Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Тимоти Аллен: Гэрэл зурагт бүх л амьдралаа зориулсан ч ганцхан кадраар чинь дурсан үлдэж болно

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Цасан дээр мөртэй, цаасан дээр нэртэй” гэдэг. Та биднийг үгүй болсон хойно үлдэж хоцрох нэр, мөр тань өнө хойчид хэн байсныг чинь тодорхойлно. Үүнтэй адил “Гэрэл зурагт бүх л амьдралаа зориулсан ч ганцхан кадраар чинь дурсан үлдэж ч болно” хэмээн Английн гэрэл зурагчин Тимоти Аллен яриандаа онцолсон юм. Их Британийн томоохон өдөр тутмын сонин, сэтгүүлүүдэд гэрэл зурагчнаар ажиллаж байсан тэрээр 2005 оноос хойш манай оронд 13 удаа ирж нүүдлийн соёл иргэншил, малчин түмний ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгаж буй нэгэн. Түүнийг өнгөрөгч долдугаар сард Алтайн уулс, алс хязгаар Баян-Өлгий аймгаар аялж, зураг авахаар ирэхэд нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Таныг манай оронд цөөн­гүй ирж байсныг мэднэ. Энэ удаагийн аялал хэддэх нь вэ?
-Үүнээс өмнө 12 удаа ирж байсан. Үүний долоо, наймд нь хувийн шугамаар буюу зураг авахаар ирсэн бол бусдад нь “BBC” телевизийн төслийн хүрээнд Монголын тухай нэвтрүүлэг хийхээр ирж байсан юм. Энэ удаагийн аялал ч мөн л гэрэл зурагтай холбоотой. Надтай хамт найман гэрэл зурагчин ирээд байна. Бид Баян-Өлгий, Алтайн уулсаар аялж зураг авах зорилготой. Тэр дундаа казах түмний ахуй амьдралыг илүүтэй сонирхож байна.

-Өнгөрсөн өвөл ирэхдээ авсан зургуудыг тань үзсэн. Казахуудын дунд багагүй хугацаа өнгөрөөсөн санагдсан?
-Тийм, өвөл хоёр сард ирсэн болохоор их хүйтэн байсан. Би сар орчим казахуудтай амьдарсан л даа. Өвөл болохоор зэрлэг ан амьтад тэр ч бүү хэл мал нь хүртэл өндөр ууланд гарчихдаг болохоор ид өвлөөр нүүдэг юм билээ. Би тэдэнтэй хамт амьдарч, нүүдэллэж зургаа авч явсан. Энэ их сонирхолтой аялал болсон шүү. Бараг 2000 орчим км газар нүүдэллэхэд зургаа авангаа явган алхсан. Тав хоног явж байж зорьсон газраа очсон.

-12 удаа ирснээс долоод нь өөрийн сонирхлоор зураг авах гэж ирсэн гэлээ. Энэ олон удаа манай орныг зорих болсон гол шалтгаан юу байв. Зурагчин хүний хувьд манай орны юу нь таныг ингэж их татдаг юм бол?
-Нэгдүгээрт, хүмүүс. Надаас гадна жуулчид хэлдэг л байх. Монголчууд их найрсаг, зочломтгой хүмүүс. Хоёрдугаарт, мэдээж дэлхийд цор ганц үлдсэн нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчдийн өвөрмөц ахуй. Миний аялал ихэвчлэн баруун аймгуудыг чиглэж, онцолсныг анзаарсан байх. Яагаад гэвэл баруун аймгийн ард түмэн нүүдлийн соёл, ахуй амьдрал, өвөрмөц зүйлсээ яг хэвээр нь авч үлдэж чадсан. Түүнээс гадна баруун аймгийн малчин ард түмэн байгалийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, улирлын байдлаас шалтгаалж бараг сар болгон нүүдэллэж байдаг. Тэр нь надад их сонирхолтойгоос гадна тааламжтай санагддаг. Учир нь, би өөрөө нэг газраа суурин, удаан хугацаагаар байх дургүй хүн. Тэднийг дагаад өндөр уулсын дунд нүүдэллэж, зургаа авч явах нь сайхан байдаг.

