Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АМЬ ҮРЭГДСЭН” ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН
Их Британи улс төрч Жон Стоунхаус 1925 онд тийм ч чинээлэг бус гэр бүлд төржээ. Ямарч санхүүгийн дэмжлэггүйгээс гадна танил талгүй тэрээр төрийн албан хаагч болохын тулд маш их хүчин чармайлт гаргаж, уйагүй хөдөлмөрлөх хэрэгтэй байсан гэдэг. Түүнд залуу насны ааг болон тууштай зан нь хэрэг болсон аж. Стоунхаус 25 настайдаа залуу эхнэрийнхээ хамтаар Африкийг зорив. Тэр үеийн “Хар тив”  эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж  байсан бөгөөд энэ нь залуухан улс төрчид нэр төр олж алдарт хүрэх хамгийн сайхан боломж  байлаа. Тэрбээр Африк тивийг таван хуруу шигээ мэддэг хүний нэг болон Англидаа буцан ирсний дараа 1975 онд парламентын гишүүнээр сонгогдов. Стоунхаусын хувьд, төрийн дээд албан тушаалтнуудтай ойртон танилцахын тулд бүтэн арван жил шаардагдсан гэдэг. Эхлээд  тэрээр Төрийн нисэх хүчниө сайдын албан тушаалд томилогдож, дараа нь нэг их удалгүй Техникийн яамны сайдаар ажиллах болов. 1970 оны сонгуульд хөрөнгөтний намынхан ялагдахад тэрээр сүүдрийн засгийн бүрэлдэхүүнд орж ажилласангүй. Ийнхүү сайдын өндөр цалин пүнлүү, тусгай хангамж,  тохилог орчин ул мөргүй алга болох нь тэр ээ. Жирийн парламентын гишүүний цалин пүнлүү жулдаж эхлэхэд мань эр санхүүгийн өөр эх үүсвэр яаралтай хайхад хүрсэн байна. 1972 онд түүний аз гийж хилийн чанад дахь мөнгө санхүүгийн ажлаа өргөжүүлж чадсанаас гадна улс төрийнхөө нэр хүндийг ч  өргөөд авах бололцоо гарчээ. Пакистан улсаас дөнгөж туурга тусгаар¬лаад байсан  Бангладеш улс мань хүний анхаарлыг татав. Тэрээр Бангладешид туслах санг удирдаж байсан бөгөөд тус улсын хүндэт иргэнээр сонгогдоод байсан тул Британи - Бангладешийн трест байгуулах боломжтой болжээ. Бангладешийн хувь нийлүүлсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах учиртай байсан мэдээллийн хуудас нь хэвлэгдэхдээ техникийн маш бүдүүлэг алдаатай гарснаар, трест байгуулах гэсэн анхны алхмууд нь бүтэлгүйтэж эхлэв. Хөл дээрээ тогтох гэж бүх хүчээ шавхаж байсан боловч нэгэнт сэв суугаад эхэлчихсэн байсан трестэд хандивлагчид хөрөнгө оруулахаа нэг их яарахгүй байснаас 1975 оны банкны хямралаас болж дампуурахад хүрсэн юм.
Стоунхаусын горилж байсан ирээдүйн албан тушаал ч гэсэн замхран алга болох нь тэр. Тэрээр, ажил хэрэгч хүмүүсийн хүрээнд ямарч авъяасгүй бизнесмен гэгдэх болсон бөгөөд харин улс төрчдийн хувьд намынхаа үндсэн чиг шугамаас гажсан барууны хөрөнгөтний үзэлтэн гэгдэх болов. Ийнхүү тэрээр засгийн газарт ямар нэгэн удирдах албан тушаалд томилогдох  боломжгүй боллоо.
Гэвч бүтэлгүй эр маань өөрийн нууц амраг, хайртай бүсгүй болох Шила Баклигийн хамт бүхнийг дахин шинээр эхлэхээр хатуу шийдэв. Стоунхаус бүтэн хоёр жилийн турш өөрийн нэр төрөөр гул барин байж компанидаа зээл авч дөнгөсөн байна. Ямарч байсан мань эр 370 мянган фунт стерлинг цуглуулж чадсан бөгөөд, олсон мөнгөө тэр даруйд нь Швецари болон Австралийн банкууд руу шилжүүлж чаджээ. Ингээд баримт бичгээ бүрдүүлэхэд өөр хүний нэр хэрэгтэй байсан тул, тухайн үед өөрт нь санал өгч байсан боловч хожим нь нас барсан түүнтэй ойролцоо насны Жозеф Маркем ба Клайв Милдун нарын ар гэрийн хүмүүсийг олсон байна. Бэлбэсэн эхнэрүүд  талийгаачдын паспортын талаар хэн ч юу ч асуудаггүй байсан гэжээ. Стоунхаус ч парламентын гишүүний нэр хүндээ ашиглан нас барагсдын төрсөний гэрчилгээг хуулж аван шинээр паспорт олгох хүсэлт гаргасан ба, нэг их удалгүй нас барсан парламентын гишүүн Ник Макбрайд хүртэл шинэ паспорт дахь зураг бол Стоунхаус мөн хэмээн баталж өгсөн байх юм. Нэг их удалгүй хуурамч паспорт түүний гарт орох нь тэр ээ. Стоунхаус ч тэр даруйдаа сураггүй алга болох боломжтой болов. Гэвч тэрээр ар гэрийнхэндээ анхаарал тавихаа мартаагүй байсан бөгөөд “нас барсныхаа” дараа түүний эхнэр хүүхэд хангалуун амьдарч байхын тулд хэд хэдэн даатгалын гэрчилгээтэй болж амжсан байна.
1974 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Флорида руу хамтран зүтгэгчийнхээ хамт явж байхдаа амьдралаасаа “зугтсан” байна. Бүх зүйл маш энгийн болжээ. Тэрээр тэнгисийн эрэг дэхь наран шарлагын эрэг дээр гадуур хувцсаа орхин, далайд  шумбахаар орсны дараа эргэж ирээгүй аж.
Их Британи орон ч элдэв цуу ярианд умбах нь тэр. Хэдийгээр энэ явдлыг  олон нийт янз бүрээр авч үзэж байсан боловч,  ямарч байсан Стоунхаус амь үрэгдсэн гэдэг дээр бүгд санал нийлж байлаа. Гэтэл энэ хооронд бөмбөрцөгийн нөгөө хэсэг болох Австралид учир нь олдохгүй хачин жигтэй  юм болж байлаа. Нэгэн үл танигдах хүн янз бүрийн банкуудад ирж швейцарийн банкнаас мөнгө шилжүүлж эхлэх нь тэр. Гэтэл нэгэн банкны ажилтан, өөрийгөө нэг бол Маркем үгүй бол Милдун гэж нэрлээд байгаа өндөр англи эрийг санамсаргүй тохиолдлоор анзаармагцаа цагдаад мэдэгджээ. Цагдаагийнхан ч, шударга хуулиас зугтан зайлж байсан алуурчин эр Льюканы ул мөрийг оллоо хэмээн олзуурхсан байна.  Тэгтэл ч бүх юм өөрөөр эргэж, нэгдүгээрт, Льюкан эрх чөлөөтэй сэлгүүцэж байгаа ба, хоёрдугаарт, энэ хүн бол сэтгүүлчид болон улс төрчид эмгэнэл бичихээр зэхэж байсан сураггүй алга бологч английн парламентын гишүүн Жон Стоунхаус мөн болох нь тогтоогдсон байна. Энэхүү мэдээлэл сонин хэвлэлийн хуудаснаа нүд ирмэхийн зуур гарснаар жинхэнэ шуугиан дэгдээх нь тэр.
Стоунхаус, (Бангладешийг оролцуулан) долоон улс оронд толгой хоргодох гэж оролдсоны эцэст аргагүйдан Их Британидаа буцан очиход хүрсэн юм. 1976 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр түүнийг хулгай хийсэн, хуурамч баримт бичиг үйлдсэн ба хуурч мэхэлсэн зэрэг 21 зүйл ангиар шүүсэн байна. Стоунхаус ч өөрийгөө өмгөөлнө гэснээр шүүгчдийг мэл гайхуулж цэл хөхрүүлжээ. Тухайн үед, өөрөө хуурч мэхлэн луйвардаж байна гэж ухамсарлаж байсан боловч угтаа бол тийм биш юм гэж тэрээр ярив. Түүний жинхэнэ дүр төрх бол үнэнч шудрага хүн мөн, чухамдаа ийм л дүр төрхтэйгээр амьдрахыг хүссэн учраас нэрээ солиход хүрсэн юм гэжээ. Бүрлээчид болох Маркем ба Милдун хоёрын нэр хүнд ямарч хар толбогүй байсан шүү дээ гэж зүтгэнэ  Гэвч шүүх хурлын иргэдийн төлөөлөгчид, өөрийгөө өмгөөлж хангалтгүй тайлбар хийсэн гэж үзэн, яллаж байсан ихэнх зүйл ангиар зүйлчлэн ял тулгаж долоон жилийн хорих ял оноосон байна. Харин түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Шила Бакли бүсгүй хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ.
Стоунхаусын хэрэг бол, Английн хуучныг баримтлагч намын улс төрчид голдуу эр эмийн явдлын хэл аманд өртдөг байхад, харин хөрөнгөтний намынхан мөнгө төгрөг гуцуухан байдгаас болж ихэнх тохиолдолд мөнгө санхүүгийн хэрэгт орооцолддог гэсэн явган яриа ортой болохыг нотлох нэг жишээ болжээ. Мөн энэхүү хэрэг   өөр хүний нэрээр ахиухан мөнгө олж авмагцаа сураггүй алга болох нь ямар амархан байдгийг нотлосон  бодит жишээ болсон билээ.

Г.АМАРСАНАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан