар бүрт ажиллаж буй шилдэг залуус харьяалагддаг. Эдний дунд, нэг эд эс нь болоод явж байгаадаа ч баяртай байдаг. Энэ хүмүүс маш их зүйл хийж байгаагийн дотор байгаль экологийн чиглэлтэй нь их. Нөгөө талаас ажил амьдрал уран бүтээлийн найзууд маань ч дээрх хүмүүнлэгийн үйл хэрэгт тус дэм болдог. Ер нь, миний эргэн тойронд “Зөвхөн өөрийгөө болгочихоё” гэсэн үзэлтэй хүн байдаггүй.
-Сонирхолтой санагдсан л даа. “Шавшанкаас оргосон нь” гэж Холливудын алдарт кинонд Энди Дюфрэйн харгалзагч 00 орсон хойгуур пянз тоглуулагчаар дуу сонсдог. Үгийг нь ч ойлгохгүй итали дууг шорон тэр аяараа хөдөлгөөнгүй зогсч сонсдог. Үүнтэй адил дуучин нь өөрийн биеэр ирж уран бүтээлээ хүргэхэд цаад хүмүүс хэрхэн хүлээж авдаг бол?
-Мэдээж сонин содон байлгүй яахав. Эрхчөлөөгөө хасуулсан тэр хүмүүст бүх л зүйл хаалттай, хаалтгүй нэг нь хэмжээтэй. Үнэхээр нэг сэтгэл санаагаар унасан үед сайхан дуу тавиад, дагаж дуулаад бүхнийг мартах үе байдаг биз. Үүнтэй адил жижигхэн умгар өрөөнд, дөрвөн хананы дунд хашигдсан хүмүүст ийм тайтгарал хэрэгтэй байдаг, үгүйлэгддэг.
Ганцхан би биш л дээ, манай дуучид, сэтгүүлчид, нийгмийн салбарынхан засан хүмүүжүүлэх төвүүдэд ажилладаг. Уран бүтээлчид ганц нэг удаа, янз бүрийн тохиолдол, урилга зарлагаар очих нь бий. Энэ бол өөр асуудал. Миний хувьд нэлээн хэдэн жил, зориод, өөрөө зохион байгуулж хийж байсан учраас өөр хэрэг. Энэ бол цэвэр зүрх сэтгэлийн асуудал. “Тэнд нэг засан хүмүүжүүлэхийн ой болж байна, очоод хоёр дуу дуулаад өгөөч” гэхэд манай урлагийнхан хэн нь ч үгүй гээд зугтаад байхгүй.
Ерөнхийдөө уран бүтээлч хүн зөвхөн авьяасын илрэл биш юм л даа. Урлагийнхныг авьяас чадвартаа тулгуурлаж, бүтээлч хөдөлмөрөөр үзэгч, сонсогчиддоо үйлчилж байдаг гэж ойлгох хэрэгтэй. Хийж буй уран бүтээлээрээ дамжуулж нийгэмдээ нэг ч гэсэн тус хүргэхсэн, хүмүүст нөлөөлж, сэтгэлзүйг нь гэгээлэг болгохсон гэдэг.Эсвэл болохгүй бүтэхгүйг нь шүүмжилж байдаг. Би үүнийг л уран бүтээлдээ тусгахыг хичээж, хийж яваа. Мөн би өөрөө ч нийгмийн бүтээгдэхүүн, нэг эд эс нь. Монгол Улсын мянга мянган иргэний нэг. Энэ талаараа би иргэнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа гэж ойлгодог юм. Тиймээс л сайн дурын янз бүрийн ажилд их л зүтгэдэг дээ.
Яагаад ингээд яваад байдаг гэхээр сүүлийн үеийн анагаах ухаанд эмгүй эмчилгээний арга гэж бий болж. Эмгүй, сэтгэл заслын, агаар ус, хоол ундаар эмчлэх гээд өөр юу байдаг. Энэ дунд өвчтөнийг урлагаар эмчлэх арга гэж бий. Тэгвэл засан хүмүүжүүлэх газар гэгч угтаа нийгмийн эмнэлэг юм. Тэнд тодорхой хэмжээгээр өвчилсөн, шархалчихсан, хүнд болон хөнгөн хэлбэрийн, бүр болон түр зуурын өвчин тусчихсан, магадгүй зүйрлэж хэлбэл зарим нь хорт хавдартай, хоногоо хүлээж байгаа хүмүүс ч байдаг. Эсвэл цоо эрүүл хэр нь эмнэлэгт хэвтэж байгаа нь ч байдаг. Эсвэл ажлын байр, гэр бүлийн гээд янз бүрийн дарамт, хүчирхийлэлд өртөж биеэ хамгаалах гэж байгаад эмнэлэгт ирчихсэн хүмүүс ч байна. Тэгэхээр тэнд байгаа хүн бүрийг нийгмийн хог шаар, засрашгүй адгийн амьтад гэж харж болохгүй. Би юу гэж боддог гэхээр, засрашгүй нь ч бай, амьдралдаа ганц алдаад шорон оронд орчихсон ч бай хүн л бол хүн.
Яагаад тэр хүмүүс рүү удаа дараа хандаад байна гэхээр тодорхой хугацааны дараа тэд эргээд энэ нийгэмд гарч ирнэ. Тэнд байх хугацаандаа зүрх сэтгэл нь улам хатуураад, хэн нэгэнд өс санана, эсвэл өөрийгөө булшлаад, хэзээ ч өршөөхгүйгээр яллачихсан бараг цаазалчихсан байдаг. Аль эсвэл “эндээс гараад өшөөгөө авна даа” гэж хэн нэгнийг заначихсан байдаг. Тэр хүмүүсийг нийгэмшүүлэхийн тулд, сэтгэл зүрхийг нь зөөллөхийн тулд, өөрийгөө болоод бусдыг уучилахад нь туслах зорилгоор очиж дуу хуураа хүргэдэг юм.
-Бид хоёрын ярьж буй энэ экологийн асуудал хүн болгоны анхаарах ёстой, мэдэх ёстой асуудал. Ногоон бүсийн эзлэх хувь багасч байгаад олон хүчин зүйл нөлөөлж байна л даа. Ялангуяа салбарын эрдэмтэн судлаачид нарийн ширийн зүйл ярих байх. Яахав, энгийн хар ухаанаар бодоход үндсэн хэдэн асуудал байгаад байх шиг. Мэдээж зах зээлийн нээлттэй нийгэмд хөл тавьсантай холбоотой хүн болгон ашиг олох, бизнес эрхлэх боломжтой болж. Хил гааль, гадаад харилцаа ч чөлөөтэй байна. Тиймдээ ч байгалийн түүхий эд ил болон далд хэлбэрээр, гадаад дотоодынхны гараар гарах нь их болж. Энэ мэт олон шалтгаан тоочиж болно.
Гол нь юм аливаа хэт чөлөөтэй болсоноор хүмүүсийн сэтгэхүй жаахан зэрлэгшээд байх шиг. “Би ардчилсан оронд амьдарч байна, би ийм ч эрхтэй тийм ч мэдэлтэй” гэж ирээд байгаль орчноо ч хайрлахаа байж. Хулгайн мод бэлтгэл жил ирэх тусам өсөөд л байдаг. Уул уурхай ашиглалт гээд бидний амьдралын хэв маягаас илүүтэй ашиг орлого олохтой холбоотой байгаль очинд балмадаар халдах нь ихэсч. Голын ай сав газрыг ухаад авчихдаг, сайхан төгөл байтал улаан шороог нь эргүүлж орхичихоод дээр нь хэдэн бут суулгаж орхиод алга болдог.
Хулгайн мод хойшоо урагшаа хэчнээн их гарч байна. Манайх чинь угтаа модтой орны хажууд модгүй газар шүү дээ. Дээр нь урд хөршийн бодлого ч байж магадгүй гэж харддаг юм. Ямаа их өсч байна, ноолуурыг тонн тонноор нь авч байна. Угтаа ямаа их өсөх нь малын хөлийн тоосноос аваад бэлчээр талхлагдах үндэс болдог. Ургамалыг үндэстэй юутай хийтэй нь суга татаад идчихдэг амьтан. Мөн хүмүүсийн амьдралын хэв маяг, зуршил ч нөлөөлж байна. Биднийг хүүхэд байхад ингэж их уул овоо тахиад байсныг би санадаггүй юм. Дээр үед уул ус тахихдаа ёс жаягаа мэддэг цөөхөн хүн гарч тахилга хийдэг байсан. Бэлд нь наадмаа хийж, оройд нь тайлга тахилгаа хийдэг. Гэтэл одоо эр эм, хөгшин залуу, хөлтэй хөлгүй, хүүхэд нохой гээд бүгд дээш ууланд гарч талхалаад, эсрэгээрээ тахихын оронд талхлаад дуусдаг. Олон ч газар ингэж байна даа. Тахихгүй уул ус ч алга, түүнд нь оролцохгүй хүн ч гэж алга. Ингээд бодоход бид байгаль дэлхийтэйгээ харьцаж чадахаа байчихаж. Ийм байхад ногоон байгууламж, жишиг цэцэрлэг байгуулах нь чухал ажил. Нэг бут суулгаад авсан ч багадахгүй.
-Канадын ойн хуульд зааснаар иргэдээ мод авч ашиглахыг бүрэн зөвшөөрдөг гэнэ. Огтол, тайр, хамаагүй хэрэглэ гэдэг ч нэг мод огтолсон бол эргээд гурвыг тарих ёстой байдаг гэнэ. Үүнээс үзэхэд хууль чухал уу, ухамсар чухал уу?
-Яахав, хууль чухал л даа. Гэвч хэрэгжихгүй үе байна. Хууль нөлөөлдөггүй ч хүн байна. Хуулийн олон олон цоорхой бий. Миний хувьд хууль хэрэгжинэ гэхээс илүүтэй аливаад хандах хандлагыг нь өөрчилмөөр байгаа юм. Хүн гэртээ тарьсан цэцгээ тастаж зулгаагаад байдаггүй биз. Яг л үүн шигээ уул уурхай ашиглаж буй хүмүүс, модтой холбоотой бизнес эрхэлж байгаа хүмүүс ч байгаль эхдээ өөриймсөг хандах хэрэгтэй. Хаяанаасаа мод огтолж байгаа хүнийг хараад юу гэж ойлгох вэ. Хүний нутгаас ч тэр хулгайгаар мод бэлтгэлээ гээд угтаа чанарын ялгаагүй биз. Тэр модноос ялгарч буй хүчил төрөгчөөр хүн бүр амьсгалж байгаа. Чиний, миний эх орны баялаг биз дээ.
Нийслэл хотод ч ялгаагүй, гудамж талбай, ногоон байгууламжаа өөрийн гэр орон шиг сэтгэж хамгаалмаар. Хамгаалдаггүй юм гэхэд халдаж сүйтгэмээргүй байна. Замын хажууд суулгасан цэцгэн дээр цагдаа нь хүртэл машинаа гаргаад тавьчихсныг бид фэйсбүүкээс харсан. Байшин барилга барьсан ч тэр ашиг хонжоо харж гараж л бариад байхаас ногоон байгууламж нэг ч алга. Сүүлдээ манай хот чинь цементэн хот болох нь. Тэгэхээр бүх шатанд л хандлагын асуудал чухал байх шиг.
-Сүүлийн үед уран бүтээлчид ч тэр экологийн сэдэвтэй бүтээл туурвил хийх нь их болж. Та ч гэсэн байгаль экологийн тухай цөөнгүй уран бүтээлтэй байх?
-Дүрсжүүлээгүй ч гэсэн уран бүтээл бий. Өнгөрсөн жил Төрийн шагналт хөгжмийн зохиолч Мөнхболд ахын ая, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Галаарид үгээр “Миний эх орон” гэж уран бүтээл хийсэн. Морин хуурын чуулгатай тоглож, Түвшинсайхан удирдаач найруулгыг нь хийсэн. Өнгөрсөн жилийн “Миний эх орон” тоглолт ч тэр сэдвийн хувьд тэр чигтээ байгаль экологи руу чиглэсэн тоглолт байсан.
-Таны “Миний эх орон” цуврал тоглолт дөрөв, таван ч жил тоглогдсон байх шүү?
-Цувралаар дөрвөн жил хийчихлээ. Түрүү жилийн тоглолт Монголын төрийг 43 жил удирдсан Ю.Цэдэнбал агсны дурсгалд зориулагдсан.
-Энэ тоглолт дөрвөн цаг үргэлжилсэн гэж сонссон?
-Эхний хэсэг нь хоёр цаг орчим, дараагийнх нь бас хоёр цаг үргэлжилсэн. Яахав, хөтөлбөрийн хувьд жаахан уртадсан ч үзэгчид маань залхаагүй байх гэж бодож байгаа. Эхний нэг цаг 40 минутад дан романс, ари дуулсан бол дараагийн хоёр цагт Монголын нэртэй уран бүтээлчдийн бүтээлүүдийг дуулсан юм. Зөвхөн миний гэлтгүй манай филармонийн найрал хөгжим, удирдаачдын хүч хөдөлмөрөөр тавигдсан тоглолт л доо.