Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2013 онд болсон томоохон осол гамшгууд

Улиран одсон 2013 онд дэлхий дахиныг цочирдуулсан осол гамшиг нэлээн хэд болж олон хүний амь нас авч одсон. Нисэх онгоц унаж, байшин барилга нурсан хэд хэдэн осол гарсан бол үер ус, газар хөдлөл зэрэг байгалийн гамшиг бас л хэд хэдэн газарт боллоо. Филиппинд гэхэд л “Хайян” хар салхи зургаан мянган хүний амийг авч одлоо.

1.    Техасын бордооны үйлдвэр дэлбэрэв

Техасын Уэст хотын бордооны үйлдвэрт дөрөвдүгээр сарын 17-нд гал гарч гал эхэлснээс хойш 20 минут болоод дэлбэрч хүч нь магнитудын 2,1 баллтай тэнцсэн. Ослын үеэр 14 хүн амь алдаж, 200 орчим хүн шархдаж түлэгдсэн байна. 80 барилга нурсны дотор сургууль, хөгшчүүлийн асрах газар байсан.

2.    Бангладешт худалдааны төв нурав

Дөрөвдүгээр сарын 24-нд Бангладешийн нийслэл орчимд худалдаа үйлчилгээний барилга нурснаар нуранги дороос 2,5 мянган хүнийг гарган авсан ч 1127 хүний амь  нас сүйдсэн. Нурахаас нь өмнө барилгын хана цуурч хүмүүс цочирдсон ч эзэн нь аюулгүй хэмээн ач холбогдол өгөөгүй.Энэ бол 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д Дэлхийн худалдааны байгууллагын барилгад халдсаныг тооцохгүй бол сүүлийн 30 жилд хамгийн томд орох осол байсан.

3.    Төв Европ дахь үерийн гамшиг

Үргэлжилсэн борооны улмаас зургадугаар сард европын голууд эргээсээ хальж сүүлийн 11 жилд Европт болж байгаагүй үеэр нүүрлэсэн. Чех, Герман, Австрийн бүхэл бүтэн бүс нутаг усанд автаж Польш, Швейцари, Словак, Унгарын олон хот нэрвэгдлээ. 25 хүн амь алдаж, хэдэн арван мянган хүн нэрвэгдсэн. Нийтдээ 12 тэрбум еврогийн хохирол учирсан гэж тооцоолсон.

4.    АНУ-ын Муред болсон хар салхи

АНУ-ын Оклахома мужийн Оклахома-Ситигийн Муре хотод тавдугаар сарын 20-нд аймшигт хар салхи болсон нь 90 метр секундын хүчтэй байсан. Хар салхины улмаас  24 хүн нас барж 13 мянган барилга нурж сүйдсэн. Хохирлыг хоёр тэрбум доллар гэж тооцоолсон. 

5.    “Протон-М” пуужингийн  сүйрэл


“Глонасс-М” гэдэг гурван ч аппарат тээвэрлэсэн “Протон-М” пуужин долдугаар сарын 2-нд Байконурын хөөргөх талбайд гараанаас гараад удалгүй дэлбэрч унасан. Хөлөгт 600 тонн гептил, амил, керосин байсан. Казахстаны Хүрээлэн байгаа байгаль орчин усны нөөцийн яам байгаль орчинд учирсан хохирлыг 90 сая доллар гэж тооцоолжээ.

6.    Сан-Францискод Boeing-777 онгоц осолдов


Агаарын тээврийн Asiana Airlines компанийн Boeing-777 онгоц америкийн Сан-Францискогийн нисэх буудалд буух үедээ унаж  хятадын гурван бүсгүй амь алдаж, 180 хүн бэртэж гэмтсэн. Нисгэгч нь ийм онгоцыг анх удаа жолоодсон гэдэг. Хангалттай өндөр авалгүй бууснаас онгоц сүүлээрээ буудал хязгаарласан далан мөргөж осолдсон.

7.    Канадад нефть ачсан галт тэрэг дэлбэрлээ

Канадын Квебек мужийн Лак-Мегантик хотын дэргэд 7,2 сая литр  нефть ачсан 73 цистерн бүхий галт тэрэг замаасаа гарч түймэрт автсаныг гал сөнөөгчид хоёр хоног ажиллаж байж унтраасан. 47 хүн түлэгдэж шархадсан бол хот бүхэлдээ галд автаж сүйрсэн. 5,7 сая литр нефть асгарч байгаль орчинд 100 сая канад долларын хохирол учруулсан гэжээ.

8.    Испанид хурдан галт тэрэг замаасаа гарав

Renfe компанийн галт тэрэг долдугаар сарын 24-нд Сантьяго-де-Компостела хотын дэргэд замаасаа гарч79 хүн амь алдаж 178 хүн бэртэж гэмтсэн осол гарлаа. Энэ бол Испани сүүлийн 20 жилд гараагүй хурдан галт тэрэгний осол байсан. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Бразил, АНУ, Франц, Италийн иргэд байсан. Машинист нь цагт 80 км хурдлах ёстой газар хурд хэтрүүлэн 190 км цагийн хурдтай явснаас болж осол гарсан гэж тогтоосон.

9.    Оросын Алс дорнодод үер нүүрлэв

7-9 дүгээр сард оросын Алс дорнодын хэд хэдэн районд үер болж орон сууцны 12 мянган барилга, байгууллага аж ахуйн нэгжийн 20 мянга, нийгэм ахуйн 400 орчим барилга объект усанд автсан. Учирсан хохирлыг 40 тэрбум рубль гэж гаргасан.

10.    Пакистанд болсон газар хөдлөл

Есдүгээр сарын 24-нд Пакистаны Белужистан мужид Авараны хотын ойролцоо 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөл болж 825 хүн амь алдаж, 700 гаруй хүн бэртэж гэмтсэн. 20 мянга орчим барилга нурж, Пакистаны эрэг орчимд 9 метр өндөр 100 метр орчим урттай шинэ арал бий болсон.

11.    Филиппинд болсон “Хайян” хар салхи


Арваннэгдүгээр сарын 8-9-нд болсон салхины хүч 315 км/цаг хүрсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр 6000 орчим хүн амь үрэгдэж, 27 мянга гаруй хүн шархдаж бэртсэнээс 1779 хүн өнөө болтол сураггүй байгаа. Нийтдээ 10 сая хүн нэрвэгдсэн энэ салхи 1,2 сая байшинг нурааж, гэмтээсэн.  Засгийн газар нэрвэгдсэн газрыг сэргээн босгоход  4,0 тэрбум доллар шаардлагатай хэмээн  тооцоолсон  бол Moody"s Analytics-ийн шинжээчид байгаль орчны хохирлыг нь 14 тэрбум доллар гэж гаргасан.

12.    Казанид болсон нисэх онгоцны сүйрэл


Арваннэгдүгээр сарын 17-нд ОХУ-ын Казанид зорчигч тээврийн Boeing-737 онгоц сүйрч 50 хүн нас барсн ыдотор Татарстаны ерөнхийлөгчийн хүү байлаа. Нисэх багийн буруутай ажиллагаа, техникийн хүчин зүйлээс болж осол гарсан гэж тогтоосон.

13.    Рига хотод худалдааны төвийн дээвэр нурсан

Арваннэгдүгээр сарын 21-нд Латвийн нийслэл Рига хотын Золитуде дүүрэгт “Maxima” худалдааны төвийн дээвэр нурж 54 хүн амь алдсаны дотор гурван ч аврагч байсан. Осол гарсны дараа хэд хоноод Латвийн ерөнхий сайд Валдис Домбровкис хариуцлагаа ухамсарлан албан тушаалаасаа огцорсон. Латвийн иргэд интернетээр буяны сан нээж амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд болон бэртэж гэмтсэн хүмүүст 1,3 сая евро цуглуулж өгсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан