2013 он АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны тагнах үйл ажиллагааны нууц задарснаар дэлхий нийтээр уг асуудалд анхаарлаа хандуулсан он болж өнгөрч байна.
Хятадын тав дахь үеийн удирдлага халаагаа авч, Дорнод Хятадын тэнгист газар нутгийн маргаан үүсгэн, “Сэнкакү” арлууд болон БНСУ-ын “Иоду” арлыг оруулан агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс тогтоосон нь хөрш орнуудын эсэргүүцлийн бай болсон. Түүнчлэн энэ нь Хятад улс бүс нутаг дахь цэргийн хүчээ бэхжүүлж байна гэх хардлагын улам дэвэргэх болов. Япон улс 20 жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн хямралаас өндийхийн тулд иений ханшийг сулруулах, эдийн засгийн өсөлтийн стратегийн бодлого бүхий “Абэномикс”-ийг хэрэгжүүлэн улс төрийн консерватист үйл хөдөлгөөн үргэлжилж байна. АНУ-ын холбооны Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын асуудлаас үүдсэн сорилттой тулгарч байхад Африк тивд ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө.
“Yonhap” агентлагаас 2013 оны дэлхийн онцлох 10 үйл явдлыг дараах байдлаар онцолжээ.
Эдвард Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны тагнуулын нууц үйл ажиллагааг илчлэв
АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын албаны (ҮАБА) компьютер техникийн мэргэжилтэн асан Эдвард Сноуден энэ оны зургадугаар сарын 10-нд Британийн “The Guardian” сониноор дамжуулан АНУ-ын ҮАБА-наас олон улсын утсан холбоог чагнаж, цахим шууданг шалгадаг болохыг нийтэд дэлгэсэн билээ. “Эх оронч”-оос “Урвагч” хүртэл цолыг хүртсэн Эдвард Сноуден одоогоор ОХУ-д түр орогнож байгаа ба 20 гаруй улсад цагаачлах хүсэлт гаргаад байгаа билээ.
Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь агаарын довтолгооноос хамгаалах бүсийн зөрчил
Хятад улс энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод Хятадын тэнгист агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс байгуулснаа зарласан. Уг бүсэд Японтой газар нутгийн маргаан үүсгээд буй “Сэнкакү” буюу хятадаар “Дяоюйдао” арлууд, мөн БНСУ-ын “Иоду” арлыг ч бас хамруулсан нь Япон, БНСУ, АНУ-ын эсэргүүцлийн бай болов.
Сирид энгийн иргэд химийн зэвсгийн хохирогч болов
Сири улсын дотоодын дайн гурав дахь жилдээ үргэлжилж байна. Өнгөрөгч наймдугаар сарын 21-нд Сирид үл таних этгээдүүд энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсний улмаас 1400 орчим хүн амь үрэгдэв. Өрнийн орнууд уг хэрэгт Сирийн Засгийн газрыг буруутган Сирид цэрэг оруулах тухай ярьж асуудал даамжирч байсан ч АНУ, ОХУ химийн зэвсгийг устгах асуудлаар тохиролцсоны дүнд асуудал нэг тийш болов. Химийн зэвсгийг хориглох байгууллагаас химийн зэвсгийг устгах ажлыг гүйцэтгэж байна. НҮБ-ээс Сирид газар дээр нь нөхцөл байдлын судалгаа хийж байгаа ба энгийн иргэдийн эсрэг хэрэглэсэн химийн зэвсэгт “Зарин”-ы хийг ашигласан болох нь тогтоогджээ.
“Абэномикс” ба Консерватизм
Японы Ерөнхий сайд Ш.Абэ 20 жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн хямралаас улсаа өндийлгөхийн тулд иений ханшийг сулруулах зэргээр өөрийн онцлог бүхий эдийн засгийн “Абэномикс” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлын татав. Түүнчлэн Япон улс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулах зэргээр уламжлалт байдлыг эвдсэн консерватив үйлдэл үргэлжилж байна.
АНУ-ын засгийн газрын ажил зогсов
Б.Обамагийн гол бодлогын нэг Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудал тойрсон сөрөг хүчний хүчтэй эсэргүүцлийн улмаас ирэх жилийн төсөв дэх өрийн дээд хэмжээг Конгрессоос дэмжлэг авч чадаагүйн дээр эл үйл явдлаас үүдэн холбооны засгийн газрын ажил 10 дугаар сарын 1-16-ны өдрүүдэд зогсоход хүрэв. Энэ хугацаанд АНУ-ын Засгийн газар ирэх оны санхүүгийн асуудлыг хэлэлцэж эхэлдэг билээ.
16 дугаар Бенедикт бууж Франсис папаар сонгогдов
Ромын пап 16 дугаар Бенедикт өнгөрсөн хоёрдугаар сард 85 насандаа Католик шашны тэргүүний албан тушаалаа өгснөөр нь 598 жилийн түүхэн дэх анхны албан тушаалаасаа буусан пап болов. Түүний дараа гуравдугаар сард Аргентин улсын иргэн Хорхе Марио Берголио дараагийн буюу 266 дахь папаар сонгогдлоо. Ийнхүү 1282 жилийн дараа анх удаа Европоос өөр газрын хүн папаар сонгогдов. Түүнчлэн нэгдүгээр Франсис Америк тивээс сонгогдсон анхны пап юм.
Египет Мухаммед Мурсийг түлхэн унагав
Долдугаар сарын 3-нд Египетийн цэргийн эрхтнүүд лалын шашинтан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагав. Цэргийн эрхтнүүд олонх иргэдийн саналын дагуу Мухаммед Мурсийн засгийн газрыг унагаасан гэж мэдэгдэж байгаа боловч Мухаммед Мурсийг дэмжигч лалын шашинтнууд тэднийг цэргийн эргэлт хийсэн хэмээн эсэргүүцсэн. Мухаммед Мурсийг түлхэн унагасны дараа тус улсын дотоодод эмх замбараагүй байдал үүсээд байна. Цэргийн эрхтнүүд Мухаммед Мурсийг дэмжигчдийг дарах мөргөлдөөний улмаас 1000 гаруй хүн амь үрэгдэв.
Си Зинпинь, Ли Көцяны үе халаагаа авав
Гуравдугаар сард болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас Си Зинпинь Хятад улсын даргаар, Ли Көцян Ерөнхий сайдаар сонгогдсоноор тэдний тойрон хүрээллээс бүрдсэн Хятадын тав дахь үеийн удирдлага бүрэлдэн тогтов. Тав дахь үеийн удирдлагын дотоод удирдлагын тогтолцооны шуурхай байдлыг сайжруулах зорилгоор есөн хүний бүрэлдэхүүн бүхий байнгын хорооны гишүүдийг цөөлж долоон хүний бүрэлдэхүүнтэй болгов.
ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела таалал төгсөв
ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч, Нобелийн шагналт Нельсон Мандела энэ сарын 5-нд 95 насандаа таалал төгсөв. Нельсон Мандела нь 27 жилийн турш шоронд хоригдсоны дараа ӨАБНУ-д Ардчилсан хувьсгалыг удирдан тус улсын анхны ардчилсан Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 1994 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тууштай тэмцэж ирсэн билээ. Тэрбээр өнөөгийн ӨАБНУ-ын эцгээр өргөмжлөгдсөн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн зүтгэлтэн билээ.
Филиппинд далайн хар салхи болов
11 дүгээр 8-нд Филиппиний төв хэсгийн нутаг дэлхийн түүхэнд дэх хамгийн хүчтэй “Хайян” далайн хар салхинд өртсөний улмаас зургаан мянган хүн амь үрэгдэж, 1779 хүн сураггүй алга болсон. Салхины хурд дээд тал нь 275 км/цаг хүрч уг нийт 27 мянган хүн бэртэж гэмтэн, 4 сая орчим иргэн дүрвэгч болжээ. Түүнчлэн 590 мянган байшин барилга сүйдэж, газар тариалан дэд бүтцийн салбарт 826 сая долларын хохирол учирч хурдацтай хөгжиж байсан тус улсын эдийн засаг том цохилт болов.