Удахгүй түүхийн нэгэн хуудас болон улиран одох гэж байгаа 2013 он дэлхийн нийтийн анхаарлыг татсан дуулиантай эмгэнэлтэй, адал явдалтай, гайхмаар гээд олон үйл явдлаар арвин жил байлаа. Эдгээрээс манай сонин дэлхийн хамгийн анхаарал татсан үйл явдлуудыг нэрлэж байгаагаа уншигч танд хүргэе.
Эдвард Сноуден2013 онд дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн их татсан, дуулиантай үйл явдал нь Америкийн Үндэсний Аюулгүй байдлын Агентлагийн ажилтан Эдвард Сноудений зугталт байлаа. Америкийн Засгийн газар хүний эрх, ардчилал, хувийн нууцын халдашгүй дархан байдал гэж байнга ярьж, бусдад сургадаг атлаа хэдэн зуун сая хүний гар утсыг сэм чагнаж байдагт Э.Сноуден ихэд бухимдсан гэдэг. Ингээд шударга ёсны төлөө байгууллагаасаа маш нууцын зэрэглэлтэй олон зуун мянган баримт хулгайлаад Хонконг руу зугтсанаар түүнийг тойрсон адал явдал, дуулиан шуугиан эхэлсэн юм.
Хонконгод ирээд ээлж дараалан дуулиант мэдэгдэл хийсний дараа АНУ-ын зүгээс Хятадын талд янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн ч хятадууд мэргэн арга олж америкчуудын өгсөн Сноуденийг яаралтай хүлээлгэн өгөх шаардах хуудсан дээр нэрийг нь алдаатай бичсэн байсан тул өгөх боломжгүй гэдгээр шалтаг болгосон. Дараа нь Сноуденийг визний хугацаа дууссан гээд Оросын онгоцонд суулгаад Москва руу “пааслачихсан”.
Сноуденийг Москвагийн нисэх буудлын транзит танхимд сар гаруй болох хугацаанд түүнийг Никарагуагаас эхлээд Эквадор, Боливи, Венесуэль улс төрийн цагаачийн хувьд хүлээн авахад бэлэн гэв. Гэвч “Сэм” ах сүрдүүлсний дараа бүгд үгээ буцаасан. Маш нууц олон баримтаа алдаж, дэлхийн хэмжээнд нэр нүүрийг нь балласан хүн болохоор Америкийн эрх баригчид асар ихээр хилэгнэсэн нь мэдээж. Тэд найдвартай нь дээр гэж үзээд Боливийн Ерөнхийлөгчийг Сноуденийг нууцаар тээвэрлэж байж магадгүй хэмээн онгоцыг нь Швейцарьт хүчээр буулгаж байгаад нэгжлэг хийж үзсэн ч хэргийн эзэн гарч ирээгүй. Ингэж явсаар эцэст нь Америкаас “айдаггүй” цорын ганц улс нь Орос болж таарсан бөгөөд тэд Сноуденд жилийн хугацаатай түр орогнох эрх олгосон. Энэ бол хэргийн зөвхөн өнгөн хэсэг эж болно.
Хамгийн дуулиантай хэсэг нь Сноудений ил болгосон нууц мэдээлэлд байгаа юм. Сонин хэвлэлээр ил болсон нууц баримтаар бол америкчууд олон жилийн турш дэлхий даяар хэдэн зуун сая хүний гар утасны яриаг чагнаж, интернэт хандалтыг нь хянадаг байсан болж таарсан. Өөрийн хамгийн дотны түнш орнууд гэгддэг Герман, Франц, Израйлиас эхлээд Бразиль, Мексик, Индонези хүртэл олон орны улс төрийн элитүүд, сайд дарга нарын утсыг тогтмол чагнадаг байжээ. Германы канцлер Ангела Меркелийн утсыг бүр Бундестагийн жирийн гишүүн байхаас нь эхлэн тогтмол чагнадаг байсан гэнэ. Бразилийн Ерөнхийлөгчийн гар утсыг чагнаж, электрон захидлыг нь уншдаг байсан. Мексик, Индонезийн Ерөнхийлөгчийг нууцаар чагнадаг гээд яриад байвал ер нь Америкийн тусгай албадын нууцаар утсыг чагнаж, и-мэйлийг нь ухаагүй нөлөө бүхий улстөрч дэлхий дээр бараг байхгүй болж таарсан.
