Монголчуудын хувьд эрэгтэйчүүдийн 68.5 хувь, эмэгтэйчүүдийн 30.4 хувь
нь тамхи татдаг. Тамхичин хүн өдөрт 700 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг
янжуур татдаг гэвэл өрхийн орлогынхоо 16-20 хувийг тамхинд зарцуулж,
сард 21 мянган төгрөг, жилд 252 мянган төгрөгийг татаж “хаядаг” байна.
Тамхи-эрүүл мэнд-амьдрал
Эрүүл мэндэд болон нийгэмд үзүүлэх тамхины хор хөнөөл манай улсад улам бүр нэмэгдсээр байна. Тамхинд агуулагдах 400 гаруй хорт бодис нь 40 гаруй өвчин үүсгэх ба хэрэглэгчээ ядууралд хүргэдэг. Тамхи нь ядуурлыг нэмэгдүүлээд зогсохгүй, гэр бүлд өвчний эрсдэлийг ихэсгэдэг. Хорт хавдар, зүрхний шигдээс, амьсгалын замын өвчлөл болон бусад тамхинаас үүдэлтэй өвчин үүсгэдэг байна. Тамхины хэрэглээ нь эрүүл мэндийн тусламжийн үнийг нэмэгдүүлж, өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, ид залуу насандаа нас барах, орчны бохирдол болон тамхины тариалалт, худалдаа, үйлдвэрлэлээс гарах арилжааны алдагдал нь үндэсний хэмжээнд хүрдэг аюултай.Түүнчлэн нь тамхидалт бэлгийн сулралд хүргэж, цаашилбал үргүй болгодог гэдэг хэн ч итгэдэгүй байна.
Тамхины үйлдвэрлэл, экспорт, импорт
Өнөөдөр дэлхийн тамхины үйлдвэрлэл хөгжингүй орнуудаас Монгол мэтийн хөгжиж байгаа орнууд руу шилжиж байна. Ер нь хөгжингүй орнууд өөрийн зах зээлээс эрүүл мэндэд хортой пицца, кола гэх мэт бүтээгдхүүнийг шахаж байгаа. Гэтэл бид “гологдсон” хэрэглээг нь “тансаг амьдрал”, “гоё ганган,хээнцэр байдлын” баталгаа мэтээр ойлгох болжээ.Тиймээс тамхидалт манай оронд өсвөр насныхан, эмэгтэйчүүдийн хэрэглээ болсоор байна. Тамхины үйлдвэрүүдэд тавих хяналт нь маш сул байна. Тамхины үйлдвэрлэлт, импортыг 2005 онд гарсан “Тамхины хяналтын хуулийн “ дагуу ХХААЯ-аас тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох болсон.Тэдгээр тусгай зөвшөөрөлтэй найман аж ахуй нэгжээс 2006 онд 6,2 гаруй тэрбум төгрөгийн онцгой албан татвар төлсөн байна. Дэлхийн хөгжилтэй орнуудад нэг тамхины татвар 85-35 хувь байдаг.Харин манай оронд 12-28 хувь байдаг .Манай улс жилд 143,140 мянган ширхэг янжуур үйлдвэрлэж, импортоор 921,277,1 мянган ширхэг тамхи авдаг мөртлөө экспортод 29,875 мянгахан ширхэг тамхи гаргадаг байх юм.
Тамхинаас гарах эмчилгээ
Тамхинд хамгийн гол нь никотин агуудагддаг. Энэ никотин нь хүмүүсийг тамхинд донтох өвчинд хүргэдэг байна. Манай улсад тамхинд донтох өвчтэй хүмүүст эмчилгээний тусламж үзүүлэх “Сэтгэцийн эрүүл мэндийн наркологийн төв” байдаг. Энд никотинийг орлуулах эмчилгээ хийнэ. Амьдрал дээрх туршлагаас харахад архинд донтох өвчний үед хэрэглэж байгаа эм бэлдмэлтэй хавсран сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь хамгийн үр дүнтэй арга юм байна. Гэвч олон нийт тамхинд донтох өвчнийг аюултай, нийгмийг хамарсан сөрөг үр дагавартайг нь огт тоодоггүй.Бас хаанаас тусламж авахаа ч боддоггүй.Манайд тамхинд донтох өвчнийг эмчлэх талаар мэргэшсэн эмч хангалтгүй, эмчилгээний эм тариа, бэлдмэл бүтээгдхүүн нь олдоц багатай, үнэ ихтэй байна. Эрүүл мэндийн даатгалд энэ өвчинд ямар нэгэн хөнгөлөлт байдаггүй. Ерөнхий мэргэжлийн болон дотрын, өрхийн эмч нар тамхинд донтох өвчин, түүний эмчилгээний талаар нэгдмэл ойлголтгүй байна.
Тамхи - зар сурталчилгаа гэж үү
Монгол улсад тамхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл,зорчигчийн тийз болон бусад биет байдлаар сурталчлахыг хориглосон байдаг. Гэвч тамхины сурталчилгаа нь ажлын зар, тамхи үйлдвэрлэгчийн ивээн тэтгэж буй урлагийн томоохон арга хэмжээний зарлал, телевизийн нэвтрүүлийн ивээн тэтгэгч, урамшуулалт худалдааны хэлбэрээр хийгдэж байна. Мөн Улаанбаатар хотын төв гудамжуудыг “Davidoff”,” Landus” тамхи чимэх болжээ. Тэр бүү хэл “Гоёл” наадмыг “Landus” ивээн тэтгэж, өөрсдийгөө “ өндөр зэрэглэлийн хэрэглэгчийн сонголт, нийгмийн тухайн үеийн чиг хандлагыг тодорхойлогч “ гэж тунхагласан байна. Зарим одод дууныхаа клипэд тамхи асааж, татаж буй дүрсдээ маш их ач холбогдол өгч байна.
Тамхины хяналт
Монгол улс тамхины үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавих зорилгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Тамхины хяналтын суурь конвенцид” нэгдэн “Тамхины хяналтын тухай хуулийг “ 2005 оноос хэрэгжүүлж, мөрдлөгө болгон ажиллаж байна. Гэвч энэ хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Үүний зарим нь яамдын ажлын уялдаа холбоо муу, төрийн түшээд өөрсдөө хуулиа мэддэггүй, бүр хэрэглээ, эдийн засгийн хувьд ашигтай учир тамхины үйлдвэрлэл манай улсад байх нь зүйтэй, төрийн оролцоо хэрэггүй, зах зээлийн жамаараа хөгжих ёстой гэж үзэж байгаатай ч холбоотой. Үүний нэг жишээ бол тамхины эрүүл мэндийн анхааруулгыг зургаар үзүүлэх арга юм.Эрүүл мэндийн анхааруулгыг зургаар дүрслэн харуулах нь 1000 үгтэй тэнцэх мэдээллийг олон нийтэд өгч байгаатай тэнцдэг байна. Гэвч ийм зурган анхааруулгыг Монголд нэвтрүүлэхэд тамхины үйлдвэрлэгч, импортлогчдын зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарч , одоо болтол стандарт нь батлагдахгүй байна. Мөн бага насны хүүхдэд тамхи зарах, ширхэглэн худалдах, олон нийтийн газар тамхи татахыг бүрмөсөн хориглох нэн шаардлагатай юм. Тамхи үйлдвэрлэгч, импортлогчид улс төрийн хүчнүүдтэй холбоо сүлбээтэй байж, Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн хүчтэй нөлөө үзүүлж байгаа ч нийгмийн сайн сайхны төлөө тамхины хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.
Дэлхий нийтээрээ тамхины эсрэг байхад Монголчууд бид тамхиа татсаар, энэ бизнесийг хөхүүлэн дэмжсээр байх уу.