Хэдхэн хоногийн өмнө Хятадын цагдаа нар хуурамч эм, эмийн бэлдмэл их хэмжээгээр үйлдвэрлэн борлуулдаг байсан сүлжээнд хамаатай 1300 хүнийг нэг дор баривчилжээ. Хятадын хууль сахиулах байгууллагуудын явуулсан энэ ажиллагааг баривчилсан хүний тоо төдийгүй хамрагдсан газар нутгийн хүрээгээр нь хосгүй гэж болно. Учир нь, хуурамч эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэсэн хэргээр БНХАУ-ын 29 мужид ажиллаж байсан мянга гаруй хүнийг баривчилж, интернэтээр хууль бус наймаа явуулж байсан 140 сайтыг нэг дор хаасан байна. Цагдаагийн ажилтнууд есөн тонн хуурамч эм болон түүхий эдийг хураан авчээ. Хураан авсан хуурамч эм бэлдмэлийн зах зээлийн үнийг хамгийн багаар 370 сая ам.доллар гэж тооцсон байна.
Үүнээс яг нэг жилийн өмнө Хятадын эрх баригчид адил арга хэмжээ явуулан 2000 хүн баривчилж, 180 сая ам.долларын хуурамч эм бэлдмэл, түүхий эдийг хураан авч байсан юм.
Энэ жилийн аравдугаар сарын 18-нд гэхэд Швейцарийн нийслэлийн нисэх буудлаас манай урд хөршид үйлдвэрлэсэн тайвшруулах нөлөөтэй 400 кг хуурамч эмийг хураан авч байлаа.
Дэлхийн хэмжээнд жил тутам үйлдвэрлэгдэж байгаа хуурамч эм, эмийн бэлдмэлийн тоон хэмжээ, цар хүрээгээр манай урд хөрш төдийгүй хойд хөрш толгой цохиж байгааг хэлэх хэрэгтэй.
Хуурамч эмийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа хоёр их гүрний дунд орших манай улсын хувьд энэ тун ч таагүй мэдээ. Манай хоёр хөршийг дэлхийн хэмжээнд хуурамч эм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгааг судалгааны олон тооны байгууллага бүгд дуу нэгтэйгээр баталсанд хэргийн гол нь байна. Бүр тодруулбал хуурамч эм, бэлдмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт нь БНХАУ, хоёрдугаарт нь Энэтхэг, гуравт нь ОХУ орж байна.Үүнийг хуурамч эм, бэлдмэлтэй тэмцэх олон улсын институтын гаргасан мэдээнээс иш татаж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй байх.
Хуурамчаар хийдэггүй эм бэлдмэл гэж бараг байдаггүй юм байна. Харшил, ханиадны шинж тэмдгийг дарах үйлчилгээтэй хамгийн энгийн бэлдмэлээс эхлээд хорт хавдар, ДОХ гэх мэт хамгийн хүнд байдал, өвчин эмгэгийн үед хэрэглэх ёстой эм бэлдмэлийг их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэж байгаа нь хамгийн таагүй зүйл болж байна.
Жилийн өмнө Европын хэмжээнд Интерпол интернэтээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг олон мянган эмийн сан, тэдний явуулж байгаа бүтээгдэхүүнийг хамруулсан шалгалт явуулжээ. Ингэтэл шалгалтын хэдхэн хоногийн дотор 30 еврогийн хуурамч эмийг гаалийн ажилтнууд гадаадаас ирсэн илгээмж дотроос илрүүлсэн байна. Үүгээр ч зогссонгүй, Европын холбооны хэмжээнд ажиллаж байгаа интернэт эмийн сангийн дийлэнх нь ямар ч баталгаа, бодит нөлөөгүй хуурамч эмийг худалддаг болох нь тогтоогдсон байна.
Ази, Африкийн орны хувьд хараа хяналт сул байдгаас болж интернэтээр дамжуулан хуурамч эм, бэлдмэл борлуулдаг эмийн сангуудын үйл ажиллагааг хянаж бүртгэхэд бэрх болсон юм байна. Зөвхөн Нигерид гэхэд л хүүхдийн ханиадыг дарах зориулалттай гэсэн заавар бүхий хуурамч ханднаас болж 84 хүүхэд амиа алдсан эмгэнэлт тохиолдол бүртгэгдэж байлаа. Дээр нэр гарсан гурван оронд хууль бус, өөрөөр хэлбэл хулхи эм үйлдвэрлэдэг жилдээ хэдэн хэдэн тэрбум ам.долларын гүйлгээ хийдэг нүсэр том үйлдвэрүүд байдаг гэх.
Эдгээр үйлдвэр нь ашигтай л гэж үзвэл дурын эм бэлдмэлээ хуурамчаар үйлдвэрлэх чадалтай. Хамгийн аймшигтай нь чихрийн шижин, бөөрний архаг дутагдал, дархлаа сэргээх ба тураах нөлөөтэй гэх мэт шууд эмийн болон эмийн бус нөлөөтэй өндөр үнэтэй ч тогтвортой борлуулалт бүхий эм бэлдмэлийг хуурамчаар үйлдвэрлэж байгаа нь тун таагүй.
2009 онд Хятадын уламжлалт анагаах ухааны гэгддэг цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлчилгээ бүхий эмэнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс зургаа дахин өндөр “глибенкламид” нэртэй бодисыг хийснээс болж есөн хүн сэхээн амьдруулахад хэвтэж, хоёр хүн газар дээрээ нас барж байжээ. 2012 онд Америкт хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэгдсэн “Авастин” нэртэй эм хэд хэдэн цэгээр борлуулагдаж эхэлтэл дотор нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бодис огт байхгүй хоосон шахмал байсныг нарийвчилсан шинжилгээгээр илрүүлсэн байх юм. Мөн 2012 онд Их Британид гаалийн татвар төлөлгүй, нууцаар оруулах гэж байгаад баригдсан их хэмжээний эмэнд шинжилгээ хийхэд эрчүүдийн бэлгийн чадавхийг нэмэгдүүлэх нөлөөтэй эмийн найрлагаас эм, бэлдмэлд ашиглах зөвшөөрөлгүй, хүний эрүүл мэндэд ихээхэн хортой химийн бодис илрүүлсэн байна. 2010 онд Америкт их хэмжээгээр оруулж ирсэн “Алли” нэртэй тураах бэлдмэл дотроос мөн л хүний эрүүл мэндэл ноцтой аюултай олон тооны химийн бодис илрүүлсэн аж.
Эдгээр баримт нь олон улсын хэмжээнд ил болж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтаас авсан мэдээ төдий. Тухайн улс болгоны интернэт болон ердийн эмийн сангаар зарагдсан, зарахыг завдсан хуурамч, хүний аминд ноцтой аюултай орц бүхий эм хэдий хэмжээгээр зарагдсан талаарх бодит мэдээг зөвхөн тухайн улсын цагдаа, хуулийн байгууллагын далд статистик л мэдэж байгаа хэрэг.
Тэр тусам эм бэлдмэл нийлүүлэхийн тулд эм ханган нийлүүлэгч компаниуд тендерт өрсөлдөн хэн хямд үнэтэй бараа нийлүүлэх нь ялдаг тогтолцоо хэрэгжээд эхэлсэн энэ үед энэ мэт таагүй мэдээг онц анхааралтай хүлээн авч байх шаардлагатай болж байна.
Манай улсын хувьд хүн амын тоогоор дэлхийд толгой цохидог Хятад, Энэтхэг, Оросын хувьд өчүүхэн бага хэмжээний эмийг асар бага үнээр нийлүүлэх гэрээ байгуулахад ядаж цөхөх юмгүй нь ойлгомжтой. Энэ хямд үнийн цаана л хамаг асуудал нуугдаж байгаа хэрэг.
Хуурамч эм бэлдмэл дийлэнхдээ эмийн ямар ч нөлөөгүй гурил эсвэл сахарын шахмал байдаг нь дийлэнх олны хувьд аз гэж болохоор. Гэхдээ л амь наана гэж тэмцэж яваа хүн асар их мөнгө төлөөд гурилын шахмал худалдан авна гэдэг доромжлол. Дээр нь жинхэнэ бодит эм үйлдвэрлэгчдийн хувьд эдийн засгийн асар их хохирол учруулж, шударга эмийн сан, шударгаар эм үйлдвэрлэгч нарт олон сая ам.доллараар тооцогдох хохирол учруулж байдаг тун ч таагүй үзэгдэл билээ.
Иймдээ ч энэ үзэгдэлтэй дэлхий нийтээр хамгийн хатуу тэмцэхийг уриалж, байнга хяналт тавьж байдгийн тод жишээ нь манай урд хөршийн хэрэгжүүлсэн дээр дурдагдсан алхам юм.
Чихрийн шижин, хорт хавдар гэсэн таагүй эмгэг сүүлийн хэдэн жил Монголд эрс газар авсан болохоор энэ эмгэгтэй холбоотой эм бэлдмэл худалдан авахын өмнө сайтар шалгаж, зөвхөн эмчийн жорын дагуу л худалдан авч байх хэрэгтэй.
“Зөвхөн эмчийн” гэдэг заалттай холбоотойгоор эмч нарын хариуцлага нэн чухал болж байгааг хэлэх юун. Учир нь, дийлэнх тохиолдолд өвчтөн хаанаас ямар эм авахыг эмч зааж өгч, жор бичдэг нь нууц биш. Энэ асуудал зөвхөн манай улсыг гэлтгүй дэлхийн дийлэнх орныг хамраад байгаа гэж болно.
Иймд эм, дусал, тариа худалдан авахдаа бүгд анхаарал боломжтой байж үйлдвэрлэсэн он, үйлчлэх хугацаа, зөвшөөрөл гэх мэт шаардлагатай бүх бичиг баримтыг хамгийн түрүүнд асуухаас ичиж зовохгүй байх хэрэгтэй. Учир нь дээр хэлсэнчлэн манайд орж ирж байгаа дийлэнх эм, бэлдмэлийг Хятад, Энэтхэг, Орос гэсэн хуурамч эмийн үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохидог гурван улсаас оруулж ирж байгааг ямагт санаж явахад илүүдэхгүй байх.