-Таны зургуудаас улс үндэстнүүдийн уугуул иргэдийн ахуй амьдралыг илүүтэй харж болно. Өөрийн тань хэлснээр цор ганц үлдсэн нүүдлийн соёл иргэншил бусад суурин соёл бүхий уугуул иргэдийн амьдралтай харьцуулахад ямар байх юм?
-Мэдээж соёлын хувьд асар их ялгаатай ч нийтлэг гэх нэг л зүйл бий. Тэр нь тухайн газар нутагт хэдэн мянган жилээр суурьшин нутаглаж ирсэн уугуул иргэд байдгаараа тэр. Мөн үндэстний цөөнх. Ялгаатай талыг нь нэрлээд байвал их л дээ. Жишээ нь, монголчууд л гэхэд дотроо аймаг, бүс нутгаараа өөр өөр байдаг. Соёл, ахуй, уламжлал, мал аж ахуй гээд. Баруун аймгуудаас нааш Архангай, Өвөрхангай руу ороод ирэхээр илүү хотожсон, суурин маягийн ахуйтай. Тиймээс ийм тийм гэж тус тусд нь онцлох хэцүү. Өөр өөрийн өвөрмөц шинжтэй. Ерөнхийд нь аваад үзвэл нүүдлийн соёл иргэншил бүхий малчин ард түмний амьдрал тэр чигтээ гайхалтай сэдэв. Яг юу гэж тодорхойлохоо мэдэхгүй юм. Юутай ч алс хязгаар, өндөр уулсын дунд нутаглан байгаа ганц айл бусдаас огт хамааралгүй оршиж байгаа мэт боловч нэг талаар тийм биш. Гэвч жилийн дөрвөн улирал дамнан хот суурингаас хол нүүдэллэн амьдраад болоод л байдаг. Явж, явж нэг айлд ороход хаалга нь цоожгүй хэр нь гэрт хүнгүй байх жишээтэй. Ер нь, танай ард түмний энэ ахуй амьдрал, соёлыг ойлгоход их төвөгтэй. Дунд нь орж ажиллаж, амьдарч багагүй хугацаа зарцуулж байж зах зухаас нь ойлгох байх. Миний хувьд яагаад ч юм танай орон руу маш ихээр татагддаг. Хэтэрхий амар амгалан, эрх дураараа амьдардаг, газар нутаг шигээ уужуу хүмүүс дээ.

-Таныг Английн томоохон өдөр тутмын сонинуудад гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсныг олж мэдсэн. Чамгүй удаан хугацаанд хэвлэлийн гэрэл зураг авч байгаад “Travel photography” буюу аяллын гэрэл зураг руу орсон. Ийн ажил мэргэжлээ эрс өөрчлөх болсон шалтгаан юу байв?
-Өдөр тутмын сонинуудын материал гарчгаасаа аваад л сөрөг агуулгатай, сөрөг мэдээлэлтэй байдаг. Дагаад гэрэл зураг ч яг л тэр сэдэв, агуулгад нийцсэн байх ёстой болж таардаг. Би долоон жил сонинд ажилласан. Мэдээж энэ урт хугацаанд тэр их сөрөг зүйлс дунд ажиллана гэдэг амаргүй. Улмаар шинэ, илүү гэгээлэг юм хайж эхэлсэн. Тэгээд л би аяллын гэрэл зураг сонирхож эхэлсэн. Мэдээж олон улс үндэстнээр аялж авсан зургууд маань хүмүүст эерэг энерги өгч байхаар мэдээлэл агуулсан байх ёстой гэж ойлгосон. Хүн бүр Монгол эсвэл Африк руу аялаад байх боломжгүй шүү дээ. Тиймээс л би аль болох олон улс орноор явахыг хичээдэг. Миний авсан зургууд хүмүүст эх дэлхийгээ илүү танин мэдэх, хайрлан хамгаалах сэдэл өгч байгаасай гэж хүсдэг.

-“BBC”-тэй хэр удаан хамтран ажилласан бэ?
-2005-2009 он хүртэл “BBC”-тэй хамтран ажилласан. Энэ нь гурван жилийн хугацаанд дэлхийн 40 улсаар явж уугуул иргэдийн ахуй амьдралаар кино хийх төсөл байсан юм. Төсөл эхэндээ амжилттай үргэлжилж байсан ч сүүлдээ асар их төсөв хөрөнгө шаардах болсон л доо. Нэг удаагийн төсөлд л гэхэд нийт 10 сая паунд шаардагдаж улмаар “BBC” болон “Discovery” сувгууд хамтран санхүүжүүлж эхэлсэн юм. Та бүхэн мэдэх байх аа, бидний хийсэн кино, нэвтрүүлгүүд дээрх хоёр сувгаар одоо ч гардаг л юм. Бид нэг уугуул иргэдийн тухай нийт найман цуврал бүтээл хийх шаардлагатай болдог байлаа. Гэтэл зөвхөн нэг хэсэг нь л сая паундын өртгөөр бүтэж байсан. Тиймдээ ч төсөл цааш үргэлжлээгүй байх. Уг нь, энэ төсөл “BBC” телевиз мөн надад гэхээс илүү хүн төрөлхтөнд гайхалтай архив болон үлдэх учиртай байсан болов уу гэж боддог. Гэхдээ бид чадсан. Дэлхийн өнцөг булан бүрт байх 40 өөр соёл иргэншил бүхий 40 улс орны уугуул иргэдийн ахуй амьдралыг дүрсжүүлэн авч үлдсэн. Магадгүй хагас зууны дараа ч юм уу тэдний зарим нь устаж үгүй болохыг үгүйсгэхгүй.

