Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн онцлох нээлтүүд

 2011 онд анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт гарсан амжилт, онцлох нээлтүүдийг хүргэж байна.   

ДОХ/ХДХВ-ээс урьдчилан сэргийлж болох нь


ДОХ/ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд гарсан сүүлийн үеийн хамгийн том амжилт болох “Truvada”-тай танилцана уу. Энэ эм ХДХВ-ийн халдвар авсан өвчтөнүүдийн биеийг дордуулахгүй, тогтвортой байлгах үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл хүмүүст хүртэл урьдчилан сэргийлэх вакцин маягаар үйлчилдэг нь олны талархал хүлээж байгаа юм. Үүнээс гадна “Truvada”-г тогтмол хэрэглэж буй ХДХВ-ийн өвчтөнүүдийн бусдад халдвар тараах эрсдлийг багагүй хувиар бууруулдаг нь судалгаагаар батлагдаад байна. Вашингтоны их сургуулийн судлаачдын баталж буйгаар “Truvada”-г гурван жилийн турш тогтмол уусан өвчтөний бусдад халдвар тараах эрсдэл 73 хувиар буурчээ. Нөгөө талаар энэ эмийг эрүүл хүмүүс хэрэглэсэн тохиолдолд ДОХ/ХДХВ-ийн халдвар авах эрсдэл ч буурдаг нэг ёсны вакцины шинж агуулдаг байна. Энэ бол жил бүр хоёр сая шахам хүний амь насыг авч оддог, үхлийн аюултай ДОХ хэмээх өвчнийг ялан дийлэхэд нэг томоохон алхам урагшилсны баталгаа юм.

Хижиг өвчний эсрэг анхны вакцин

Жил бүр 250 сая хүнд халдварлаж, нэг сая хүний аминд хүрдэг хижиг өвчний эсрэг эрдэмтэд хүч тавин ажиллаж байна. Хэдэн арван жилийн судалгаа, туршилт болон дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүнд энэ өвчний эсрэг вакцин бүтээх ажил бараг шувтрах шатандаа орж байгаа гэнэ. Барууны эрдэмтдийн бүтээсэн “RTS” нэртэй вакциныг Африкийн Сахарын орнуудын хүүхдүүдэд туршиж үзэхэд халдвар авах эрсдлийг 50 хувиар бууруулж байгаа нь тогтоогджээ. Энэ бол хижиг өвчний эсрэг судалгаанд гарсан хамгийн том амжилт юм. Энэ байдлаар 2014 он гэхэд хижиг өвчний вакцин бүтээх томоохон судалгааны ажил дуусч, энэ аюултай халдварт өвчнийг түүхийн хуудаснаас арчих цаг ойртож байна.

Үүдэл эс бүтээхэд клоны арга ашиглав

Үүдэл эс гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд хүнийг хувилах тухай бодол орж ирдэг. Шинжлэх ухаан хараахан тэр төвшинд хүрээгүй ч үүдэл эсийн судалгаа шинжилгээ улам лавширсаар байна. Клоны аргаар төрүүлсэн хамгийн анхны амьтан болох Долли хонийг яаж бий болгосон яг тэр аргаар үүдэл эсийг хувилан бүтээх туршилтыг эрдэмтэд хийж байгаа аж. Энэ нь ч нэлээд амжилттай байгаа гэнэ. Хэрэв үүдэл эсийг хувилан олшруулдаг болвол одоо эмчилгээгүй гэгдэж байгаа өвчнүүдийг анагаах, хамгийн гол нь эрхтэн шилжүүлэх суулгахад донор олддоггүй бэрхшээлээс ангижрахад томоохон алхам болох юм. Хэрэв үүдэл эсийн тусламжтайгаар хүний эд эрхтэнг лабораторт ургуулж чадвал, эрхтэн шилжүүлэх суулгах гэж донор хүлээн цаг алдах шаардлагагүй болно гэсэн үг. Тэгэхээр үүдэл эсийн судалгаанд гарсан амжилт бүхэн олон сая хүний амь насыг аврах нэн чухал ач холбогдолтой.

Үхлийн эрсдлийг урьдчилан тогтооно

Жирийн нэг цусны шинжилгээгээр үхлийн аюултай өвчтэй эсэхийг нь оношилж болно гэдгийг Шведийн Уппсала их сургуулийн судлаачид хэлж байна. Мэдээж шинжилгээгээр л өвчнийг илрүүлдэг шүү дээ гэж хүн бүхэн хэлэх байх. Гэхдээ Уппсалагийн судлаачдын 12 жилийн хөдөлмөрийн дүнд нээсэн шинжилгээний арга арай өөр юм. Тэд хүний цусан дахь S катепсин хэмээх энзимийн төвшин хэр байна гэдгийг онцлон тодорхойлох аргыг нээжээ. Энэ энзимийн төвшин өндөр байх тусмаа зүрх судасны өвчин, хорт хавдар гэх мэтийн үхлийн аюултай өвчин тухайн хүний биед нуугдаж байгааг илэрхийлдэг байна. Хэрэв энэ шинжилгээг хийлгээд S катепсин өндөр гарвал даруйхан мэргэжлийн эмчид хандсанаар олон сая хүний амь насыг аврах боломж нээгдэж байгаа юм.  Тиймээс энэхүү шинжилгээг үхлийн эрсдлийг урьдчилан тодорхойлогч гэж нэрлэж байна.

Нохой уушигны хорт хавдрыг оношилж чадна

Нохой маш өндөр мэдрэмжтэй амьтан гэдгийг бид мэднэ. Үнэрч чанараараа элдэв гэмт хэргийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг энэ амьтан өвчнийг ч оношлох чадвартай гэнэ.
Олныг гайхшруулсан нэгэн судалгааг Германы судлаачид энэ онд хийсэн юм. Тэр судалгааны дүнд нохой уушигны хорт хавдрыг оношлох чадвартай гэдгийг баталсан юм.  Судлаачид нэгэн нохойг есөн сарын хугацаанд тусгайлан сургаж дадлагажуулсны эцэст уушигны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн амьсгалын зам болон уушигнаас авсан шинжилгээний дээжийг үнэрлүүлж туршсан байна. Тэгэхэд хорт хавдраар өвчилсөн 100 хүний 71 хувийг, өвчлөөгүй хүмүүсийн 93 хувийг нь таньж тогтоож чаджээ. Хар тамхи, гэмт хэрэгтний мөрийг алдалгүй дагадаг нохой өвчтэй хүнийг амьсгалаар нь мэдрэх чадвартай гэдэг нь магадгүй энэ жилийн хамгийн сонирхолтой судалгаа байлаа.

Эрүүлээр тураах эм
Турах амар биш гэдгийг элдэв төрлийн тураах бэлдмэл хэрэглэж үзсэн хүүхнүүд бишгүй сайн мэднэ. Хоол сойх, фитнес дасгалаар хичээллэх, эсвэл үр дүн нь үл мэдэгдэх, эрүүл мэндэд хортой элдэв янзын бэлдмэл хэрэглэх гээд ихэнх тураах арга цөхрөлөөр дуусдаг.Тэгвэл нэг жилийн дотор биеийн жингийнхээ 10 хувийг хаяж, дээр нь эрүүл мэндээ ч  сайжруулах давхар ашигтай нэгэн эмийг гаргаж авсан байна. “Qnexia” нэртэй энэ эмийн найрлагадаа хоёр чухал эм агуулдаг аж. Нэг нь биеийн жинг хаях үйлчилгээтэй фентермин гэгч бодис бол нөгөөх нь эмчилгээний чанартай топирамэйт гэдэг эм аж. Фентермин нь хүний хоолны дуршлыг бууруулдаг бол топирамэйт нь тархи, мэдрэлийн хоорондох электрон холбоог зохицуулж, калори шатаах чадварыг тархины үйл ажиллагаагаар дамжуулан нэмэгдүүлдэг байна. Энэ эмийг уусан хүний цусны даралт тогтворжиж, цусан дахь сахар, холестролын хэмжээ буурах зэрэг сайн үр дүнд үзүүлж байгаа гэнэ.  Хараахан худалдаанд гараагүй байгаа энэ эм хэрэв хэрэглэгчдийн гарт хүрвэл таргалалт гэдэг бүх өвчний суурь болсон энэ хүнд бэрхшээлээс ангижрахад тун амар болох нь.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан