Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АРАБ ДАХИНЫГ ДОНСОЛГОСОН “МЭЛРЭГ ЦЭЦГИЙН ХУВЬСГАЛ”

Тунист “Мэлрэг цэцгийн” гэж нэрлэгдсэн өвөрмөц хувьс­галын ойг өчигдөр нижгэр тэмдэглэлээ. Ойг тэмдэглэх үеэр улс төрийн агуулгатай арга хэмжээ зохиогдоогүй ч хувьсгалын сэдэвтэй олон тооны концерт, зургийн үзэсгэлэн, жүжиг тог­ложээ. Хувьсгалын ойг тэмдэглэх гол төв нь Туни­сийн нийслэлийн Хабиба Бур­гиба өргөн чөлөө болсон байна. Хаа байсан Тунист гурван жилийн өмнө буюу 2011 оны энэ өдөр гарсан хувьсгал бидэнд ямар хамаа байна гэсэн асуулт гарч байж магадгүй. Хариулт нь тун энгийн.
Энэ хувьсгал Тунис тө­дийгүй Египет, Ливи, Бах­рейн, Саудын Арави, Алжир, Йемен, Иордан гээд арабын ертөнцийг бүхэлд нь хамарсан “Арабын хавар” нэртэй олон нийтийн, бүр тод­руулбал залуучуудын “Facebook” гэх мэт олон ний­­тийн сүлжээ ашиглан явуул­сан эсэргүүцлийн хөдөл­гөөн, хувьсгал, эмх замбараагүй явд­лын эхлэл болсон түүх­тэй. Товчхондоо Арабын хувьсгалыг эхлэлийг мэлрэг цэцэг тавьсан хэрэг.
Энэ хувьсгалын нөлөөг өнөөдрийг хүртэл Араб дахин төдийгүй дэлхий нийт мэдэрсээр байна. Египет, Ливи, Сири, Иракт болж байгаа шашны урсгал хоорондын мөргөлдөөн, алан хядах ажиллагаа, иргэний дайн ба түүнийг дагасан газрын тосны дэлхийн зээл дээрх үнийн хэлбэлзэл гэх мэт маш олон эерэг ба сөрөг үр дагаврыг энэ хувьсгал авчирсан.
Тиймээс Мэлрэг цэцгийн хувьсгалын эхэлсэн, хөрш зэргэлдээ орнууд руу халдварласан түүхийг эргэн санахад илүүдэхгүй.
2010 оны арванхоёрдугаар сарын 17-нд Тунисийн Сиди-Бузид нэртэй жижигхэн хотод гудамжны наймаа эрхэлдэг байсан Мухаммед Буазизи гэгч залуу амь зуух цорын ганц эх үүсвэр болсон бараагаа хураалган зодуулсны дараа цагдаа нарын хэрээс хэтэрсэн авир, өөрийг нь төдийгүй олон хүнийг нөмөрсөн ядуурал, ажилгүйдлийг эсэргүүцэн хотын захиргааны байрны гадаа өөрийгөө шатаасан юм.
Энэхүү үйлдэл нь хувьсгал нэртэй хүчирхэг моторыг асаах оч болсон билээ. Зөвхөн ноцоох оч л хүлээж байсан ард түмний уур хилэн, бухимдал, эрх чөлөө ба өөрчлөлтийн хүслэн нэртэй түлш мотортоо саваа халиад хүлээж байсан юм.
Залуусын уур хилэн, өөрчлөлт хийх хүслийг юу тэгтлээ ноцож байсныг ойлгохын тулд хувьсгал эхлэхээс өмнөх Тунис гэж ямар улс байсныг тодруулах хэрэгтэй байх.
1987 онд Ерөнхийлөгч болсон Зин эль-Абидин Бен Али тасралтгүй эрх барьж байв. Түүний эрх барьж байсан 23 жилийн хугацаанд олон тооны эерэг өөрчлөлт гарсан. НҮБ-ын мэдээгээр Бен Алийг Ерөнхийлөгч байсан 20 жилийн хугацаанд 1984 онд хүн амын 14 хувийг эзлээд байсан ядуурал 2010 онд гурван хувь болж буурсан. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2004-2009 онд 2,7 мянган ам.доллар байснаа 3,9 мянган ам.доллар хүрч нэмэгдсэн. Хүн амын 60 орчим хувь нь дундаж давхаргад хамаардаг болсон. Боловсролын салбар онцгой хурдацтай хөгжин есөн сая хүнтэй Тунист таван мянган сургуультай болсон аж.
Гэхдээ энэ өнгөн хэсэг. Таагүй тал нь Ерөнхийлөгчийн эхнэрийн хамаатан садангууд улсын эдийн засаг, санхүү гээд бүх л салбарыг атгаж. Ерөнхийлөгчийн эхнэрийн төрөл садан биш хүн авлига өгөлгүйгээр бизнес эрхлэх, амжилтад хүрэх ямар ч боломжгүй. Үүнээс болж авлигын хэмжээ хэрээс хэтэрч бараг л ил цагаан авч өгөлцөхдөө тулсан. Бен Али нь эхнэрийн хамт 20 тэрбум ам.долларыг Тунисээс гарган гадаадын банкуудад хадгалжээ. Бен Али нь улс төрийн намуудыг хориглон, эрх баригчдыг шүүмжлэн тэрс үзэл гаргасан хэргээр олон хүнийг баривчлан хорьсон. Ажилгүйдэл хүн амын 14 хувийг хамарсан. Хамгийн гол нь ажилгүйчүүдийн 60 хувь нь их дээд сургууль төгсөгчид, залуучууд байв.
Өөрийгөө шатаасан Буазизи шиг олон мянган залуу өлбөрч үхэхгүйн тулд гудамжинд аахар шаахар зүйл зарж хоногийн хоолоо олдог. Цагдаа нар тэднийг зөвшөөрөлгүй наймаа хийлээ гэж барааг нь хураадаг, хураасныг нь эргүүлж авахыг хүсвэл авлига нэхдэг байж.
Гэтэл Буазизи авлига өгөхийг хүссэнгүй цаашид тэвчих аргагүй боллоо гээд өөрийгөө шатаасан нь олон зуун мянган ажилгүй залуусыг цаашид авлига, ажилгүйдлийг тэвчээд суусан нь дээр үү эсвэл өөрийгөө шатаасан нь дээр үү гэсэн асуултад нэн даруй хариулахыг шаардсан юм. Ингээд л эхлэх нь тэр...
Буазизийг өөрийгөө шатааснаас долоо хоногийн дараа л түүний  төрсөн хотын иргэд цагдаа нарын авир, ажилгүйдэл, авлигыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулахад тэднийг тараахын тулд цагдаа нар гал нээн нэг хүний аминд хүрч, 10 хүнийг шархдуулав. Өөрийгөө шатаасан Буазизи 2011 оны нэгдүгээр сарын 4-нд эмнэлэгт шархаа даалгүй өөд болов. Үүний дараа ард олны бухимдал Сиди-Бузид хотоос халин, Тунис даяар эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж хувирав.

Жагсагчдын дийлэнх нь ажилгүй залуучууд байсан бөгөөд тэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа “Facebook”, “Twitter” сүлжээг ашиглаж байсан нь шинэ, содон зүйл болж хувирсан билээ. Үүнээс болоод заримдаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг Мэлрэг цэцгийн бус харин Кибер хувьсгал гэж нэрлэх нь бий.
Нэгдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгч Бен Али зурагтаар ард түмэндээ хандан 300 мянган шинэ ажлын байр бий болгох замаар залуучуудын ажил­гүйд­лийг шийдэхээр амалсан ч нэгэнт оройтсон байв.
Учир нь, залуучууд ажил­гүйдлийг арилгах, авлигатай тэмцэхийн сацуу Ерөнхийлөгч болон түүний хамсаатнуудыг огцрох, улс төрийн өөрчлөлт хийхийг шаардаж эхэлсэн юм. Арми, цагдаа нар жагсагч залуучуудын талд орсны дараа 2011 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 15-нд Тунисийг орхин Саудын Арави руу зугатсанаар хувьсгалчид санасандаа хүрч, энэ өдрийг хувьсгалын ялалтын өдөр гэж тэмдэглэж байхаар болсон түүхтэй.
Тухайн үеийн Арабын орнууд нь Тунистай яг адилхан гэмээр байдалд байв. Тодруулбал, ажилгүйдэл ба ядуурал, авлига газар авсан, дарангуйлагч засаглалтай, дарангуйлагчийн тойрон хүрээлэл болох цөөн хэдэн хүн улсын эдийн засгийг бүхэлд нь атгасан, эрх баригчдыг шүүмжилж тэрс үзэл гаргасан хүмүүсийг хатуу цээрлүүлдэг.
Интернэтийн ачаар мэдээ “Facebook”, “Twitter” сүлжээ асар хурдтай тархдаг өнөө үед Тунист залуучууд хэрхэн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлэн дарангуйлагчийг түлхэн унагаж, улс орондоо өөрчлөлтийг эхлүүлсэн тухай мэдээ Арабын ертөнцөөр гэрлийн хурдтайгаар тархан, үлгэр дуурайлал болсон нь ойлгомжтой. Үр дүнд нь Арабын ертөнцөд “Ард түмэн дарангуйлагч дэглэмийг унагахыг хүсч байна” гэсэн уриа бүхий бослого, жагсаал, хувьсгал өрнөсөн түүхтэй юм.
Ард олны бухимдал, өөрчлөлт хийх ба эрх чөлөөг хүсэх гэсэн шатахуунаар ажилладаг хувьсгалын мотор ажиллаж эхэлснээр Арабын ертөнцөд янз бүрийн өөрчлөлт гарсан. Зарим улсад төр эргэн улс төрийн тогтолцоо өөрчлөгдсөн, заримд нь үймээн самуун иргэний дайн эхэлсэн, нөгөө хэсэгт нь нийгмийн халамж, хөнгөлөлт нэмэгдсэн гээд янз бүр.
Жишээлбэл, Египет, Йеменд эсэргүүцлийн хөдөлгөөний шахалтаар дарангуйлагч дэглэмүүд татан буугдаж төрийн тогтолцоо өөрчлөгдсөн. Алжирт болсон эсэргүүцлийн жагсаалын нөлөөгөөр Ерөнхийлөгч нь 19 жилийн турш  мөрдөгдөж байсан онц байдлыг халсан.
Харин Саудын Аравид эсэргүүцлийн жагсаалын дараа хаан нь нийгмийн тусламж хөнгөлөлтөд 35 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон. Эдгээр нь төрийн албан хаагчдын цалинг 15 хувь нэмсэн, залуу гэр бүл ба ажилгүйчүүдэд зориулсан тэтгэлгийг нэмсэн гээд олон арга хэмжээ багтсан байна.
Кувейтэд бага хэмжээний эсэргүүцлийн жагсаалын дараа төрийн албан хаагчдын цалин, оюутнуудын стипендийг нэмж, унаган кувейтчүүдэд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлсэн.
Сирид эрх баригч дэглэ­мийг эсэргүүцэл хөдөлгөөн нь иргэний дайн болон ху­вирч өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна.

Ливид хувьсгал гарч ир­гэ­ний дайн дэгдсэний дараа дарангуйлагч Каддафи цаа­заар авахуулсан бөгөөд улс төрийн тогтолцоо нь өөрч­лөгдсөн.
Дарангуйлагч дэглэмүүд нуран унаж, иргэд нь үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжтой болно гэдэг сайшаалтай гэдэгтэй маргалдах хүн гарахгүй. Гэхдээ эрх чөлөө ба эрх мэдэл гэгч хоёр зүйл ямагт хоорондоо таарамж муутай байдаг хуультай. Хувьсгал хийж төрийн эрхэнд гарсан хувьсгалчид тэр их эрх мэдлийг яах вэ гэдэг асуудалтай тулгарсан нь зүйн хэрэг. Үр дүнд нь Арабын хувьсгалаар дарангуйлагчдаа түлхэн унагасан дийлэнх улсад эрх мэдлийн төлөөх хүчтэй өрсөлдөөн явагдаж байна.
Египетэд хувьсгалын дараагаар бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Мурсийг армийнхан баривчлан дахин төрийн эргэлт гаргасан нь үүний жишээ. Сирид Башар Асадын дэглэмийн эсрэг сөрөг хүчний явуулсан тэмцэл нь яваандаа Засгийн эрхэнд гарахын төлөөх иргэний дайн болж хувирлаа. Ливид хувьсгалчид нь олон бүлэглэл болж хуваагдаад одоо хүртэл хоорондоо тохиролцож чадахгүй зарлаагүй иргэний дайны байдалтай байна. Хувьсгалыг эхлүүлсэн Тунис гурван жилийн турш үндсэн хуульгүй, түр Засгийн газартай л явна. Улс төрийн бүлэглэлүүд нь хоорондоо тохиролцож чадахгүй байгаа гэнэ.
Үүний дээр хувьсгалаар далимдуулаад лалын хэт явцуу үзэлтнүүдийн нөлөө, үйл ажиллагаа онцгой идэвхжсэн. Хэт явцуу үзэлтнүүд нь хувьсгалын дараа эмх замбараагүй байдалд автсан улсуудад эрх мэдлийг гартаа авмагцаа лалын шашны хуулинд захирагддаг улс байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Хэрэв ийм улс байгуулагдвал нэг хүн, нэг бүлэглэл, нэг намын дарангуйллын оронд нэг шашин, нэг үзэл бодлын дарангуйлал бий болсон хэрэг л болно. Тэмцээд хувьсгал хийгээд байсан бүх зүйлээ эргээд үгүйсгэсэн хэрэг.
Үүний дээр хувьсгалын мотор нь үнэтэй, зардал ихтэй зүйл гэдгийг дурдах хэрэгтэй. Олон улсын валютын сан Арабын хувьсгалын дайрч гарсан орнуудад учирсан эдийн засгийн хохирлыг тооцож үзээд хамгийн багаар 55 тэрбум ам.доллар гэжээ.
Арабын орнуудын Лигийн эдийн засгийн асуудал ха­риуц­сан мэргэжилтэн Му­хам­мед аль-Таважири нь хохирлын хэмжээг бүр 75 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн.
Их Британийн “HSBC” банк өнгөрсөн жил судалгаа явуулаад Египет, Тунис, Ливи, Сири, Иордан, Ливан, Бахрейн гэсэн долоон улс хувьсгалаас болж 2014 онд  ДНБ хэмжээ нь байх ёстойгоосоо 35 хувиар бага байх болно гэсэн дүгнэлт хийжээ. “Арабын хавар”-ын нөлөөгөөр Ойрхи Дорнодын орнууд 2014 оны төгсгөл гэхэд эдийн засгийн алдагдал, ДНБ өсөлт удааширсан, хөрөнгө оруулалт багассан гээд нийт 800 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэнэ.
Тиймээс хувьсгалчид хувьсгалын мотороо асаасны дараа ээртэл “хаазлаад” таарсан болгоноо дайрч давхиад байлгүй шаардлага нь дуусмагц унтрааж сурах нь хамгийн чухал бололтой.  

Б.Бадрал


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан