Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Волгоградын тролейбусны дэлбэрэлтээс амьд гарснаа ингэж ярьжээ


Тэр аймшигт дэлбэрэлт болсон арванхоёрдугаар сарын 30-ны өглөө "Метроэлектротранса" компанийн цахилгааны монтёр 50 настай Сергей Цыбизов ажилдаа явж байж. Тун удахгүй баяр болох гэж байгаа болохоор сэтгэл ч өөдрөг, ажлын дараах, маргааш болох баярын тухай бодоод л .....Гэхдээ л урд өдөр нь төмөр замын буудалд дэлбэрэлт болсон тухай дуулсан болохоор нэг л тавгүй. Гэхдээ л ямар нэгэн муу юм бодогдоогүй гэнэ.
Ингээд автобусны буудал дээр иртэл өөрийнх нь суух ёстой тролейбус ч төдхөн хүрээд ирэхээр нь тэрээр дассанаараа л хойд хаалгаар нь ороод сул суудал хэд хэд байсан ч эмэгтэйчүүд сууг гээд цонхны дэргэд зогсчээ.
Ингээд л машин хөдлөөд удаагүй байтал асар хүчтэй зүйл түүнийг хойш нь авч шидэх нь тэр. Тэгээд л тэр хэсэг хугацаанд ухаан алдаж орхиж. Арайхийн ухаан ороход энд тэндгүй орилоон, хэмхэрсэн хаалга, хаа сайгүй шил.

-Нүдэнд утаа ороод юу ч харж болохгүй байлаа. Ингээд л гадагшаа гарахаар оролдсон.  Яг дэргэд минь цусандаа холилдсон залуу хэвтэж байлаа.  Яг юу болсныг сайн ойлгохгүй байсан ч дэлбрэлтийн долгион намайг ар тийшээ авч шидсэн хэрэг байлаа. Гэхдээ би эхлээд  цахилгааны богино холбоо үүссэн юм байх гэж бодсон. Бүр шоконд орчихсон байсан даа. Цааш жаахан ахихад хэн нэгний тасарчихсан гар, толгой харагдаж байсан. Яг л кино ч юм шиг, эсвэл зүүд шиг.....
Тэнд байсан бүх хүн л бүр яахаа мэдэхгүй болчихсон байсан.
Ингэтэл хүмүүс бидэнд туслахаар гүйлдэж ирсэн. Нэг танихгүй бүсгүй над руу гүйж ирэн түшиж, машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Ингэж байтал ч дараа дараагийн хүмүүс араас ирцгээсэн. Би тэр бүсгүйн нэрийг ч асууж амжаагүй, баярлалаа гэж хэлсэн эсэхээ ч мэдэхгүй байна. Харин одоо сайхан сэтгэлт тэр бүсгүйд баярласнаа хэлэх минь. Шархдаж бэртсэн хүмүүсийг орхилгүй хүмүүн сэтгэл гаргаж эмнэлэгт хүргэсэнд тань бүсгүй танд маш их баярлалаа гэж хэлье гэж Сергей  Цыбизов хэлж байна.

Түүний гавлын яс бэртсэн, нэг чих нь юу ч сонсохгүй болжээ. Эмч нар үүнийг нь аажимдаа зүгээр болно гэсэн гэнэ. Төд удалгүй амьд байгаагаа ар гэрийнхэндээ дуулгаж тэд нь ч ирцгээжээ. Мэдээж тролейбусанд болсон дэлбэрэлт тэр дороо л хот даяар тарж, тэр хавийн хэн хүнгүй сэтгэл түгшиж байсан шүү дээ.
Тэр тролейбусанд явсан 16 хүн амь алдсаныг хожим нь дуулсан Цыбизов “Хөөрхийдөө хэн нэгэн нь л миний өмнө зогсоод бөмбөгний хэлтэрхийнүүдийг биеэрээ хааж миний амийг аварсан байх даа” гэж ярьж байна.
Одоо би арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хоёр дахиа төрсөн өдрөө гэж тэмдэглэж байх боллоо доо гэж тэрээр эцэст нь хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан