Э.ГАНЦЭЦЭГ
“Монгол кино” үйлдвэр 1935 онд байгуулагдсан нь Үндэсний кино урлаг үүсч, хөгжих суурь болж, энэ сард монголын кино урлагийн 80 жилийн ой тохиож буй. Бид энэ хүрээнд монголын кино урлагийн алтан үеийн төлөөлөл болох баримтат киноны тодотголтой Т.Чимид гуайтай ярилцлаа.
-Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний тэгш ой тохиож байна. Салбартаа нэгэн насаа зориулсан улс салбарын ой гэхээр хөөрцөглөж, баярлах нь их байдаг. Энэ утгаараа алтан үеийнхэн сайхан баярлав уу?
-“Монгол Кино” нэгтгэлээс олон арга хэмжээ зохион байгуулж, баярлацгааж л байна. Миний хувьд хөндий шахуу л... Баяр гэхээсээ илүү эмзэглэх, эргэж харах олон зүйл бидэнд байна. Ахмад гэж нэрлэхээр уран бүтээлчид ч цөөрч. Хишигт, Жигжидсүрэн, Нагнайдорж, Дамдин, Зундуй гээд цөөн хэдэн хүн л үлдэж. Саяхан найруулагч Балжинням өөд болчихлоо. Дамдингийн маань бие тааруухан байгаа гээд ахмад үеийнхэн цөөхөн л үлдэж байх шиг. Дэлгэцийн хэдэн бүтээл л үлдэж хоцрох юм даа.
-Ахмад уран бүтээлчид маань хэр их уулзалдаж байна. Найруулагч Нагнайдорж та хоёр шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юм уу?
-Уулзалдаж уран бүтээлч яриа өрнүүлэлгүй яахав. Нагнайдорж Чөлөөлөх дайны 70 жилд зориулан баримтат кино хийж байгаа юм. Түүнийх нь дүрсийг өгөх ажилтай ирээд ингээд уулзаад сууж байна. Бид чинь тэтгэвэрт гараад хэрэггүй хүмүүс болчихсон болохоор хоорондоо л уран бүтээлээ ярихаас хэтрэхгүй юм. Кино үйлдвэр хаалгаа барихад тэнд ажиллаж байсан 500 гаруй хүн ажилгүй, тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарах ч юу байхав. Хүчээр суулгасан. Хатуухан хэлэхэд манай уран бүтээлчид хамгийн түрүүнд биеэ үнэлэгчид болсон. Уран бүтээлээ хийх гэж энд тэндээс мөн ч их царайчилж гүйдэг байлаа. Одоо ч дээрдсэн юм алга.
-Та монголын кино урлагийн хэдэн жилтэй нь холбогдож байна вэ?
-Би Бүх холбоотны кино урлагийн дээд сургуулийг кино судлаач мэргэжлээр дүүргэж, 1963 оноос кино урлагт зүтгэсээр өдийг хүрлээ. “Хүний мөр” кинонд туслах найруулагчаар ажилласан маань миний уран бүтээлд нөлөөлсөн байх. Төд удалгүй 1970 онд Соёлын яамд ажиллах тушаал гарч, киноны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон, 1982 оноос “Монгол кино” үйлдвэр татан буугдтал редактораар ажилласан. 1989 оноос өдгөөг хүртэл Халх голын байлдаан, Дэлхийн II дайны сэдвийг 20 гаруй жил судалж байна.
-Таны судалгааны зорилго түүхэн баримтат кино бүтээх. Гэвч баримтат кино бүтээх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Ялангуяа манайд баримтат кино төдий л хөгжиж чадахгүй байгаа энэ үед?
-Манайд баримтат кино хөгжихгүй байгаа нь хөрөнгө оруулагч байхгүйтэй шууд холбоотой. Би Чөлөөлөх дайны 70 жилийг угтаж баримтат кино хийхээр Батлан хамгаалах яаманд хандсан. Гэтэл найрамдалт харилцаа тогтоосон учир өнгөрснийг сөхөх хэрэггүй, санхүүжүүлэх боломжгүй гэдэг шалтгаан хэлж байна лээ. Гэсэн ч надад зохиолоо бичиж, найруулсан 30 гаруй баримтат кино бий.
-Таны бүтээлүүдэд эх орон, тусгаар тогтнолын сэдэв зонхилдог. Яагаад?
-Тусгаар тогтнолын сэдэв яригдах хэмжээнд ирчихсэн. Гэсэн ч ярихыг хүсдэг хүн алга. Би түүхийн хүрээлэнтэй хамтарч олон жил судалгаа хийлээ. Өнөөдрийн тусгаар тогтнол, газар шороо, нутаг ус ямар их үнэ цэнээр олдсон бэ, гэдгийн хариулт ердөө л түүх болж үлдсэн. Гэтэл залуучууд эх түүхээ мэдэхгүй байна. Гэхдээ тэдний буруу бас биш. Төрөөс энэ талаар явуулж байгаа бодлого алга байна шүү дээ.
-Бичиж, найруулсан кино бүтээлүүдээ гаргахаар телевизүүдэд хандаж үзсэн үү?
-Телевизүүдэд хандаж үзэлгүй яахав. Өөдөөс мөнгө л нэхнэ шүү дээ. Монголын үндэсний телевизэд ч гэсэн хандаж үзсэн. Адилхан л мөнгө нэхсэн. Уг нь олон нийтийн статустай гэж явдаг ч тийм биш бололтой.
-Та улсын ажилд чамлалттай ханддаг бололтой.
-Чамлахаас өөр арга алга. Төрийн бодлого алдагдсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Ялангуяа, энэ нийгэмд ахмадуудаа хүн гэж үзэхээ байж. Ахмадуудыг залуу үетэй нь холбож өгөх гүүр хэрэгтэй. Өнгөрснөө гишгэлсэн хөгжил гэж байдаггүйтэй адил ахмадуудынхаа үгийг сонсож байж л хөгжих учиртай.
-Уран сайхны кино хийх талаар бодож байгаа юу. Хэрвээ хийхээр бол ямар сэдвийг сонгох вэ?
-Залуучуудад итгэн үнэмших, даган дуурайх үндэсний бахархал үгүйлэгдээд байна уу, гэж харах юм. Тиймээс залуусынхаа эх орон гэх сэтгэлийн галыг асаах хэрэгтэй. Тийм л кино хийх юмсан гэж бодож явна. Бас л санхүүжилтийн асуудал олдохгүй л байна.
-XX зууны киног үзэл суртлын зэвсэг байсан гэж ярьдаг нь хэр үнэний хувьтай гэж боддог вэ. Мөн одоо үед гарч байгаа дотоодын кинонууд нийгэмд “үзэл суртал” дамжуулж чадаж байна уу.
-Аливаа уран бүтээл цаг үеийнхээ толь нь байдаг. Бас шууд үзэл суртлын зэвсэг гэж ойлгож болохгүй. Цаг үеийн бодлого, шаардлага, улс үндэстний эрх ашиг гэж юм бий. Би 1970-1982 онд Соёлын яаманд уран бүтээлийн үзэл суртал, уран сайхны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байлаа. Нэг ёсондоо киног зохиолоос нь авахуулаад дэлгэцэд гарах хүртэл хянаж, үзэж байж баталдаг хянан найруулагчийн ажил. Хэдийгээр дээрээс өгсөн тушаал, шийдвэрийг гүйцэтгэж байсан ч эх орны эрх ашиг, ард түмний төлөө гэсэн сэтгэлээр л ажиллаж байлаа. Гэхдээ эргээд харахад хянаж байсанд буруудах юм алга байна шүү дээ. Ард иргэдээ эх оронч үзлээр хүмүүжүүлж чадаж байсан нь одооны кинонуудтай харьцуулахад л харагдана. Одоогийн төр алаан хядаан, хүчирхийлэл, харуулсан барууны, солонгос киног өөгшүүлж, түүгээр л хойч үе маань хүмүүжиж байна. Үнэхээр харамсмаар. Харин сүүлийн үеийн дотоодын кинонуудыг эхэндээ үздэг байсан. Одоо үзэхээ бараг больсон. Залуучууд амар хялбар аргаар, техникт найдаж хийгээд байх шиг. Кино урлаг үзэгчдэд ямар их нөлөө үзүүлж, түүгээр ямар их санааг дамжуулж болдгийг ухаарах сөхөөгүй, мөнгөний төлөө л хийж байгаа харагдах юм. Угаасаа нийгэм нь тэгж захиалаад байна уу даа. Тиймээс Монголын кино урлагт төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үгүйлэгдэж ч байгаа. Харин хэн ч тэрийг харахыг хүсэхгүй юм. Монголын кино урлаг хэлбэр, хийц талаасаа хөгжиж байна. Харин агуулга, найруулгын хувьд уналтад орж яваа. Түүнээс гадна залуусын эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хайрлаж, хамгаалах сэтгэлийг төрийн бодлогоор асааж өгөх хэрэгтэй. Цээжээ дэлдсэн Чингис, билэг танхай монгол гэсэн том дээл, бүстэй хүн л бидний бахархал болж. Эх орон, уул усаа хамгаалж байгаа нь энэ гээд эрийн гурван наадам хийх, эсгий гэрт амьдрахаас илүүг хийж чадахгүй байна. Үүний цаана ихээхэн чухал асуудал байгааг олж харах цаг үе ирчихлээ. Монголоо гэх сэтгэлтэй хүмүүсийг цэцэрлэгийн наснаас бэлтгэх хэрэгтэй.
-Олон дотор сайн ч бий, саар ч бий гэдэг. Өсөх ирээдүйтэй залуу найруулагч гэвэл.
-Золоо, Сэнгэдорж. Бөхөөр бол эд хав нь таарч яваа залуу найруулагчид. Ялангуяа Сэнгэдорж. Өөрөө зохиолоо бичиж, найруулна гэдэг их авьяас шаарддагийг өөрийн биеэр туулж ирсэн болохоор гадарлаж байгаа.