Италийн эмч нар нэг ой дөрвөн сартай бяцхан хүүд хиймэл зүрх суулгаж, амьдрал бэлэглэжээ. Дэлхийн анагаах ухааны түүхэнд шинэ амжилт болсон уг мэс заслыг зүрхний булчин нь цусаа шахаж чадахааргүй сул, хэзээ хэзээгүй зогсох аюулт өвчтэй хүүхдэд хийсэн байна. Хүүгийн зүрхний оронд зүрхний үйл ажиллагааг гүйцэтгэх бяцхан багаж суулгасан бөгөөд донор олдтол түүгээр амьдрах аж. Мэс заслыг өнгөрсөн сард хийсэн ч энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос л нийтэд ил болж эхэлжээ. Хүүгийн бие одоо сайн байгаа бөгөөд донор олдох хүртэл бяцхан зүрхтэйгээ амьдраад байж чадна гэж эмч мэргэжилтнүүд нь найдаж байна. Насанд хүрсэн хүнд суулгадаг хиймэл зүрх 900 грамм жинтэй байдаг бол бяцхан хүүд суулгасан зүрх ердөө 11 грам жинтэй, нэг минутад 1,5 литр цус шахаж чаддаг аж.
Төрөлхийн хүнд өвчтэй төрсөн хүү нэг сартай байхаасаа эмнэлгийн хяналтад орж, хиймэл зүрх суулгах мэс засалд бэлтгэгджээ. Түүнд суулгасан бяцхан зүрхийг өмнө нь зөвхөн амьтан дээр л туршиж байжээ. Уг зүрхийг Америкийн эмч Роберт Жарвик зохион бүтээж, мэс засал хийх зөвшөөрлөө Италийн Эрүүл мэндийн яамнаас авчээ. Хэрэв хиймэл зүрх суулгах энэ эмчилгээ үр дүнгээ өгвөл цаашид зүрхний хүнд өвчтэй хүмүүст донор олдохыг хүлээж байх хооронд амь насыг нь аврах гол арга хэрэгсэл нь болох юм.