Энэ мэдээлэл ил болсноор Америк тун ч таагүй байдалд орсон нь ойлгомжтой. Дэлхийд нөлөөтэй хэд хэдэн улс Америкийн Элчин сайдыг дуудан эсэргүүцэл илэрхийлж хууль бус зүйл хийхээ нэн даруй зогсоохыг шаардсан. Хариуд нь америкчуудад хэлэх үг бараг л олдсонгүй утасны яриа, интернэт хандалтыг нууцаар тагнасны хүчинд 55 алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлж чадсан тухай мэдээ өгч өөрийгөө зөвтгөх гэж оролдсон.
Сноуденийг 200 мянган нууц баримт авч зугтсан гэж байгаа. Тиймээс Америкийн тусгай албадын маш нууц баримтууд сонин хэвлэлийн нүүрнээ нэлээд хэсэг хугацаанд гарсан хэвээр байх бололтой. Гэхдээ америкчуудын хувьд эдгээр ил болсон баримт тун ч таагүй гэлээ хамгийн аюултай нь биш юм. Хамгийн аюултай нь Сноуден гадаадад ажиллаж байгаа тагнуулуудын нэр хаяг, мэдээлэгчдийн жагсаалт гэсэн дээд зэрэглэлийн нууцлал бүхий материалыг хулгайлсан юм. Тэрээр энэ материалыг өөрийн амьд явах баталгаа болгож байгаа. Хэрэв амь насаа алдвал энэ мэдээлэл шууд л дэлхий даяар мэдээллийн хэрэгслээр цацагдана гэсэн. Ингэвэл Америкийн асар мөнгө, цаг зарж бий болгосон хүчирхэг тагнуулын сүлжээнд нөхөж баршгүй хохирол учирна.
Дараа жил оросуудын олгосон түр орогнох хугацаа дуусахаар хэргийн эзэн хаашаа зугтахыг тааж хэлэхэд бэрх. Тиймээс Сноудений дуулиан дараа жил ч үргэлжлэх нь гарцаагүй.
Сирийн химийн зэвсэгДэлхийн нийтийн анхаарлыг татсан дараагийн үйл явдал нь Сирийн асуудал байлаа. Сирид үргэлжилж байгаа иргэний дайны ээдрээ 2013 онд оргил үедээ хүрсэн. Шалтгаан нь Ерөнхийлөгч Барак Обамагийн өмнө нь хийж байсан мэдэгдэл. Тэрээр Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох хүсэлгүй байгаа ч Башар Асад өөрийн мэдэлд байгаа химийн зэвсгийг босогчдын эсрэг хэрэглэсэн тохиолдолд хүч хэрэглэхээс өөр аргагүй болно гэсэн. Энэ мэдэгдэл босогчдод найдвар, Башар Асадад толгойн өвчин нь болсон нь ойлгомжтой. Сирийн арми босогчдын эсрэг хэд хэдэн амжилттай ажиллагаа явуулсны дараа босогчид өөрийн хүчээр Башар Асадыг ялах боломжгүйгээ ойлгосон. Тиймээс гадны цэрэг, зэвсгийн тусламж авах ганц л зам үлдсэн. Гэтэл Америк тэргүүтэй өрнөдийн орнууд ноцтой шалтгаан гараагүй тохиолдолд цэргүүдийнхээ амь насаар дэнчин тавихыг хүсэхгүй байв. Ийм үед 2013 оны гуравдугаар сараас эхлэн Башар Асадын хүчнийхэн босогчдын эсрэг удаа дараалан химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл гарч эхэлсэнд гайхах зүйлгүй. Удалгүй өрнөдийн орнууд дуу дуугаа авалцан Башар Асадыг химийн зэвсэг хэрэглэлээ гэж буруутган, элдэв “нотолгоо” гаргах болсон.
“Нотолгоо” гараад ирсэн тул Обама хэлсэн амандаа хүрч Асадын эсрэг зэвсгийн хүч хэрэглэхээс өөр аргагүй болсон юм. Ингэвэл хоцрогдсон зэвсэглэлтэй Асадын арми Америк, НАТО-ийн цохилтыг тэсч гарна гэх найдвар бараг л байхгүй. Харин босогчид өрнөдийн зэвсгийн хүчээр армийн хүчийг тартагт нь тултал сулруулж байгаад дайралт хийхэд Башар Асадыг Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафийн тавилан хүлээж байлаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Ийм эгзэгтэй үед Путин гэнэт мэргэн арга олж ээдрээг тайллаа. Тэрээр Сирид байгаа химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлэн нэн даруй устгах, тус улсыг химийн зэвсэг үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон олон улсын конвенцид нэгтгэх, Башар Асад энэ саналыг зөвшөөрч конвенцид нэгдэн химийн зэвсгээ устгавал Өрнөдийн орнууд цохилт өгөхгүй байх санал гаргасан. Өрнөдийн орнууд дуртай дургүй саналыг зөвшөөрснөөр Башар Асад аврагдсан гэж болно.
Асад химийн зэвсгээ олон улсын мэргэжилтнүүдийн хяналтад шилжүүлэн устгах ажиллагаа эхлүүлсэн нь одоо ч үргэлжилж байна. Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагааг хариуцаж байгаа “Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага” энэ оны Нобелийн энх тайвны шагнал авсан билээ. Сирийн химийн зэвсгийг дараа жилийн зургаадугаар сарын үед бүрэн устгаж дуусахаар тов гаргаад байгаа.
Энэ бүхний үр дүнд Башар Асад зүгээр ч нэг аврагдсангүй байр сууриа нэлээд бэхжүүлээд авав. Заналт дайсныг нь бөмбөгдөхгүй, буудахгүй болсон тухай мэдээг босогчид их таагүй хүлээж аван дотроо түнжин хагарч хоорондоо тэмцэлдэж эхэлсэн. Энэ сөргөлдөөний явцад “Аль-Кайда” гэх мэт алан хядагч байгууллагатай холбоотой лалын хэт явцуу үзэлтнүүдийн бүлэглэлүүд илт давамгайлж эхэлсэн. Хэдхэн өдрийн өмнө тэд өрнөдийн орнуудаас тусламж авдаг босогчид руугаа дайрч штаб, зэвсгийн агуулахыг нь эзэлж авсан нь үүний нэг жишээ.
Энэ мэтээр цааш яваад байвал Америк, Британи тэргүүтэй өрнөдийн орнуудын дэмжээд байдаг босогчид нь ялагдан зайлсаар Сирийн босогч гэгч нь бүхэлдээ лалын хэт даврагсад болж магадгүй байдал үүсэх эрсдэл өндөр. Ийм нөхцөлд лалын хэт даврагсдын эсрэг бодитоор сөрөн зогсож, бүр ялалт байгуулж чадах цорын ганц хүчин Башар Асад, түүний арми болж хувирч байгаа билээ. Үүнийг ч Өрнөдийн орнууд сайн ойлгож байгаа бололтой. Лондонд сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзахдаа Башар Асадыг цаашид Ерөнхийлөгч хэвээр байлгах сонирхолтойгоо байгаагаа дуулгажээ.
Хойд Солонгосын цөмийн зэвсэг2013 оны дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан хоёр үйл явдал нь цөмийн зэвсэгтэй холбоотой юм. Нэг нь Солонгосын хойгт, нөгөө нь Ойрхи Дорнодод.
2013 оны хоёрдугаар сарын 12-нд Хойд Солонгос гурав дахь удаагаа цөмийн туршилт хийснээр ээдрээ эхэлсэн. Цөмийн зэвсэгтэй улсын удирдагч шүү гэдгээ залуу удирдагч Ким Чен Ун дэлхий нийтэд, ялангуяа өмнөд хөршдөө мэдэгдсэн хэрэг. Цөмийн дэлбэрэлтийн хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авав. Мөн гуравдугаар сарын 1-нд нь АНУ, Өмнөд Солонгос хоёр “Foal Eagle” нэртэй хамтарсан хээрийн сургууль эхлүүлсэн. Үүнийг Хойд Солонгос дайралт хийхээ халхавчилж байна гэж үзээд түрэмгийлэгчдийн эсрэг өрсөн цөмийн цохилт өгөх эрхийг өөртөө үлдээж байгаа тухайгаа мэдэгдсэн. Гуравдугаар сарын 5-нд нь хоёр Солонгосын хооронд 1953 онд байгуулсан гал түр зогсоох тохиролцооноос дангаар гарч байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр цаасан дээр бол хоёр улс дахиад л байлдаж эхэлсэн гэсэн үг. Гуравдугаар сарын 30-нд Хойд Солонгос дайны цагийн байдалд орж байгаагаа зарласан. Мөн дорнод эргийн орчим хэд хэдэн баллистик пуужин байрлуулсан юм. Пуужинг дөрөвдүгээр сарын 10 харваж магадгүй гэж байсан ч Ким Ир Сений 101 насны ойн өдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд хөөргөж магадгүй болсон. Харвавал Солонгосын хойгт дахин аймшигтай дайн эхэлнэ гэсэн үг. Дэлхий даяар сэтгэл түгшин хүлээж байв. Дайн эхэлвэл Хойд Солонгос өөрөө цөмийн зэвсэгтэй, Хятад цөмийн зэвсэгтэй, Орос цөмийн зэвсэгтэй, өмнөдийг хамгаалж туслаж байгаа Америк бас цөмийн зэвсэгтэй гээд тун ч ээдрээтэй байдал үүсч болох байлаа. Гэвч пуужин хөөрөөгүй бөгөөд талууд олон улсын түвшинд нэгнээ буруутгах замаар маргалдсаар ямар ч байсан зэвсэгт мөргөлдөөн хийхгүй болж таарсан юм. Гэхдээ Хойд Солонгосын тал өөрийн нутаг дээрх үйлдвэрлэлийн Кэсон бүсийг хаагаад өмнөдийн хэдэн зуун ажилчдыг нутаг буцах боломжгүй болгож түгжсэн. Даанч Хойд Солонгос энэ бүсийн үйлдвэрүүдээс жилдээ хоёр тэрбум хүртэл ам.доллар авдаг болохоор удаан хаах нь өөрт нь ашиггүй байв. Иймд есдүгээр сараас эхлээд Кэсоны ажиллагааг сэргээх талаар тохиролцоод ажиллуулж эхэлсэн. Өдгөө тэнд Өмнөд Солонгосын 123 компани үйл ажиллагаа явуулж байна.
Оны сүүлээр Ким Чен Ун дахиад л дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орсон. Энэ удаад атомдаж биш харин том калибрын автомат буюу манайхны ярьж сурснаар “пулемёт”-оор буудаж анхаарал татав. Тэрээр өөрийг нь засгийн эрхэнд гарахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүргэн ахыгаа намын гишүүн хүнд байж боломгүй авир гаргасан гэж яллаад цаазаар авсан. Цаазаар авахдаа “пулемётоор” шүршсэн тухай өмнөд Солонгос, Өрнөдийн хэвлэлүүд шуугисан билээ.
Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох тохиролцооЦөмийн зэвсэгтэй холбоотой дараагийн үйл явдал нь Ирантай байгуулсан гэрээ юм. ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц, ХБНГУ нэг талаас нөгөөө талаас Иран нэн чухал, түүхэн гэж болохоор тохиролцоонд хүрсэн билээ. Тохиролцооны дагуу Иран өөрийнх нь эсрэг авсан эдийн засаг, санхүү болон улс төрийн хориг арга хэмжээг цуцалсны хариуд цөмийн хөтөлбөрөө зогсоохоор болсон юм. Ийм тохиролцоонд хүрэх гэж талууд бүхэл бүтэн 10 жилийн турш хэлэлцээр хийсэн гэхээр энэ жил байгуулсан гэрээ нь үнэхээр түүхэн явдал гарцаагүй мөн.
Ираныг Энхийн нэртэй хөтөлбөрөөр халхавч хийн цөмийн зэвсэгтэй болох гэж байна хэмээн өрнөдийн орнууд буруутгаад арваад жил болж байна. Харин Иран эрчим хүчний дутагдлаа шийдэхийн тулд цөмийн цахилгаан станц барих эрхтэй гээд тоохгүй байлаа. Олон улсын мэргэжилтнүүдийг цөмийн обьект руугаа нэвтрүүлэх, шалгалт хийхийг зөвшөөрөөгүй. Ингээд л ээдрээ эхэлсэн хэрэг. Өрнөдийн орнууд, Израйль нь Ираныг цөмийн зэвсэг хийхээр бэлдэн уран баяжуулж, цөмийн цахилгаан станцууд дээрээ зэвсгийн плутоний гарган авч байна гэж мэдэгдэн дарамт, хориг арга хэмжээ авч эхэлсэн. Иран үгүй гээд гүрийсэн ч уран баяжуулах салбарт ихээхэн амжилт гаргаж байгаа тухайгаа ойр ойрхон мэдэгдэл хийж дуулиан тарьсаар байв. Одоогоор Иран ураныг 20 хувь хүртэл баяжуулж чадаж байгаа. Харин цөмийн зэвсэг хийхийн тулд ураныг 90 хувь хүртэл баяжуулах шаардлагатай юм. Гэтэл цөмийн зэвсэг хийхэд ашигладаг уран-235 нь байгалийн уранд ердөө 0,7 хувь байдаг бөгөөд ийм өндөр хувь хүртэл баяжуулахад тухайн улсын цөмийн технологи өндөр хөгжсөн байх шаардлагатай. Дашрамд сонирхуулахад Ираны цөмийн хөтөлбөр нь тэртээ 1967 онд эхэлсэн бөгөөд тэр үед америкчууд 5МВт-ын чадалтай цөмийн реактор өгч байсан түүхтэй.
Ираны цөмийн хөтөлбөрийн ээдрээг тайлахад 2005 оноос 2013 он хүртэл Ерөнхийлөгч байсан Ахмединежадын байр суурь нэлээд саад болж байсан гэж болно. Харин энэ жил Ерөнхийлөгчөөр сонгогдсон Роухани цөмийн хөтөлбөртэй холбоотой илүү уян хатан байр суурь баримтлан, улсынхаа удирдлагыг өөрийн байр суурь зөв гэдэгт итгүүлж чадсанаар түүхэн тохиролцоонд хүрэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж болно.
Шинэ тохиролцооны дагуу Иран ураны таван хувиас илүү баяжуулахаа зогсооно, плутони болон баяжуулагч төхөөрөмж үйлдвэрлэхээ болино, олон улсын шинжээчдийг цөмийн обьектүүддээ шалгалт хийхийг зөвшөөрөх юм. 20 хувь хүртэл баяжуулаад байгаа 200 кг орчим ураныг устган, цаашид энэ талаар ажиллагаа явуулахгүй. Хариуд нь Америк, Европын орнууд хориг арга хэмжээгээ цуцална.
Нельсон МанделаӨмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Нельсон Манделагийн таалал төгссөн нь 2013 онд хүн төрөлхтөнд тохиолдсон том гарз болов. Мандела Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын хар арьстнуудын эрхийг төлөө тууштай тэмцэгч байв. Тэрээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэний төлөө амьдралынхаа 27 жилийг шоронд өнгөрөөсөн юм. Өмнөд Африкт эрх барьж байсан апартеидын дэглэмийг цус урсгалгүй, энхийн замаар өөрчлөхөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсний төлөө түүнд Нобелийн шагнал хүртээж байсан юм. 1994-1999 онд Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч байсан, суудлаа өгснийхөө дараа олон нийтийн идэвхтэй ажил явуулж байсан. 2009 онд НҮБ-аас энх тайван, эрх чөлөөний төлөө хийсэн бүхнийг нь өндрөөр үнэлж долдугаар сарын 18-ны өдрийг Олон улсын Нельсон Манделагийн өдөр болгон зарлаж байв. Мандела бол эрх тэгш байдал гэдэг нь дэмий хоосон яриа биш, харин орчин үеийн нийгмийн амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тулгын чулууны нэг, түүний төлөө хүн амьдралаа зориулан тэмцэж болдгийг харуулсан хүн юм.
Эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнМөн энэ жилийн онцлох үйл явдал нь дэлхийн олон оронд болсон Засгийн газрын эсрэг жагсаал, үймээнүүд байлаа. Бразильд олон зуун мянган хүн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпын зуны тоглолт явуулахад хэт их мөнгө зарж байгааг эсэргүүцэн жагсаал хийсэн. Тэд том арга хэмжээнд зориулан нүсэр байгууламж барьж байхын оронд эгэл хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх бодитой арга хэмжээ авахыг, Засгийн газраа, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан. Хөлбөмбөгийг үндэсний спортоо гэж дээдэлдэг улсад ийм жагсаал гарна гэдгийг төсөөлөхөд бэрх. Эрх баригчид үүнийг болгооё, тайван амгалан бай гэсэн мэдэгдэл хийж, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан жагсаалыг тарааж дарсан.
Дараагийн томоохон эсэргүүцлийн жагсаал нь Туркт болсон. Стамбул хотын эрх баригчид түүхэн дурсгал гэгддэг Таксим талбай дээр худалдааны төв барих гэж байгааг олон мянган хүн эсэргүүцсэн. Гэвч энэ жагсаал яваандаа одоогийн Ерөнхий сайд Эрдоганы явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн сөрөг хүчний томоохон арга хэмжээ болж хувирсан юм. Жагсагчид Эрдоганыг огцрохыг шаардаж байв. Авлигын хэрэгт холбоотойгоор Туркийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд баривчлагдсан дуулианы дараагаар одоо ч сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Эрх баригчдын эсрэг хийсэн дараагийн жагсаал, үймээн нь Украйнд гарлаа. Украйн, Европын холбоо хоёр хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёстой байсан ч тохиролцоонд хүрч чадаагүй болохоор Ерөнхийлөгч Янукович гэрээ байгуулахаа хойшлуулсан. Үүний дараагаар сөрөг хүчнийхэн олон арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал явуулж байна. Тэд Януковичийг огцрохыг шаардаад нэн даруй Европтой хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг шаардсан юм. Хариуд нь Янукович ийм чухал асуудлыг талбай дээр жагсаал хийх байдлаар шийдэх боломжгүй гэдгийг сөрөг хүчинд ухуулсан гэж болно. Ингээд Европчуудтай тохиролцоонд хүрч чадаагүй ч Оростой нэлээд амжилттай хэлэлцээр хийж тохиролцоонд хүрсэн юм. Жишээлэхэд, Оросоос авдаг шатдаг хийн үнийг бууруулсан, дээр нь 15 тэрбум ам.долларын бондыг Оросуудад зарахаар болсон. Гэвч сөрөг хүчний зүгээс Оростой хийсэн гэрээгээ цуцлан, Европтой хамтын ажиллагаааны гэрээ байгуулах хүртэл эсэргүүцлийн арга хэмжээгээ зогсоохгүй тухай мэдэгдээд байгаа.
Эсэргүүцлийн дараагийн жагсаал Тайландад одоо ч явагдаж байна. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Йинглак Чинаватыг огцрох, парламентыг татан буулгаж дахин сонгууль явуулахыг шаардан нүсэр жагсаал хийсэн билээ. Цагдаа нартай удаа дараалан мөргөлдөж цөөнгүй хүн амиа алдсан ч тэд санасандаа хүрч 40 хоногийн дараа Тайландад парламентын дахин сонгууль болох гэж байна. Гэвч сөрөг хүчнийхэн улс төрийн ба сонгуулийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шинэ шаардлага тавин эсэргүүцлийн жагсаалаа одоо ч үргэлжлүүлсээр байна.
Португаль, Испани, Грек, Итали, Герман, Австри гэх мэт Европын олон оронд эрх баригчдынхаа явуулж байгаа хатуу хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн олон зуун мянган хүн оролцсон жагсаал жилийн турш тасраагүй. Төсвийн алдагдлыг багасгахын тулд Европын орнууд төсвийн ажилчдыг цомхотгох, цалинг багасгах, нийгмийн халамжийн тоо ба хэмжээг танах хатуу арга хэмжээг авч байгаа нь европчуудын дургүйцлийг ийнхүү төрүүлээд байгаа юм.
Болгарт цахилгаан дулааны үнэ огцом нэмэгдсэнийг эсэргүүцэн олон арван мянган хүн гудамжинд хэдэн өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал явуулсан. Үр дүнд нь Болгарын Ерөнхий сайд суудлаасаа огцров.
Египетэд сөрөг хүчний олон зуун мянган хүн Ерөнхийлөгч Мурсийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал хийсэн. Энэ бүхэн нь эцэстээ армийн генералууд нь төрийн эргэлт хийж Мурсийг баривчилснаар дууссан юм. Гэхдээ Египетэд Мурсийг эсэргүүцэгчид ба дэмжигчид хоорондын мөргөлдөөн өдгөө ч намжаагүй л байна.
В.ПутинОХУ-ын Ерөнхийлөгч яах аргагүй энэ жилийн хамгийн нөлөө бүхий улстөрч болж байна. Тэрээр их наймын уулзалтын үеэр өрнөдийн орнуудын шахалт, ятгалгад автаагүй бөгөөд Сирийн талаарх байр сууриа өөрчлөөгүй. Сирийн асуудлыг хүч хэрэглэлгүйгээр энхийн замаар шийдэх гарц гаргаж ирсэн. Америкийн дарамт, сүрдүүлгийг үл тоон экс тагнуулч Сноуденд орогнол олгосон. Энэ бүхэн нь Орос орон гадны ятгалга сүрдүүлгийг үл тоон ямар ч тохиолдолд өөрийн гэсэн онцгой байр суурьтай байх эрхтэй гэдгийг дэлхийн нийтэд харууллаа.
10 жил хоригдсон Ходорковскийг өршөөлөөр сулласан. Ходорковскийг суллагдсаны дараа Оросын сөрөг хүчнийг нэгтгэн удирдаж улмаар Путиний гол өрсөлдөгч болно гэж улс төр судлаачид үзэж байлаа. Гэтэл Путин түүнийг хугацаанаас нь өмнө сулласнаар байр суурь нь ямар бат бэх болсныг дэлхийн нийтэд ойлгуулаад авав.
Канад Хойд туйлыг өөрийг өмч гэж мэдэгдсэний дараагаар тийш нь байлдааны усан онгоц илгээх тушаал өгч шаардлагатай үед Хойд туйл орчмын нутагт өөрийн эрх ашгийг цэргийн хүчээр ч хамгаалахад бэлэн гэдгээ ойлгууллаа. Энэ мэт олон үйлдлээр өөрийгөө биеэ даасан, өөртөө итгэлтэй хатуу улстөрч, удирдагч гэдгээ харуулсан. Магадгүй ийм ч болоод “Форбс” сэтгүүлээс Путинийг энэ оны хамгийн нөлөөтэй улстөрчөөр тодруулсан биз.
Ижил хүйстнүүдийн асуудалИжил хүйстнээ сонирхогчдын асуудал энэ жил хэзээ хэзээнээс илүүтэйгээр олон нийтийн анхаарлыг татлаа. Шалтгаан нь Орост батлагдсан насанд хүрээгүйчүүдэд ижил хүйстэн хоорондын бэлгийн харилцааг сурталчлахыг хориглосон хууль. Энэ хуулийг өрнөдийн олон орны иргэд, улстөрчид ардчиллын гол зарчим болох хүний сонголт хийх эрх, цөөнхийн эрхэнд бүдүүлгээр халдсан явдал гэж хүлээж авсан. Улмаар хуулиа өөрчлөөгүй тохиолдолд он гараад Сочид болох гэж байгаа олимпын тоглолтын цуцлахыг Олон улсын Олимпын хорооноос шаардав. Олимпын хороо татгалзсаны дараагаар дэлхийн нийтэд хандан Сочийн олимпод оролцохгүй байхыг уриалсан. Өрнөдийн зарим улстөрч Сочийн Олимпын тоглолтыг бойкотлосон.
Энэ жил дэлхийн зургаан оронд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан баталлаа. Үүнтэй холбоотой инээдтэй хэрэг ч гарч байв. Коста-Рикагийн парламентын олонх консерватив намынхан хуулиа огт уншилгүйгээр шууд баталсны улмаас энэ улс ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг баталсан ээлжит улс болсон юм. Консерватив намынхан ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг эрс эсэргүүцэгчид байдаг тул хожим ямар хууль баталснаа олж мэдээд буцаах хүсэлт гаргасан ч Ерөнхийлөгч нь цаашдаа хуулиа сайн уншиж байж батал гээд гарын үсгээ зурж энэ хуулийг хүчин төгөлдөр болгосон.
Гэхдээ зарим оронд Оростой адил үйл явц ч ажиглагдсан. Австрали ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг зөвшөөрөх тухай зарим мужийн хуулийг Үндсэн хуулинд харшилсан хүчин төгөлдөр бус гээд цуцалсан. Энэтхэгт ч мөн адил шийдвэр гаргасан юм. Үүний дараа эдгээр улсуудад ижил хүйстнүүдийн эсэргүүцлийн жагсаал болсон юм.
Лалын хэт явцуу үзэлДэлхийн олон улс орон алан хядлагын эсрэг маш хатуу арга хэмжээ авч байгаа ч энэ үзэгдэл тасрахгүй байна. Бүр тодруулбал лалын хэт даврагсдын зүгээс дэлхий даяар явуулж байгаа алан хядах ажиллагаа энэ жил газар авах хандлагатай байгаа нь олон нийтийг түгшээж байна.
2013 онд дэлхийн нийтийн анхаарлыг татсан хэдэн том алан хядах ажиллагаа боллоо. Хамгийн ихээр олны анхаарлыг татсан алан хядах ажиллагаа Бостон хотод жил болгон явагддаг марафон гүйлтийн үеэр болсон. Чечень гаралтай ах дүү Царнаев Америкийг лалын шашинтнуудын эсрэг шударга бус дайн явуулж байна гэж үзэн тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас гурван хүн амь үрэгдэж, 280 хүн шархадсан юм. Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ах дүү Царнаев ямар хүн байсан, Чечень гэж ямар улс байдаг тухай бичиж, сенсаац дэгдээсэн. Зарим америкчууд Чеченийг Чехтэй андуурч нэн даруй Чехийг бөмбөгдөхийг хүртэл шаардаж байлаа.
Кенийн нийслэл Найробид хөрш Сомалид үйл ажиллагаа явуулдаг лалын хэт явцуу үзэлт бүлэглэлийн алан хядагчид худалдааны төвийг эзлэн авч аллага явуулсны улмаас янз бүрийн орны 67 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа.
Оросын Волгоград хотноо лалын хэт явцуу үзэлт амиа золиослогч эмэгтэй шугамын автобус дотор тэсрэх бодис дэлбэлсний улмаас найман хүн амиа алдаж, 37 хүн шархадсан байна.
Иракт гэхэд л лалын шашны суннми ба шиа урсгалын явцуу үзэлтнүүд хоорондоо зарлаагүй дайн явуулж өдөр болгон шахуу л алан хядах ажиллагаа явуулж он гарсаар хэдэн мянган хүний аминд хүрлээ.
Сирид Асадын эсрэг байлдаж байгаа лалын хэт явцуу үзэлт босогчид өдөр болгон шахуу л алан хядах ажиллагаа явуулж, эзэлсэн хот сууриндаа христийн шашинтнууд, алави урсгалыг дагагчдыг хомроглон устгах харгислал явуулж байна.
Нигерт лалын хэт явцуу үзэлт бүлэглэлийн алан хядагчид ямар ч гэмгүй 50 оюутныг хэрцгийгээр буудан хөнөөсөн хэрэг ч гарлаа.
Алжирын шатдаг хийн цогцолбор руу Малид үйл ажиллагаа явуулдаг лалын алан хядагч байгууллагынхан дайрч найман орны 37 хүнийг барьцаалан аминд нь хүрсэн хэрэг гарлаа.
Лалын хэт явцуу үзэлтнүүд алан хядах ажиллагаа бараг явуулдаггүй Хятадад хүртэл Тяньаньмэний талбай дээр бөмбөг дэлбэллээ.
Хятадын газар нутгийн маргаанЭнэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал нь манай урд хөрштэй холбоотой газар нутгийн маргаан байлаа. Манай урд хөрш Вьетнам, Камбож, Малайз, Филиппин, Бруней, Энэтхэг, Япон гээд олон улстай газар нутгийн маргаантай.
Эдгээрээс энэ жил Энэтхэгтэй булаацалддаг Кашмир орчмын нутагт цэргээ оруулж олон улсын анхаарлыг татсан. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд Хятадын ардын чөлөөлөх армийн ангиуд Гималайн нурууны Даулаг Бег Олди хэсгээр Энэтхэгийн нутаг руу 10 км цөмрөн орж хуаран байгуулсан мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татсан зүйн хэрэг. Дэлхийн хамгийн олон хүн амтай, цөмийн зэвсэгтэй хоёр улс дайтна гэдэг тийм ч таатай зүйл биш.
Хамгийн их анхаарал татсан зүйл нь Японтой булаацалдаад байгаа Сэнкаку олтригийг тойрсон ээдрээ. Эдгээр арлууд Японы удирдлагад байдаг ч Хятадын тал эртнээс нааш манай газар байсан гэж маргаж байгаа. Арлын орчмоос ихээхэн хэмжээний шатдаг хийн орд газар илэрсэн нь асуудлыг улам ээдрээтэй болгож байгаа билээ. Одоогоор Хятадын байлдааны усан онгоцууд арлын орчим эргүүл хийдэг болсон. Саяхнаас арлуудын дээгүүрх агаарыг өөрийн агаарын хилийн нэг хэсэг гэж зарлав. Улмаар өөрийн агаарын хил болохоор дээгүүр нь ямар ч онгоц Хятадын зөвшөөрөлгүйгээр нисэх ёсгүй, нисэхээр бол зөвшөөрөл авах ёстой гэсэн юм. Хятадаас зөвшөөрөл авалгүй арлуудын дээгүүр ниссэн онгоцыг буудан унагана, цаашдаа арлуудын агаарын байдлыг Хятадын агаараас эсэргүүцэх хэрэгслүүд тогтмол хянаж байна гэв. Энэ мэдэгдэл Япончуудыг баярлуулаагүй нь ойлгомжтой.
Арлуудаас болж, Япон Хятад хоёр байлдахад хүрвэл маш ээдрээтэй байдал үүснэ. Учир нь арлыг тойрсон маргаанд Америкчууд Японыг дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Тэгэхээр дайтвал дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гурван улс, цөмийн зэвсэгтэй хоёр улс тулах хэрэг гарна.