-Таны үндсэн мэргэжил гэрэл зурагчин уу?
-Тийм, ажил мэргэжлийн гараагаа гэрэл зурагчнаар эхэлсэн гэж болно. 2005 оныг хүртэл дан гэрэл зураг авч байгаад дараа нь буюу арван жилийн өмнөөс дижитал камер гарч ирснээр зураг авахынхаа хажуугаар видео сонирхох болсон. Яахав, технологийн шийдэл, хөгжлөө дагаад бидний ажил мэргэжил, ашиг орлого илүү хумигдаж байна л даа. Урьд нь сонины гол ноён нуруу нь гэрэл зурагчин байсан бол одоо үүрэг роль нь бага багаар буурсаар байна. Интернет орчинд цахим мэдээллийн хэрэгслүүд хүчээ авч байгаа болохоор цаасан сонин ч зах зээлээс бага багаар шахагдсаар байна. Дээр нь юмс хэт хялбар, олдоц нь их болсноос жирийн нэг сэтгүүлч камер үүрээд зургаа авангаа мэдээ мэдээлэл цуглуулж нийтлэлээ бичих нь ихэсч. Мэдээж мэргэжлийн гэрэл зурагчны хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй ч ажил олгогчид бага зардал, цөөн хүн хүчээр ажлаа амжуулахыг чухалчилна биз. Хальсаар авдаг байх үед томоохон сэтгүүл, сонин агентлагт 20 хүртэлх тооны зурагчин ажилладаг байлаа. Харин одоо хоёр, гурваас хэтрэхгүй болж.

-Цахим сайтууд гарч ирснээр цаасан сонин шахагдаж байгаа гэлээ. Үүнтэй адил нэрт гэрэл зурагчин Элиот Эрвитт хэлэхдээ “Дижитал гэдэг арга заль гэрэл зургийг алсан” гэж хэлсэн удаатай. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Миний мэдэхээр 25 жилийн өмнө бид ийш тийш томилолтоор ч юм уу явж зураг авчихаад хугацаа хожихын тулд зургуудаа боловсруулчихаад шуудангаар явуулдаг байсан. Мэдээж тэр хол газар тоног төхөөрөмж гээд овор ихтэй зүйлс авч явах төвөгтэй л дөө. Өдөр тутам ийм байдлаар ажиллах гэрэл зурагчинд их ачаалал болдог. Яахав, анх дижитал камер гарахад амар хялбарыг нь бодож хамгийн анх хэрэглэгч нь болсон хүмүүс бол зурагчид бид өөрсдөө. Цаг хугацаа өнгөрөх тусам юмс энгийн, хэрэглэхэд амар хялбар, цаг хугацаа, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй болдог. Энэ бол хөгжил. Тиймдээ ч бид цаг үетэйгээ хөл нийлүүлэх нь зөв гэж боддог. Тиймээс би дээр хэлсэн үгтэй хараахан санал нийлж чадахгүй. Хэрэв тийм гэж хэлэх ёстой бол энэ нь хувь хүний л хэрэг шүү дээ.

-Баруун аймгууд тэр дундаа Баян-Өлгийгөөр их явсан юм билээ. Олон казах найзтай болсон биз?
-Тийм шүү, Баян-Өлгийд олон найз нөхөд, танилтай болсон. Ер нь, казах хүмүүс хошин ааш зантай, их шооч хүмүүс. Илүү нээлттэй, чөлөөтэй, энгийн байж чаддаг. Тэдний дунд хэсэг хугацаанд байвал амархан уусна. Яг л гэр бүлийн гишүүн шиг нь болчихдог юм. Тэгэж амархан найзалж нөхөрлөж чаддаг учир зураг авахад амар байдаг.

-Та “Humanplanet.com” сайтдаа “Аялж гэрэл зураг авдаг нь өөрийгөө нээх, ойлгох гэсэн хувийн чанартай аялал” гэж бичсэн байсан. Гэрэл зургаар өөрийгөө ойлгох, нээх гэдэг ойлголтыг хэрхэн тайлбарлах вэ?
-Олон газар орноор явах нь нэг талаар тухайн орны ард иргэдтэй уулзаж танилцах, тэднээс суралцах асар том боломж юм. Янз бүрийн хүмүүстэй танилцаж тэднээс суралцаж байгаа нь нэг талаар өөрийгөө нээж, хөгжүүлж буй хэрэг. Ер нь, Европын орнуудыг аваад үзэхэд хэт нэгэн хэвийн, өдөр тутмын амьдрал нь ч тэр уйтгартай тал бий. Тэгээд ч аялж яваад сурчихсан болохоор нэг газраа удаан хугацаагаар суурин байхыг нэг их эрхэмлэдэггүй. Тиймээс л энэ дотоод хүсэлдээ хөтлөгдөн хаана, юунд хүрэхээ мэдэх, өөрийгөө ойлгох гэж аялдаг.

-Гэрэл зургийг зарим хүн технологи гэж тодорхойлдог бол урлаг гэх нь ч бий. Таныхаар гэрэл зураг гэж юу вэ?
-Гэрэл зураг бол гэрэл сүүдэр, дүрсээр ярьж ойлголцдог хэл. Мөн асар хүчтэй мэдээллийн хэрэгсэл. Нөгөө талаас урлаг. Мэдээж технологид суурилсны хувьд шинжлэх ухааны бүтээл ч гэж болох. Гэвч орчин үед урлагийн төрөл зүйлүүд асар хурдацтай задарч, ангилал зүй нь нэмэгдсээр байна. Тиймээс урлагийн ч бүтээл. Хоёрдугаарт, би зураг авч байхдаа үнэхээр аз жаргалтай байж чаддаг. Гэрэл зургаа орхиж чаддаггүй нэг шалтгаан нь энэ. Мөн зураг авах тусмаа улам бүр цаашлахыг хүсдэг. Илүү гүн рүү нь хүрч, гэрэл зургийг илүү ойроос таньж, ойлгохыг эрмэлздэг. Ер нь, хүн нэг дурласан юмандаа үнэнч үлдэх сайхан шүү дээ. Хүнд хэцүү, хөрөнгө мөнгөгүй гээд олон ч шалтгаан тоочин зургаа орхиж болно. Би л гэхэд аяллын зардлаа гэрэл зургаасаа олсон орлогоороо л залгуулдаг.

-Манай оронд гэрэл зургийн алба үүсч хөгжөөд 80 жил болж байна. Мэдээж нийгэм солигдсоноос хойш буюу 1990 оноос илүү чөлөөтэй болж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гэрэл зураг сонирхох залуус ч ихэсч байна. Олон улс орноор явсан туршлагатай зурагчны хувиар тэдэнд зөвлөхөд?
-Дээр хэлсэн дээ, чи нэгэнт гэрэл зургийг сонгож, гэрэл зурагт дурлаж, өөрийнхөө нэгээхэн хэсгийг зориулсан бол түүндээ үнэнч үлд. Зураг авч байхдаа амар амгалан, сэтгэл хангалуун байж чаддаг бол чи хийх ёстой зүйлээ олжээ гэсэн үг. Миний хэлсэн хэлээгүй цаг хугацааны шүүлтүүр сайн зурагчдыг шигшээд үлддэг. Тэдний нэг байхыг хүсвэл өдөр тутам суралц, дурла, татагд. Мэдээж гэрэл зургийн ажил алба тийм амар биш. Бүхэл амьдралаа зориулсан ч ганцхан кадраар чинь чамайг дурсан үлдэж ч болно.

-Танай оронд гэрэл зурагчдын үүрэг роль, ашиг орлого нь буурч байгаа гэсэн. Үүнтэй адил асуудал манай зурагчдад ч тулгараад байна. Манайд гэрэл зургийн үнэлэмж их муу байгаа. Тиймээс энэ байдлыг өөрчлөх, үнэлэмжийг нь өргөх тухай танай орны гэрэл зурагчдын туршлагыг судлах гэсэн юм?
-Ер нь манайд ч тэр гэрэл зургийн үнэлэмж муудсаар байгаа. Хэрхэн өөрчлөх тухай хэлж мэдэхгүй юм. Юутай ч цахим, медиа хөгжил хаа хүрэхээс хамааралтай болов уу. Хүн бүхэн гар утас, камертай болсон үед үнэхээр шаардлагатай гэсэн үед л мэргэжлийн гэрэл зурагчинд хандаж байна. Бүгд фэйсбүүк орчинд мэдээ мэдээлэл солилцож, сайтуудаас цаг алдалгүй шинэ соргог гэсэн бүгдийг авч байна. Энэ үед гэрэл зурагчид хэрхэн өөрийн гэсэн орон зай бий болгох тухай бодох хэрэгтэй. Энэ их эрх чөлөөт цахим орчин мөнхөд оршихгүй нь мэдээж. Тодорхой хэмжээнд хязгаарлалт хийгдэнэ. Тэр үед уналтад ороод буй сонин, сэтгүүлийн бизнес эргэн хөл дээрээ босох болов уу. Дагаад гэрэл зурагчдын, гэрэл зургийн үнэлэмж өсөх нь тодорхой. Ер нь цаг хугацааны л асуудал юм уу даа. Тэгээд ч хүмүүс их уйдамтгай байдаг. Хуучин зүйл шинэ мэт санагдах хүртэл юмнаас уйдаж, залхдаг шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан