Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг... гэж нэрт яруу найрагч О.Дашбалбар нэгэнтээ шүлэглэсэн байдаг.
Тэгвэл амьдралын их замд алдаж яваа нэгнийг хүний дайтай явуулах гэж зүтгэж яваа сайхан сэтгэлтэй буянтнуудтай уулзлаа. Тэд НХХЯ-наас зарласан “Халуун шөл”, “Нийгэмшүүлэх хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж, ядарсан нэгнээ түшин яваа юм. Энд бол“Халуун шөл” хөтөлбөрийн зохицуулагч Д.Долгормаа, Төрийн бодлогын шинжилгээний хүрээлэн ТББ-ын “Нийгэмшүүлэх” төслийн менежер, Б.Ганцоож, Азбаяр болоод тэдний хамт олон. Энэ хэд өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 13-наас төслөө хэрэгжүүлж, зургаан сарын турш орон гэргүй, траншей, орц, хонгилоор хоног төөрүүлдэг иргэдийг хооллож ундалжээ. “Уг нь, төсөлд 100 хүн хамруулах ёстой байсан ч 160 гаруй хүн хамрууллаа. Нэгнийгээ дагуулаад ирж байхад цаашаа, чи төсөлд хамрагдахгүй гэлтэй биш.
Ирсэн болгоныг л хооллож байлаа” хэмээн “Халуун шөл” төслийн зохицуулагч Д.Долгормаа бидэнд хуучилсан юм. Биднийг Чулуун-Овоонд байрлах түрээсийн байранд очиход амьдралаа дэнсэлж яваа хүмүүс халуун шөлөө идэхээр аль эрт ирсэн байлаа. Зарим нь хоцорчихлоо гэсээр яаран ирэх. Тэд төрөхдөө л архичин байгаагүй болохоор төслийн удирдагчдынхаа үгэнд маш сайн орно. Орж ирэнгүүтээ л үүрч яваа ундааны саваа нэг газар цэгцтэй гэгч нь тавиад, гар нүүрээ угаачихаад ширээний ард тухална. Өчигдөр төслийн хамгийн сүүлийн өдөр байсан болоод ч тэр үү хамрагдагсад бүгдээрээ цугласан байлаа. Зарим нь өнөө айхтар нэртээ /архи/хүртчихэж. “Зургаан сарын турш биднийг халуун шөлөөр хооллож байсан хамт олондоо /хамт олон гэдэг нь төслийн удирдагчид/ баярлалаа” хэмээн дуу өндөртэйгээр ярих.
“Нийгэмшүүлэх” төслийн хувьд төсөлд хамрагдаж байгаа баатруудаас 25 хүнийг сонгон авч, нийгэмшүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Үүний үр дүн ч гарч байгаа гэж төслийн менежер Б.Ганцоож ярилаа. Тэрээр, “Бидний ажлын үр дүнд Баастын Цэдэв гэдэг хүн ажилдаа эргэж орсон. Маш сайн ажиллаж байгаа. Түүнчлэн хэд хэдэн хүнийг архины эмчилгээнд явуулахаар болсон. Түрүүчээсээ эмчилгээгээ хийлгэж байна.
Бас бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж байна” гэлээ. НХХЯ-наас энэ төрлийн хүмүүст зориулж гурван төсөл хөтөлбөр зарласан гэнэ. Харин үүнийг гурван өөр хүнд өгөх бус, нэг дор цогцоор нь хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрэх нь практикаас харагдсан. Тус тусад нь хэрэгжүүлбэл, ямар ч үр дүнгүй, зүгээр л энэ хүмүүсийг хий хоосон хооллож ундлах хэрэг болоод л өнгөрөх нь. Халуун шөлөө сүүлийн удаа идээд буцах тэднийг зүгээр орхиж чадалгүй дулаан хувцас өчигдөр тарааж байлаа. Гэвч халуун шөл дууслаа. Харин тэд хаачих бол.
Төслийн баатруудын хувьд янз бүрийн байдлаас өчүүхэн жижигхэн зүйлд хальтирсанаас л архиаас хамааралтай амьдрал руу оржээ. Заримд нь дааж, давшгүй зовлон байхад зарим нь зүгээр л дурандаа ингэж яваа гэлтэй. Гэхдээ л тэднийг сэтгэлийн хатгүй гэж шүүмжилмээр. Хэдийгээр ийм замд орсон ч “Архинаас гарч, хүний дайтай амьдрах юмсан” гэсэн чин сэтгэл байдаг нь харагдсан. Дээд боловсролтой, багш, эмч, засварчин, гагнуурчин гээд төрөл бүрийн мэргэжилтнүүд энд иржээ. Тухайлбал, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн ах хүртэл амьдралдаа алдаж явна. Мөн хоёр ихэр залуу, эхнэр, нөхөр хүртэл хатуу амьдралын нугачаанд явна.
Ингээд тэдний нэг Я.Энхдалайтай ярилцлаа.
-Яагаад ийм амьдрал руу орчихов оо?
-Ах нь аваарт орчихсон юм. Тэгээд эхнэр хүүхдээсээ салаад л ийм амьдрал руу орчихлоо. Би Чулуун-Овооны хавийн траншейгаар амьдардаг юм. Гэхдээ сайн нөхдийнхөө буянаар өлсөж, цангахгүй л явна. Хүн ядарч зүдэрч болно л доо. Биднийг өлсөж цангаж явахад энэ хүмүүс ёстой л хүн сэтгэлээр хандаж байна. Би энэ хэддээ үнэхээр их баярлаж явдаг. Намайг хөлдөж үхэх гэж байхад Эрдэнэтуяа дүү маань энд оруулж ирсэн. Миний бичиг баримт бүх юм бий. Хуурай ах Даваажавт хадгалуулсан. Гэтэл группт оруулдаггүй.
-Таныг группт орьё гээд очиход хэрхэн хүлээж авдаг юм бэ. Яагаад оруулахгүй байна вэ?
-Мэдэхгүй надаас мөнгө нэхээд байдаг юм байлгүй дээ. Би улсад 22 жил ажилласан.
-Ямар ажил хөдөлмөр эрхэлж байв?
-Авто засварын заводад 22 жил ажилласан. Улсад хийх зүйлээ хийсэн л хүн.
-Гэр бүлийнхэн чинь хаагуур байдаг юм бэ?
-Эхнэр Солонгост байдаг сурагтай. Хоёр хүүхэд хаана явааг мэдэхгүй. Ах нь, бусадтай адилхан сав суулга түүж, үүрч чаддаггүй юм. Найз нөхдийнхөө машин тэргийг янзалж өгөөд л жаахан төмөр илүү гарвал төмөрт тушаадаг. Гэхдээ бид эвтэй байвал болно оо.