Нүдний торлог шилэнцрийн мэс засал нь нүдний хагалгаанууд дотроос хамгийн хүнд нарийн төвөгтэй мэс засалд ордог бөгөөд манай улсын хувьд шийдвэрлэх боломжгүй өвчний жагсаалтанд торлогийн мэс засал орж байсан. Харин 2008 онд “Солонго” нүдний эмнэлгийн эмч нар нүдний торлог шилэнцрийн мэс заслыг Энэтхэг эмч нартай хамтран анх удаа хийснээс хойш эдүгээ 310 орчим монгол хүмүүс уг мэс заслын үр дүнд хараа нь сэргэжээ. Энэхүү хагалгааг эх орондоо хийх болсноор манай улсын нүдний салбарт томоохон дэвшил болсон юм. Ингээд олныг үл нуршин “Солонго” эмнэлгийн их эмч Г. Нарангаравтай уулзаж ярилцлаа.
-Уншигч олонд маань өөрийгөө танилцуулахгүй юу? Аль нутаг усны хүн билээ?
-Би Хөвсгөл аймагт төрж өссөн. Миний ээж, өвөг эцэг эмч оточ хүмүүс байсан. Би удмынхаа гурав дахь үеийн эмч болсноороо бахархаж явдаг. Миний өвөг эцэг найман настай байхдаа Энэтхэгийн Дарамсалад ном сурахаар яваад 28 настайдаа эргэн ирж, сурсан эрдмээ нутгийн зон олондоо зориулж явсаар маарамба цолтой болж, хүн арддаа хүндлэгдсэн оточ маарамба байсан гэж манай эмээ ярьдаг. Миний Аавыг Гүнчин-Иш гэдэг, аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургуулийн багшаас эхлээд захирал хүртэл хийж явсан. Аав ээж хоёр маань Хотгойд улсууд, би эцэг эхээс гурвуулаа, ахыг Чингүнжав, дүүг Чинзориг гэдэг, би өөрөө айлын ганц охин. Ээжийг минь Нарантуяа гэдэг, хүүхдийн эмч мэргэжилтэй, насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан, одоо Хөвсгөл аймагтаа амьдардаг даа.
-Та яагаад нүдний эмч болсон бэ?
-Би багаасаа эмч болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Анагаахын их сургуульд суралцаж байхад гуравдугаар курсээс эхлээд оюутнууд зуны дадлагыг сайн дураараа хийдэг байсан. Тэр үед Хөвсгөл аймгийнхаа эмнэлэгт дадлага хийж, өглөө эмч нар ирэхэд байж л байдаг, орой явахад нь бас байж л байдаг оюутан байлаа. Ингэж дадлага хийж байхдаа л мэс заслыг илүү сонирхож судалж эхэлсэн. Тэр үед хүмүүс эмэгтэй хүн мэс засалч болох хэцүү, шалгуур өндөртэй ер нь их л хэцүү гэж надад ярьдаг байсан. Гэхдээ би шантраагүй, 6-р курс хүртлээ мэс засалч болохоор суралцаж, яг сургуулиа төгсөх үедээ нүдний мэс заслыг илүү сонирхох болсон. Тэгээд 2001 онд мэргэжил дээшлүүлж, 2003 оноос эхлэн Нэгдсэн II-р эмнэлгийн нүдний тасагт ажиллаж эхэлсэн. Энэ үед АУ-ны доктор Т. Булган багш маань зөвлөх эмчээр ажиллаж байсан нь надад их зүйлийг сурч мэдэх боломжийг нээж өгсөн юм. Багштайгаа хамтраад ажиллаж байхдаа юм бүхнийг л сурч мэдэх юмсан гэж хичээдэг, хий гэсэн бүгдийг нь биелүүлэх гэж гүйдэг байж дээ.
-“Солонго” нүдний хувийн эмнэлгээ яагаад нээх болсон бэ?
-Улсын эмнэлэгт олон эмч нартай хамтарч ажиллаж туршлагажиж ирсэн. Тухайн үедээ хийж бүтээх их хүсэл тэмүүлэлтэй, хүмүүсийн хэлдэгээр уулыг нурааж, усыг эргүүлмээр л, аливаа юманд санаачлагатай, юм болгоныг л хийчихмээр санагддаг байв. Тийм их эрч хүчтэй үе залуу хүнд байдаг шүү дээ, яг тэр үедээ улсын эмнэлэгт удаан ажиллах нь хэцүү санагдаж, байнгын хурал цуглаантай... гэх мэтээр цагийг дэмий өнгөрүүлээд байгаа юм шиг, өөрийн зорьсон зорилготой, хийх бүтээх ажилтай дураараа байхгүй л бол болохгүй санагдаад болдоггүй. Ингээд 2006 онд аав маань өвдөөд би урт хугацааны чөлөө аваад л ажлаасаа гарсан. Гэтэл багын найз Болороо анагаах төгсөөд “Болордент” шүдний эмнэлгээ нээж байв. Найз маань надад өөрийн эмнэлгээ нээж ажиллуулж яагаад болохгүй гэж, байр сав нь олдоно, мэдлэг мэргэжил байна гэж зөвлөж хэлсэн. Ингээд л эмнэлгээ түрээсийн байранд нээж, нүдний гоо сайхны жижиг хагалгааг хийж эхэлсэн. Эхний саруудын түрээсийн мөнгийг миний хань надад өгч байв. Тэгээд дараагийн сараас түрээсээ төлдөг болж, цалингаа тавьж эхэлсэн, тэгээд л урамшаад, зориг орж, эмнэлгээ өргөжүүлье, өөрийгөө улам мэргэшүүлье гэж бодож ОХУ, Энэтхэг, Солонгос руу туршлага судлахаар явж байсныг одоо бодоход сайхан санагдаж байна.
-Танай эмнэлэгт Энэтхэгээс эмч нар ирж хагалгаа хийдэг. Энэ талаар?
-2008 онд Энэтхэг рүү эмч нарынх нь хийж байгаа хагалгааг харж үзье, сонирхоё гэсэн бодолтой анх явсан. Одоо бодоход Энэтхэгт ёстой л “харанхуй” яваад очжээ. Тэр үед Энэтхэгт сурч байсан манай оюутан эмэгтэй дүү надад их тусалж байсан. Энэтхэгийн нүдний том эмнэлгүүдээр очиж уулзаж, танилцаж явсаар нэг эмчтэй таарсан нь Сингх эмч байсан юм. Энэ хүн Монголоос ирсэн хүмүүст хагалгаа хийж эхэлж байсан бөгөөд Монголчуудыг арай илүү ойлгож тусалдаг хүн байсан тул надад хамтарч ажиллахыг зөвшөөрсөн. Ингээд Энэтхэгийн нэр алдартай Сингх, Вине эмч нартай холбогдож хамтарч цуг ажиллах боломж нээгдсэн юм. Энэтхэгт ажиллаж байхад надад нэг зүйл ажиглагдсан нь манайхан Монгол эмчтэй эмнэлэг байна гэж эрж сурсаар байгаад олж ирээд нүдний хүнд хагалгаануудыг хийлгэдэг байсан. Энэ хүмүүсийн нүдний торлог нь хуурсан, шилэнцэрт нь цус харвасан гэх мэт Монголд хийх боломжгүй хүнд хагалгааг хийлгэхээр гэр бүл, ойр дотны нэгээс хоёр хүнээ заавал дагуулж ирдэг, ингээд л өчнөөн мөнгө төгрөг зарж ирээд мэс засалд ордог боловч хугацаа их алдсан байдаг тул хараа сэргэх нь хэцүү, их зовлонтой байдаг байсан. Яагаад бид энэ хагалгааг Монголдоо хийж болохгүй гэж, Энэтхэг эмч нараа эх орондоо аваачиж энэ хагалгааг хийлгэе гэж бодсон. Миний энэ бодлыг найз Төмөрөө их дэмжиж, урам өгсөн шүү. Ингээд хоёр эмчдээ Монголд очиж хагалгаа хийгээч гэдэг санал тавихад тэр хоёр эхэндээ нэг жаахан охин ирчихээд л Монголд аваачиж хагалгаа хийлгэнэ гэж ярихаар итгээгүй байх. Тэгээд би эмч нарынхаа цээж зураг, анкетийг автал надад сайн гараагүй цээж зурагнуудаа өгч байсан. Сүүлд бид тэр зурагнуудыг нь үзүүлээд инээлддэг юм. Ингээд эмч нарынхаа зөвшөөрлийг авчихаад хамгийн чухал нь торлог шилэнцрийн хагалгаа хийх тоног төхөөрөмж, машин авах хэрэгтэй болсон. Би өөрөө явж машинаа судалж үзээд авах гэтэл тэр үед надад зуун мянга орчим доллар хэрэгтэй болсон. Энэтхэгт хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгч маань манай эмнэлэг дээр үзүүлээд явж байсан юм. Тэгээд л бид хоорондоо ярилцаж байхад би, -Их мөнгө олно гэдэг хэцүү байхаа гэж хэлэхэд, -Чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ? гэж асуухад нь би учраа хэлснээр тэр найз маань тусалсан. Ингээд л өөрийнхөө байрыг, хадам аав ээжийнхээ байртай цуг барьцаалж, зээл аваад нүдний мэс заслын тоног төхөөрөмж, машинаа оруулж ирсэн. Ямар ч барьцаа хөрөнгө байхгүй надад тэр мөнгийг олно гэдэг их амаргүй санагдаж байсан ч хоёрхон хоног дотор зээл бүтэж би захиалгаа хийж билээ.
-Олон Монгол хүнийг хараатай болгож өгсөн Энэтхэг эмч нараа товч танилцуулахгүй юу?
-Сингх, Вине эмч нараа танилцуулья. Ражендар Пал Сингх эмч бол Visitech Eye Centre нүдний торлог шилэнцрийн нарийн мэргэжлийн төвд зөвлөх эмч, Шинэ Дели дэх Indraparastha Apollo Төв эмнэлэгт нүдний зөвлөх эмч, Northern Railway Central Хойд төмөр замын төв эмнэлгийн хүндэт зөвлөх эмчээр ажилладаг. 2002 оны 1 сараас хойш жилд 1000 гаруй мэс ажилбар хийдэг бөгөөд гол төлөв болор, торлог, эвэрлэгийн хагалгаа хийсэн (like Phaco emulsification, retinal surgeries, LASIK). Бүх Энэтхэгийн Анагаах ухааны их сургуулийн Ражендра Празадын нэрэмжит Нүдний өвчин судлалын төвд 3 жил резидэнт хийсэн. Эрдэм шинжилгээний 200 гаруй судалгааны ажил хийсэн бөгөөд Олон улсын хуралд урилгаар оролцон, торлог шилэнцрийн мэс заслын чиглэлээр төгсөлтийн дараах сургалт явуулж, олон арван шавьтай болсон. 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж, олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд өөрийн эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн байдаг.
Вине Гародиа эмч Энэтхэгийн Анагаах ухааны их сургуулийн Ражендра Празадын нэрэмжит Нүдний өвчин судлалын төвд, Их Британи, Эдинбург, мэс засалчдын коллежид тус тус мэргэжил дээшлүүлсний дараа 2001 оноос хойш нүдний торлог, шилэнцрийн зөвлөх эмчээр ажиллаж, эрдэм шинжилгээний 200 гаруй судалгааны ажил хийсэн, маш олон нэр хүндтэй шагналуудтай. Одоо Visitech Eye Cenrte-н захирлаар aжилладаг.
-Манай хүмүүсийн дунд нүдний өвчлөл ямар байдаг вэ?
-Судалгаагаар 40-өөс дээш насны хүмүүст нүдний даралт ихсэх буюу глауком илүү байна. Энэ өвчин нь хараа эргэж сэргэдэггүй, харааны мэдрэлийг гэмтээдэг, удамших шинжтэй өвчин юм. Үүний дараа катаракт буюу нүдний болор цайх өвчин юм. Уг өвчний үед хараа сэргэх боломжтой ч манай хүмүүс өвчнөө хүндэрсэн үед нь голдуу эмчид хандаж хугацаа алдаж байна. 35-аас дээш насанд нүдний эмчид жилд нэг удаа ч болов хандаж хараагаа хамгаалж, урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.
-“Солонго” эмнэлэгт нүдний үзлэг, оношлогоог зарим үед үнэ төлбөргүй хийдэг гэж сонссон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бидний гол зорилго бол нүдний өвчнийг бага үед нь илрүүлж эмчлэх, хүмүүсийг хараа алдах, улмаар сохрох аюулаас урьдчилан сэргийлэхэд оршдог. Тэр утгаараа өрхийн эмч нартай хамтарч эмзэг бүлгийн харааны өвчтэй иргэдийг үнэ төлбөргүй үзэж эмчлэх ажлыг зохион байгуулдаг. Манай эмнэлэг нийт 6 эмчтэй, түүний хоёр нь саяхан төгсч ирсэн залуу эмч нар байдаг. Миний ажигласнаар яг өнөөдөр манай эмнэлэгт харьцангуй боломжтой хүмүүс ханддаг, гэтэл өрх, дүүргийн эмнэлэгүүд дээр нүдний өвчнөө хүндрүүлсэн, амьдралын бололцоогүй иргэд илүү үйлчлүүлдэг. Иймээс 7 хоногт нэг удаа дүүргүүдийн нүдний тасаг руу хоёр эмчээ явуулж ажиллуулдаг. Тэнд л төлбөрийн чадваргүй ч эмчлүүлэх гэсэн иргэд олон байна. Манай эмнэлэг 2010 оноос хүмүүнлэгийн хөтөлбөр боловсруулж ажилласан. Өнгөрсөн жил бид Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд ажилласан. Энэ жилээс алслагдсан дүүргүүдийн эмзэг бүлгийн эмчлүүлэх хүсэлтэй иргэдтэй ажиллаж байна. 6-р сард Төв аймагт ажилласан. 7-р сард Орхон-Уул аймагт, тэгээд дараагийн ээлжинд Төв аймгийн Батсүмбэр сумын улсын асрамжийн газарт ажиллана. Бид 2008 онд эндхийн гурван өндөр настанд торлог шилэнцрийн хагалгааг үнэ төлбөргүй хийж өгсөн. Энэ хагалгааг яагаад хүнд гэж хэлээд байна вэ гэхээр нэг удаа хийгээд дуусдаггүй, 3-4 үе шаттай явагддаг, нэгээс хоёр жил хяналтанд байж байгаад хагалгааны үр дүн гардаг. Гэтэл манай хүмүүс эхний үед нь сайжирчихлаа гээд явчихдаг, эргэж эмнэлэгтээ ирдэггүй, тэгээд бүр муудсан хойно нь та нарын хийсэн юм ийм байна гээд хүрээд ирдэг. Ингэж өөртөө хайнга хандаж, нүдээ нүдний эмчид, бөөрөө бөөрний эмчид даатгаж, өвчнөө хүндрүүлдэг, өөрийгөө хайрладаггүй энэ байдал нь надад их харамсалтай санагддаг.
-Хэрвээ танай эмнэлэгт “траншейны” хүн орж ирээд үзүүлье гэвэл?
-Тэр хүн бидэнд өөрийнхөө байдлыг ойлгуулах хэрэгтэй, бид үнэ төлбөргүй үйлчилнэ. Манай өдөр тутмын үзлэг оношлогоонд 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй үзүүлдэг. Нэн ядуу иргэдэд, бас хоёр нүд нь хараагүй хүнд үнэ төлбөргүй үйлчилдэг дотоод журамтай.
-Үнэ төлбөртэй эмчилгээ хагалгааг үнэгүй хийгээд байх нь та бүхэнд хохиролтой биш үү?
-Хараагүй хүнийг хэн ч ойлгодоггүй. Тэр хүн өөрөө өөрийгөө л ойлгож мэдэрдэг болохоос түүнтэй хамт амьдарч байгаа хүн ч ойлгохгүй. Ууртай, уцаартай байх юм гэж зарим өвчтөний ар гэр хэлдэг. Та зөвхөн нэг өдөр л нүдээ боогоод амьдрах гээд үз, ямар байх бол? гэж би хэлдэг. Бидэнд хараа оруулах боломж байхад тэр хүн мөнгө төлөх боломжгүй гэдэг нь тодорхой байтал бид мөнгөө төл гээд суугаад байж чаддаггүй, нүдтэй болгоод өгөхийг л хичээдэг. Хүнд хараа өгнө гэдэг буянтай сайхан ажил. Мөнгө биднийг дагана гэж үг байдгийг би нэг номноос уншсан санагдаж байна. Бид цаашдаа улам өргөжиж, өөрийн эмнэлгийн иж бүрэн байртай болчихоод илүү олон хүнд туслах юмсан гэж мөрөөддөг.
Б.Батжаргал