Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Алтангэрэл: Үр хөврөл шилжүүлэн суулгахыг анх эхлүүлсэн гээд оюуны өмчийн патент авсан ажлууд бий

Нэгэн цахим хуудаснаа улс орнуудыг хүн ам, газар нутгийнх нь хэмжээгээр харьцуулан үзээд газар нутгийг “шударгаар” хувиарлан байршуулвал ямаршуу дүр зураг гарахыг харуулсан байж билээ. Түүнд хамгийн их хүн амтай Хятад улс хамгийн том газар нутагтай ОХУ-ын нутагт, харин хүн амын тоогоор хоёрт орох Энэтхэг улс Канадад, Монгол орон маань Дани улсын хавьцаа “цөлөгдөж”, манай улсын газар нутагт Африкийн Конго улс байршсан байсан. Энэ хэдий наргиа ч цөөхөн хүн амтай улс оронд бага газар нутаг хэрэгтэй төдийгүй ерөөсөө бага улс гэсэн санаа юм. Улс орны үнэт баялаг болох хүнээ өсгөх бодлого баримталдаг манай улсын хувьд яг өнөөгийн байдлаар олон хүүхэд төрүүлж өсгөөд амьдрахад чиглэсэн эрүүл мэнд, эдийн засгийн зөв хөшүүрэг дутагдаж байна. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбар зах зээлийнхээ жамаар хөгжихийн хирээр үргүйдлийг эмчлэх орчин үеийн дэвшилтэт аргуудаас нэвтрүүлж эхэлсэн. Өдгөө бидний дунд “Хуруу шилний хүүхэд”-үүд сэргэлэн цовоо үе тэнгийнхэнээсээ огт ялгагдахгүйгээр өсч торнисоор явна. Бид өмнөх дугааруудад анхны “хуруу шилний хүүхэд” хэрхэн мэндэлсэн болон  үргүйдлийн эмчилгээний орчин үеийн аргуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа “Аминмаргад” эмнэлгийн ерөнхий эмч П. Алтангэрэлтэй уулзаж ярилцсанаа цувралаар хүргэсэн. Уншигч та үргүйдлийн шалтгаан, түүний эмчилгээ, гадна орчинд үр тогтоох болон үр шилжүүлэн суулгах талаарх мэдээллийг дээрх ярилцлагуудаас мэдэж авсан билээ. Тэгвэл энэ удаагийн зочны дугаартаа “Аминмаргад” эмнэлгийн П. Алтангэрэл эмчтэй уулзаж, түүний ажил үйлс, амьдрал гээд энгийн дотно яриаг өрнүүлсэн юм. 

-Таныг их сургуулиа төгсч байх тэр үед залуучуудын маань ихэнх нь ороо бусгаа цагийн эрхээр “гахай” үүрч ганзагын наймаанд явж байсан. Харин та “хуруу шил”-ний хүүхэд бүтээдэг эмчилгээний дэвшилтэт аргуудаас суралцах гээд Москваг зорьж  байжээ. Энэ үеэсээ дурсахгүй юу?  
-Тиймээ, тэр үед цаг тийм л байлаа. Гэхдээ би бизнесмен биш эмч  болно гээд сургуулиа төгсчихсөн, энэ мэргэжлээрээ ажиллахаар шийдчихсэн байсан. Ийм учраас Москва хотын төв лабораторид богино хугацаанд нилээд их үнэ төлж эмчилгээний цоо шинэ аргыг сурах гээд явсан. Мянга сонсохоор нэг үз гэж үг байдаг шүү дээ, нүдээрээ харж, гараараа  барьж, мэдэрч ажиллахад мэдлэг цэгцэрч, зориг шулууддаг. Нэгэнт харсан, үзсэн, гараараа барьсан болохоор ирээд хийхэд ямар ч асуудал гардаггүй юм билээ. Эмчилгээний шинэ аргыг сурч мэдээд эх орондоо ирээд ажлаа эхэлчихсэний дараахан хамгийн анхны ажил маань үр дүнтэй болсон нь надад маш их урам зориг өгсөн.
 
-Энэ бүхэнд таньд хэн тусалж дэмжиж байсан бэ?
-Энэ үед надад гэр бүлийн хүн маань хамгийн их тусалж ойлгож байсан. Эхнэр маань эм зүйч мэргэжилтэй, Б. Болор гэж хүн бий. Миний хадам аав маань Балган гэж профессор эмч хүн бий. Яг тэр тухайн үед надад хадам аав маань мэргэжлийн болоод сэтгэл санаа, эд материалийн гээд бүх талын туслалцааг үзүүлж, зөвлөж байсан. Бид хоёр 1990-оод оны үед эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг байгуулах гээд хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр үед эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бараг л байгаагүй  анхных нь “Хатагтай”  эмнэлэг л байлаа шүү дээ. Түүнээс хойш бид хамтарч ажиллаж явсаар одоо хоёр тусдаа бие даасан эмнэлгүүд болон өргөжсөн байна. Би хадам аавтайгаа хамтарч ажиллаж байхдаа их ч зүйл сурч мэдсэн, бас хоёулаа хамтдаа эмчилгээний шинэ дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх гэж зүтгэж, бас зарим нь эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн, мөн хагалгааны шинэ байршлуудыг нэвтрүүлж, хэд хэдэн шинэ патентуудыг авч байсан.

-Тухайлбал ямар шинэ патент авч байсан бэ?
-Төрөлхийн үтрээгүй эмэгтэйд хиймэл үтрээ суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Энэ хагалгааг гурван ч эмэгтэйд амжилттай хийсэн. Мөн уламжлалт аргаар төрөлтийг удирдах аргыг нэвтрүүлж хувийн хэвшлийн эмнэлгүүдээс түрүүлж патент авсан. Мөн үр хөврөл шилжүүлэн суулгах ажлыг хамтдаа эхэлсэн гээд бидэнд хамт зорьж хийж, оюуны өмчийн патент авсан ажлууд бий.

-Анагаахын сургуулийг хамт төгссөн ангийнхантайгаа хир холбоотой байдаг вэ? Таньтай хамтарч ажилладаг эмч бий юу?

-Анагаахын сургуулийн 1-р курсэд хамт орсон хүүхдүүдээс бараг тал хувь нь янз бүрийн шалтгаанаар замаасаа гарчихсан байдаг. Төгссөн хүмүүсээс эмчээрээ ажиллаж байгаа нь бас л цөөхөн байна даа.  Яг миний мэргэжлээр надтай хамтарч ажиллаж байгаа эмч алга, эмэгтэйчүүдийн эмч гэвэл би ганцаараа байна, харин өөр мэргэжлийн эмч ч гэсэн хамтраад ажилладаг ангийн эмч нар бий. Жишээлбэл, гэмтлийн эмнэлгийн үйл оношийн тасгийн Бархүү эмчтэй  оношлогооны тал дээр, уламжлалт эмчилгээний Мөнгөнтуяа эмчтэй эмэгтэйчүүдийн үргүйдэл, жирэмслэлтийн талаар санал солилцох гэх мэтчилэн ангийн хэд хэдэн эмч нартайгаа харилцаа холбоотой байдаг.

-Та гэр бүлийн хүнээ өөртөө их тусалдаг гэж ярьсан. Анх яаж танилцаж байсан бэ? Энэ дашрамд гэр бүлээ танилцуулахгүй юу?
Бид 4 хүүхэдтэй. 3 охин, нэг бандитай. Эхнэр маань эм зүйч мэргэжилтэй, Б. Болор гэж эмэгтэй бий. Анх бид хоёрыг  оюутан байх үед хоёр талын найзууд маань танилцуулсан юм. 1991 онд биднийг танилцаж байхад манай орон арай зах зээлд шилжээгүй, соц системийн төгсгөл үе байсан. Би оюутан байхдаа стипенд авдаг,  зуны амралт дөхөхөөр бас ч боломжийн хэдэн төгрөг цугларчихдаг байв. Бид хоёр зун эхэлж байхад танилцсан. Тухайн үед манай Улаанбаатарт үзэж харах юм бага, хэдхэн тооны ресторан байлаа. Тэгээд нэг газар орж ярилцаж сууя гээд явсан чинь бүх ресторанууд тусгай үйлчилгээтэй хаалттай байж таарсан. Ингээд эхний удаад гар утас гэж байгаагүй болохоор хоёр гэрийнхээ утсыг мэдэж аваад салсан. Тэр үед анх танилцсан хосууд паркаар зугаалдаг, хотын нэг захаас нөгөө зах хүртэл явган ярилцаад алхдаг байлаа, ингэж л ханьтайгаа учирч, дараа жил нь бид гэр бүл болцгоож, анхны хүүхэд маань мэндэлсэн дээ. Мэдээж бид хоёр оюутан байсан, дээр нь нялх хүүхэдтэй учраас бүх юм амаргүй ч аав ээжүүд маань тусалж байлаа. Миний аж ахуйн талын бүх л ажлыг эхнэр маань нугалж, би эмчийнхээ ажлыг л хийж байна.

-Мэргэжил дээшлүүлээд гадаад улсуудад сурч явахад таньд хамгийн их дурсамжтай газар аль нь байсан бэ?
-Анх Москва хотод сурч байхад их ойр дотно санагдаж байсан. Яагаад гэхээр анагаахад сурч байхад бидний мэргэжлийн сурах бичгүүд орос хэл дээр байдаг учраас мэргэжлийн орос хэлийг сурчихдаг. Тийм болохоор  орос эмнэлэгт, орос эмч нартай ажиллахад ямар нэг саад байдаггүй байлаа. Тэгээд ч тэр үеийн орос эмч нар хэдий зах зээлд шилжиж байсан ч хүнд зааж, сургах, тусалж дэмжих чин хүсэл сэтгэлтэй байсан нь надад маш сайхан санагдаж байлаа. Дараа нь хэдэн жилийн хойно  ажлын шугамаар хоёр дахь удаагаа очиход хандлага арай өөрчлөгдчихсөн байв. Гэсэн ч орос бол бидний мөнхийн хөрш, бид орос “школ”-оор сурч хүмүүжсэн болохоор одоо ч гэсэн зарим хүмүүстэйгээ холбоотой байдаг. Үүний дараа Германд мэргэжил дээшлүүлж байхад Оросоос маш их ялгаатай байлаа. Бүх хичээлүүд англи хэл дээр явагдана, чамбай нарийн хүмүүс болох нь харагдаж байсан. Яг мэргэжлийн тал дээр нарийн ширийн зүйл нь хаалттай байх нь ажиглагдаж байлаа. Солонгост мэргэжил дээшлүүлэхэд тэндхийн эмч нар өвчтөнтэй харьцах ёс зүйн тал дээр эсвэл  өвчтөнд тавих анхаарал халамж нь Орос, Германтай харьцуулахад арай доогуур түвшинд юм шиг санагдаж байсан ч эмч нар хоорондоо харьцах тал дээр ази хүмүүс болохоор ч тэр юмуу  илүү элгэмсэг дотно  байсан.

-Одоо эмч болох гээд сурч байгаа оюутнуудад та юу зөвлөх вэ?
-Мэдээж сайн эмч болох юмсан гээд сурч байгаа. Өөрийгөө нээж, шинэ зүйлийг сурч хийх их хүсэлтэй энэ насандаа дотоод зөн совингоо мэдэрч, мөрөөдөх мөрөөдөлтэй байх аваас бодол хүсэл тань биелэх болно гэдгийг өөрийнхөө амьдралын туршлагаас хараад хэлэх байна. Хүн өөрийн тархиныхаа хэмжээгээр мөрөөдөж амьдардаг. Нэгэнт дотоод оюун бодолдоо мөрөөдөж, түүнийхээ төлөө шаргуу ажиллаж чадваас мөрөөдлөө биелүүлэх боломж нэг л өдөр бий болдог ертөнцийн зүй тогтол байдаг болох нь амьдралын туршлагаас харагдаж байна.  Тийм болохоор өөрийн зөн совиндоо итгэж, санаандаа багтаж байгаа зүйлээ мөрөөдөж амьдарвал таны хүсэл нэг л өдөр биелэх болно.

-Та ангиасаа ганцаараа эмэгтэйчүүдийн эмч болсон гэсэн. Энэ таны хүсэл мөрөөдөл байсан уу?
-Би арван жилийн ангийнхантайгаа уулзахад ангийн охидууд, “- Чи эмэгтэйчүүдийн эмч болно гээд байдаг байсан. Тэгээд л эмч болчихсон ш дээ” гэдэг юм. Би тэгэхээр тэр үед л тэгж ярьдаг байсан юм байлгүй дээ, яг би эмэгтэйчүүдийн эмч болно гэж бодож байсан билүү үгүй билүү гээд өөрөөсөө хааяа асуудаг юм. Эмэгтэйчүүдийн эмч болоход манай хадам аав их нөлөөлсөн гэж бодогддог. Яагаад гэхээр аав өөрөө эмэгтэйчүүдийн эмч хүн л дээ, би оюутан байхдаа  байсхийгээд л ажил дээр нь очдог, тусалдаг, хааяа хагалгаанд хамт ордог байсан. Ерөөсөө миний амьдралын бүхий л хугацаанд эргэн тойрон дандаа эмэгтэй хүмүүс байдаг. Бүр арван жилд орос хэлний сонгонд суралцаж байхад манай анги 26 охин, 4 бандитай байлаа. Анагаахийн их сургуульд бас л баахан охидуудын дунд л сурч төгссөн. Тэгээд хүнтэй суугаад охидуудтай болсон. Би энэ мэргэжилдээ маш их дуртай, аз жаргалтай сайхан ажил юм. Бүхний эх болсон буянтай хүмүүсийнхээ аз жаргалын төлөө өөрийн сурсан мэдсэнээ зориулж яваадаа би баяртай байдаг.

-Та унаган хотын хүн үү?  Бага дунд сургуулиа хаана төгссөн бэ?

-Бага ангид байхдаа хорооллын 40-р сургуульд сурч байсан. Дараа нь орос хэлний сонгонтой 13-р сургуульд суралцаж төгссөн л дөө. Би хотын унаган хүүхэд.  Одоо манай ангийн охидууд, бас нөгөө ангийн охидууд ч ирж уулзаад  зөвлөгөө аваад үзүүлээд явдаг. Эхэндээ тэд надаас ичээд үзүүлдэггүй байсан гэж ярьдаг юм. Одоо ангийн охидууд ирээд эрүүл мэндээ даатгаад явахад их хүндэтгэлтэй сайхан санагддаг.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл байсан бэ? Аав ээжийнхээ талаар танилцуулахгүй юу?
-60-70-аад оны үед манай улсын хүн ам их хурдан өссөн гэж ярьдаг. Манайх тэр үеийн олон хүүхэдтэй айлын нэг. Бид эхээс есүүлээ, 6 банди, 3 охинтой айл байсан. Аав минь улсдаа сайн агрономич Д.Пүрвээ гэж хүн байв. Таван настай жаахан байхад минь ажлаа хийж яваад ослоор өнгөрч, ээж, эмээ хоёр маань биднийг хүн болгосон юм. Тийм болохоор аавын талаар надад тодорхой дурсамж их бага байдаг. Надад заримдаа  ээж минь биднийг өсгөх гэж их л зүдэрсэн байх даа гэж бодогддог.  Олон хүүхдийн өмсөж, зүүх, идэх уух гээд амаргүй л байсан байх, гэхдээ бид бүгд хүмүүжилтэй, сурлагатай хүүхдүүд байсан. Одоо манай хамгийн бага дүү 35 хүрч, бид бүгдээрээ гэр бүлтэй үр хүүхэдтэй болцгоожээ. Намайг эмч болоход ээж маань бүр багаас их анхаарч залж өгсөн. Бүр арван жилд байхдаа л би хичээлээ ээждээ уншиж өгдөг, дараа нь их сургуульд сурч байхдаа ч гэсэн хичээлээ уншиж өгдөг байсан гээд одоо хүртэл манайхан дурсаж ярьдаг. Ээж маань 70 гарсан ч биднийхээ төлөө бүх хүүхдэдээ хүрч санаа тавьж анхаарсаар л байна. Ээжийг маань Л. Цэцэнбуу гэдэг. Ой ухаан их сайтай, маш их хөдөлмөрч хүн байдаг. Азийн буддистуудын энх тайвны бага хуралд олон жил нягтлан хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай аавын талд шүдний эмч хүн нэг байдаг, ээжийн талд их сайн лам хүн байсан гэдэг. Тэгээд л би эмч болохоор зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд ч биш, аавын тал, ээжийн тал гээд бүх л ах дүү садан төрлүүд маань эрүүл мэндтэй холбоотой ямар л асуудал гарна тэр бүгдэд намайг дуудна, “- Би ганцхан эмэгтэйчүүдийн эмч”  гээд сууж болохгүй шүү дээ. Ямар ч насны хэн нь ч байсан би очоод үзээд эмнэлгийн тусламж үзүүлээд байж байх нь хууль юм даа. Тийм болохоор эмч мэргэжил бол хүндтэй, тустай сайхан мэргэжил. Надад өөр хийж бүтээх хүсэл мөрөөдөл олон байгаа, мөрөөдөл минь аажим аажмаар биелсээр байх болно гэдэгт итгэлтэй байдаг.

Эмч бид хоёр ийнхүү ярилцсан юм. Чөлөөт цаг ховор гардаг ч өөрийн эрүүл мэндэд анхаарч, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх тухай ч бас ярилцсан. Алтангэрэл эмчтэй уулзаж, эмчлүүлэх гэсэн эмэгтэйчүүдэд тэрээр урам зориг, эдгэрэл, үртэй хүний жаргал бэлэглэдэг. Ерөөс эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж үг байдаг. Даруухан инээмсэглэх энэ оюунлаг эмч хичнээн олон хүнд эрүүл энхийн жаргал бэлэглэсэн байдаг юм бол гэж сонирхоход нилээд их тоо сонсогдож байсан. Тэр олон бүсгүйчүүд, хосууд эмч таньд ямагт талархаж, баярлаж, ажил үйлс нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөж, дотроо залбирч явдаг нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан