Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндтэй холбоотой 11 цуурхал үнэн үү, худлаа юу

Олны дунд үнэн худал нь эс мэдэгдэх янз бүрийн явган яриа их байдаг. Ялангуяа хүн бүрийн хамгийн их сонирхол татдаг эрүүл мэндийн сэдвээр энэ ч биед хортой гэнэ тэр ч тийм сайн гэсэн яриа энд тэндгүй тэнүүчилж явдаг. Тэгвэл иймэрхүү зарим нэг ойлголтод үнэн худлаа эсэхийг нь эцэслэн хариу өгсөн нийтлэлийг АНУ-ын мэргэжилтнүүд гаргажээ.

1.Шүдний ломбонд агуулагддаг мөнгөн усны өчүүхэн дусал хүний биед хэр хор нөлөөтэй вэ?
Хор нөлөө байхгүй гэж хэлж болно. Ломбонд мөнгөн ус, мөнгө, цайр зэрэг янз бүрийн метал бодисын өчүүхэн жижиг хувь агуулагдаж байдаг. Харин зарим нэг хүн ломбо суулгах юмуу авах үед түүний найрлага дахь мөнгөн ус хүний биед шингэж болзошгүй, үүний уршгаар Альцгеймерээс эхлээд янз бүрийн ужиг өвчинтэй болж магадгүй гэлцдэг. Гэхдээ АНУ-ын эрүүл мэндийн газрын төрөл бүрийн ломбонд хийсэн судалгаагаар дээрх шиг хор хөнөөл учруулахаар аюултай зүйл олдоогүй байна. Гэсэн ч таны санаа зовоод байвал эмчээс ломбоны найрлагын тухай асуугаад, өөр  олон төрлийн ломбоноос хийлгэж болно шүү дээ.

2. Хийжүүлсэн ундаа бөөрөнд муу юу?


Гарцаагүй тийм. Өдөрт 450 граммаас дээш хэмжээгээр хийжүүлсэн ундаа тогтмол хэрэглэвэл бөөрний ужиг өвчинд өртөх эрсдэл бусдаас хоёр дахин ихэсдэг байна. Жилд дунджаар 223 литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг америкчуудын дунд бөөрний өвчлөл их байгаа нь ч үүнтэй холбоотой.

3. Оройн есөн цагаас хойш идсэн хоол өөх болон таргалуулдаг уу?


Ер нь бол таргалуулж болно. Гэхдээ үүний шалтгаан бол шөнийн цагаар таны метаболизм удааширдагтай холбоогүй юм. Харин хэр их идсэн бэ гэдгээс чинь л хамаг зүйл шалтгаална. Харин хэзээ идсэн нь жин нэмж хасагдахад тийм ч чухал биш гэнэ.

 
 4. Уруулын будагт агуулагддаг хар тугалга хорт хавдар үүсгэдэг үү?


АНУ-ын Эрүүл мэндийн газар 10 өөр брэндийн уруулын будагт шинжилгээ хийгээд үзэхэд тэдэнд агуулагдах хар тугалганы хэмжээ нэг саяд 0.09-3.06 нэгж байхаар өчүүхэн жижиг байжээ. Ер нь, аливаа зүйлд агуулагдах хар тугалганы байвал зохих хэмжээг нэг саяд 10 нэгж байхаар тогтоосон байдаг. Тэгэхээр уруулын будагных тэр хэмжээнээс нь даруй гурав дахин бага байгаа учир айх зүйлгүй ажээ.



5.Эм ууж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ёстой юу?

Ер нь, эмчилгээ хийлгэж байгаа бол лонхны бөглөө мултлахгүй байх нь өлзийтэй гэдгийг уламжлалт анагаахынхан ч орчин үеийн шинжлэх ухаанд ч хэлдэг. Учир нь, таны ууж буй эмийн бодис согтууруулах ундааны найрлага дахь бодистой урвалд орж толгой өвдөх, даралт багасахаас эхлээд зүрхний хэм алдагдах, амьсгалын дутагдалд орох ч аюултай гэнэ.  

6.Хурууны үеэ татаж дуугаргах нь үе мөчний өвчтэй болгодог уу?

Үгүй. Хурууны үеэ байнга татаж дуугаргах дуртай болон огт ийм зуршилгүй хүмүүсийг харьцуулсан судалгаа хийхэд ямар ч ялгаа гараагүй бөгөөд үе мөчний өвчнөөр илүүтэй өвдсөн гэх баримт нотолгоо олдоогүй байна. Харин ийм зуршилтай хүмүүсийн гар чанга биш сулбагар, хавдаж хөөх шинж ажиглагддаг тул гарын уян хатан хөдөлгөөн хязгаарлагддаг гэдгийг санах хэрэгтэй. Харин үе мөчний өвчний тухайд ихэвчлэн насжилт болон удамшилтай холбоотой байдаг.

7. Газарт унасан хоолыг таван секундын дотор авбал аюулгүй юу.

Идэж байсан хоолоо газар унагачихаад, унаад удаагүй юм чинь яах ч үгүй гээд авах нь бий. Гэхдээ ингэж бодвол эндүүрэл гэнэ. Жишээлбэл, та азгүйтээд маслотой талхаа газар унагажээ гэж бодъё. Хэрэв талх унасан л бол таван секундын дараа ч бай нэг секундын ч дараа байсан гэсэн ялгаагүй бохирдсон байдаг гэнэ. Үүнийг баталсан нэг туршилтыг Клемсоны их сургуульд хийсэн байна. Янз бүрийн нянтай гэхдээ гаднаас нь харахад цэвэрхэн мэт модон болон хивсэнцэр гадаргуу дээр зүссэн талх унагаад таван секундын дотор авахад л түүнд 1800 гаруй бактери наалдсан байжээ. Харин 60 секундын дараа авсан талханд үүнээс арав дахин их нян үлдсэн байна. Тэгэхээр идэж байгаа хоол хүнсээ унагасан тохиолдолд газарт хүрэхээс нь өмнө амжиж авч чадаагүй л бол баяртай гээд хогийн сав руу харамсалгүй чулуудаарай.  

 8. Халуун ногоо бодисын солилцоо сайжруулдаг уу?

Тийм байгаасай гэж хүсье. Гэхдээ бодисын солилцоо нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өндөр зэргээс хамаардаг. Эдгээр хүчин зүйлээс хамааран таны бие зүрх, тархи, уушиг зэрэг эрхтнээсээ хэдий хэмжээний энергийг авч, хэр хэмжээний өөх шатаах вэ гэдгээ шийддэг. Тэгэхээр халуун ногоо идсэнээр бодисдын солилцоо сайжирч, илүү их калори шатаана гэдэг нь юу л бол. Магадгүй дотор халуун тань түр зуур нэмэгдсэнээр зүрхний хэм хурдасч, бодисын солилцоо сайжрах мэт санагдаж болох ч байнга хэрэглээд ирэхээр ялгаагүй болдо байна.

9. Биеийн булчин өөх болон хувирдаг уу?


Үгүй. Булчин, өөх хоёр өөр эд эс. Тиймээс нэг нь нөгөө рүүгээ хувирна гэж байдаггүй хэмээн фитнес судлаач профессор Уэйн Весткотт хэлж байна. Гэхдээ хүмүүст тэгж санагддагийн учир нь булчин байсан хэсгээр илүүтэй таргалах гээд байдагтай холбоотой. Тухайлбал гарын булчингийн ар хэсгээр таргалах нь элбэг байдаг учраас хүмүүс ингэж боддог. Хүн ер нь 30 наснаас хойш, нас ахих тусам булчингийн массаа аажмаар алдаж байдаг. Учир нь 10 жил тутамд хүний бодисын солилцоо гурван хувиар буурч байдаг. Тиймээс булчингаа хадгалахыг хүсвэл дасгал л хийх хэрэгтэй.

10. Ус их уух нь турахад тустай юу?

Идэхээ багасгасан үед л ус их уух нь  үр дүнгээ өгнө. Харин хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулаагүй байж уух усныхаа хэмжээг нэмбэл ямар ч үр дүнгүй. Гэхдээ чихэрлэг ундааны оронд ус хэрэглэх нь мэдээж эрүүл мэндийн хувьд ч, калори хэмнэхэд ч  сайн хэрэг.
 


11. Элсэн чихэр хэт их хэрэглэвэл чихрийн шижин тусах уу?


Шууд нөлөөлдөг гэж хэлэхэд хэцүү. Харин дам байдлаар нөлөөлдөг нь үнэн. Тухайлбал чихрийн шижнээр өвчлөх хамгийн гол шалтгаан бол илүүдэл жин. Харин хүн таргалж, илүүдэл жинтэй болоход чихрийн хэт их хэрэглээ нөлөөлдөг шүү дээ.  Гэхдээ сүүлийн үед элсэн чихэр, чихрийн шижин хоёрын харилцан хамаарлын тухай судалгаагаар чихэрлэг амттан, ундаа зэрэг нь энэ өвчний эх үүсвэр болдог гэсэн дүгнэлтэд хүргэх болжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
saihan niitlel bnaa
Хамгийн их уншсан