Сирид Засгийн газрын эсрэг тэмцдэг босогчдын “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийнхэн босогчдын бусад бүлэглэлийн гишүүн 100 гаруй дайчныг буудан цаазаар авсан тухай “Ройтер” агентлаг мэдээлж байна.
Сүүлийн өдрүүдэд “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл Сирийн хойд нутагт байдаг Ракка мужид хэд хэдэн тосгон, сууринг эзлэн авахдаа өрсөлдөгч “Ан Нусра фронт”, “Ахрар аш Шам” бүлэглэлийн зэвсэгт дайчдыг олноор олзлон аваад байснаа ийнхүү хэрцгийгээр хороожээ.
Ер нь, сүүлийн долоо хоногийн дотор “Ирак ба Левантын лалын улс” ба бусад зэвсэгт бүлэглэл хоорондын мөргөлдөөний улмаас 500 гаруй хүн амиа алдсан байна. Сирийн босогчид ингэж дотроо тэмцэлдэн бутарч байгаа нь Асадын армийг ялах магадлалыг нь өдөр ирэх тусам багасгаж буй.
Ийм байдал зөвхөн Ракка мужаар хязгаарлагдахгүй. Тухайлбал, Хаска муж, Аллеппо ба Идлиб хотын эргэн тойронд босогчдын бүлэглэлүүд хоорондоо ширүүн дайтаж байна. Дайн нь өмнөх сарынхтай адил түр зуурын буудалцаан төдий бус харин хот, суурин газруудыг өөрийн хяналтдаа авахын төлөөх байршлын тулаан болж байгааг мэргэжилтнүүд онцлов.
Одоогоор Сирид Башар Асадын Засгийн газрын эсрэг нийт 400 гаруй бүлэглэл дайтаж байна гэж шинжээчид тоолжээ. Гэхдээ эдгээрээс тоотой хэдэн бүлэглэл л иргэний дайны үйл явцад бодит нөлөө үзүүлж буй юм.
Юуны өмнө Сирийн эрх чөлөөт арми буюу “СЭЧА” нэртэй бүлэглэлийг дурдах хэрэгтэй. Энэ бүлэглэлийг 2011 онд Сирийн армиас оргосон, зугатсан албан хаагчид байгуулсан бөгөөд хуучин Сирийн армийн хурандаа байсан Салим Идрис удирддаг. “СЭЧА”- г олон улсын тавцанд Сирийн сөрөг хүчин ба хувьсгалт хүчний үндэсний эвслийн зэвсэгт төлөөлөгч гэж хүлээж авдаг. Энэ үндэсний эвсэл нь олон улсын хэлэлцээрт Сирийг төлөөлөн оролцдог, өрнөдийн орнуудын дэмждэг гол хүчин билээ. Сирийн босогчдыг дэмждэг Арабын болон Өрнөдийн зарим улс хурандаа Идристэй шууд холбоотой ажилладаг.
Он гарахын өмнө энэ бүлэглэлийн зэвсэгт хүчний агуулахыг “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийнхэн булаан авч, хурандаа Идрис Турк руу зугатан гарч байсан юм. Энэ халдлагын дараа Өрнөдийн орнууд сөрөг хүчинд үзүүлж байсан туслалцаагаа түр хугацаагаар зогсоох болсноо мэдэгдсэн.
“Ирак ба Левантын лалын улс” буюу “ИЛЛУ” бүлэглэл нь бүр 2006 онд Иракийн нутагт байгуулагдсан. Бүлэглэлийн толгойлогч нь Абу Бакр аль Багдади. Энэ бүлэглэл Ирак, Сири, Ливийг багтаасан лалын шашны хуулинд захирагддаг улс байгуулахын төлөө зэвсэгт тэмцэл явуулдаг. Тэд “Эхлээд бид Дамаскийг эзэлнэ, дараа нь Багдадыг. Үүний дараа Оросын ээлж ирнэ” гэж мэдэгдэж байсан юм. Одоогоор Сирийн Алеппо хотын хэд хэдэн дүүрэг, Иракийн Фаллуж хот болон цөөнгүй тооны суурин газрыг эзлэн захирч байна.
“ИЛЛУ” бүлэглэлийг лалын хэт явцуу үзэл сурталтай өөр нэг бүлэглэл болох “Ан Нусра фронт”-д захирагддаг болгох гэж янз бүрээр үзсэн ч бүтэлтэй болоогүй. “Ан Нусра Фронт”-ыг 2012 онд Абу Мухаммед аль Жулян үүсгэн байгуулсан. Арабын орнуудын салафит урсгал буюу лалын шашныг элдэв шинэчлэл, өөрчлөлтгүйгээр анх Мухаммед ямар хэлбэрээр байгуулсан тэр чигээр нь хадгалах ёстой гэдэг урсгалын төлөөлөгчид энэ бүлэглэлийг хөрөнгө, зэвсгээр хүчтэй дэмждэг.
Бүлэглэлийн удирдлага нь “Аль Кайда” бүлэглэлийн толгой Айман аз Завахирид үнэнч байх тангараг өргөснөөс хойш Сири дэх “Аль Кайда”-ийн төлөөлөгч гэгддэг болсон. Оны өмнө Завахири мэдэгдэл хийж, Сирийд үйл ажиллагаа явуулдаг лалын хэт явцуу үзэлт бүх бүлэглэлүүдийг “Ан Нусра Фронт”-д захирагдах ёстой гэж байсан билээ.
Босогчдын өөр нэг том бүлэглэл нь Сирийн чөлөөлөлтийн фронт юм. Энэ бүлэглэл нь 20 гаруй жижиг бүлэглэлийг нэгтгэдэг бөгөөд 20 мянга хол давсан зэвсэгт дайчидтай гэдгээрээ хүнийхээ тоогоор хамгийн томд тооцогддог. Шашны үзэл баримтлалын хувьд хэт явцуурлаас зайлсхийсэн гэж тооцогддог. Бүлэглэлийг Ахмед Иса аш Шейх толгойлж байгаа. “Ахрар аш Шам” нэртэй өөр нэг бүлэглэл нь мөн л шашны үзэл суртлыг голчилсон 25 орчим жижиг бүлэглэлийг багтаадаг.
Иргэний дайнд оролцож байгаа өөр нэг том хүч нь Сирийн курдууд. Курдууд нь өөрийн суурин, тосгодыг Засгийн газар, лалын хэт явцуу үзэлтнүүдээс хамгаалахын тулд Өөрийгөө хамгаалах хүчнийг байгуулсан. Өөрийгөө хамгаалах хүчин нь иргэний дайнд анхандаа дундыг баримтлаж байсан ч яваандаа лалын хэт явцуу үзэлтнүүд хүчирхэгжин арабаас өөр үндэс угсаатай, лалаас өөр шашин шүтлэгтэй болгоныг хядаж эхлэхэд эрчимтэй тэмцэл явуулахаас өөр аргагүй болсон юм.
Босогчдын бүлэглэл хоорондын зэвсэгт тэмцлийн гол шалтгаан нь үзэл суртал юм. Лалын хэт явцуу үзэлтнүүд булаан авсан хот, газар нутагт лалын улс байгуулах зорилготой гэдгээ удаа дараалан мэдэгдэж байгаа. Тиймдээ ч зарим хотуудад хээрийн шариатын шүүх байгуулж, хувцас ба хоолны хатуу дэг жаяг тогтоож байгаа.
Гэтэл Сирийн эрх чөлөөт арми мэтийн өрнөдийн талыг баримтлагч бүлэглэлүүд нь шашнаас хамааралгүй төртэй, өрнөдийн загвартай ардчилсан улс байгуулахын төлөө гэдгээ мэдэгдсэн.
Хоорондын тэмцлийн дараагийн шалтгаан нь Турктэй хил залгаа стратегийн чухал газрыг мэдэлдээ оруулах хүсэл. Учир нь, босогчдыг зэвсэг, сум, техник, хувцсаар хангадаг гол урсгал Туркийн хилээр дамжин орж ирж байгаа юм. Иймд энэ газрыг хянаж байгаа бүлэглэл нь бусад бүлэглэлүүдийг арын хангамжаар нь дамжуулан хянах, байр сууриа тулган хүлээлгэх, эгнээндээ нэгтгэх боломжтой болно.
Гурав дахь шалтгаан нь газрын тосны орд газрыг эрхэндээ оруулах хүсэл. Газрын тосны олборлолтыг эрхэндээ оруулна гэдэг мөнгөний шавхагдашгүй ундаргатай боллоо гэсэн үг учраас бүлэглэлүүд онцгой ширүүн тэмцэл явуулдаг.
Дөтгөөр шалтгаан нь Өрнөдийн орнуудын гол түнш болж их хэмжээний тусламж авч байх, улмаар Асад унавал өрнөдийн дэмжлэгтэйгээр Сирийн бүх эрх мэдлийг гартаа авах. Өрнөдийн дэмжлэгийг авсан Сирийн эрх чөлөөт армийг Засгийн газрын цэргүүд хянадаггүй бүх нутгийг гартаа оруулбал зэвсгээр хангаж эхэлнэ гэдгээ барууны орнууд мэдэгдсэн. Ийм нөхцөлд Сирийн эрх чөлөөт арми нь бусад бүлэглэлүүдийн мэдэлд байгаа газрыг өөрийг болгох байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй. Энэ мэт байлдааны ажиллагаа заримдаа амжилтад хүрдэг бөгөөд оны өмнө Аллеппо хотын орчим 11 тосгоныг “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлээс булаан авчээ.
Курдууд ч Алеппо хотод “Ан Нусра фронт”, Сирийн зүүн нутагт “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний дээр өрсөлдөгч бүлэглэлийнхээ толгойлогчдыг устгасан хэд хэдэн тохиолдол гарсан.
Энэ мэтээр Сирийн босогчдын доторх хагарал бутрал газар авахыг дагаад улсын дотоодод болон олон улсын тавцанд сөрөг хүчний нэр хүнд унасаар байна. Сирид байлдаж байгаа энэ олон бүлэглэлийг өөрсдийнх нь эрх ашгийн төлөө гэдэгт эргэлзэх сиричүүдийн тоо нэмэгдэж байгаа нь ойлгомжтой.
Мөн иргэний дайн даамжрахын хэрээр лалын хэт явцуу үзэлт бүлэглэлүүд ба гадаадын хөлсний цэргүүдийн тоо нэмэгдэхийг дагаад Сири улсыг хоёр дахь Афганистан болж магадгүй гэсэн хар өрнөдийн орнуудад газар авч байна. Өөрөөр хэлбэл Сирийг лалын хэт явцуу үзэлтнүүдийн гол үүр, уурхай болохоос Европ, Америк болгоомжилж байна. Иймд сүүлийн үед бүрэлдээд байгаа байдлыг өөрчлөхийн тулд өрнөдийн зарим орон өөрсдийн дэмждэг босогчдыг Асадын армитай хамтраад хэт явцуу үзэлт бүлэглэлүүдийг устгах ажиллагаа явуулсан нь дээр гэж үзэж байж ч болох. Хэрэв ийм замаар лалын хэт явцуу үзэлтнүүдийг дараад авбал цаашид иргэний дайны зогсоох, шашнаас хамааралгүй төртэй, ардчилсан улс байгуулах бодит боломж бий болох магадлалтай болно.
Хамгийн сүүлийн мэдээгээр 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайн 100 мянга гаруй хүний аминд хүрээд байгаа ажээ.