Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр зохион бүтээгч хүүхдүүдийн өдөр


Жил болгоны энэ өд­рийг дэлхий даяараа “Зо­хион бүтээгч хүүхдүүдийн өдөр” болгон тэмдэглэдэг уламж­лалтай. Энэ өдрийг зүгээр ч нэг сонгосонгүй АНУ, Америкийн Үндсэн хуулийг үүсгэн бай­гуулагчдын нэг, алдарт зохион бүтээгч Бенжамин Франк­лины төрсөн өдөр болохоор нь сонсгосон.

Энэ хүн хүүхдийн зохион бүтээх чадвартай ямар хамаа­тай юм бэ? Тэгээд ч хүүхэд ер нь юу л бүтээгээ аж гэсэн басамжлаж байж болох. Гэтэл сая сая хүний өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг хүүхдүүд бүтээсэн байдаг юм. Бенжамин Франклин гэхэд л ердөө 12 настайдаа усанд хурдан сэлэх боломж олгодог гарт угладаг сэлүүрийг зохион бүтээсэн. Франклин нь аянга зайлуулагчийг бүтээж, цахилгаан цэнэгийг “+”, “-” ялгахыг сэдсэн гээд маш олон зүйл хийсэн алдартай хүн юм. Энэ суут хүний хөрөг нь 100 ам.долларын дэвсгэрт дээр байдаг болохоор та нэг бус удаа харж байсан байх.

Цаашилбал, хүүхэд том хүнгүй модон иштэй зайр­магийг амтархан иддэг. Энэ зайрмагийг 1905 онд Фрэнк Эпперсон гэгч жаал зохиожээ. Тэрээр жижиг модон халбагатай аягатай ундаагаа довжоон дээрээ мартсан байж. Шөнө огцом хүйтрэн аяган дахь ундаа нь халбагатай нь барьцалдаад хөлдсөн байхыг жаал өглөө нь хараад ийм зайрмаг хийх санаа төрсөн ч ашигласангүй. Олон жилийн дараа чинээлэг хүн болсон хойноо харин модон иштэй зайрмагаа өөрийн нэр дээр патентласан улам ч чинээлэг хүн болсон байдг.

Зуны Олимпод ордог батут дээр үсрэх гэсэн төрлийг бүгд мэднэ. Тэгвэл энэ батутыг 1930 онд Жорж Ниссен бүтээ­сэн юм. Тэрээр циркийн гим­настикчид тоглолтоо дуусгасны дараа хамгаалалтын торон дээр үсрэн бууж байгааг хараад өндөрт үсэргэдэг юм хийх санаа төржээ. 16 настай жаал гэртээ эргэж ирээд хатуу даавуун эдийг бэхэлж байгаад хамгийн анхны батутыг бүтээсэн байдаг.
1963 онд зургаан настай Роберт Пэтч гэгч жаал ачаа өөрөө буулгагч машин шиг хойш өргөгддөг тоглоомон ачааны машин бүтээжээ. Түүний машиныг ямар ч хүүхэд олон хэсэг болгон задлаад дараа нь өөр машин болгон буцаан угсрах боломжтой. Ухаалаг жаал өөрийнхөө бүтээлийг патентлан авсан юм. Одоо түүний тоглоомоор өдөр болгон мянга мянган хүүхэд тоглож байна.
Өнөөдөр чүдэнз гэдэг хам­гийн энгийн зүйл гэж санагдаж байж болох. Гэвч 19 дүгээр зуун хүртэл ийм чүдэнз байсангүй. Чүдэнзийг 1830 онд Францын Шарль Сориа гэдэг дунд сургуулийн сурагч анх зохион бүтээсэн гэдгийг мэдэх хүн цөөн. Сориа нь химийн хичээл дээр багшийнхаа хийсэн туршилтыг харж байгаад өөрөө асдаг зүйл хийх боломжтой гэж боджээ. Зуны амралтаараа гэртээ уйгагүй туршилт хийсний эцэст калийн давс шингээсэн нарийхан модыг фосфор түрхсэн гадаргуу дээр үрэхээр асдаг болгосон анхны чүдэнз байлаа. Харамсалтай нь Сориа болон түүний ар гэрт нь бүтээлээ патентлахад шаардлагатай 1500 франк байсангүй. Тэднийг мөнгө цуглуулж байх хороонд Германд өөр нэгэн хүн Сориатай адил аргаар чүдэнз хийгээд түрүүлж патентлан худалдаанд гаргасан байдаг.

Хүүхэд залуусын өмсөх дуртай хүйтнээс хамгаалдаг чихэвчийг 1873 онд 15 настай Честер Гринвуд  бүтээжээ. Тэрээр тэшүүрээр гулгах дуртай ч малгай өмсөх дургүй байж. Тэгээд чихээ хөлдөөхгүй байх арга хайж байгаад чихэвч бүтээсэн байна. Честер дөрвөн жилийн дараа өөрийнхөө бүтээлийг патентлаж аваад үсэрхэг дулаалгатай чихэвчний үйлдвэр байгуулан амжилттай ажилласан.
Хараагүйчүүдийн ашигла­даг Брайлийн цагаан толгой гэж байдгийг уншигч та мэдэх байх. Энэ цагаан  толгойг 1821 онд Луи Брайль гэдэг 15 настай харааны бэрхшээлтэй хүүхэд зохиосон юм. Тэрээр өөрийн цагаан толгойг бүтээхдээ армийнхан харанхуйд гэрэл гаргалгүйгээр илтгэл, мэдээлэл уншихдаа хэрэглэдэг байсан нууц бичлэгийг ашигласан гэдэг. Талархсан хүмүүс хараагүйчүүдийн цагаан толгойг Брайлийн нэрээр нэрлэсэн юм. Өнөөдөр олон зуун мянган хүн харааны бэрхшээлтэй ч Брайлийн цагаан толгойн ачаар ном уншиж, захидал бичиж байна.

Цаснаа явагч гэж цасан дээгүүр айхтар хурдалдаг унаа байдаг. Үүнийг мөн л хүүхэд зохиосон юм. 1922 онд Жозеф Арманд Бомбардьер гэдэг 15 настай жаал аавынхаа хуучин “Форд” машиг засах дуртай байжээ. Тэгэж байгаад нэгэн удаад машины урд дугуйг цанаар сольж, ар талын дугуйнд нь гинж хийгээд явж үзтэл их цасан дээгүүр маш хурдтай давхижээ. Энэ бол дэлхийн хамгийн анхны цаснаа явагч юм. 15 жилийн дараа энэ цаснаа явагчийг сайжруулан өөрчилж бөөнөөр нь үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн юм.

Өнөөдөр айл болгонд ямагт анхаарлын төвд байдаг эд зүйлийг нэрлээрэй гэвэл бүгд зурагт гэх байх. Дүрсийг алсын зайнд утасгүй дамжуулах аргыг 14 настай хүүхэд анх сэдсэн гэдгийг харин хүмүүс тэр бүр мэддэггүй.  Фило Фарнсворт хүү төмсний талбайд ажиллаж байгаад дүрсийг алсын зайнд дамжуулах үндсэн зарчим, загварыг бодож олжээ. Зургаан жи­лийн дараа компани байгуу­лан өөрийн зарчмаа амьд­ралд хэрэгжүүлснээр та бид өнөөдөр зурагт үзэж байгаа гэдгийг анхаараарай

Жек Андрака гэдэг америк хүүхэд 2002 онд 15 настайдаа ходоодны хорт хавдрыг эрт оношлох нэн мэдрэмтгий шинжилгээ авах аргыг нээсэн юм. Хүүгийн бүтээсэн тусгай мэдрэгч нь хорт хавдартай үед хүний цусанд үүсдэг мезотолин нэртэй уургийг маш сайн илрүүлдэг. Жекийн бүтээсэн арга нь уламжлалт аргаас 26 мянга дахин хямд юм.

16 настай Сара Фольц уйгагүй ажилласаар тослог ихтэй усны замгаас хямдхан био түлш гаргаж авах лаборатор бүтээжээ. Сарагийн гаргаж авсан био түлш нь бензин, дизель түлшнээс хямд аж. “Intel” компани охины бүтээлийг өндрөөр үнэлэн судал­гаагаа үргэлжлүүл гэж 100 мянган ам.долларын тэтгэлэг өгчээ.
Эйшэ Кхаре гэдэг 16 настай охин смартфон буюу ухаалаг утасны зайг 20 секундын до­тор бүрэн цэнэглэдэг төхөө­рөмж бүтээсэн байна. “Intel” компаниас охины бүтээ­лийг үнэлэн 50 мянган ам.доллараар урамшуулсныг тэрээр цэнэглэгчээ улам боловсронгуй болгоход зарцуулсан.

Райан Паттерсон хүү “McDonald’s”-д сууж байхдаа сонсголын бэрхшээлтэй хүүх­­­­дүүд зөөгчтэй огт ойл­голцож чадахгүй байгааг хар­жээ. Тэгээд дохионы хэлнээс орчуулдаг электрон орчуулагч бүтээхээр шийдсэн байна. Энэ төхөөрөмж нь дохио­нуу­дыг хооронд нь ялган ком­пьютерийн дэлгэц дээр хөрвүүлэн бичиг болгож гарга­даг тусгай бээлий юм. “Time” сэтгүүл Паттерсоны бүтээлийг 2002 оны хамгийн шилдэг бүтээлийн нэг гэж үнэлсэн.

Ингээд тоочоод байвал баримлын шавраас эхлээд дөрвөлжин ёроолтой цаасан уут, зогисуулахыг зогсоодог эм, шарханд наалдсан боолтыг өвтгөлгүй авдаг шингэн, тусгай программ хангамж хүртэл хэдэн мянган бүтээл, нээлт бий. Дэлхий дээр ямар их авьяаслаг, зохион бүтээгч хүүхэд байдаг юм бэ гэсэн бодол аяндаа төрнө.

Хүүхдүүд баян ядуу гэлтгүй ямар ч улс орны ирээдүй. Хүүхдүүд нь яаж боловсорч, хүмүүжинэ улс орны ирээдүй нь тийм л байна. Тиймээс Америкаас эхлээд Өрнөд Европ, Хятад, Япон, Орос хүртэл боломжтой, хөгжилтэй, байр сууриа алдахыг хүсэхгүй улс болгон хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Тиймээс ч зохион бүтээгч хүүхдийн өдрөөр авьяаслаг хүүхдүүдийг дэмжих, урам өгөхөд чухал ач холбогдол өгдөг.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс, тэдний том компаниуд нь хүүхдүүдийн зохион бүтээж байгаа бүхнийг маш анхааралтай ажиглаж, үнэхээр ирээдүйтэй гэж үзсэн зүйлд мөнгө, боломжоор харамгүй тэтгэдэг. Зохион бүтээгч хүүхдүүдэд зориулсан тусгай төв, дугуйланг тогтмол ажиллуулна.

Энэ зуун нь шинэ техник, тех­нологийн зуун болохоор ийм замаар хүүхдүүдийнхээ бү­тээлч сэтгэлгээг хамгийн сайн хөгжүүлж чадсан улс л өрсөлдөөн дундаас ялаг­чаар гарна. Манайд Залуу тех­никчдийн ордон нэртэй га­зар байлаа. Дотор нь машины заг­­вар, нисэх онгоцны загвар зо­хион бүтээх гээд олон дугуйлан байдаг тэнд нь цөөнгүй хүүхэд явдаг байсан санагдаж байна. Одоо байхгүй болсон сурагтай. Заавал энэ төвүүд гэлтгүй соёл амралтын тө­вүүдэд ч хүүхдүүдэд зориул­сан ийм дугуйлан ажилладаг бай­сан.

Эртнээс хүүхдүүдийн бү­тээлч сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх хүслийг дэмжих талаар анхаарахгүй бол нэг мэдэхэд Монгол гэхээр баахан загвар өмсөгчид, миссүүд, дуучид, бүжигчдээс их юмгүй улаан шоучин улс болж хувирсан байх вий дээ...

0 Сэтгэгдэл
1 сарын 18-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
Хамгийн их уншсан