Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үхлээс нэг удаа мултарсан ч дараа нь....

“Очих газар”  гэдэг уран сайхны кино байдаг даа. Онгоцны ослоос амьд үлдсэн хэдэн залуу дараа нь ээлж дараагаар золгүй үхлээр мөнх бусыг үзүүлдэг. Киноны санааг анх 1995 онд олсон ч дөрвөн жилийн дараа кино болгосон гэдэг. Гэтэл амьдрал дээр үнэхээр ийм аймшигтай осол, гамшгаас амьд үлдсэн атлаа хэсэг хугацааны дараа мөн л золгүй тохиолдлоор амь алдсан жишээ цөөнгүй байдаг байна.

1.    Түймрээс амьд гараад долоо хоногийн дараа
  
2013 оны нэгдүгээр сард 21 настай Жессика де Лима Рол өмнөд бразилийн Санта Мария хотын “Kiss” шөнийн клубт болох оюутнуудын үдэшлэг зохион байгуулахад тусалж тасалбар худалдаалж байлаа. Тэгээд яг үдэшлэг болоход түүнд очихоор хувцаслаад гэрээсээ гарч байтал өөр хотод амьдардаг найз залуу нь тийшээ битгий оч гэж утасдаж, бүсгүй ч үгэнд нь орж. Гэтэл хэдхэн цагийн дараа өнөөх клубт тайзан дээрх галан оргилуураас оч хаян түймэр гарч 238 оюутан амь алдах нь тэр.  Бүсгүйн найзууд ихэнх нь очсон байгаад олонхи нь утаанд хордож, гадагш гарах гэж байгаад үүдэнд чихэлдэн дарагдаж амиа алджээ.
Үүнээс хойш тав хоногийн дараа бүсгүй найз залуугийнхаа ажилладаг хот руу явж хоёр хоноод хамтдаа буцаж байтал Фольксваген машин нь ачааны машинтай мөргөлдөж Жессика газар дээрээ нас баржээ. Найз залуу Адриано Стефанел нь дөнгөж эмнэлэгт очоод нас барсан байна.

2.    Boeing 777-ын ослоос амьд үлдээд галын машинд дайруулжээ
    
2013 оны долдугаар сарын 6-нд хятадын оюутан 16 настай Е Мэн Юанийн суусан онгоц Сан-Францискогийн олон улсын нисэх буудалд осолдлоо. Галынхан шатаж байгаа онгоцыг унтраах гэж ажиллаж байхад  бүсгүй онгоцноос ердөө 9 метрийн зайд хэвтэж байлаа. Хүмүүс эхлээд түүнийг үхсэн гэж бодож байж. Галын нэг машин ирж зогсоход бүсгүй хөөсөөөр бүрхэгдчихсэн хэвтэж байлаа. Хоёр дахь машин ирж зогсохдоо хөөсөнд дарагдсан бүсгүйг анзаарсангүй дайрч орхих нь тэр. Гэхдээ машиндп дайруулахаас өмнө бүсгүй амьд байсан нь дүрс бичлэгийн камерт бичигдэж үлдсэн байжээ. Онгоцны ослоос 305 хүн амьд гаран ч хоёрхон хүн амь алдсаны нэг нь Е Мэн Юань бүсгүй байсан байна. Нөгөө нь түүний ангийн охин мөн хятад Ванг Линья байжээ.

3.    “Хар рыцарь”-т болсон аллагаас амьд үлдээд өөр аллагад өртсөн бүсгүй

Колорадо мужийн Орор хотын кино театрт болсон аймшигт аллагын мэдээлэл тархаж эхлэхэд шаргал үстэй, инээмсэглэсэн Жессика Репфильд бүсгүйг амь алдлаа хэмээн  зураг нь  тархаж эхэллээ. Техасын спортын тоймч, блогч энэ бүсгүй энэ аллагад өртөж амь алдсан 12 хүний нэг байлаа.
Гэтэл үүнээс яг нэг сарын өмнө Редфильд бүсгүй Торонто хотын Итон худалдааны төвд болсон аллагын үеэр нэг хүн амь алдаж, хэд хэдэн хүн шархдахад азаар амьд үлдэж байжээ. Редфильд энэ тухайгаа “Би энэ аймшгийн тухай мартаж чадахгүй байна. Тэр аймшгийн үеэр буун сумнаас ямар хүч намайг аварсан юм бол гэдгийг ойлгоход бэрх” гэж богтоо бичиж байжээ. Тэрээр цааш нь гамбургер аваад гадаа эрүүл агаарт гармаар санагдсан. Чухам энэ л намайг аварсан. Хэрэв би гараагүй бол зоогийн газарт яг аллагын төвд байх байсан даа” гэж бичиж үлдээжээ. Гэтэл хэдхэн хоногийн дараа мөн л ......
4.    9 дүгээр сарын 11-ний халдлагаас үлдээд хоёр сарын дараа.....
   
2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төв рүү алан хядагчид онгоцоор халдах үед Хильде Иоланд Майоль бүсгүй нэгдүгээр давхрын зоогийн газарт ажиллаж байгаад ёстой азаар амьд үлдсэн байна. Гэтэл хоёрхон сарын дараа Американ Эйрлайнс  компанийн A300B4-605R рейсийн онгоцоор зорчиж яваад Нью-Йоркийн Квинс дүүрэгт сүйрэх үеэр  260 зорчигчийн хамт амь алдсан байна. 26 настай Майоль бүсгүй Доминиканы Бүгд найрамдах улс руу гэрээдээ нисч явжээ. Түүний ээж нь хоёр хүүхэдтэйгээ ердөө хоёр долоо хоногийн өмнө Нью-Йоркоос ниссэн байсан гэдэг.

5.    Онгоцны сүйрлээс амьд үлдээд согтуу жолоочийн балгаар  амь алдсан сагсчин

    
1977 оны арванхоёрдугаар сарын 13-нд  Эвансвиллийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийнхан Миддл Теннеси сургуулийн багтай тоглохоор нисч яваад онгоцны сүйрлээр амь алдацгаалаа. Тэр багийн нэг гишүүн нэгдүгээр курсийн оюутан Дэвид Фёрр нь өвчтэй байсан болохоор хоцорсон байгаад амьд үлдсэн байна.  Гэтэл харамсалтай юм болж хоёр долоо хоногийн дараа тэрээр 16 настай дүүгийнхээ хамт Иллинойс мужид согтуу жолоочоос болон амь алдах нь тэр. Энэ машинд сууж явсан  сагсан бөмбөгийн багийн бүх гишүүн амь алдсан. 

6.    Онгоцны ослоос амьд үлдээд дөрвөн жилийн дараа мөн л онгоцны ослоор...

    
2007 онд Техас мужийн аав охин хоёр хувийн бага оврын онгоцоор нисч байгаад хөдөлгүүрт нь гал авалцан азаар хээр талд бууж амьд гарчээ. Энэ ослын дараа Райдинг бүсгүй “Амийг минь аварсан бурхан, туршлагатай нисгэгч аав хоёртоо баярлалаа” гэж бичиж байжээ. Гэтэл 2011 онд 70 настай эцэг Элзи Уоррен, түүний 52 настай охин Филис Жин Райдингс хоёр Техасын Темпл хотод болсон агаарын шоуны үеэр үзүүлэх нислэг хийж байтал гэнэт кабинд нь утаа ороод ирэх нь тэр. Ингээд  л онгоц 805 метрийн өндөрт дэлбэрч тэд амь алдацгаажээ. 

7.    Air France-ийн онгоцны ослоос амьд үлдээд авто ослоор.....

    
Италийн Больцано мужийн тэтгэвэрт гарсан эмэгтэй Жоанна Ганталер нөхөр Курттайгаа Air France 447 нислэгээр нисэх байсан ч Рио де-Жанейрогийн нисэх буудалд цагаасаа хожимдож ирээд хоцорчихож. Парис руу ниссэн онгоц Атлантын далайд унаж 228 хүн амь алдсан ч тэр хоёр маргааш нь нисчээ.
Харамсалтай нь  хоёр долоо хоногийн дараа хатагтай Ганталер австрийн Куфштайн хотод явж байгаад машин нь жолоодлого алдан өмнөө явсан ачааны машиныг мөргөж амиа алдсан байна. Нөхөр нь хүндээр бэртэж амьд гарчээ.

8.    Оклахмед болсон хар салхинаас амьд үлдээд нохойд бариулсан жаал
   
2013 оны тавдугаар сард Оклахома мужид болсон хар салхины үеэр Мур хот сүйрч жаал хүүгийнхэн  Арканзас руу  нүүжээ. Тэгээд тэнд Линн Гейлинг хатагтайд хүүгээ захиж орхиод  аав ээж хоёр нь гэр орноосоо үлдсэн жаал юмаа цуглуулж авахаар 320 км-ийн алс Оклахома руу буцсан байна.
Эцэг эх нь эзгүй жаал хүү, танихгүй байшинд зүгээр л уйлаад сууж байж. Нүдэнд нь хөршийн нь асар том нохой харагдаад л..... Гейлинг хатагтай хүүг тайвшруулахаар дөхөж очих үед тэдний бас нэг хүн нь хашгирах таарч. Тэгэхээр 68-килограмм жинтэй  бульмастиф нохой жаал хүүг эзнээдээ дайрах нь гэж бодоод хүү рүү дайрах нь тэр. Гейлинг хатагтай сандарч хүүг нохойноос салгах гэж татан, нөхрөө дуудаж арай гэж салгасан ч хожимдсон байлаа. Хүүг эмнэлэгт аваачсан ч эмч нар аварч чадсангүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан