Т.ЖАНЦАН
Манжуурын түүх судлаач Ван Тие Киао-тай тус хотын түүх соёл, хөгжлийн талаар ярилцлаа.
-Манжуур бол өргөжин тэлж буй хот. Та хотынхоо талаар товч танилцуулна уу?
-Манжуур хот ӨМӨЗО-ны зүүн хойд талд байрладаг. Тэгээд хойгуураа ОХУ-тай, баруун талаараа Монгол Улстай хил залгадаг хот. Иймд нар мандахад тахиан дуу гурван улсад дуулддаг боомт хот гэж ярьдаг юм. Манжуур хот 730 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 300 мянган хүн амтай. Монгол, Хятад, Хотон, Орос зэрэг 20 гаруй үндэстэн суурьшиж байна. Хотын захиргаанд Далайнуур дүүрэг /Шианы дэсийн захиргаа/, Хятад, Оросын харилцан арилжааны дүүрэг, Хилийн эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны дүүрэг , Дөн хү дүүрэг , Олон улсын Логистикийн аж үйлдвэрийн дүүрэг болон Оржинь дүүрэг гэж бий.
Манжуур хотын хөгжлийн зорилтыг 2010 оны зургадугаар сард олон улстай чөлөөтэй харилцах туршилтын бүс хэмээн баталсан. Манжуур бол Бүх улсын боловсон хот, Бүх улсын хоёрыг хүрээлэх дууриал хот, Хятадын үзэсгэлэнт хот, Хятад улсын шилдэг аялал жуулчлалын хот, Улсын экологийн дууриал хот, Бүх улсын иргэдийн чийрэгжүүлэх дууриал хот зэрэг олон сайхан цол хүртсэн юм.
-Гурван улсын хилийн боомт хотын хувьд жуулчид их ирнэ. Тэгэхээр худалдаа арилжаа хэр хөгжиж байгаа гэж хардаг вэ?
-Манжуур хот Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийн төвд оршиж, Евразийн эх газрын чухал холбоос болох хамгийн дөт олон улсын их зам мөн. Иймд “Зүүн Азийн цонх” гэсэн цолтой. Хятадын хуурай замын хамгийн том боомт. Хятад, Оросын худалдааны бараа бүтээгдэхүүний 60-аас дээш хувь нь Манжуураар дамжин өнгөрдөг. Хятад, Орос, Монгол хоорондын худалдаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэж байна. Хятадын баруун бүсийг хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийн хурдыг дагаад Манжуур нь Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал ач холбогдолтой хот болж байгаа юм. Сүүлийн хорин жилд Манжуур боомтын импорт, экспортийн барааны эргэлт нийт 310 гаруй сая тонн хүрч, улсад тушаасан тариф, татварын хэмжээ 72 гаруй тэрбум юань болсон. Хятадын эдийн засгийн шинэчлэл хийх ба орчин үе бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр үзүүлж буй хот юм.
-Та Манжуур хотын иргэн, бас түүхийг нь судалдаг хүний хувьд цаашдын хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Манжуур бол зуугаад жилийн түүхтэй боомт хот. Хувьсгалт дайны үед манай нам болон коминтернтай харилцах чухал газар байсан тул БНХАУ байгуулагдахад хувь нэмэрээ оруулсан юм. Бүгд найрамдах улс байгуулагдсаны дараа Манжуур гадаад худалдааны чухал гарц болж улс орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлсэн. Төр засгийн удирдагчид олон удаа Манжуурт ажиллаж байлаа. Тухайлбал, улсын дэд дарга асан Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Манжуурт ирэхдээ “Энэ газарт үзэмж онцын сайхан байна. Эх орноо хамгаалах, хөрш орнуудтайгаа найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлж буй нь Манжуурын хөгжлийн амжилт юм. Сайн хөршийн найрамдалыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг үзүүлж байна” гэж онцолсон байдаг. Сүүлийн жилүүдэд худалдааны чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байгаа. Орос, Монгол болон Зүүн хойд Азид багтдаг бүх улсад нээлттэй үйлчилнэ. Зүүн хойд Азид хандах бодлого баримталж худалдаа аялал жуулчлалаар хотоо хөгжүүлж, аж үйлдвэрээр хүчирхэгжүүлэх ажлын зорилт биелж нийгэм эдийн засаг их амжилт олж байгаа. Манжуур боомтын тээвэр, бараа нэвтрүүлэх чадвар улсдаа тэргүүлж байна. Төмөр зам, авто зам, агаарын гурван боомтын бүтээн байгуулалт эрчимжлээ. Жишээ нь төмөр замын боомтын жилд ачаа нэвтрүүлэх хүчин чадал 70, авто замын боомтынх зургаан сая тонн болсон. Олон улсын агаарын боомтоор жилд 400 мянган хүн зорчиж буй юм. Төрийн “Нэг бүс нэг зам ”болон Өвөрмонголын “Нэг хушууч нэг, бүс”-ийн стратегийн төлөвлөгөө баталгаажсан. Ингээд Сү Мань Эү /Сүжоү-Манжуур-Варшавын/, Хятад, Оросын /Гуанжоу - Манжуур – Москва/ олон улсын төмөр замын ачааны галт тэрэгний шугам нээгдсэн. Энэ нь манай боомтын экспорт, импортын бүтэцийг сайжруулна. Ингэснээр боомтын ачааны хэмжээ нэмэгдэж импортын баялгийг боловсруулах чухал ач холбогдолтой.
-Сүүлийн жилүүдэд Манжуур хотын худалдаа, үйлчилгээ хэрхэн өргөжин тэлж байна вэ?
-Худалдаа эдийн засаг цэцэглэн хөгжиж байна. Манжуурт гадаад худалдааны 930 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Гадаад худалдааны хэмжээ эрс нэмэгдэж ӨМӨЗО-ны Оростой хийж буй импорт, экспортын худалдааны 80 гаруй хувийг эзэлж буй юм. Орос, Монгол, Япон, Өмнөд Солонгос, Хонгконг, Макао, Тайвань зэрэг 40 гаруй улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоож, иж бүрэн, олон янзын, өргөн хүрээтэй хамтран ажиллах болсон юм. Ялангуяа боомтын үйл ажиллагаа өргөжиж, олон улсын логистикийн аж үйлдвэрийн дүүргийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мөн хилийн баталгаат бүс байгуулахаар төрийн арван яам, хороо гарын үсэг зурах шатанд орсон. Хятадын тал олон улсын аялал жуулчлал, хамтын ажиллагаа эрчимжүүлэх чөлөөт худалдааны бүсийн судалгаа хийж дууссан. Үүний үр дүнд аялал жуулчлалын салбар үсрэнгүй хөгжиж байна. Хятад, Орос, Монголын адил төстэй өвөрмөц соёлын өвийг судлаж байгаа. Мөн олон улсын аялал жуулчлал, мөс цасны баяр, гоо бүсгүй шалгаруулах тэмцээн, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж буй юм. Эдгээр үйл явдал нь Зүүн хойд Азийн бүс нутгийн үзэсгэлэнгийн брэнд болсон. Бас тав дахь үеийн Улсын хаалга, Матрёшка талбай зэрэг үзмэрийн газрыг байгууллаа. Олон улсын болон бизнесийн, эко аялал жуулчлалын төв болж байна. Тухайлбал, Оросын үндэсний цирк 40 гаруй удаа тоглолт хийлээ. Хөөмий болон уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн зохион байгуулсан. Эдгээр нь Манжуурт аялал жуулчлалын тааламжтай орчин бүрдүүлж байгаа юм. Манжуур хотын бүтээн байгуулалт, тохижилт өөрийн онцолготой. Бүх хотыг 5-р зэрэглэлийн үзэмжийн газраар бүтээн байгуулсан. Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж Манжуурын түүх, соёлтой адил төстэй гудамж байгуулсан. Тэгэхдээ нэг гудамж нэг онцлог, өвөрмөц үзэмжтэй байдал, Европын сонгодог загварын барилга барих, дур булаам шөнийн үзэмжийг бий болгох зэргээр Хятад, Европ уялдсан үзэсгэлэнт хотын имижийг бүрдүүлсэн. Манжуур хотын иргэд эв нэгдэлтэй, ажил үйлс нь өөдрөг байна. Мөн жил бүр Далайнуурын гэр хорооллуудыг шинэчлэх, ахмадуудаа СаньЯа хотод амаруулах, амьжиргааг нь дээшлүүлэх шат дараатай ажил хэрэгжүүлж байна. Бүх улсын боловсон хот шалгаруулах үнэлгээнд Шиань дэсийн хотууд хоёр дугаар байр эзлэсэн. Манжуур Өвөрмонголын болон бүх улсад аз жаргалын индекс өндөр хотын нэг мөн.
-Манжуурт аялал жуулчлалаас гадна үйлдвэрлэл хэрхэн хөгжиж байна гэж та боддог вэ?
-Аж үйлдвэрлэл хөгжиж байна. Далайнуурын хүнд химийн аж үйлдвэр, импортын бүтээгдэхүүнийг боловсруулах, Олон улсын Логистикийн аж үйлдвэрийн парк бий. Аж үйлдвэрийн энэ гурван паркад түшиглэж нүүрс, химийн, цэвэр эрчим хүч, барилгын материал, мод боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн “Үндэсний үр тариа, тос импортлох тусгай боомт”-оор рапс, үр тариа, ургамлын тос импортлох, үйлдвэрлэх болсон. Оросын шингэрүүлсэн нефтийн хийн төсөл амжилттай батлагдаж Манжуурын импортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүллээ.