Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бусдыг хашраах гээд өөрийгөө чадсан улстөрч

Дэлхийн эдийн засаг, санхүү, улс төрд шийдвэрлэх үүрэгтэй №1 улсыг нэрлэ гэвэл бүгд дуу нэгтэйгээр АНУ гэнэ. Иймд энэ улсын Ерөнхийлөгч аль намын хэн болох, ямар бодлого баримтлах нь дэлхий нийтийн анхаар­лын төвд байдаг. Ийм шалт­гааны улмаас хоёр жилийн дараа болох АНУ-ын Ерөн­хийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэв­ших магадлал хамгийн өндөр байсан Крис Кристийг тойр­сон дуулиан олон нийтийн анхаарлын төвд оров.
Крис Кристи нь Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөртэй байсны дээр гол өрсөлдөгч болох Ардчилсан намын нэр нөлөө бүхий цөөнгүй хүн дэмждэг гэдгээрээ саях­ныг хүртэл Америктаа л Оба­магийн дараа орох нэр хүндтэй, алдартай улстөрч байв.

Өнгөрсөн оны арваннэгдү­гээр сард болсон Нью-Жерси мужийн сонгууль ч үүнийг баталсан. Сонгуулиар Кристи нь Ардчилсан намын Барбара Буоног 24 хувиар илт давуу ялсан нь үүний тод жишээ. Ингэж ялалт байгуулахад мужийн Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүс чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Америкийн мэдээллийн хэрэгслүүд онцгойлж байгааг дурдах хэрэгтэй. Учир нь, энэ дэмжлэг дуулиан үүсэх гол хүчин зүйл болжээ.

Кристи нь 2012 онд “Сэнди” хар салхинд хамгийн ихээр нэрвэгдсэн мужаа нөхөн сэргээх ажлыг нэлээд үр дүнтэй явуулсан. Нөхөн сэргээх ажилд тусламж үзүүлсэнд Ардчилсан намаас гарч ирсэн Ерөнхийлөгч Обамаг магтсан байна. Иймд Нью-Жерси мужийн амбан захирагчийг сонгох сонгуулиар олон хотын Ардчилсан намаас сонгогдсон мэрүүд Кристийг дэмжжээ.

Гэтэл Форт-Ли хотын мэрийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялсан Марк Соколич гэгч “этгээд” Кристийг дэмжвэл ирээдүйд нь хэрэгтэй гэсэн шахалтын хариуд хэлэхэд “Кристи амбан сайд байхдаа үнэхээр сайн ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ сонгуулиар би өөрийн намаас нэр дэвшигчийг дэмжинэ” гэж мэдэгдээд тас гүрийснээр хамаг хэрэг дэгдсэн аж.
Соколичийн энэ мэдэгд­лийг сонгуулиар ялж улиран сонгогдсон амбан захирагч Кристи, түүнийг тойрон хүрээ­лэгчид манайхны ярьд­гаар “хор­хойтой араандаа зуусан” аж.

2013 оны есдүгээр сард буюу энэхүү мэдэгдлийн дараах­наас Форт-Ли хот бү­хэлдээ замын түгжрэлд автав. Машин бүү хэл явган хүн явахад ч бэрх тийм байдал үүссэн байна. Зуны амралт дуусаад сургууль, цэцэрлэг нээгдэж байсан үе тул хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль руу зөөж явсан яаруу ажилтай хотын иргэд “аймаар” их дургүйцсэн нь ойлгомжтой. Дургүйцэл ажлаа сайн хийж “чадахгүй” мэрийг чиглэж байсан нь тодорхой. Гол шалтгаан нь Форт-Ли хотыг дэлхийн хамгийн олон хүнтэй хотын нэг болох Нью-Йорктой холбосон Вашингтоны нэрэм­жит гүүр хүрэх зам дээрх урьд хожид үзэгдээгүй бөглөрөл.

Энэ гүүрээр өдөрт 300 мянган машин дайран өнгөрдөг тул ерөнхийдөө “мөн­­хийн” бөглөрөлтэй, дэл­хийн хамгийн өндөр ачаалалтай зам, гүүр гэгддэг. Гэтэл өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йорк ба Нью-Жерси мужийн Гүүр, боомтуудын удирдах газрын тушаалаар замын ажилчид гэнэт ямар нэг шалтгаан дурдалгүйгээр гүүр хүрдэг дөрвөн урсгалтай замын гурван урсгалыг хаасан байна.

Үр дүнд нь хотын амьд­ра­лыг бүхэлд нь боо­милсон бөглөрөл үүсч ир­гэд ба хотын удирдлагыг муу­далцахад хүр­гэн хотын мэр маш эвгүй бай­далд оржээ.
Гэхдээ мэр энэ хэргийг зүгээр өнгөрөөхийги хүссэнгүй мужийн удирдлагад хандан зам хаах болсон шалтгааныг тайлбарлахыг шаарджээ.
Мужийн удирдлагаас “Замын хөдөлгөөний урсгалын ачаал­лыг тодруулахын тулд” түр хаасан гэсэн тайлбар өгч. Гэвч нэр хүнд, рейтинг нь айхтар унасан мэр ийм тайлбарт сэтгэл ханасангүй мужийн иргэдийн төлөөлөгчийн ху­рал дахь нам нэгтнүүддээ хандан мөрдөн байцаалт явуулах асуудалд дэмжихийг хүссэн нь амжилтад хүрчээ.

Ингэснээр Нью-Жерси му­жийн амбан захирагч Крис­тийн томилон ажиллуулсан Дэвид Уайлдстейн гэгч хүн шууд тушаал өгч замыг дөр­вөн өдрийн турш хаасан нь тодорхой болж. Энэ хү­нийг ажлаас нь халсан хэдий ч “урсгалын ачааллыг тодруулах” гэгч нь юу болох, хичээлийн шинэ жил дөнгөж эхлээд амралтаасаа ирсэн ээж, аав нар сургууль, цэцэрлэг рүү олноор явж эхлэх үеэр ийм ажил хийх болсон шалтгаан, үүнд дүгнэлт хийсэн тухай ойлгомжтой хариу хэлэх хүн нэг ч гараагүй гэнэ.

Иймээс мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гүүр хүрэх замыг хаасан хэрэгт холбоотой хүмүүсийг дуудан байцаахын сацуу, тэдний интернэт зурвас солилцоо буюу мессенжерийг шалгатал бүх зүйл тодорхой болж.
Кристийн туслах ба мужийн гүүр, зам хариуцсан газрын ажилтнуудын зурвас солилцоог ил болгон уншсан иргэдийн төлөөлөгч нар шоконд оржээ.
Бөглөрөл эхлэхийн өмнө амбан захирагчийн туслах нь Дэвид Уайлдстейн руу мессеж бичин “Форт-Лигийн хүмүүс бөглөрөх цаг нь болсон юм биш үү?” гээд “Ойлголоо” гэсэн хариу авсан байна. Удалгүй бөглөрөл оргил үедээ хүрээд хэдэн зуун мянган хүн өдөр болгон 4-6 цагаар түгжрэлд зогсон ажил, сургуулиа алдаад асар их хохирол амсч байх үед хоорондоо “Миний инээд хүрээд болохгүй юм. Энэ муу юу?”, “Сургуулийн автобус гацаад арай хэтрүүлчихэв үү?” гэхэд “Тэр ч тэгсэн. Гэхдээ Буоногийн сонгогчдын хүүхдүүд шүү дээ” гэсэн хариу авч байж. Буоно нь тухайн үед Кристийн амбан захирагчийн суудлын төлөөх сонгуулийн гол өрсөлдөгч, Ардчилсан на­мын нэр дэвшигч байсан юм.

Ийм байдлаар хүүхдүү­дийг хүртэл эцэг, эхийг нь Ард­­­­чилсан намынх гэж ялга­вар­лан гадуурхсан нь Нью-Жерси муж гэлтгүй улс даяар аме­­­­­­­­­­­­­­­­­­рикчуудын уурыг хүргэсэн байна.
Өөрийг нь дэмжихийг хүсээгүй хотын мэрийг хаш­раах, “чихийг зөөллөх” –ийн тулд ямар ч буруугүй хэдэн зуун мянган хүн, түүний дотор сурагчдыг өдөрт олон цагаар бөглөөнд суулгана гэдэг хэнийг баярлуулах билээ.
Энэ бүхэн ил болсны дараагаар Америкийн бүх муж, холбооны хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүд Кристийг эрс шүүмжилж эхэлсэн.

Үүний үр дүнд нь Кристи аргагүйн эрхэнд бичгээр тайлбар хийж, туслагч нар нь ямар бантан хутгаж байгаа талаар юу ч мэдээгүй гэдгээ хэлсэн ч тусыг олоогүй тул өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж хоёр цагийн турш сэтгүүлчдийн тун таагүй олон асуултад шууд хариулсан байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр тэр нэгдүгээрт туслахууд нь юу хийж байгааг огт мэдээгүй гэв. Дараа нь өөрийг нь мэхлэн хууль бус зүйл хийж байгааг мэдээд бүгдийг ажлаас халсан гэж. Гуравт зам, гүүрийн талаар ямар ч ойлголт байхгүй тул нэн даруй арга хэмжээ авч чадаагүй гэж. Дөрөвдүгээрт, амбан захирагчийн сонгуулийн үеэр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Форт-Ли хотын мэрт хэзээ ч биечлэн хэлж байгаагүй ч ажилтнуудынхаа хийсэн зүйлийн хариуцлагыг дангаар үүрнэ гэж мэдэгдсэн байна. Мөн цаашид ахин хэзээ ч ийм байдал үүсгэхгүй талаар хамгийн хатуу арга хэмжээ авна гээд уучлал гуйжээ.

Хэвлэлийн бага хурлын дараа Кристийн навс унаад байсан рейтинг ба­га зэрэг нэмэгдэн 53 ху­вийн дэмжигчидтэй бол­сон ч туслахуудынх нь хэ­рэг­жүүлсэн арга хэмжээний сөрөг үр дагавар дуусаагүй л байна. Кристи уучлал гуй­на гэдэг Америкийн улс тө­рийн амьдралд урьд хожид үзэг­дээгүй сонин үзэгдэл болжээ.
Кристи нь Америкийн улс төрд манайхаар бол “Буян Жагаа”-тай адил имиж­тэйгээрээ алдартай. Тэрээр хурал зөвлөгөөн, уулзалтын үеэр бодож санаснаа нууж хаалгүй, ичиж зоволгүйгээр шууд хэлдэг, мэтгэлцээний үеэр уурыг нь хүргэсэн өрсөлдөгчөө тун ч таагүй үгээр хараахаас огт буцдаггүй нэгэн. Хамгийн гол нь бүдүүлэг авир гаргасныхаа төлөө хэзээ ч хэнээс ч уучлал гуйж байгаагүй хүн гэнэт ингээд уучлал гуйна гэдэг цаана нь нэг л “но” байгаа гэсэн ойлголтыг америкчуудад өгчээ.

Америкийн улс төр судлаачид Кристийг хэвлэ­лийн бага хурлаа цаг алдалгүй хийж, рейтингээ 50 хувиас доош унагалгүй барьж чадсан гэдгийг хамгийн ихээр онцолж байна. Америкчуудын дунд ийм рейтингтэй байгаа хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх бүрэн эрхтэй. Тэгээд ч Америкийн Бүгд найрамдах намын мэдээллийн төв хэрэгсэл гэгддэг “Fox News” Кристигийн болон намынхаа рейтингийг өсгөх сөрөг пиар арга хэмжээ аваад эхэлсэн байна. Тус сувгаар хэргийн эзэн Кристийг ээдрээтэй үед будлиан хутгасан бүх туслахуудаа дотно байдал энэ тэрийг үл харгалзан нэн даруй халсан байтал Ардчилсан намын Обама энэ байтугай “бантан хутгасан” туслахуудаа халж чадахгүй өмгөөлж байна гэсэн утгатай  мэдээ явуулж эхэлсэн аж.

Америкийн сонгогчид элдэв асуудлаа нуулгүйгээр дэлгэж, түмний өмнө нүглээ наминчилдаг хүмүүст дуртай. Эхнэрээ Цагаан ордонд араар нь тавиад баригдсан Билл Клинтон үүний жишээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгчид баймааргүй ёс бус авир гаргалаа гэж улс төрийн элитүүдэд элдэв янзаар шүүмжлүүлсэн Билл Клинтон суудлаасаа огцроогүй төдийгүй одоо ч гэсэн Ардчилсан намын доторх хамгийн нөлөө бүхий хүний нэг. Ингээд ч зогсохгүй нөхөртөө мэхлүүлсэн эхнэр Хиллари Клинтон нь Обамагийн гол өрсөлдөгч бол­сон, дараа нь Төрийн на­рийн бичгийн дарга болсон. Одоо ч 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэв­­­­­шин гарах магадлал хам­гийн өндөртэй хүн гэж яригдаж байгаа.

Хэрэв Кристи энэ бүх таа­гүй зүйлийн ард гарч рей­тингээ хадгалан үлдэж чадвал хоёрхон жилийн дараа та бид Америкийн түүхэн дэх хамгийн дуулиантай хүмүүс дэлхийн №1 албан тушаалын төлөө яаж өрсөлдөхийг харах хэрэгтэй болох нь. Гэвч Нью-Жерси мужийн про­курорын албанаас Вашинг­тоны нэрэмжит гүү­рийг хаасан хэргийг амбан захирагч үнэ­­­­­хээр мэдээгүй байсан уу эсвэл шууд тушаа­лаар удирдан хянаж байсан уу гэдгийг илүү нарийвчлан тогтоох болсон тухайгаа мэдэгдсэн нь таагүй зүйл билээ. Хэрэв мужийн прокурорын газар Кристийг замын бөглөө үүсгэсэн хэрэгт шууд хамааралтай гэдгийг баталж чадвал нөхрийн “карьер” тэгээд л сүйрнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан