Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Марихуан зарсан эхний өдрийн орлого сая ам.доллараа хадгалах газар олдохгүй нь

Америкийн Колорадо муж марихуан буюу олсны ургамал нэртэй мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг чөлөөтэй худалдаалахыг зөвшөөрснөөр дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудын анхаарлын төвд ороод байгаа билээ. Хар тамхи, мансууруулах бодисонд донтох, хар тамхины мафийн эсрэг тэмцэхэд Америк шиг их мөнгө зардаг орон дэлхийд байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй. Зөвхөн өөрийн улсад гэлтгүй Мексик, Колумбигаас эхлээд Никарагуа хүртэл Америк тив даяар хар тамхины мафийн эсрэг тэмцэхэд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Ийм байтал гэнэт дотоодын нэг мужид нь дэлхийн улс болгонд хар тамхиных гэж хориглодог ургамлыг чөлөөтэй худалдаалахыг зөвшөөрсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан нь ойлгомжтой. Амери­кийн мэдээллийн агентла­гуудын мэдээнээс үзвэл хар тамхийг албан ёсоор чөлөө­тэй худалдаалж эхэлсэн нэг өдрийн дотор зөвшөөрөл бү­хий 30 гаруй дэлгүүр нь нийт сая ам.долларын орлого олжээ.

Хамгийн гайхалтай нь ганцхан өдрийн дотор ийм их орлого олсон дэлгүүрүүд тэр их бэлэн мөнгийг хаана хадгалахаа мэдэхгүй болсон гэнэ. Учир нь, хар тамхийг чөлөөтэй борлуулах эрхийг Колорадо мужид зөвшөөрсөн ч холбооны буюу Америкийн төв Засгийн газар нь мариухан ургамлыг хортой, мансууруулах бодис гэж үзсэн хэвээр байгаа юм. Харин холбооны хуулийн дагуу ийм ургамал, түүнээс гаргаж авдаг бодисын наймаанаас олсон мөнгийг банкууд хүлээн авч хадгалахыг хориглодог.

Ингээд л марихуан наймаалсан дэлгүүрийн эзэд тэр их бэлэн мөнгийг хааш нь хийхээ мэдэхгүй нэлээдгүй асуудалтай тулгарчээ. Банкинд хийх гэхээр хуулиар хориотой, дэлгүүртээ байл­гаад хуримтлуулаад бай­на гэвэл нэг өдөр баг өмсч, буу агссан дээрэмчид орж ирээд дээрэмдэх эрсдэл өндөр.
Гэхдээ зөвхөн Колорадо гэлтгүй Америкийн 20 мужид марихуан зарахыг ямар нэг байдлаар зөвшөөрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим мужид нь энэ төрлийн мансууруулах бодисын эргэлтийг албан ёсоор зөвшөөрсөн. Ингэснээр хууль бус наймааг хааж, наймаачдыг албан ёсоор мужийн төсөвт татвар төлүүлдэг болгосон. Гэхдээ олон нийтэд ил цагаан, шууд зарах хориотой хэвээр. Зарим мужид зөвхөн эмчийн заалтаар, жорын дагуу тодорхой хэмжээний марихуаныг эмийн сангуудаар зарахыг зөвшөөрсөн. Харин олон нийтэд ямар ч жор, зөвшөөрөл энэ тэр гэлгүй шууд худалдах боломж зөвхөн Колорадо мужид л байгаа.

Колорадо мужийн эрх баригчид зөөлөн гэгддэг марихуан төрлийн хар тамхийг чөлөөтэй худалдаалахыг зөвшөөрснөөр зөвхөн энэ жилд гэхэд төсөвтөө татвар хэлбэрээр 67 сая ам.доллар төвлөрүүлнэ гэж тооцжээ. Эдгээрээс 40 сая ам.долларыг нь шинэ сургууль, цэцэрлэг барихад зарцуулах юм байна.
Одоогоор энэ мужид 30 гаруй дэлгүүр марихуан зарах эрхтэй байгаа бол энэ жилйн хугацаанд нэмж 348 дэлгүүр шинэ эрх авахаар хүлээж байгаа ажээ.
Тун удахгүй Вашингтон мужид Колорадотой ижил хууль батлан марихуаныг чөлөө­тэй худалдаалахыг зөв­шөөрөхөөр бэлтгэж байгаа аж.
Ерөнхийдөө Америк даяар эдгээр 20 муж зарим төрлийн хар тамхины наймааг албан ёсоор зөвшөөрсний үр дүнд мужуудын төсөвт татвар хэлбэрээр нийт 2,3 тэрбум ам.доллар төвлөрнө гэж тооцжээ.

Хар тамхины борлуулалт, мансууруулах дон газар авахын хэрээр хууль бусаар наймаа хийдэг бүлэглэлүүд асар их орлого олдог нь нууц биш. Эрх баригчид  зарим төрлийн хар тамхийг олон нийтэд зөвшөөрөгдсөн газруудаар чөлөөтэй арил­жихыг зөвшөөрөх замаар хар тамхины мафийн бүлэг­лэлүүдийн орлогын эх үүсвэрийг хаах, зөвшөө­рөгдсөн худалдаанаас татвар хэлбэрээр нэмэлт мөнгө олох, хар тамхи хэрэглэгчдийг хяналтдаа байлгах зэргээр гурван “туулайг” нэг дор намнаж байдаг.

Америкийн Колорадо мужаас өмнө Уругвай марихуа­ныг чөлөөтэй худалдаалахыг улсын хэмжээндээ зөвшөөрсөн. Ингэснээр Уругвай нь улсын хэмжээндээ зөөлөн хар тамхи чөлөөтэй арилжахыг зөвшөөрсөн хоёр дахь улс болж байгаа юм. Гэхдээ тус улсад айлчилж байгаа гадаадын иргэдэд хар тамхи зарах, хэрэглэхийг хориглосон.

Үүнээс өмнө 1970-аад оны эхнээс Голландын эрх баригчид энэ төрлийн зөөлөн хар тамхийг тусгай дэлгүүр, кафенуудад зарах хэрэглэхийг зөв­шөөрсөн юм. Гэхдээ мөн л гадаадын иргэдэд хар тамхи зарах, татахыг хориглосон хуулийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж байгаа. Үүнээс гадна сургууль, боловсролын байгууллагын ойролцоох хар тамхи татдаг газруудыг хаахаар болсон. Дунд сургуулийн сурагч мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдвал мөнгөн торгууль төлөхөөр болжээ.

Марихуаныг зарах, худалдан авах, хэрэглэх эрх нь зөвхөн Голланд, Уругвай, Америкийн Колорадо мужаар хязгаарлагддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Австралийн зарим мужид энэ төрлийн ургамлыг гэртээ тарих, хадгалахыг зөвшөөрдөг. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүүг тарьсан, хадгалсан хүнд эрүүгийн хэрэг бус харин захиргааны арга хэмжээ авч торгодог.
2009 онд Аргентинийн дээд шүүх нь марихуаныг бага хэмжээгээр хадгалах үйлдлийг эрүүгийн хэрэг гэж үзэхээс татгалзсан. Үүнээс өмнө хоёр жил хүртэл хорих ял ногдуулдаг байсан юм.

Бельгид 1998 онд марихуаныг зөөлөн хар тамхины бүлэгт хамруулдаг болсон юм. Харин зөөлөн хар тамхи хэрэглэгчдийг тус улсын хуулиар хатуу ширүүн шийтгээд байдаггүй. Улмаар 2003 онд зөөлөн хар тамхины хэрэглээг албан ёсоор зөвшөөрсөн хуулийг тус улсын парламент баталсан.
Их Британид 2002 оноос эхлэн марихуаныг мөн л зөөлөн хар тамхины төрөлд багтаасан юм. Ингэснээр марихуан хэрэглэгчдийг гэмт хэрэг хийсэнд тооцохоо больсон байна. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүүгээр хадгалах, биедээ авч явах, хүүхдийн хажууд татаж хэрэглэсэн үед цагдаа нар мансуурагчийг баривчлах эрхтэй болжээ. Баривчилсан ч захиргааны арга хэмжээ авснаар хязгаарлагдана.

Германд мөн л мужаасаа хамаараад марихуаныг эмчилгээний зорилгоор бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрдөг. Дийлэнх тохиолдолд биедээ тав хүртэл грамм марихуан авч явсан хүнд ямар нэг хэрэг үүсгэн, хариуцлага тооцдоггүй. 2007 оноос эхлэн зарим өвчтөн эмчийн заалт ба жорын дагуу орон нутгийн эмийн сангаас марихуаныг эм хэлбэрээр чөлөөтэй худалдан авах эрхтэй болсон байна.
Канадад эмчийн заалтаар марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн. Хүн өөрийгөө хүнд өвдсөн гэж нотлоод тусгай албадаас зөвшөөрөл авч чадвал өөрийн татах марихуаныг гэртээ тарих боломжтой. Гэхдээ ийм зөвшөөрлийг янз бүрийн хорт хавдар туссан, үе мөчний хурц үрэвсэлтэй, ДОХ-той, тархины судасны хатуурал гэсэн хүмүүст л өгдөг аж.

Мексикт хэдхэн жилийн өмнө батлагдсан хуулийн дагуу иргэд нь 2 грамм опий, 50 миллиграмм героин, 5 грамм марихуан, 500 миллиграмм кокаин, 40 миллиграмм метамфитамин, 0,015 миллиграмм ЛСД гэсэн мансууруулах бодисыг биедээ авч явах, тээвэрлэхийг албан ёсоор зөвшөөрсөн байна. Энэ заагдсан хэмжээнээс илүү мансууруулах бодис тээж явсан хүмүүст хэрэг үүсгэн шалгах бөгөөд сайн дураар мансууруулах донгоос гарах хөтөлбөрт хамрагдах эрхээр “шийтгэх” юм байна. Мексикийг ийм хууль гаргахаас өөр аргагүй болсон гэж болно. Тус улс нь Өмнөд Америкийн хар тамхийг АНУ руу орох замд байдаг дамжлага гүүрийн үүрэг гүйцэтгэдэг.

Үүнээс болоод Мексикийн хар тамхины мафийн бүлэглэлүүд маш хүчирхэг, тээвэрлэлтдээ гол төлөв хүүхэд, эмэгтэйчүүдийг ашиглаад жинхэнэ гэмт хэрэгтнүүд чөлөөтэй үлддэг шалгарсан аргатай. Гэтэл АНУ-ыг чиглэсэн хар тамхины урсгалын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа болохоор хоёр гурван грамм марихуан тээсэн хэргээр эрүүгийн хэрэгт татагдан шоронд суух хүмүүсийн тоо огцом нэмэгдэх болсон. Иймд шорон, ял эдлэх газруудыг чөлөөлөх, хүн амын дундах гэмт хэргийн үзүүлэлт, шоронжилтыг зогсоохоос өөр аргагүй болж.

Чехид 2010 оноос эхлэн 15 грамм марихуан, 5 грамм гашиш, 1,5 грамм героин гэх мэт хар тамхийг биедээ авч явах, гэртээ хадгалахыг зөвшөөрсөн байна.
Швейцарьт 2008 онд болсон бүх нийтийн санал асуулгаар нийт хүн амын 68 хувь нь хар тамхинд донтох эмгэгтэй хүмүүст эмийн сангуудаас тусгай жороор хар  тамхи чөлөөтэй худалдаалж байхыг дэмжсэн.

Цаашилбал, Люксембург, Испани, Португаль, Ямайка гэх мэтийн оронд марихуаныг хэрэглэх нь хууль зөрчсөн гэмт хэрэг байхаа больсон.
Өрнөдийн голдуу орнуудад энэ мэтээр зөөлөн гэгддэг хар тамхийг зөвшөөрөх  нь нэлээд газар авсан зүйл. Харин бусад орнуудын хувьд байдал эрс өөр. Манай хоёр хөрш нь хар тамхийг зөөлөн хатуу гэх мэтээр ангилан зөвшөөрөхийг тууштай эсэргүүцсээр ирсэн бөгөөд цаашдаа ч эсэргүүцэх нь тодорхой. Манай урд хөрш гэхэд Манж Чин гүрний үед хар тамхинд олон сая хүн донтож, улмаар улс орон ажиллах хүчгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болтлоо доройтож байсан түүхтэй. Ийм доройтлоос гарахын тулд хар тамхийг Чин гүрэнд их хэмжээгээр нийлүүлэн, ард олныг мансууруулж байсан английн худалдаачдын эсрэг дайн хүртэл хийсэн. Одоо ахиад тийм байдал давтагдахыг хүсэх нь юу л бол.

Манай хойд хөршийн хувьд ч байдал таагүй байгаа. Орос нь Афганистанаас Европын чиглэсэн хар тамхины нүсэр том урсгал дамжин өнгөрдөг дамжлага болдог. Дээр нь Хятадад үйлдвэрлэгдсэн синтерик хар тамхины Европыг чиглэсэн урсгалд мөн л дамжлаг болж байдаг. Хүн амын тоо эрчимтэй цөөрч байгаагийн дээр хар  тамхинд донтогсдын дийлэнх нь хөдөлмөрийн насны залуучууд байгаа нь Оросын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа хэрэг билээ. Иймд Европыг дагаад зөөлөн хар тамхины хэрэглээг зөвшөөрөх нь юу л бол.
Мариухан буюу олсны ургамал нь зөөлөн хар тамхи гэгчдийн тоонд ордог ч хүний биед багагүй сөрөг нөлөөтэй аж. Тухайлбал, тамхи шиг ороож татдаг болохоор уушигны үрэвсэл, хорт хавдар үүсгэх аюултай. Удаан хугацаанд марихуан татаж хэрэглэхэд тархин эргэн эмчлэх боломжгүй эмгэг өөрчлөлт гардаг аюултай гэдгийг хэлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
биеэ үнэлэлтийг ч бас хуулиар зөвшөөрвөл эрс багасна
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан