Швейцарийн Давос дахь уулын цанын амралтын газар 44 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй орны төрийн алба, бизнесийн элит, олон нийтийн байгууллагыг төлөөлсөн 2500 хүн оролцох тухай уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб мэдэгдлээ.
Чуулга уулзалтад Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ген Хи, Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Нието, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани, Их Британийн Ерөнхий сайд Кэмерон, Италийн Энрико Летта, Израйлийн Шимон Перес гээд дэлхийн 40 гаруй орны төрийн тэргүүн хүрэлцэн иржээ.
“Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвээр явагдаж байгаа энэ удаагийн форумд дэлхийн эдийн засагт тулгараад байгаа олон тооны хямралыг зохицуулахад бодит нөлөө үзүүлэх чадвартай улс төр, олон нийтийн төлөөлөл болсон хамгийн нэр алдартай хүмүүс цугларчээ гэсэн үг.
Уулзалтын хүрээнд “Их 20” –той холбоотой асуудлууд, “BRICS” буюу Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн эдийн засаг нь хамгийн өсөх ирээдүйтэй байгаа таван орныг нэтгэсэн байгууллагын ажлын талаар авч хэлэлцэнэ. Мөн Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хөндөх тул энэ салбарт дэлхийд тэргүүлдэг орны сайд, хувийн болон төрийн компаниудын төлөөлөгчид иржээ. Чуулганаар орчин үеийн амьдралд инновацийн үзүүлж байгаа нөлөө, глобал хөгжлийн хэтийн төлөв, эдийн засгийн үйл явцад иргэний нийгмийн оролцоо, дэлхийн хүн амын өсөлттэй холбоотой “есөн тэрбумын” асуудал гэсэн үндсэн дөрвөн сэдэвт голлон анхаарна гэдгийг Клаус Шваб мэдэгдээд байсан.
Салбар хуралдаануудаар цаг агаарын өөөрчлөлт, эрүүл мэндийг хамгаалах салбарын ирээдүй, залуучуудын дундах ажилгүйдлийг авч хэлэлцэнэ. Уулзалтын явцад Хойд Африк, Ойрхи Дорнодын асуудлыг шийдэх арга замыг хайхад голлон анхаарах аж.
Ингэж сүр дуулиантай уулзаад ярилцаад байх ямар шаардлага байна гэсэн асуулт гарч ирэх биз.
Сүүлийн 10 гаруйхан жилийн дотор дэлхийн дүр зураг танигдахгүй болтлоо өөрчлөгдөн даяарчлалын үйл явц асар хурдтай өрнөсөн тул ийм өндөр түвшинд уулзалдан хэлэлцэхээс өөр аргагүй байдалд орсон.
Олон улсын эдийн засгийн чуулганыг хамгийн анх 1971 онд Швейцарийн эдийн засагч Клаус Шваб санаачилсан юм. Европт толгой цохидог 450 компанийн төлөөллийг оролцуулан чуулахдаа дэлхийн эдийн засгийн хөгжлийн төлвийг хэлэлцэн, нэгдсэн стратеги боловсруулах талаар ярьж байжээ. Удалгүй эдийн засгийн асуудлыг шийдэхэд улстөрчдийн оролцоо шаардлагатай нь ойлгомжтой болсон тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд яамдын сайд хүртэл янз бүрийн түвшний нөлөө бүхий улстөрчдийг урьж оролцуулах болсон юм. Улмаар 1987 оноос дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа асуудлыг бүгд хэлэлцэн ярилцаж шийдэх санааг дэвшүүлэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нэртэй болсон.
Чуулга уулзалтын хүрээнд 300 гаруй семинар, дугуй ширээний уулзалт, удирдагч нарын богино уулзалт зэрэг арга хэмжээ явагддаг. Чууулганы үеэр шийдвэр тогтоол гаргадаггүй ч дэлхийн эдийн засагтай холбоотой гол сэдвээр нүүр тулан, албан бус байдалд үзэл бодлоо чөлөөтэй солилцох боломж олгож байдгаараа маш чухал.
Олон улсын эдийн засгийн форум нь үзэл бодлын солилцоо, мэтгэлцээн явуулахаас гадна эдийн засаг ба улс төрийн судалгаа санаачлан явуулдаг. Дэлхийн 100 гаруй орныг боломжит өсөлтийн индекс ба өрсөлдөх чадварын индекс гэсэн хоёр гол үзүүлэлтээр нь жагсаан үнэлдэг “Глобаль өрсөлдөх чадвар” судалгааг гэхэд 1979 оноос эхлэн жил болгон гаргаж ирсэн.
Өнгөрсөн долоо хоногт урт ба ойрын хугацааны хэтийн төлөвт дэлхий нийтийн өмнө тулгарах эрсдлийн судалгааг хэвлүүлсэн юм. Энэ баримт бичигт өгүүлснээр шийдвэрлэх ач холбогдолтой орнуудын эдийн засгийг дайрсан татварын хямрал, ундны усны дутагдал, ажилгүйдэл гурав нь хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа үндсэн асуудал болж хувираад байна. Тус судалгаанд хүн амын орлогын түвшин хоорондын ялгаа улам нэмэгдэж байгааг онцгойлон авч үзсэн байна. Энэ үзэгдэл цаашид даамжирвал тогтвортой эдийн засгийн гол тулгуур болж байдаг дундаж ангийн байр суурийг ганхуулан, энэ ангид багтдаг хүний тоог бараг байхгүй болох хэмжээнд хүртэл цөөрүүлж магадгүй байгааг судлаачид анхааруулжээ.
Цаашилбал, хамгийн аюултай 10 эрсдлийн тоонд цаг агаарын өөрчлөлт, кибер дайралт, хүнсний хямрал, байгалийн ба техникийн гаралтай сүйрэл, улс төр ба нийгмийн хурц тогтворгүй байдал, санхүүгийн болон хууль зүйн зохицуулалтын механизмуудын доголдол зэрэг зүйлс орсон.
Ийм олон чухал сэдэв, асуудал хөндсөн чуулга болох тул оролцож байгаа улс болгон л өөрийн эдийн засгийн өмнө тулгараад байгаа асуудлыг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэж чадах хүмүүс, байгууллагатай уулзан тохиролцоонд хүрэхийг хичээнэ.
Манай хойд хөршийн төлөөлөгчид гэхэд л Сочигийн олимпыг сурталчлан, олон эсэргүүцлийн давалгааг намжаах тал дээр голлон анхаарах аж.
Манай улсын хувьд дээр дурдагдсан 10 глобаль эрсдэлийн дийлэнхтэй тулгараад байгаа. Ундны ус, дундаж давхаргын хомсдол, эдийн засаг ба нийгмийн тогтворгүй байдал гээд та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Дээр нь шатахуун, нүүрс гэх мэт эрчим хүчний нөөцийн үнэ, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай байгаа манай улсын хувьд энэ форум дээр ярилцах асуудал хангалттай олон байна.
Хуралдааны үеэр Монгол Улсын өмнө тулгарсан асуудлын дагуу “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ тусгай хуралдаан”, Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилгоор “Монголын өдөрлөг” арга хэмжээг тус тус зохион байгуулах юм.
Дашрамд сонирхуулахад, хүссэн хүн болгон энэ форумд оролцож чадахгүй. Оролцох эрхийг авахын тулд “Дэлхийн эдийн засгийн форум” гэдэг олон улсын байгууллагын гишүүн байх ёстой. Хувь хүний гишүүнчлэлийн жилийн төлбөр нь 50 мянга гаруй ам.доллар бөгөөд оролцох эрхийг авахын тулд тасалбарт 27 мянгыг төлөх ёстой. Ингээд ч зардал дуусахгүй. Янз бүрийн клуб, цөөн оролцогчид бүхий хэлэлцүүлэг зэрэгт суух, оролцохын төлөө 150 мянга гаруй ам.доллар төлөх ёстой. Дээр нь тээвэр, зочид буудал, бизнес цайллага зэргийг зохион байгуулахад шаардлагатай бүх төлбөрийг халааснаасаа гаргана. Тэгэхээр энэ форум тун ч босго өндөртэй юм.
Форумд оролцож байгаа 2500 хүний 25 хувь нь Америкийн иргэд, 15 хувь нь эмэгтэйчүүд.
Соёлын хөтөлбөрийн хүрээнд солонгос рэпчин PSY алдарт “Ганнам стайл” дуугаа дуулах бол спортын арга хэмжээний хүрээнд оролцогчид цанаар гулгахын сацуу хоорондоо хоккей тоглох юм байна. Хоккейн тоглолтыг Оросын талын оролцогчид санаачилсан аж.