Сөрөг хүчнийхэн, цэрэг цагдаагийн хооронд мөргөлдөөн болж байгаа Украины ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийсэн уулзалт ярианыхаа явцад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Үүнээс гадна тэрээр сөрөг хүчнийхнийг тус улсыг Парламент-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс руу шилжүүлэх ажлыг хэсэгт орж ажиллахыг зөвшөөрч байна. Харин сөрөг хүчнийхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ард нийтийн бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
Украины ерөнхийлөгч Виктор Янукович бас сөрөг хүчний лидерийн нэг “Батькивщина” бүлэглэлийн тэргүүн Арсений Яценюкийн Ерөнхий сайд, “Удар” бүлгийн тэргүүн Виталий Кличког Ерөнхий сайдын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч болгох санал тавьжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Портновын хэлснээр бол Янукович бас Дээд Радагийн нэгдүгээр сарын 16-нд баталсан “Дарангуйллын хууль” гээд байгаа хуулийг өөрчилж эмх замбараагүй байдлын үеэр баривчилсан хүмүүсийг суллахыг зөвшөөрсөн байна.
“Хамгийн гол нь талууд нийслэл Киевийн гудамж талбайг хууль сахиулагчид, сөрөг хүчний эсэргүүцэгчдээс чөлөөлөх талаар ярьж тохирсон” гэж Портнов хэлжээ.
Харин сөрөг хүчний төлөөлөгчид Арсений Яценко, Виталий Кличко нар дээрх албан тушаалуудад очихоосоо татгалзсан байна. “Удар” бүлгийн тэргүүн Виталий Кличко ерөнхийлөгчийн саналд ямар ч хариу өгөөгүй байна. Орой нь тусгаар тогтнолын талбайд үг хэлэхдээ ч төрийн тэргүүний саналын талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй харин “Сөрөг хүчнийхэн бол энэ ондоо багтааж ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахын төлөө байна” гэжээ. Клчикогийн үгээр бол сөрөг хүчнийхэн энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа юм байна. Юун түрүү “Дарангуйллын” гэдэг хуулийг өөрчлөх, ерөнхийлөгчийн сонгуулийг энэ 2014 онд багтаан явуулах ёстой гэжээ. Тэр бас цугларагсдад хандаж “Бид ямар ч өдөөн хатгалгад автахгүй” гэсэн байна.
“Батькивщина”-гийн тэргүүн Яценюк бас Майданд үг хэлэхдээ ерөнхий сайдын албан тушаалын тухай огт дурдалгүйгээр гагцхүү “сөрөг хүчнийхэн ямар ч хариуцлагаас айхгүй гэжээ. Тэр “Бид Украин улсыг Европын холбоонд нэгтгэхэд бэлэн байна” гээд, эхлээд мягмар гараг гэхэд нэгдүгээр сарын 16-ны хуулийг заавал өөрчлөх ёстой” гэсэн байна.
“Свобода”-гийн тэргүүн Олег Тягнибок ард иргэдийг Майданд гарч нэгдэхийг уриалаад сөрөг хүчний бүхий л шаардлагыг эрх баригчид хүлээн автал тэмцлээ үргэлжлүүлье гэжээ.
Тэр “Би бүхий л украинчуудыг Майданд гарч нэгдэхийг уриалж байна. Одоохондоо бидний шаардлага, нөхцөл биелээгүй байгаа болохоор тэмцэл үргэлжилж байна” гэжээ. Тягнибок эрх баригчдын үгэнд итгэхгүй, ганцхан үйл ажиллагаанд нь л итгэнэ гээд орон даяар Майданы хоёрдугаар фронт эхлэхээр л Янукович нэг их ярьж хэлэлцэх гэсэн хүн боллоо гэж шүүмжилжээ.
Киевийн төвд болсон мөргөлдөөний улмаас хүний амь үрэгдсэний дараа Ерөнхийлөгч Януковичтой хийсэн сөрөг хүчнийхний уулзалтад Төрийн тэргүүнээс гадна Яценюк, Кличко, “Эрх чөлөө” намын дарга Олег Тягнибок, ажилчдын хэсгийн удирдагч Андрей Клюев нар оролцож гурван цаг хэртэй ярилцсан байна.
Хүний эрхийг хязгаарласан хуулийг Дээд Рада нэгдүгээр сарын 16-нд баталсанд украины олон нийт дургүйцэж өнгөрсөн долоо хоногийн туршид зөвхөн нийслэл Киевт ч биш орон нутгийн төвүүдэд жагсаал цуглаан болж төр засгийн албан байруудыг эзлэхээр дайрч Льювов, Волынск мужуудад сөрөг хүчнийхэн өөрсдийн гүйцэтгэх захиргааг байгуулаад байгаа юм.