Канадын Морьт цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд Стивен Харперийн ажлын албаны дарга асан Нигель Райтийг хээл хахууль, луйврын хэрэгт буруутган шүүхэд шилжүүлээд байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр Сенатор Майк Даффи нь хууль бусаар 90,000 канад долларын төсвийг луйвардахад нь Нигель Райтад тусалсан үзэж байгаа юм байна.
Нигель Райт өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайдын ажлын албаны даргын ажлаас чөлөөлөгдсөн бол Майк Даффи энэ сарын эхээр Сенатын танхимаас хөөгдөөд байгаа юм.
Сенатрын зарлагын зарцуулалтын журмыг зөрчин 90,000 канад долларын чек бичиж Майк Даффид өгсөн хэрэг нь нийтэд ил болсны дараа тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.
Хавтаст хэрэгт дурдсанаар “Сенатын танхимын аудитын тайланд Майк Даффийн асуудлыг нуун дарагдуулах зорилгоор Нигель Райт нь хууль тогтоогчдод нөлөө үзүүлсэн” гэжээ.
Мөн Ерөнхий сайдын ажлын албаны цахим захиануудаас уг хэргийн материалд хэсэгчлэн оруулсан байгаа бөгөөд дээрх захиануудаас үзэхэд Ерөнхий сайд Стивен Харпер уг луйврын талаар илүү ихийг мэдэж байж магадгүй байгаа аж.
Гэхдээ Ерөнхий сайдыг энэхүү хэрэгт оролцсон, эсхүл энэ хэргийн талаар мэдэж байсан эсэхийг шууд нотлох баримт байхгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд Стивен Харпер энэхүү хууль бус санхүүжилттэй холбоотой юу ч мэдээгүй байснаа илэрхийлсэн юм.
Гэвч сөрөг хүчний тэргүүн Том Мулкайр хэлэхдээ “Ерөнхий сайд үүнийг мэдэхгүй байсан гэдэг нь хэр үнэмшилтэй вэ? гэдэг бол асуулт. Миний үзэж байгаагаар энэ бол ямар ч үнэмшилгүй зүйл” гэжээ.
Нигель Райт “Би албан үүргийнхээ хүрээнд л шийдвэр гаргасан, миний хийсэн үйлдэл хуулийн дагуу байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгджээ.