Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Ойрхон мөртлөө хол, мэддэг мөртлөө мэддэггүй хүнхэр тайгын тухай өгүүлэх “Содура” уран сайхны кино үзэгчдэд хүрсэн цагаасаа л олны талархлыг хүлээх болсон. Хэдийгээр нээлтээ хийгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч үзэгчид дэлгэцнээс буулгах хүсэлгүй байгаа. Ингээд тус киноны зохиолч, сэтгүүлч С.Сумъяатай ярилцсанаа хүргэе.
-Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж, шинэ уран бүтээлүүд шил шилээ даран төрж байгаа ч байгаль, экологийн сэдэвтэй нь цөөн. “Содура” энэ сэдвээр тэр дундаа устаж мөхөхийн ирмэгт тулаад буй цаатнуудын тухай өгүүлснээрээ үзэгчдэд илүү хүрсэн юм болов уу гэж бодсон. Мөн гүйцэтгэл сайн болсон гэж хувьдаа дүгнэсэн. Зохиол бичих санаагаа хаанаас олов?
-Зохиолын санааг манай киноны ерөнхий продюссер, “UBS” телевизийн захирал Балхжав гаргасан. Захирал хэлэхдээ “”UBS” телевиз Монголын киночдын очоогүй газар очиж, хөндөөгүй сэдвээр кино хийе” гэсэн. Тэр нь тайгын тухай, тайгын охины тухай кино байвал ямар вэ гээд анх ерөнхий найруулагч бид хоёртой ярилцсан. Тэгээд бид гурав сууж байгаад киноныхоо анхны санаануудыг гаргаж байлаа. Энэ бол 2012 оны зургадугаар сар буюу одоогоос яг гурван жилийн өмнөх үйл явдал юм. Тэгээд зургадугаар сард санаагаа гаргачихаад есдүгээр сард ерөнхий найруулагч Жаргалсайхан, зураач, зургийн дарга гээд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр судалгааны ажлаар Хөвсгөл рүү явсан. Улмаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгад очсон. Миний хувьд тэнд анх цаатнуудтай танилцсан.
-Цаатнуудтай танилцсан анхны мэдрэмж ямар байсан бол?
-Америк кинонд гардаг индианчуудын отог шиг нэг тийм гоё мэдрэмж байсан. Гэхдээ гоё санагдахаасаа илүү цаанаа л нэг гунигтай, сэтгэл хөндүүрлэж үлдсэн юм нь нөгөө л цус ойртолт байсан. Цаатнууд хэлэхдээ энэ тайга маань 30 жилийн дараа гэхэд цаагүй, цаа бугаа маллах хүнгүй болох байхдаа гэж байсан. Тухайн үед бидний барьж авах гол сэдэв нь энэ юм байна гэж бодсон. Яахав, уран бүтээлч хүмүүсийн хувьд нийгмийнхээ түрүүнд дугарч, хийж байх ёстой гэсэн хүсэл эрмэлзэл байдаг.
Цаатан гэдэг маань Монголын цөөнх. Гэтэл монголчууд маань өөрсдөө дэлхийд цөөнх болчихоод байгаа. Цөөнхийн зовлон жаргал юу байдаг, үндэс угсаагаа авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуултад хариулт олно гэдэг том зорилгыг өмнөө тавьсан.
-Агуулга нь өвөрмөц байснаас гадна гүйцэтгэл нь олон үзэгчид үнэлэгдсэн. Тун удахгүй олон улсын кино наадмуудад ч хүч үзэх сурагтай байгаа...
-Анхнаасаа л олон улсын фестивальд киногоо өгөх зорилготой байсан юм. Тэр зорилгодоо хүрэхийн тулд ямар техникийн шаардлагуудыг хангах ёстойг судалсан. Жишээ нь, зургаа 4К-аар авах ёстой гэвэл түүнд нь дүйцсэн камер авч байгаа юм. Дуу шум нь 5.1, 7.1 байх ёстой гэвэл 7.1 долби системд хүргэнэ ч гэдэг юм уу. Ирэх жилийн Каннын кино наадамд оролцох хүсэлтээ явуулсан, зөвшөөрөл нь ч ирсэн. Бүтэн жил бэлтгэл хийгээд жилийн дөрвөн улирал дамжиж зургаа авсан. Бүх зургаа авч дууссаны дараа Хөх хотод өнгийг нь, Бээжинд дууг нь засуулсан. Тиймдээ ч кино маань багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан. Гүйцэтгэл нь сайн болсон нь үүнтэй холбоотой.
-“Содура”-г үзсэн үзэгчид нэгийг бодоод театраас гарч байгаа болов уу. Гэхдээ нэг юмыг л гайхаад байна. Яагаад ийм ойрхон байсан сэдэв киночдын нүдэнд өртөөгүй юм бол?
-Яахав, техник технологи өндөр хөгжиж буй өнөө үед сайн кино хийе гэвэл асар их хөрөнгө, том баг бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг шаардаж байна. Одоо Монголын киночид арван хэдэн хүнтэй баг бүрдүүлж 100, 200 сая төгрөгт л эргэлдэж байна. “Содура”-д зарцуулсан хөрөнгө нь одоогоор 300 сая төгрөг гэж үзэж байгаа. Кино бүрэлдэхүүн маань ч 128 хүнтэй байсан. Үүнийг л “UBS” телевизийн хамт олон зориглон гаргаж, зуу гаруй хүнийг хөдөлгөснөөр ард нь гарч чадсан болов уу. Магадгүй Монголын кино үйлдвэр байгаад хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан бол үүн шиг бүтээл гаргах л байсан.
-Биечлэн очоогүй бидний хувьд цаатнуудын ахуй амьдралыг хальсанд үлдсэн дүрс, гэрэл зургаар л төсөөлдөг. Яг дунд нь бүтэн жил ажиллаж амьдарсан хүмүүсийн хувьд тэднийг илүү таньж мэдсэн байх. Хүний амьдрал болохоор дээр дурдсан гунигтай эмгэнэлээс гадна баяр жаргалтай зүйлс олон таарсан уу?
-Манай жүжигчин Өөскөө хаврын зургаас зуны зургийн хооронд Америк явчихаад ирсэн. Америкаас өглөө зургаан цагт буугаад шууд долоон цагт нь Хөвсгөл рүү гараад давхиж л дээ. Хөгжил дэвшлийн дээд оргилд нь хүрсэн хязгаараас нэг өдрийн дотор ямар ч хөгжил дэвшилгүй, балар тайга руу очсон. Тэгээд Өөскөө Америкт дутуу юм байхгүй хэрнээ л сэтгэл нэг л давчуу байсан гэж ярьж байсан. Гэтэл Хөвсгөлд юу ч байхгүй, нөгөө гар утас, интернэт, тог цахилгаан гээд бидний идэж ууж, хэрэглэдэг гоё ганган зүйлс байхгүй мөртлөө цаанаа л нэг амар амгалан, нэг тийм сайхан гэж байсан юм. Бид Хөвсгөлд байхдаа тэр тайван сайхныг нь мэдэрч чадсан. Хавар зундаа өглөө болгон манан бууна, өдөр бүр бороотой бол намар нь ертөнцийн бүх л өнгө тэнд гарч ирдэг. Сайхан байгаль дунд хүн ердөө ч муу юм боддоггүй, стрессгүй, элдэв ахуйн асуудал байхгүй...
-Утаагүй, түгжрэлгүй..?
-Тийм. Мөнгө төгрөг бодох ч шаардлага байхгүй. Тэр нь үнэхээр сайхан юм билээ. Хөвсгөлийн байгаль гэдэг өөрөө гайхамшиг. Кинонд гардаг Цэцэгт нуурыг харсан байх. Бид зургийг нь авах гэж отгоосоо 300 км явсан. Ер нь, очсон газар бүхэн бидний хувьд шинэ нээлтүүд. Өмнө нь би Цэцэгт нууранд хосоороо ургадаг цэцэг байдаг учраас л үнэнч хайрын бэлгэдэл гэдэг юм байна гэж ойлгож байсан. Тэгээд очсон чинь хоёр хоног тэнгэр бүрхээд нар гарахыг хүлээсэн. Наргүй үед мөнөөх цэцэг маань төмс шиг болчихоод дэлгэрдэггүй, нартай үед хамаг л дэлбээгээ дэлгэж гоё сайхнаа харуулдаг юм билээ. Хүмүүсийн ярьснаар нарандаа үнэнч байгалийн зохицолдолгоотой ургамал юм билээ. Энэ мэт үнэхээр нүд тайлж, шинэ мэдрэмж өгч байсан зүйл их байсан.
-Кинонд цус ойртсон хүмүүсийг хар урцанд тусгаарлаж байгаагаар өгүүлдэг. Нөхцөл байдал яг тийм байдаг хэрэг үү?
-Хар урц бол бидний гаргасан уран сайхны шийдэл. Кино учраас цус ойртсон гээд яриад байж болохгүй. Гэхдээ ямар нэг байдлаар харуулах ёстой. Цус ойртлоо гээд мэдрэл муутай хүүхдийн дүрс гаргаад байх уу гэхээр хэт өрөөсгөл. Тэгээд л бид бодож байгаад хар урцыг сэдсэн юм. Бид энэ тухай цаатнуудтай ч ярьсан. Биднийг зураг авч байхад цаатнууд ирээд энэ харц урц ямар учиртай юм бэ гэж их асууж байсан. Бид ч хэлж тайлбарлаад өмнө нь цус ойртсон хүмүүсээ яадаг байсан тухай асуутал хэзээ ч юм, нэлээн дээр үед нөгөө эр эм хоёрыг сэлүүргүй саланд суулгаад далайд тавьчихдаг байсан гэсэн. Том шийтгэл байгаа биз.
-Цаатнууд жил ирэх тусам цөөрч, цус ойртож байгаа нь тэднийг мөхөж байгааг сануулдаг учраас энэ асуудал тэдэнд эмзэгээр тусдаг нь мэдээж. Энэ асуудлаа ярихдаа хэр нээлттэй байдаг юм бэ?
-Ер нь ингэж муухайгаар хэлж бичиж болох юм болов уу. Тэд чинь нийгэмшээгүй. Тиймээс шууд ярилцаж ойлголцоход бэрх. Нэлээд хаалттай, бүрэг. Юм асуухад ганц хоёр үгээр л хариулна. Ойртож танилцаад дунд нь орсны дараа бол ярьж л байгаа юм. Хөгшчүүл нь их халаглана. 30 жилийн дараа гэхэд энэ тайга эзгүйрэх нь гэх жишээтэй. Харсаар үзсээр байтал ах дүү хоёрын хүүхэд суучих юм гэх мэт зүйлс ярина аа.
-30 жил гэж цаатнууд өөрсдөө хэлж байх юм уу?
-Тийм, өөрсдийнх нь хэлж байгаа нь тэр.
-Кинонд хулгайн анчидтай хэсэг их гардаг. “Тайгын хууль тайгадаа үйлчилнэ” гээд долоовор хурууг нь цавчдаг гэх мэт. Одоо Хөвсгөлд хулгайн ан хэр байгаа бол, яг кинонд өгүүлсэн шиг байгаа болов уу?
-Хуруу тасддаг бол уран сайхны шийдэл л дээ. Тайгад гаднаас юу нөлөөлдөг тухай цаатнууд ярьж байсан. Тэд хэлэхдээ “Бид бол цаа малладаг анчин хүмүүс. Гэхдээ бид ямар анг хэзээ агнах уу, яах вэ гэдгээ мэддэг. Малчдад малаа маллах арга ухаан гэж байдаг шиг бидэнд ч ан хийх арга ухаан бий. Бид авладаг бас хамгаалдаг. Гэвч хулгайн ан ихэсч байгааг дагаад бүх юм хуультай болсон. Тиймдээ ч бидний уламжилж ирсэн амьдралын хэв маяг алдагдаж амьдрах орчин хумигдаж байна” гэж ярьж байсан.
-Кинонд хулгайн анчдад хаана ан хийвэл тохиромжтой, хэрхэн баригдахгүй байх талаар зааж өгдөг хүн бол отгийн ахлагч. Яг энэ шийдэл үзэгчдээс багагүй шүүмж дагуулсан. Явж явж ахлагчийг нь урвагч болгон харууллаа гээд л. Энэ зохиолчийн санаа юу?
-Тийм, би ойлгохдоо улс орны түүхэнд боол урваад ямар ч үр дүнгүй, харин ч ноён урваж байж илүү хор хохирол учруулдаг гэдгийг харуулахыг хүссэн юм.
-Ноён урваач, нохой шарваач гэдэг шиг үү?
-Яг зөв. Монголын түүхэнд ноёд, хаад нь урваж байж л улс үндэстэн мөхөж байсан тухай өгүүлдэг. Тиймдээ ч зүгээр нэг цаатан залуу урвах нь үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхгүй, хүний мөн чанарыг гаргаж чадахгүй. Хэлье гэсэн санаагаа хүчтэй, чанга хэлж байж хүнд хүрдэг юм болов уу гэж бодсон. Тиймдээ отгийн ахлагчийг сонгосон. Ер нь энэ киноны дараах ярианы гол сэдэв нь энэ болж байсан. Гол сэдэв болсны хувьд ч байгаа оносон гэж бодож байгаа.
-Дүр сонголтоо яаж хийсэн бэ. Өөрийн тань зүгээс би энэ дүрд тэр жүжигчнийг тоглуулна гэж сонголт хийх боломж байв уу?
-Байлгүй яахав. Миний хувьд дүр сонголтод түлхүү оролцсон. Ер нь бол хоёр найруулагчтайгаа зөвлөлдөж дүрүүдээ сонгосон. Хамгийн түрүүнд олсон дүр маань Аак-Одод тоглосон Амгаланбаатар. Амгаланбаатарыг би анх санал болгож байсан. Мөн Ариунбямба байна. Харин талийгаач Амбий ахыг жүжигчин Одончимэг эгч санал болгосон. Гол дүр Содура буюу Очгэрэлийг урьд нь манай “Мартагдашгүй намар”-т тоглож байхад нь харж байсан. Нэлээн олон охиноос проб хийж байж сонгосон. Ер нь анх кино хийх санаа төрсөн тухайгаа захирал ярихдаа “Universe best songs” наадамд оролцсон “Солонго” хамтлагийн дуучин, эсрэг дүр Аяанад тоглодог Оюунсүрэнг хараад олсон гэдэг юм билээ. Оюунсүрэн өөрөө их өвөрмөц төрхтэй. Жүжигчин, дүр сонголтдоо бид үнэхээр 100 хувь сэтгэл хангалуун байгаа.
-Кинон дээр жүжигчин Амбий “Одоо би үхэх эрхгүй боллоо” гэж хэлдэг. Гэвч энэ түүний тоглосон дэлгэцэнд гарсан сүүлийн уран бүтээл болсон?
-Яг үзэгчдэд хүрснээрээ бол хамгийн сүүлийнх нь уран бүтээл байсан. Гэхдээ манай киноны зураг авалт дууссаны дараа “Танхай тээгч”, “Тютю”-д тоглосон. Өөрөө хэлж байсан л даа, анх натурт очиход “Ах нь энэ киног хийх хоёр жилийн хугацаанд өөр юунд ч тоглохгүй, халтуур энэ тэр хийхгүй. Та нар миний үс сахлыг хүссэнээрээ өөрчилж болно” гэсэн юм. Тухайн үед үс нь мөрөө шүргэсэн урт ургачихсан байсан. Бид үс, сахлыг нь хуссан. Жижигхэн духтай болохоор нь үсийг нь дээш нь шууж нэмж хуссан. Мөн эсрэг дүр учир өвөрмөц, хүйтэн дүр гаргахын тулд хөмсгийг нь ч хуссан. Жилийн дөрвөн улирал яг тийм дүр төрхтэй байж кинондоо тоглосон. Тийм их сэтгэл гаргасан даа.
-Киног бас нэг сонирхолтой болгосон хэсэг оршуулгын зан үйл байсан?
-Оршуулах зан үйл мөн л цэвэр уран сайхны шийдэл. Цаатнууд тува хэлээрээ ярьдаг байсан. Хэл соёл, ёс заншил нь холдохын хэрээр тэдэнд үлдэх юмнууд нь үгүй болоод байгаа. Тиймээс бид цаатнуудын амьдралтай урьд хождын үлгэр домог, хуучийг холбож өгвөл илүү үндэсний хэв шинжтэй болох юм уу гэж бодсон. Оршуулах зан үйлийг хууч домгоос сэдэвлэсэн юм. Огт оргүй хоосноос сэдээгүй гэсэн үг.
-Цаатнуудын тухай бүтээл туурвисны хувьд тэдний ирээдүйг хэрхэн харсан бэ. Магадгүй тэдний хэлсэн шиг 30 жилээр харав уу, эсвэл түүнээс илүү хугацааг харсан уу?
-Наадах чинь ёстой хэцүү асуулт байна. 30, 60, 90 гээд магадгүй түүнээс олон жил байгаасай гэсэндээ бид энэ уран бүтээлийг хийсэн. Манай кинонд нэг текст байдаг юм. “Байгаа юм байж л байвал сайхан. Байхгүй болчихвол хайран” гэж. Мөн “Цаа буга гэдэг хүнхэр тайгын чимэг, цаатан гэдэг нь тайгын эзэд нь” гэдэг. Бид тэр тайга, тайгын чимэг, эздийн тухай л ажиллаж кино уран бүтээл хийсэн болохоор цаатнуудын ирээдүйг нь цаг хугацаагаар хэмжих эрхгүй, энэ бол утгагүй хэрэг. Бид байлгахын төлөө, энэ сайхан бүхнийг хайрлахын төлөө л ажилласан. Үзсэн хүмүүс янз бүрээр л ярьж байсан.
Залуухан эмэгтэйчүүд “Яана аа, тэр хүдрийн махыг нь идчихгүй юмсан” гэж байхад залуус “Энэ цаатнууд чинь хуруу гар цавчдаг ийм аймар хүмүүс юм уу” гээд л тал талаас нь харж, ярьж байна. Гэвч эцсийн бүлэгт энэ кинонд нөгөө л хүн чанар, мөн чанар, бидний хамгийн нандин зүйл болох хайрын тухай л өгүүлсэн. Хайрын тухай кино гэхээр хүмүүс байдаг л нэг хайр мэтээр хүлээж авна. Гэхдээ энэ бол байдаг л нэг хайр биш, байгаль дэлхий, хүн хоёрын хайрын тухай кино.