2014 он дэлхийн хэмжээнд улсын дотоодын салан тусгаарлах үзэл, улс хоорондын газар нутгийн маргаантай холбоотой “халуухан” жил болох төлөвтэй.
Улс доторх салан тусгаарлагчид нь гаарч хүчийг авах улс энэ жил хэд хэд байна. Дийлэнх нь баян чинээлэг, хангалуун амьдралтай Европын орнууд байна.
Жишээлэхэд, энэ оны есдүгээр сарын 18-нд Их Британийн нэгдсэн вант улсаас гарч тусгаар улс болох талаар Шотландад бүх нийтийн санал асуулга явагдах юм. Их Британийн гол улстөрчид санал асуулга явуулахыг зөвшөөрсөн ч үр дүнг нь харин шууд хүлээн зөвшөөрөх нь юу л бол. Шотландчууд ийнхүү салж, тусгаар улс болохыг дэмжвэл удалгүй Умард Ирланд, Уэлс гэсэн нутагт мөн адил салан тусгаарлах талаар яриа дэгдэж эхэлнэ гэсэн айдас байгаа юм. Мөн Шотландын эргийн орчмоос олборлож байгаа газрын тос, шатдаг хийн ашгийг алдах болохоор салан тусгаарлахыг зөвшөөрөх нь юу л бол. Ер нь, шуудхан хэлэхэд Шотландыг тусгаар улс болохыг дэмжигчдийн хөзрийн тамга нь энэхүү шатдаг хий ба газрын тосны орд газар гэдгийг хэлэх хэрэгтэй.
Испанийн Каталони нутагт энэ жилийн арваннэгдүгээр сарын 9-нд Шотландтай адил бүх нийтийн санал асуулга явагдана. Санал асуулгаар каталончууд өөрийн мужийг Испанийн захиргаанаас гарч тусгаар улс болох эсэхийг шийднэ. Харин Испанийн Засгийн газар ДНБ-ий 25 хувийг дангаар бүрдүүлдэг мужаа алдахыг хүсэхгүй болохоор санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдчихсэн. Хариуд нь Каталонийн салан тусгаарлалтыг дэмжигчид үүний хариуд төв Засгийн газар зөвшөөрсөн зөвшөөрөөгүй хамаагүйгээр өөрсдөө тусгаар улс болсноо дэлхий нийтэд зарлан тунхаглана гээд сууж байгаа.
Ингээд олон нийтийн санал асуулгаар энэ хоёр нутаг тусгаар улс болж таарвал Бельги задрах нь бараг гарцаагүй болно гэж шинжээчид үзэж байна. Хөрш Европын улсуудад газар нутаг ба үндэсний шинж тэмдгээр салан тусгаарлаж, бие даасан улс болоод байхад бид яагаад болдоггүй юм бэ гэсэн дохиог бельгичүүдэд өгөх болохоор тэр.
Бельгийн францаар ярьдаг өмнөд нутаг буюу Валлон ба голландаар ярьдаг хойд нутаг буюу Фламанд хоорондын зөрчил маш хурц.Сүүлийн үед Фландр нутагт байдаг далайн боомт, өндөр технологийн үйлдвэрүүд Бельгийн эдийн засгийн гол хөдөлгүүр болж хувирсан. Үүнээс болж фландрчууд нь төсвийн дийлэнхийг бүрдүүлж, залхуу валлончуудын өмнөөс хөдөлмөрлөх шаардлагагүй гээд тусгаар улс болохыг шаардах нь нэмэгдсэн. Хэд хэдэн удаа Засгийн газраа бүрдүүлж чадахгүйд хүрч улс төрийн хурц хямралыг арай ядан давж гарсаар энэ онтой золгосон гэвэл хэтрүүлэг болохгүй.
Өрнөд Европт энэ мэтээр салан тусгаарлах хүсэлтэй олон муж байгаа. Францад Корсик арал, Герман Бавари, Испанид Баск, Данид Гринланд арал гээд тоочвол олон. Бүгд л энэ жил Шотланд, Каталонд болох олон нийтийн санал асуулгын үр дагаврыг харж байна.
“Арабын хувьсгал” нэртэй олон улс орныг дамжсан төрийн эргэлтийн дараа сүүлийн нэг жилийн дотор лалын хэт явцуу үзэлтнүүд дэлхийн хэмжээнд онцгой идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Тэдний гол түшиц газар нь одоогоор Афганистан, Сири, Ирак, Ливи улс байна. Улмаар их хэмжээний мөнгө зэвсгийн тусламж авсан хэт даврагсад өөрийн нутаг дээр эрс идэвхжсэн. Хамгийн тод жишээ нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд ордог Шинжаан-Уйгарын өөртөө засах орон. Энэ орныг лалын хэт явцуу үзэлтнүүд нанхиадуудаас салган тусгаарлаж, лалын вант улс байгуулах төлөвлөгөөтэй гэдгээ зарлан өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа онцгой идэвхжүүлсэн. Шинжаан-Уйгарт ойр ойрхон Хятадын цагдаагийн хэлтэс рүү дайрах гэх мэт алан хядах ажиллагаа явуулж байгаа тухай мэдээ олон ирэх болсон нь идэвхжлийн тод жишээ юм. Тэгэхээр энэ жил Шинжаан-Уйгарын салан тусгаарлагчид онцгой идэвх гаргах бололтой.
Африкийн орнуудад омог хоорондын байгалийн баялаг, ундны ус бүхий газар нутаг булаацалдсан, шашны хэт явцуу үзэлтнүүдийн тусгаар улс байгуулахтай холбоотой хагарал бутрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Олон улсын оролцоо, хяналт үгүй байсан бол Африкийн зарим улс зөвхөн цаасан дээр нь нэг улс нэртэй ч дотроо омог тус бүр өөрийн гэсэн жижиг улс байгуулчихсан, хоорондоо хайр найргүй байлдсан газар байх байсан биз. Умард Судан, Өмнөд Судан, Мали, Иракт болж байгаа үйл явдал үүний тод жишээ. Тиймээс энэ жил Африк тивд НҮБ-аас явуулж байгаа энхийг сахиулах ажиллагаа улам далайцтай болох нь гарцаагүй гэж болно.
Америкийн “Online journal”-д Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг АНУ дангаар хүлээн зөвшөөрөх замаар Орос дахь салан тусгаарлах үзлийг гааруулах төлөвлөгөө байгаа тухай дурджээ. Сенатын гишүүн Жон Маккейний гадаад бодлогын зөвлөх Рэнди Шойнеман, тэрбумтан Жорж Сорос нараар ахлуулсан хэт консерватив үзэлтнүүд Вашингтоноор ийм зөвшөөрөл гаргуулахаар удаан хугацааны туршид лоббидож байгаа юм байна. Энэ шийдвэрээ ажил хэрэг болгохын тулд Оросын Холбооны бүрэлдэхүүний Бүгд найрамдах улсуудын дотор, эсвэл тухайн улсын голлох үндэстний гадаадад байгаа хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн “Засгийн газар” гэгчийг байгуулах аж.
Дараа нь эдгээр “жинхэнэ” Засгийн газрууд нь Маккейн гэх мэт улстөрчөөр дамжуулан Америкийн конгресс, Сенатад хандан өөрийн газар нутгийг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрөх хүсэлт гаргах аж. Үүний дараа Америк тэргүүтэй өрнөдийн орнууд тухайн Бүгд найрамдах улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснөөр улс дотор салан тусгаарлах бослого дэгдэж, босогчдыг өрнөдийн орнууд зэвсэг, мөнгөөр дэмжих гэнэ.
Эхний ээлжинд Чечен, Ингуш, Дагестан гэсэн Бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд яваандаа Алтай, Буриад, Кабардин-Балкар, Халимаг, Карачаево-Черкес, Карел, Коми, Марий Эл, Молдав, Умард Осет, Татарстан, Тува, Удмурт, Хакас, Чуваш гэсэн ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг улсуудыг тусгаар гэж зөвшөөрөх юм байх.
Энэ төлөвлөгөө үнэхээр бодитоор хэрэгжээд эхэлбэл Оросын Холбооны гэдэг улс цаашид оршин тогтнох уу эсвэл дэлхий газрын зураг дээр арав гаруй шинэ тусгаар улс зурагдах уу гэдэг дээрээ тулна. Өөрөөр хэлбэл манай хойд хөршийн хувьд салан тусгаарлах үзлийн газар авсан оргил жил болох бололтой.
Харин улс хоорондын газар нутгийн маргааны хувьд Япон ба Хятад булаацалдаж байгаа Сэнкакү олтригийг тойрсон маргаан улам хурцдана.
Сэнкакү олтригийн арлууд одоогоор Японы хяналт, мэдэлд байдаг ч Хятадын тал манайх гэж мэдэгдээд шаардлагатай бол зэвсгийн хүч хэрэглэж хүссэн хүсээгүй нэгтгэж магадгүй болсон. Япон мэдлийнх нь арлыг булаагаад авч байхад зүгээр хараад суухгүй.
Япон энэ жилийн батлан хамгаалахын төсвөө 46,23 тэрбум ам.долларт хүргэсэн нь хоёрдугаар дайны дараа зэвсэгт хүчиндээ зарцуулж байгаа хамгийн их хөрөнгө болж байгаа юм. 2014-2019 оны хооронд газар уснаа явагч байлдааны машин 52, орчин үеийн шумбагч завь тавыг, тагнуулын автомат онгоц гурвыг, тав дахь үеийн ”F-35” сөнөөгч бөмбөгдөгч онгоц 28-ыг, байлдааны усан онгоц хоёрыг гээд олон тооны хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техник худалдан авах болсноо зарласан.
Хятад ч зүгээр байгаагүй энэ жилийн батлан хамгаалахын төсвөө 10 хувиар нэмэгдүүлэн 86 тэрбум еврод хүргэсэн нь Японыхоос даруй хоёр дахин их байгаа хэрэг. 2020 он гэхэд Хятад 50 шинэ эргийн хамгаалалтын байлдааны усан онгоц ашиглалтад авна. Нисэх онгоц тээгчээс хөөрөх чадвартай өөрийн гэсэн сөнөөгч онгоцоо үйлдвэрлээд эхэлчихсэн гээд тоочоод байвал Хятадын арми маш өндөр эрчимтэйгээр шинэ зэвсэг техникээр зэвсэглэж байна.
Гэхдээ зөвхөн Хятад, Япон гэх их гүрнүүд хоорондоо газар нутгийн маргаантай байх юм байна гэвэл том эндүүрэл болно. Румын улсын Ерөнхийлөгч Траян Бэсэскү нь Молдав Улсыг Гаалийн холбоонд нэгдэхээс сэргийлж, Европын холбоонд элсүүлэн аврахын тулд хүссэн хүсээгүй нэгтгэн авах нь румынчуудын үүрэг гэсэн мэдэгдлийг хийлээ. Ингэж нэгтгэх асуудлыг хэлэлцэхэд молдавчуудын өөрсдийнх нь оролцоо огт хэрэггүй, зөвхөн румынийн улс төрийн элитүүд хоорондоо тохиролцоонд хүрэх замаар шийдэх ёстой гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улс гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Молдав улсын иргэд юу хүсч байгаа нь огт хамаагүй, зөвхөн Румыний намууд хоорондоо тохиролцоод л нэг мэдэхэд хүссэн хүсээгүй нэгтгэн авна гэсэн байна.
Ингээд ч зогссонгүй “2014 он нь бид бүхэн Молдав гэдэг Румыний газар нутаг гэж ил тод, шударга мэдэгдэх ёстой жил болно” гэжээ. Молдавыг нэгтгэн авахыг Европын холбоо, НАТО-д элссэний дараа хэрэгжүүлэх ёстой Румын улсын үндэсний хэмжээний мега төсөл гээд эгэл Румынд амьдарч байгаа румынчууд төдийгүй Молдавт амьдарч байгаа румынчууд дэмжих ёстой гэжээ.
Аливаа нэг газар нутгийн маргаан нь түүхийн үүднээс авч үзэхээр их сонирхолтой байдаг. Дашрамд сонирхуулахад, Румын улс нь 1859 онд Османы эзэнт гүрний хараат улс байх болзолтойгоор Молдав ба Валахи гэсэн хоёр вант улс нэгдсэнээр бий болсон түүхтэй. Энд одоогийн Молдав огт хамаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоогийн тусгаар Молдав улс нь Бессараб нэртэйгээр Оросын эзэнт гүрний мэдлийн муж байжээ. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Румын цэргийн хүч хэрэглэн Бессарабийг эрхэндээ авсан ч 1940 онд Зөвлөлт ба нацист Герман хоорондын нууц гэрээний дагуу оросууд Бессарабийг цэргийн хүчээр эргүүлэн авсан юм. 1941 онд Зөвлөлт ба Германы дайн эхлэхэд нацист Германы холбоотон байсан Румын цэргийн хүчээр Бессараб нутгийн дахин эзлэн авсан ч 1944 онд Зөвлөлт буцаан бүрэлдэхүүндээ авахдаа Молдавын Зөвлөлт Социалист Бүгд найрамдах Холбоот улс гэсэн нэр өгсөн түүхтэй. Зөвлөлт, социалист систем задран унасны дараагаар Молдав нь нэрээ бага зэрэг өөрчлөн Молдов гэсэн нэртэй тусгаар тогтносон улс болсон. Ингэтэл Румынчууд харин Молдовыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж мэдэгдээд нэгтгэн авах талаар эрчимтэй арга хэмжээ авсаар өнөөдрийг хүрсэн байдаг. /Энэ бүхэнд нэг л танил зүйл байгаа гэдэгт уншигч та санал нийлэх байх/
Хачирхалтай нь, Румыний Трансильвани мужид унгар үндэстнүүд дийлэнх нь байдаг. Тэд бүр социализмын үеэс л “Унгарын Трансильваныг сэргээх холбоо” нэртэй салан тусгаарлагч үзэлтэй бүлэг байгуулан янз бүрээр тэмцэж ирсэн түүхтэй. Улмаар 2009 онд өөрийн гэсэн автономит улс байгуулснаа зарлаж, 2010 онд унгар хэлийг бүс нутгийн албан ёсны хэлээр зарлаж 2011 оны тавдугаар сараас эхлэн Европын холбооны парламентад өөрийн автономит улсын албан ёсны төлөөллийг суулгах болсон юм. Румыний эрх баригчид унгарчуудын автономит улсыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хөрш Унгар улсыг өөрийн дотоод хэрэгт оролцлоо гэж буруутгадаг. Унгарын эрх баригчид тус автономит улсын иргэдэд шууд өөрийн иргэншлийг өгч эхлээд байгаа.
Ямартай ч газар нутагтай холбоотой маргаан энэ 2014 онд тасрахгүй бололтой.