Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

САНТАГ ТОЙРСОН ХЭРҮҮЛ

Дэлхийн хэмжээнд энх тайван, амар амгалан, баяр баясгалангийн бэлгэдэл болсон Санта Клаус өвөөг “хэрүүлийн алим” болно гэж төсөөлөхөд бэрх. Гэтэл геополитик, улс төрийн тэмцлийн төвшинд ирэхээр Сантаг хэрүүлийн алим болгох нь жирийн үзэгдэл байдаг бололтой.
Канадын Ерөнхий сайдын нарийн бичгийн дарга, Канадын Консерватив намын төлөөлөгч Пол Каландра өрсөлдөгч Либерал намынхныг Санта Клаус өвөөгийн иргэний харьяалал, Хойд туйлын төлөө тууштай тэмцэхгүй байна гэж эрс шүүмжилсэн байна.
Тэрээр “Либерал намынхан ямар ч шалтгаангүйгээр Сантаг канад хүн биш гэсэн төдийгүй Хойд туйлаас татгалзаж байна гэж мэдэгдлээ. Харин манай намынхан хамгаалахын төлөө тэмцэх болно” гэжээ.
Өрнөдийн дийлэнх орны хүүхдүүд Санта өвөө нь Финляндын нэг хэсэг болох Лапланд мужийн Рованием хотоос холгүй оршдог Йоулупукки нэртэй тосгонд амьдардаг гэдэгт огт эргэлздэггүй. Тиймээс энэ тосгоны хаягаар жил болгон Зул сар дөхөх тусам хэдэн зуун мянган хүүхэд бэлэг сэлт хүссэн захидал бичиж, олон мянган хүн Санта өвөөтэй уулзаж өвөр дээр нь суухаар Финляндад жуулчилдаг. Энэ бол олон сая ам.доллараар тооцогдох мөнгийг Финляндын төсөвт оруулж байгаа хэрэг билээ.
Канад улс ийм байдлыг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Санта хаа байсан Финляндад бус харин Хойд туйлд амьдардаг гэж мэдэгдээд өвөөгийн шуудангийн хаягт “H0H 0H0” гэсэн индекс өгч. Мөн Хойд туйл нь Хойд мөсөн далайн мөсөөр хучигдсан хэсэгт байдаг нь канадчуудын санааг зовоосонгүй. Хойд туйлыг шууд л өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж мэдэгдэх шалтаг болсон аж.
Өнгөрөгч долоо хоногт Канадын Засгийн газар нь Арктик дахь өөрийн мэдлийн их газрын эрэг орчмын үргэлжлэл гэгддэг нутаг дэвсгэрийн хязгаарыг тэлж, Хойд туйлыг оруулж байгаагаа НҮБ-ын энэ талын асуудал хариуцсан тусгай комисст мэдэгдсэн юм.
Гэтэл Олон улсын эрх зүйн үүднээс Хойд туйл болон түүнийг тойрсон Хойд мөсөн далайн бүс нутаг нь нэг ч улсын харьяалалд ордоггүй. Гэхдээ энэ бүс нутаг орчимд хил нь өнгөрдөг таван улс болох Канад, Дани, Норвеги, ОХУ, АНУ нь их газрын эргээс 370 км газарт өөрийн гэсэн эдийн засгийн онцгой эрхтэй бүсийг хянадаг. Эргээс 370 км зайнд үргэлжилдэг энэ бүсэд зөвхөн тухайн улсын харьяалалтай усан онгоц, компаниуд л ажиллах эрхтэй байдаг юм.
НҮБ-ын Далай тэнгисийн эрх зүйн Конвенц хүчин төгөлдөр болсноор энэ таван оронд тус тусын эдийн засгийн онцгой бүсийн хэмжээг үндэслэлтэйгээр тэлэх боломж олгон 10 жи­лийн хугацаа өгсөнд хэргийн гол нь юм. Энэ эрхийн дагуу манай хойд хөрш хамгийн анх буюу 2001 онд өөрийн эрэг орчмын их газрын зурвасыг Хойд туйл хүртэл тэлж байгаагаа мэдэгдсэн.
Оросуудын энэ мэдэгдлийг бусад улс нь зүгээр хараад суухыг хүсээгүйн илрэл нь Канадын авсан арга хэмжээ юм. Канад өөрийн эдийн засгийн онцгой бүсээ Хойд туйл хүртэл тэлсэн мэдээнийх нь хариуг Оросын Ерөнхийлөгч Путин тун ч хатуу барьсан. Тэрээр Арктикийн нутагт дахь Оросын үндэсний эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бүх л зүйлс Орос улсад байх ёстой гэж мэдэгдсэн. Улмаар Арктикт буюу туйлын тойргийн цаана байлдааны үйл ажиллагаа явуулах тусгай зорилго бүхий цэргийн хү­чин бэлдэх даалгаврыг Батлан хамгаалахын сайд Шойгуд өгөв. Мөн Арктик руу байлдааны усан онгоцны тусгай бүлэг явуулах тушаал буулгав.
Ингэснээр Сантагийн төр­сөн газар гэгддэг Хойд туйлын харьяаллын төлөөх хүйтэн дайн албан ёсоор эхэлсэн гэж болно.
Жилд Сантатай уулзахаар ирдэг хэдэн мянган жуулчин, тэдний үрдэг сая сая ам.доллар чухал ч гэлээ, зөвхөн тэдний төлөө  АНУ, Канад, ОХУ гэх мэт их гүрэн хоорондоо хэрэлдээд байна гэж бодох нь гэнэн хэрэг.
Хэргийн гол нь Арктик буюу Хойд туйл орчмын далайн ёроолд дэлхийн газрын тос ба шатдаг хийн нийт илрээгүй нөөцийн 25 хувь  нь хадгалагдаж байгаа гэсэн эрдэмтдийн таамаг юм.
Энэ таамаг үнэхээр бодит болоод улсууд эдийн засгийн онцгой бүсээ тэлээд эхэлбэл тун ч сонин дүр зураг гарна. Жишээлэхэд, оросууд өөрийн их газартай залгаа эрэг орчмын газрын үргэлжлэлийг Хойд туйл хүртэл үргэлжилнэ гэж батлуулж чадвал Чукотка –Мурманск–Хойд туйл гэсэн гурвалжин үүсгэн 1,2 сая ам км талбай нутагт газрын тос, шатдаг хийн хайгуул болон олборлолт явуулах давуу эрхтэй болох юм. Оросын Байгалийн яамнаас гаргасан мэдээнээс үзвэл энэ хэсэг газарт  таван тэрбум тонн газрын тос, шатдаг хийн нөөц илрэх өндөр магадлалтай аж.
Энд нэг сонин асуулт гарч ирнэ. Яагаад хүйтэн дайны хамгийн хурц үед их гүрнүүд энэ бүс нутгийн төлөө тэмцэлдэн байлдаагүй атлаа өнөөдөр энэ талаар онцлох болсон шалтгаан юу вэ. Хариулт нь нэг талаас их хачирхалтай, нөгөө талаас тун энгийн. Дэлхийн дулаарал энэ бүс нутагт байгаа байгалийн баялагт их гүрнүүдийн анхаарлыг татсан хэрэг. Өөрөөр хэлбэл, 20-30 жилийн тэртээ дэлхийн дулаарал дөнгөж эхэлж байх үед энэ бүс нутагт жилийн хоёрхон сар л дулаан байдаг, эрэг орчим үүсдэг 2-3 метр зузаан мөс энэ хугацаанд хайлаад хүйтрэхийг даган дахин үүсч, жилийн 8-9 сарын турш тогтдог байлаа. Ийм нөхцөлд далайн ёроолоос газрын тос, шатдаг хий олборлох талаар бодоод ч хэрэггүй. Жил тойрон хасах градустай байдаг газар, олон метр зузаан мөсөн дунд 1-2 км хүйтэн усыг нэвтлэн ёроолоос нь газрын тос, шатдаг хий олборлодог технологи байхгүй.
Харин дулаарал гэгч таагүй үзэгдэл эрчээ аван дэлхийг бүхэлд нь хамарсны нөлөөгөөр Хойд туйлын мөс хайлж зайгаа тавьж эхэлсэн. Хоёр сар гаруйхантай үргэлжилдэг байсан дулааны улирал нь бараг дөрвөн сар үргэлжилдэг болж, өвөл үүсдэг мөсний давхарга нь 2-3 метр байхаа больсон байна. Ингэснээр Хойд туйлын далайн ёроол орчим газрын тос, шатдаг хийн орд газар илрүүлэх хайгуулын идэвхтэй ажил хийх боломж бүрдсэн. Ийм хайгуулын ажлын анхны үр дүн улс болгоны Засгийн газрыг гайхшралд оруулсан байна. Асар их шатдаг хий, газрын тос илэрсэн хэрэг. Улмаар дэлхийн дулаарал гэгч үзэгдлийг зогсоох нэн яаралтай арга хэмжээ авч эхэллээ ч, доод тал нь 50-70 жилийн турш Хойд мөсөн далайн эрэг орчмын бүс урьдын адил олон метрийн зузаантай хөлддөг болохгүй гэнэ. Тэгэхээр энэ хугацаанд Арктик орчим хил нь явж байгаа улсууд олборлолт явуулан асар их хэмжээний газрын тос, шатдаг хий олборлох боломжтой болсон хэрэг. Эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын төлөө улс болгон зэвсэгт хүчнээ дайчлах шаардлагатай болно. Иймд өдөр, шөнөгүй -40 гарсан хүйтэнд байлдах, үйл ажиллагаа явуулах чадвартай техник, тусгайлан бэлдсэн цэрэг дайчдын хэрэг асар өндөр болно.

Бензингүй, шатдаг хийгүй бол өнөөдөр дэлхий дээр бараг юу ч ажиллаж чадахгүй гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Саудын Арави, Катар, Арабын Нэгдсэн Эмират гэх мэт улсын газрын тос шатдаг хийн нөөц 50 жилийн дараа үндсэндээ төгсгөл болно гэдэгт дийлэнх шинжээч дуу нэгтэй санал нийлж байгаа.
Тэгэхээр Санта өвөөгийн иргэншил, түүний төрсөн нутаг гэгддэг Хойд туйлын харьяаллын асуудал нь үнэн хэрэгтээ цаашид 70-100 жилдээ дэлхийд газрын тос, шатдаг хийн гол нийлүүлэгч улс нь хэн байх вэ гэдэг асуултад хариу өгөхийн төлөөх тэмцэл болж таарч байгаа билээ. Дэлхийн хамгийн ядуу, харанхуй бүдүү­лэг улсын нэг байсан эдгээр орон газрын тос, шатдаг хийн хүчин хэрхэн 20-30 жилийн дотор хамгийн баян орнууд болсон жишээг харж байгаа. Тийм ч болохоор газрын тос, шатдаг хийн одоогийн үндсэн нийлүүлэгчдийн нөөц нь шавхагдахын цагт буухиаг нь эвтэйхэн залгамжилж аваад тансаг амьдрахыг хүсэхгүй улс гэж юу байх билээ.
Энэ нөхцөлд манай хойд хөрш онцгой байр суурьтай байгаа гэж болно. Газрын тос ба шатдаг хийн олборлолтоороо Орос дэлхийд хоёрдугаарт ордог. Одоо байгаа, хайгуулаар батлагдсан нөөцийн хэмжээ нь мөн л 50 жилийн дараа үндсэндээ дуусгавар болно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Хамгийн хэцүү нь өнөөдөр манай  хойд хөрш төсвийнхөө дийлэнхийг шатдаг хий ба газрын тосны экспортоор бүрдүүлж байгаа. Цаашид төсвийн бүрдүүлэлтийн дийлэнхийг газрын тос мэтийн газрын баялаг бус харин өөр бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг болтол хамгийн багадаа 15-20 жил өнгөрнө гэж байгаа. Шударга яривал өнөөх л 50 жил шаардлагатай хэрэг. Харамсалтай нь, 50 жилийн дараа ч гэсэн манай хойд хөрш төсвөө бүрдүүлэхдээ газрын тос, шатдаг хийн дэлхийн зах зээл дээрх үнийг харгалздагаа болино гэх магадлал бага. Тиймээс Хойд туйл орчмын  нефть, хийн баялгийн төлөөх өрсөлдөөн нь Оросын хувьд Гамлетын “Орших уу эс орших уу” гэдэгтэй адил амь сөрсөн тулаан болж хувирч байгаа юм.
Харин Хойд туйл руу гарцгүй манайх шиг орнууд гарцтай улсуудыг хараад дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ битгий өсөөсэй гэж залбираад суухаас өөр аргагүй. Гэвч манай урд хөрш энэ асуудалд тун ч алсын хараатай хандаж байгааг дурдахгүй өнгөрч боломжгүй. Тэд жилийн өмнө Исландад бага хүүтэй ихээхэн хэмжээний зээл өгөөд тус улсын компанитай хамтраад Хойд туйлын орчмоос газрын тос, шатдаг хий олборлох онцгой эрх авсан. Оросоос хямд үнээр нефть, шатдаг хий авдаг атлаа хаа байсан Хойд туйл, Арктик руу санаархах юу вэ гэж гайхаж болох.
Хамгийн гол нь тэнд хүн тө­рөлхтний эрчим хүчний ирээдүй байгаа хэрэг. Тэр хүйтэн, алслагдсан нутгаас газрын тос, шатдаг хий олборлоно гэдэг асар их зардалтай. Өөрсдөө хөрөнгө оруу­лалттай компани бай­гуулахгүй л бол нэг мэдэхэд манайх шиг өндөр үнэтэй шатахуун худалдаж авахаас өөр аргагүй байдалд орно. Иймд манай урд ба хойд хөр­шөөс Санта өвөөгийн төр­сөн нутгийн талаар явуулж байгаа бодлого тун ч нүдээ олжээ гэхээс өөр хэлэх үг алга.

0 Сэтгэгдэл
улс орны алсын хараа гэж ийм мундаг байдаг байхад Монгол улс газрын баялагаа ***** нараар зөөлгөөд дууслаа 50 жил 20 жилийн дараа яах бол
Хамгийн их уншсан